НЭГҮҮН МЭДЭЭ
“ТӨСӨВ ХАМГААЛАХ” НЭРИЙН ДОР “ЗАСГАА ХАМГААЛСАН” ЗАХИРАМЖ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гарагт /2025.10.10/ гишүүдийг “гадаад улсад явахыг түр хориглох” захирамж гаргажээ. Уг шийдвэр аравдугаар сарын 13-наас 17-ны хооронд хүчинтэй байх бөгөөд парламентын түүхэнд бараг анхны тохиолдол гэж хэлж болохоор алхам. Албан тайлбарт нь “2026 оны төсөв болон дагалдах хуулиудыг хэлэлцэж буйтай холбогдуулан” гэх шалтгаан дурдсан ч, улс төрийн хүрээнд энэ захирамжийг “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал”-тай холбон хардаж эхэлжээ. Учир нь өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцээд, даваа гариг хүртэл хойшлуулсан. Тэгэхэд “зарим залуу гишүүдийг дарамталж, хуралд суулгахгүй байх”, “заримд нь гадаад томилолтын билет өгч саармагжуулах оролдлого яваа” гэх мэдээлэл хөвөрсөн нь анхаарал татав. Ийнхүү байдал хурцдаж байх мөчид УИХ-ын дарга гишүүдийн гадаад явах эрхийг хязгаарласан нь “төсөв хамгаалах уу, Засгийн газраа хамгаалах уу?” гэсэн асуултыг төрүүлж байна. Хууль зүйн талаасаа харвал, Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд “дарга гишүүдийн гадаад томилолтыг олгох, түүний журмыг батлах” эрхтэй гэж заасан. Гэвч энэ удаагийн хязгаарлалт “зайлшгүй шаардлагатай тохиолдолд” гэх хүрээнд орж байна уу гэдэг эргэлзээтэй. Учир нь өнөөдөр /2025.10.13/ ТББХ-оор Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ. Харин пүрэв гарагт /2025.10.16/ нэгдсэн чуулганаар 2026 оны төсвийн багц хуулиуд орж ирэх юм. Товчхондоо, Д.Амарбаясгалангийн гарын үсэгтэй захирамж нь “улс орны төсөв хамгаалах” нэрийн дор “Занданшатарыг хамгаалах” улс төрийн халхавч болж хувирч байна гэх хардлагыг улам бүр лавшрууллаа.

ХҮН ДАЙРЧ АМИНД НЬ ХҮРСЭН Д.ЭРДЭНЭБААТАР ДАРГА АЖЛАА ХИЙСЭЭР БАЙНА

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Д.Эрдэнэбаатар албаны машинтайгаа зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн ч өнөөдрийг хүртэл ажлаа хээв нэг хийсээр байна. Эх сурвалжийн мэдээллээр 2025 оны наймдугаар сарын 7-ны өдөр Даргын хэрэглэдэг “Прадо 150” маркын албаны автомашин 68 настай эмэгтэй иргэн “Ө”-ийг мөргөж, газар дээр нь амь насыг нь хохироосон байна. Гэвч хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч уг хэрэгт холбогдуулан Д.Эрдэнэбаатарыг нэг ч удаа байцаагаагүй, шалгалтын ажиллагаа ч эхлээгүй байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Албаны машин, төрийн шатахуунаар сэлгүүцэж яваад иргэн ийг дайрч амь насыг нь хохироосон хэргийг хэн, ямар шалтгаанаар дарагдуулж, “дарга” хэвээр үлдээв? Энэ хэрэгт хууль хяналтын байгууллагууд яагаад дуугүй байна вэ? Хэнтий аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагууд энэ асуудалд тодорхой хариулт өгөх үүрэгтэй. Манай сайт уг хэргийг цаашид нарийвчлан сурвалжилж, иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэх болно.

