НЭГҮҮН МЭДЭЭ
ТӨРИЙН СОЁРХОЛТ, КАМЕРТОН ХАМТЛАГИЙН АХЛАГЧ Д.БОЛД УИХ-Д НЭР ДЭВШИХ ҮҮ?

Дуучин Д.Болд УИХ-д нэр дэвших үү ? Тэрээр өөрийн цахим хуудсандаа: "Удаан бодсон, их эргэлзсэн, эцэст нь шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа. Үргэлж баримталж мөрддөг зарчим маань шийдвэл шийдсэн шиг, хийвэл хийсэн шиг… Салбарынхаа хөгжлийн төлөө 30-аад жил, үе үеийн залуусын үлгэр дуурайлал, зөв чиг нь байхын тулд үргэлж хичээн зүтгэж, хөдөлмөрч сахилга баттай, зөв амьдралаар тууштай зүтгэсэн энэ амьдралаа илүү хүртээмжтэй бодлого, илүү гэрэлтэй ирээдүйн төлөө цаашид зориулах болноо… Хамтдаа өссөн, хөгжсөн,бүтээсэн бас илүү сайхан нийгмийг хүссэн бүх л Монголчуудаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Илүү хүчтэй, илүү шударга, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе… Жич: Надаас үл шалтгаалах олон хүчин зүйлс байгаа болохоор, үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болноо Таныг хүндэтгэсэн: иргэн Доржсүрэнгийн БОЛД #шинээхлэлшинэирээдүй" гэжээ.

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ 34 БАЙРШИЛ

2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махны худалдааг иргэдэд хүргэж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэ долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршлуудыг танилцуулъя. Энэ долоо хоногт доорх 34 байршилд худалдаална.

ЭНЭ САРЫН 15-НААС ХАЛУУН УС ХЯЗГААРЛАЖ ЗАСВАР ХИЙХ ХУВААРЬ

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарчээ. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.

СОЁОЛЖИЙН НҮХЭН ГАРЦААС НАРАНТУУЛ ЗАХЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ТҮР ХААЖ, ЗАСВАРЛАНА

Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, /Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ. Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийх юм. Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарцын ажил хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

“ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЭМЯ-ААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого, чиглэлийг эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчдад танилцуулах зорилгоор “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалт Төрийн ордонд эхэллээ. Сургалтыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар нээж үг хэлсэн бол Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдэвт илтгэл тавив. Мөн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь”, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь”, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдвээр илтгэл тавьж, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлт, И-Монголиа академийн салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай “И-Монголиа академи” танилцуулгыг хийсэн юм. Харин Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрүүл мэндийн мэдээлэл технологийн албаны дарга Б.Доржмягмар эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. Эхний өдөр буюу өнөөдөр (2024.05.04) сургалтад оролцогчид засаглал, манлайлал, хууль, дүрэм журам, стратеги, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хүний нөөц, аюулгүй байдал сэдэвт хэлэлцүүлгийг хийв. Сургалт ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 06 хүртэл үргэлжилнэ.

САЙН ТУРШЛАГА СУДЛАХ ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ХАБЭА-н сарын аяны хүрээнд “ДАРХАН ХАЙРХАН” ууланд явган аялал, “Шарын гол”ХК-ийн ISO 45001:2018 стандарт нэвтрүүлсэн сайн туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулав. Аялалд ТТТХУ, ТТХУ, Гангийн Үйлдвэрлэлийн нэгжүүдийн 40 аюулгүй ажиллагаа хариуцагч /мастер/ хамрагдлаа. 4 баг болгон хуваарилж дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд: • “ДАРХАН ХАЙРХАН” ууланд явган алхалт хийв • Аюулгүй ажиллагааг хангуулах, стандарт нэвтрүүлэх ажилтай холбоотой санал хүсэлтийг сонсож, хэлэлцүүлэг • “Шарын гол”ХК-ийн ISO 45001:2018 стандарт нэвтрүүлсэн сайн туршлага судалж, Засваарын хэсэг, Цахилгааны хэсэг, Ил уурхайн хэсэг, Ус шүүрүүлэх системийн сайн туршлагатай танилцлаа. • ААХ нарыг 4 багт хуваарилан ISO 45001:2018 стандартын зүйл заалтаар мэтгэлцээн зохион байгуулж, амжилттай оролцсон 2 багийг урамшууллаа.

АМГТГ-ЫН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРЭГ ШҮҮХ ДЭЭР ОЧООД “ЦАРЦЖЭЭ” !

