АМГАЛАН ӨРТӨӨНӨӨС ТОЛГОЙТ ӨРТӨӨ ХҮРТЭЛ 17.7 КМ МЕТРОНЫ АЖИЛ ЭХЭЛНЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Таван шар, Толгойт орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид болон иргэдтэй уулзлаа.

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Улаанбаатарын бүсчилсэн хөгжлийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийг тус дүүргээс эхлүүлсэн юм.

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгд ордог. Гэвч газар нутгийн 0.3 хувийг эзлэх Улаанбаатарт хүн амын тал нь амьдарч, тэр дундаа хотын төвдөө бүх төрийн байгууллага, их, дээд сургуулиуд нь төвлөрсөн нь түгжрэлийн бас нэгэн шалтгаан болж буй.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь буюу 1.7 сая иргэн амьдарч байна. Үүнийг дагаад түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, төлөвлөлтийн алдаа гээд олон асуудал урган гарсан.

Эдгээр асуудлыг бодлогын баримт бичгүүдэд тусган, шийдэхийн тулд Засгийн газар, нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсанаар тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдсэн.

Улаанбаатарт 437 мянган өрх байгаагаас 51 хувь нь орон сууцанд, үлдсэн нь гэр хороололд амьдарч байна. Иймээс төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хүрээнд зургаан дэд төвийг байгуулахаар ажиллаж байгаа.

Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 36, агаарын бохирдол 22 хувиар буурах тооцоо гарсан. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга, бүтээн байгуулалтыг энэ жил эхлүүлэхээр төлөвлөсөн. Мөн дээрх хуулийн хүрээнд газар чөлөөлөлтийг гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөсөн.

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн 2500 орчим айлын газрыг чөлөөлж, 18 мянган айлын орон сууц барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл 17.7 км метроны ажил эхэлнэ.

Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих Дүүжин тээврийн төслийн ажил гуравдугаар сард эхэлж, ирэх жилийн хоёрдугаар улирал гэхэд эхний шугам ашиглалтад орно. Мөн тойрог хурдны замыг хоёр хувилбараар төлөвлөж байгаа. Эдгээр ажлыг ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. БНХАУ-ын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд зургаан нүхэн байгууламж байгуулахаар төлөвлөснөөс гурав нь энэ онд ашиглалтад орно.

Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүрэг рүү шилжүүлсэн нь үр дүнтэй байна. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг гуравдугаар сарын 1-нээс дүүрэг рүү шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Цаашид дүүргийн зарим чиг үүргийг хороод руу шилжүүлэхээр төлөвлөсөн хэмээлээ.

Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийнхээ нөхцөл байдлыг танилцуулсан.

Тэрбээр “Манай дүүрэг байгуулагдаад 32 жил болж байгаа. 91 мянган өрх, 342 мянган иргэнтэй. Монгол Улсын хүн амын 13 хувь, Улаанбаатарын иргэдийн 23 хувь нь манай дүүрэгт амьдардаг. Мөн 60 мянган түр оршин суугч байгаа мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, 405 мянга орчим иргэнтэй. Дүүргийн нэгдсэн эмнэлгээр өдөрт дунджаар 1320 хүн үйлчлүүлдэг. 68 цэцэрлэгтэй бөгөөд барьж байгаа 12 цэцэрлэг бий. Өнөөдрийн уулзалтад 12 хороо хамрагдаж байна.

Тус бүсэд найман сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 6900 хүүхдийн хүчин чадалтай ч 15 мянга орчим хүүхэд сурдаг. 18 цэцэрлэгт 5700 орчим хүүхэд хамрагдаж байна. Зургаан сургууль шаардлагатай байгаа” гэлээ.

Дүүргийн хэмжээнд 2020 онд 10 мянган гэрэлтүүлэг байсныг 22 мянга болж нэмэгдүүлж, энэ жил 1000 гэрэлтүүлэг нэмэхээр төлөвлөжээ. Гэрэлтүүлгийг нэмснээр гэмт хэргийн гаралт 20 хувиар буурсан байна. Мөн үерийн далан, суваг, шуудуу 10 км байсныг найман км-ээр нэмжээ. Энэ онд үерийн 3.7 км далан хийнэ.

Үерийн эрсдэлтэй 20 бүс байгаагаас 11 нь тус дүүрэгт байдаг. Үерийн 44.9 км далан барих шаардлагатай. Түүнчлэн дөрвөн жилийн хугацаанд гэр хороолол дунд 50 км авто зам тавьжээ. Энэ жил 28 байршилд 17.5 км замын ажлыг эхлүүлэхээр болсон байна.

Улаанбаатар хот 204 хороотой. Үүнээс 189 хороо нь төвийн зургаан дүүрэгт, 15 хороо нь захын гурван дүүрэгт байдаг. Хотын төв орохоос өөр аргагүй байгааг бүсчилсэн хөгжлөөр шийдэх боломжтой. Олон улс үүнийг шийдэхдээ иргэд гэрээсээ 15-30 минутын зайд бүх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн байдаг.

Манай засаг захиргааны анхан шатны нэгж болох хороо нь эрх мэдэлгүй, хорооны Засаг дарга тодорхойлолт гаргаж өгөхөөс хэтэрдэггүй. Иймээс Улаанбаатар хотыг хэрхэн бүсчилж хөгжүүлэх талаар хэлэлцэж, хороодын Засаг дарга нараас саналыг нь сонссон юм.

Хороодын Засаг дарга нар “Сонгинохайрхан дүүргийн нэг хороо дунджаар 10 мянга орчим иргэнтэй. Зарим дүүрэг, сумаас олон хүн амтай хороо олон бий. Анхан шатны нэгжид төсөв хүндрэлтэй байдаг. Асуудлаа өөрсдөө шийддэг болох хэрэгтэй. Одоогийн бүтцээр асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байна. Дүүргийн зарим чиг үүргийг хороод руу төсөвтэй нь шилжүүлэх нь зүйтэй. Хүүхэд хамгаалал, гэмт хэргийн ажлууд хороодын Засаг даргад байдаг ч төсөвгүй. Анхан шатны нэгжид эрх мэдлийг өгөх нь зөв. Иймд хороодыг нийлүүлж хөгжүүлбэл оновчтой. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хувьд хороодыг нэгтгэн Өнөр, Баянхошуу, Толгойт, Баянхошуу бүс болговол зохимжтой” зэрэг санал хэлж байлаа. Мөн анхан шатны нэгжид боловсон хүчин хангалтгүй байдгийг ч онцолж байв.

65 дугаар сургуулийн захирал Ч.Хишигмаа “Дунд сургуульд багшийн хүрэлцээ хангалтгүй. Тэр дундаа бага ангийн багш олдохгүй, тэтгэвэртээ гарсан багш, мөн оюутнуудыг ажиллуулж байна. Залуу багш нарт нийгмийн асуудал, тэр дундаа орон сууц хүндрэлтэй байдаг” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэд гэрээсээ 15-20 минутын зайд бүх үйлчилгээг авах боломжтой байх төлөвлөлт болон хүний нөөцөө татах бодлогоо гаргаж танилцуулахыг нийслэл болон Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудад үүрэг болголоо.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.