ЖООМ, БЯСАА ХӨЛХСӨН “СҮНДЭ ГҮГ БАБ”

Циркийн урд байрлах олон жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй “Сүндэ Гүг Баб” нэртэй корей ресторан жоом, бясаа хөлхсөн орчинд хоол үйлчилгээ явуулж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархжээ. Иргэдийн хэлж буйгаар, тус ресторанаас жоом ил гарч ирсэн бичлэг ил болсон бөгөөд үйлчлүүлэгч бүр бараг л “жоом, бяфсаа”-тай хамт хооллодог гэх гомдол нэг бус удаа гарсан байна. Харин уг асуудлыг хорооны засаг дарга анхааруулж, шаардлага хүргүүлэхэд “хуучин байрны нэг давхар шүү дээ, яахав дээ” хэмээн үл тоон ханддаг тухай мэдээлэл ч гарчээ. 40 жилийн настай байшингийн нэг давхарт жоом, бясаа тэжээх шахам орчинд үйлчилгээ үзүүлж буй ийм байгууллагад Мэргэжлийн хяналтын газар үнэхээр ажилладаг уу гэдэг асуулт олон нийтэд төрж байна. Бүр цаашлаад, асуудал ил болохын хэрээр “Сүндэ Гүг Баб”-ын зүгээс бичлэгийг устгах, мэдээллийг ил болгосон иргэнтэй ирж уулз, яагаад тараасан юм хэмээн сүрдүүлэх маягийн үйлдэл гаргаж байгаа гэх эх сурвалжууд байна. Төрийн хяналтын байгууллага, орон нутгийн удирдлагууд ийм эрүүл ахуйн ноцтой зөрчилд нүд аньж, чих дүлий байсаар байх уу? “Жоом, бясаа”-ны хамт хооллодог нийтийн хоолны газар ажиллаж болох уу гэдгийг одоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Сонгинохайрхан дүүргийн холбогдох байгууллагууд тодорхой хариулах цаг иржээ.

“СЭЛЭНГЭ МИНЕРАЛС”-ИЙН ЛИЦЕНЗГҮЙ УУРХАЙД 50 ГАРУЙ ХЯТАД ИРГЭД АРХИДАН СОГТУУРЧ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бор толгойн “Нарт” гэх газарт “Сэлэнгэ минералс” ХХК алт олборлолт явуулж байгаа ч ямар ч төрлийн ашиглалтын зөвшөөрөл, лицензгүй болох нь нутгийн иргэдийн мэдээллээр тодорхой болов. Гэвч үүгээр зогсохгүй тус компанийн талбай дээр 50 гаруй БНХАУ-ын иргэд байнга оршин сууж, олборлолтын ажил эрхэлж байгаа нь ил болсон байна. Эдгээр иргэд зөвшөөрөлгүй ажиллахаас гадна орон нутгийн иргэдийн мэдээлснээр архидан согтуурч, эмх замбараагүй байдал үүсгэж байгаа нь ноцтой нөхцөл байдалд хүргэжээ. “Шөнө дөлөөр чанга хөгжим тавьж архидаж, нутгийнхны амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Хууль бус олборлолт яваад байхад хяналт тавих хүн алга” хэмээн Баянгол сумын оршин суугч хэллээ. “Сэлэнгэ минералс” ХХК-ийн уг үйл ажиллагаа нь уул уурхайн хууль зөрчсөнөөс гадна гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн журам, хилийн дэглэмийг ноцтой зөрчиж буй хэрэг гэж үзэх үндэстэй байна. Хууль, хяналтын байгууллагууд энэ асуудалд яаралтай шалгалт оруулж, лицензгүй олборлолт болон гадаадын иргэдийн хууль бус байрлалыг илрүүлэх шаардлагатай байна.

