"НҮҮРСНИЙ" ГЭХ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 66 ХҮНИЙ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс нийт 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 13 улс төрд нөлөө бүхий этгээд, 90 нийтийн албан тушаалтан, 53 иргэн, нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ.

Үүнээс 96 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 8 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Үүнд:

  • “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Цогтцэций салбарын дарга С.Д нарын 5 хүн,
  • Онцгой байдлын ерөнхий газрын хяналтын мэргэжилтэн Н.Х нарын 8 хүн,
  • Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.А нарын 5 хүн,
  • Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч Ж.Д нарын 8 хүн,
  • Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Т нарын 22 хүн,
  • “Эрдэнэставантолгойн” ХК-ийн маркетинг борлуулалтын ахлах мэргэжилтэн З.Б нарын 2 хүн,
  • “Эрдэнэсилвер” ХК-ийн захирал Т.М нарын 6 хүн,
  • УИХ-ын гишүүн Т.А, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г нарын 11 хүнд холбогдох хэрэгт нийт 66 хүнийг гэм буруутайд тооцож, хорих болон торгох ял оногдуулжээ.

Мөн шүүгдэгч нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2-7 жилийн хугацаагаар хасаж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох автомашин, усан онгоц, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг хураахаар шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г-аас хахууль авах гэмт хэргийн улмаас бий болсон болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9,9 тэрбум төгрөгийг, УИХ-ын гишүүн Т.А-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,8 тэрбум төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгохоор болжээ.

Одоо УИХ-ын гишүүн Б.Э, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Э, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ш.Ц нарт холбогдох 2 эрүүгийн хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаа бол 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: УЕПГ

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.