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан нэг эрхэмд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш “Царцаад” буй. АМГТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан, одоо нийслэлийн Засаг даргын харьяа агентлагт удирдах албан тушаал хашиж буй Р.Энхтайван нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Түүнийг АМГТГ-ын мэргэжилтэн Г.Эрдэнэболдтой хамтран гар аргаар алт олборлогч “Арвин баялаг” төрийн бус байгууллагынханд бичил уурхайн үйл ажиллагаа явуулж болох тухай давуу байдал бий болгосон албан бичиг гаргаж өгсөн хэрэгт буруутгаж буй ч тэдэнд холбогдох хэрэг шүүхэд очоод нам дарагдаж таг гацжээ... Р.Энхтайван, Г.Эрдэнэболд нарыг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллагдагчаар татан шалгажээ.

ТЕГ-ЫН ТУСГАЙ АРХИВ ИРГЭДЭД ЦАХИМААР ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТ ОЛГОДОГ БОЛЛОО

ТЕГ-ын Тусгай архивын Лавлагааны хэсэг нь иргэдийн хүсэлтийн дагуу дараах лавлагаа, тодорхойлолтыг олгох үйлчилгээг үзүүлж байгаа болно. Үүнд, Хилийн цэрэгт 1936-1991 онд цэргийн албанд татагдаж, цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа НАХЯ-ны харьяа байгууллагууд болон ТЕГ-т ажилласан тухай архивын лавлагаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн шийтгэгдээд цагаатгагдсан талаар архивын лавлагаа. Эдгээр лавлагааг цахимаар олгож эхэлсэн тул иргэн та “Е MONGOLIA” цахим үйлчилгээний нэгдсэн системд хандан Үйлчилгээний лавлагаа, тодорхойлолт гэсэн ангиллаас лавлагааны хэлбэрээ сонгон, хүсэлтээ илгээж үйлчилгээг авна уу. Мөн “Хурдан” төрийн цахим үйлчилгээний цэгт хандаж болно. ТЕГ-ын Тусгай архивын Лавлагааны хэсгийн холбогдох утасны дугаар 92263540

ТӨВ АЙМАГТ 2-18 НАСНЫ ГУРВАН ХҮҮХЭД ГЭРТЭЭ УГААРТАЖ, ХОЁР НЬ НАС БАРЖЭЭ

Төв аймагт гурван хүүхэд гэртээ угаартаж, хоёр нь нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд утаагүй шахмал түлшинд нэг айлын 2-18 насны гурван хүүхэд угаартаж, хоёр нь амь насаа алдсан байна. Тухайн өдөр бороо орж, цаг агаар хүйтэн байсан учраас тэд өрхөө бүтээсэн байсан гэх албан бус мэдээлэл байгаа юм. Угаарын улмаас хоёр болон 16 настай хүүхэд нас барсан бол 18 настай эгчийнх нь биеийн байдал хүнд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

С.АМАРСАЙХАН: ГУРИЛЫН ҮНИЙГ БАГАДАА 40 ХУВИАР БУУРУУЛЖ, ИМПОРТОД КВОТ ТОГТООХГҮЙ БАЙХ ЗӨВЛӨМЖ ГАРЛАА

Гурилын үнийг бууруулах, гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан өнөөдөр Хүний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж холбогдох, яам, агентлагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлж ажиллалаа. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Хүнсний аюулгүй байдлын стандарт, норм, дүрэм журмыг тогтоож, зарим хөндлөнгийн лабораториудын итгэмжлэлийн үйл ажиллагааг шинэчлэн тогтоох шаардлага тулгарсан. Энэ хүрээнд Стандарт, хэмжилзүйн газрын үйл ажиллагаатай холбоотой зарим өөрчлөлтүүдийг хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо. Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлд танилцуулж, шаардлагатай бол ЗГ-ын хуралдаанаар оруулж зарим нэмэлт арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Мөн стратегийн бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлаж зарим бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх асуудал яригдаж байгаа. Тухайлбал, гурилын үнэ улаанбуудайн үнээс 2.9 дахин өссөн байдаг. Үүнтэй холбоотой иргэд санал гомдлоо илэрхийлсэн буй. Тэгвэл өнөөдөр Үндэсний зөвлөлийн шийдвэр гарч, ХХААХҮЯ, ГЕГ, ШӨХТГ-т зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах УИХ, ЗГ-ын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих ажлыг зохион байгуулснаар гурилын үнэ хамгийн багадаа 40 гаруй хувиар буурах боломж бүрдэж байгаа. Мөн ХХААХҮ-ын сайдад гурилын импортод квот тогтоохгүй байх зөвлөмжийг Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөс хүргүүлж байна" гэв.

1 ... 56 57 58 59 60 61 62 63 64 ... 317