БАЯНХОШУУ, ШАРХАД ДЭД ТӨВД НИЙТ 220 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай 5000 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг Баянхошуу, Шархадны хоёр байршилд хэрэгжүүлж байна. Тодруулбал, төслийн эхний үе шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 10 блок орон сууц, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний барилгыг барьж буй. Энэ хүрээнд өнгөрсөн сард Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын 4 блок буюу нийт 220 айлын 8 блок орон сууцны барилга угсралтын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн бусад талбаруудын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тухайлбал, Баянхошуу дэд төвийн үлдсэн 150 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байгаа юм. Мөн 76 айлын хоёр блок орон сууцны барилга угсралтын ажлын явц 52 хувьтай үргэлжилж байна. Харин сүүлийн 126 айлын гурван блок орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж буй. Түүнчлэн Шархад дэд төвийн үлдсэн 152 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 70 орчим хувь, 76 айлын хоёр блок орон сууцны бүтээн байгуулалтын ажил 49 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт хийгдээд зогсохгүй, дулаан хангамж, усан хангамж, эрчим хүчний хэрэглээний ухаалаг шийдлүүд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болно. Цаашлаад EDGE ногоон барилгын үнэлгээний системийн шаардлагын дагуу 20 хувийн усны хэмнэлттэй технологи ашиглах боломж бүрдэж буй.

ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо ны хуралдаан өнөөдөр 14.46 цагт 59.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах санал ыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Монгол Улсын Их Хурлын гишүүд бид Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу дараах үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг гаргаж байна хэмээгээд үндэслэлүүдээ танилцуулав. Тэрбээр үндэслэлдээ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шинээр томилох асуудлыг танилцуулаагүй байхдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдыг “томиллоо” гэж олон нийтэд албан ёсоор зарласан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулахад Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид урьдчилж танилцуулах нь төрийн эрх мэдлийн салаа мөчир болох институц хоорондын харилцаа төдийгүй, төрийн эрх мэдлийн хуваарилалт, төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт тэнцэлтэй байх зарчмыг хангаж байгаа явдал юм. Үүнийг үл ойшоон Ерөнхий сайдын “онцгой бүрэн эрхийнхээ” хүрээнд “Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн “…Монголын Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэснийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна гэлээ . УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэснийг, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэснийг тус тус зөрчин бусдын гэм бурууг тогтоосон агуулгатай мэдэгдэл хийснээрээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй, Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байна. Тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн агуулгатай түүний мэдэгдэл нь Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалын бүрэн эрхийг хэтрүүлсэн, шударга ёсны зарчмыг өөртөө ашигтай байдлаар сонгож ашигласан /selective justice/, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын бүрэн эрхэд хамаарахгүй ажил үүргийг хариуцуулах шинжтэй байна. Ерөнхий сайдын энэхүү үйлдэл нь парламентын засаглалтай Үндсэн хуульт ёсыг гажуудуулах, “хүн” биш “хууль” засагладаг байх нийгмийн хүсэл зоригийн эсрэг жишиг болж үлдэх эрсдэлийг бий болголоо. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна.” гэж заасантай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэхгүй байна гэж танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь тухайн сардаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөхдөө бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулжээ. Ингэснээрээ тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болсон байна. Мөн энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, холбогдох бусад эрх зүйн акттай тус тус зөрчилдөж байна. Үүнээс гадна улсын төсөвт мөн төрлийн бүтээгдэхүүний АМНАТ-аас төвлөрүүлэх орлогыг бууруулах нөхцөлийг бүрдүүлж, улс орны эдийн засагт хохиролтой шийдвэр болсон төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ” гэснийг зөрчиж Засгийн газар тогтоолоо баталсан байна. “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Үндсэн хуульт ёсыг хамгаалж, төлөөллийн, хууль тогтоох дээд байгууллага болох парламентын дархлааг бэхжүүлэх нь Монгол Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг юм. Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүд бид Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох зохицуулалт болон Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг заасныг зөрчсөн гэж үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналтай холбогдуулан УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нараас асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ингээд ажлын цаг дууссан тул Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг түр завсарлуулж, ирэх долоо хоногийн Даваа гарагт үргэлжлүүлэхээр болсныг мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Феррер Родригестэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Феррер Родригесийг /2026.10.10/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд парламентын бүлгийн дарга Ө.Шижир хоёр улсын 65 жилийн түүхтэй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан дэмжлэг хөгжиж ирснийг тэмдэглэв. Тэрээр Элчин сайд Хорхе Феррерийг ажиллах хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор Куба Улсад айлчилсан бол Кубын Үндэсний Ассамблейн гишүүн Мариэла Кастро манай улсад зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцсон нь хоёр улсын түүхэнд тод мөр үлдээснийг онцлов. Эх орондоо удахгүй бүр мөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч байгаад Элчин сайд Хорхе Феррер парламентын бүлгийн дарга Ө.Шижирт талархал илэрхийлж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа цаашид ч улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байдгаа хэлэв. Мөн олон улсын харилцааны нөхцөл байдал, Ковид-19 халдварын дараах эдийн засгийн хямралаас үүдэж дэлхийн улсуудад тулгарсан нийтлэг сорилтыг давах Монгол Улсын бодлого эерэг үр дүнтэй байсныг тэмдэглээд Куба Улсын хувьд эдийн засгийн хямралаас улбаалан одоо бий болоод байгаа нийгмийн хямралуудыг давахад Монгол Улсын туршлага чухал гэв. Түүнийг Монгол Улсад ажиллах хугацаанд дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласанд Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга болон нийт гишүүдэд талархлаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

АЛБАН БЛАНК СОЛИГДОЖ, УИХ-Д ОГЦРУУЛАХ ХӨДӨЛГӨӨН ХУРЦДАВ

УИХ-ын доторх "огцруулах фронт" эцсийн байдлаар хүчээ үзэж эхэллээ. Гуравхан хоногийн өмнө Д.Энхтүвшингийн бланк дээр эхэлсэн гарын үсэг цуглуулалт өнөөдөр шинэ дүр зурагтайгаар УИХ-д хүрч, улс төрийн дунд хүчний тэнцвэрт хүчтэй цохилт өглөө. Д.Энхтүвшингийн нэрээр эхэлсэн бичиг баримтыг шууд солиж, З.Мэндсайханы бланкаар гарын үсэг цуглуулсан нь улс төрийн "шатрын" хөдөлгөөн мэт хүчтэй мэдэгдэл болов. Өнөөдөр уг баримтыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барьснаар МАН-ын 34, АН-ын 31, бусад намын хоёр гишүүн нийт 67 гишүүн шууд дэмжлэг үзүүлжээ. Энэ алхам шуудхан хэлэхэд зүгээр нэг маяг биш. УИХ-ын даргыг огцруулах гэсэн хүчний ажиллагаа нууц биш, харин ил тод, дайрмаг үйлдэл болон хувирч байна. Өмнө нь “MCS-ийн хүн” гэж нэрлэгдэж байсан Д.Энхтүвшингийн бланк ашиглалтыг шууд сольж, улстөрийн хүчний байр суурийг гэнэтхэн өөрчлөх ийм алхам УИХ-д шуугиан дэгдээж буй нь маргаангүй.

ХЗДХ-ИЙН САЙДЫН ТОГЛОЛТ ИЛЧЛЭГДЭВ

Ерөнхий сайд Г.Занданшатар есдүгээр сарын 30-нд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилно гэж зарласан ч, өнөөдрийг хүртэл УИХ-д тун ч сонин шалтгаанаар танилцуулагдаагүй. Харин өнөөдрийн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлэлцэгдэхээр товлогдсон нь улс төрийн том “тоглолт”-ын анхны шат. Хамгийн шок мэдээ: Засгийн газар огцорвол, саяхан томиллоо гэж зарласан Б.Энхбаярын томилгоо “даший шог” болж хувирна. Өөрийн сайдын суудлаа ч мэдээгүй Л.Мөнхбаатар ч энэ тоглолтод оролцоно гэдэг нь үнэхээр улс төрийн шантааж, тогтворгүй байдал ямар хэмжээнд очсоныг илтгэнэ. Энэ бүх үйл явц нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн хоорондын зохицуулалтгүй, дураараа шийдсэн тоглолт болж, ард түмэнд итгэл найдвар үлдээхгүй байгааг харуулж байна.

“МАН-ЫН ДОТООД ЗОДООН: ЗАСГИЙГ ХАМГААЛАХ УУ, ЭСВЭЛ ТҮЛХЭХ ҮҮ?”

Хүчирхэг “бурханлаг шийдвэр” гэх нэрийн дор УИХ-ын танхим доторх шуугиан дахин дэгдлээ. П.Сайнзоригын тэргүүлсэн 50 шахам гишүүн нүүрс, төмөр, хайлуур жоншны экспортын татварын тогтоолыг шударга бус, далд эдийн засгийг дэмжсэн алхам хэмээн буруутгаж, Г.Занданшатарыг түлхэн унагахаар сэмхэн “өргөдөл”-өө дэд даргад өгчээ. Товчхондоо, уул уурхайн биржийн арилжаанд далд давуу эрх олгосон гэж үзсэн эдгээр гишүүд Засгийн газрын тэргүүнийг улс төрийн “шок”-д оруулахыг эрмэлзэж байна. Танхим доторх процесс хурдан, шахсан шигээ өрнөж байна. Өнөөдөр 14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооноор эхэлж, 16:00 цагт чуулганаар үргэлжилнэ. Мэдээж, Б.Энхбаярын сайдын суудлын горилогчид энэ шуугианд бүдгэрсэн нь нүдэнд илхэн. Гишүүдийн шахалт, МАН доторх нууц “тоглоом”-ыг харахад тодорхой нэг бүлэглэл байр сууриа нэгтгэхээр шахаж байгаа нь мэдэгдэнэ. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөгийн нөхцөл байдлыг хараад “Ард түмнээ сонсооч” гэх шахалт шиг нөлөөлөх үү эсвэл өмнөх шигээ зогсолтгүй, ил тод байр сууриа илэрхийлэх үү гэдэг нь тун чухал асуулт болжээ. Г.Занданшатарын огцрох эсэх нь зөвхөн Засгийн газрын нэр хүнд биш, Ерөнхийлөгчийн стратегийн хариу үйлдлийг ч хэмжиж буй “тест”-д хувирч байгаа нь тодорхой. Хууль, тоо, хувь гишүүний байр суурь гээд бүх зүйл давхар давхар нягтлан, 84 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг давах эсэхийг тооцож байна. Хэдий Засгийн газрыг огцруулах олонхи бэлэн байгаа ч Ерөнхийлөгчийн хариу үйлдэл бодитойгоор гишүүдийн шийдвэрт нөлөөлөх магадлал өндөр. Түүхийн жагсаалтыг сөхвөл, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралтын Засгийн газар хамгийн богино настайд тооцогдож байсан бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар 426 хоногийн дараа огцорч, сүүлийн 20 жилийн хамгийн богино настай Засгийн газрыг бий болгожээ. Харин энэ удаа 100 хоногийн босгыг давмагц Засгийн газрыг унагавал, Г.Занданшатарын нэрээс илүү Ерөнхийлөгчийн стратеги нүдэнд тусна. МАН-ын дотоод хагарал улам томорч, намынх нь түүхэн муу жишгийг бататгах нь гарцаагүй. Өнөөдөр танхимд юу болох, Ерөнхийлөгчийн итгэлт хүн Засгийн газрыг хамгаалах уу, эсвэл МАН доторх зодооны талд ил тод байр сууриа үзүүлэх үү гэдэг нь зөвхөн цаг хугацааны асуудал. УИХ-ын танхим доторх энэ “улс төрийн театр” хэн нэгний нэрнээс илүүтэй хүч, стратеги, нууц бодлогын тэмцэл болж хувирсан нь тодорхой.

1 ... 27 28 29 30 31 32 33 34 35 ... 384