БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДРҮҮДИЙГ ЭЭЛЖ ДАРААЛЛАН АВЧ БАЙНА

 Боловсролын яам багахан цалинтай багш нарыгаа авч хэлэлцдэггүйгээ сая жагсаалаар харууллаа. 2025 оны хичээлийн жил эхлэхэд модон ширээ сандлаасаа салаагүй анги танхим сурагчдыг угтсанБагш нарын төлөөлөл хичээлийн жил эхэлхээс ч өмнө боловсролын сайд п.наранбаярт цалингийн нэмэгдлээс гадна сурагчдын сурах орчны талаар хэлээд амжсан гэтэл боловсролын сайд П.Наранбаяр “Улс орны амьдрал хэцүү байхад юун та нарын цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэх. Та нар хууль зөрчиж ажил хаявал боловсролын салбарын хувьд хар мөр үлдэнэ шүү” гэж тайлбар хийсэн. Боловсролын яам салбарынхаа багш, ажилчдын нийгмийн баталгааг сайжруулъя, цалин хангамжийг нь нэмэгдүүлье гээд өмнөөс нь гүйж байх ёстой. Гэвч  Боловсролын сайд нь ч, Боловсролын яамныхан ч гар хумхиж, гэдийж суусаар асуудлыг жагсаал, цуглаан хүртэл нь хүндрүүлэв.  

 

Боловсролын сайд асан Л.Энх-Амгалангийн нутгаасаа авчирсан, сайдаас буутлаа хар бор ажлаа хариуцуулсан Ш.Энхтуул гэх мэргэжилтэн төсвийн тендерээр тэрбумын байранд амьдартлаа хөлжиж байна

 

        2021 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Боловсролын сайдаар томилогдсон. Улмаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан сайдаар томилогдоод удаагүй байхдаа төрөлх нутаг болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЗДТГ-т ажиллаж байсан Ш.Энхтуул гэх эмэгтэйг Улаанбаатар хотод дуудан Боловсролын яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан Ахлах мэргэжилтний албан тушаалд тавьсан. Ш.Энхтуул нь 2016, 2020 оны сонгуулиар Л.Энх-Амгалангийн штабт ажилласныхаа “шагнал”-д ийнхүү Ахлах мэргэжилтний албан тушаалд очсон гэгддэг.  Сумын тамгын газарт ажиллаж байсан асан Ш.Энхтуулын хувьд Боловсролын яамны Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан Ахлах мэргэжилтэн болсон нь аз болсон гэж хэлэхэд хэлсдэхгүй. 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн Хөвсгөлөөс авчирсан Ш.Энхтуул нь өдгөө 1.0 тэрбум төгрөгийн хоёр орон сууцанд амьдардаг, 413 сая төгрөгийн Land Criuser 300, Ford Explorer гэх жийп хөлөглөдөг, дансандаа 174 сая төгрөгийн хадгаламжтай, Боловсролын яамныхаа газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг хөрөнгөөрөө тэргүүлдэг нэгэн болжээ. 

 

Боловсролын яамны Ахлах мэргэжилтэн Ш.Энхтуулын нөхөр Батсуурийн Баянбилэг нь “Хүслэнт бүтээмж” ХХК-ийг эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй байдаг. “Хүслэнт бүтээмж” ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт бүртгэлтэй, Мөрөн сумынхаа авто замын жижиг сажиг ажлуудыг гүйцэтгэдэг байсан. 

 

Гэтэл Хөвсгөл аймгийн Мөрөн суманд бүртгэлтэй, замын нөхөөс тавьдаг төдийхөн байсан өнөөх “Хүслэнт бүтээмж” ХХК нь 2023 оноос авто замын тендерийн “акул”-уудын нэг болж томорсон. Илүү ноцтой нь, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Засгийн газарт сайд байсан яг тэр хугацаанд “Хүслэнт бүтээмж” ХХК нь 25.5 болон 17.9 тэрбумын хоёр том тендер авсан юм. 

  “Хүслэнт бүтээмж” ХХК нь 2023 онд 

Өмнөговь аймгийн Даланзадгад-Баяндалай-Ноён-Сэврэй-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай автозамын 25.5 тэрбум төгрөгийн тендер

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1.1 км авто зам тавих 1.2 тэрбум төгрөгийн тендер  

 

2024 онд  Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замын 17.9 тэрбум төгрөгийн тендер

Хөвсгөл аймгийн Хилэнтийн гүүр-Мөрөн чиглэлийн авто замын 1.3 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан байгаа юм. 

      Харин энэ онд буюу 2025 оны тавдугаар сарын 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зам тавих 12.6 тэрбум төгрөгийн гурван тендерт ганцаараа оролцоод, гурвууланд нь шалгарсан байна. Өөрөөр бол, “Хүслэнт бүтээмж” ХХК нь гурван тендерт өрсөлдөгчгүйгээр оролцоод, ганцхан өдрийн дотор 12.6 тэрбум төгрөгийн тендер “халаасласан” гэсэн үг. 

 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд 4.1 км зам тавих 6.2 тэрбум төгрөгийн тендер

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын шинэ суурьшлын бүсэд 1.8 км зам тавих 2.7 тэрбум төгрөгийн тендер

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9, 10, 14-р багт 2.4 км зам тавих 3.6 тэрбум төгрөгийн тендерт тус тус нэг өдөр шалгарчээ. 

 

         Нэгтгэвэл, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийнх нь сонгуульд ажиллаж асан Ш.Энхтуулыг Хөвсгөлөөс Улаанбаатар авчирч, Боловсролын яаманд Ахлах мэргэжилтэн болгосон нь удалгүй Ш.Энхтуулын Б.Баянбилэг нь авто замын том тендерүүдийг ээлж дарааллан авах болсон. Сүүлдээ Хөвсгөл аймгийн авто замын гурван тендерийг ганцхан өдрийн дотор зэрэг хамах хэмжээнд томоржээ. Иймд Боловсролын яамны Ахлах мэргэжилтэн Ш.Энхтуулын нөхөр Б.Баянбилэгийн авсан тендерүүдэд Хөвсгөлөөс дөрөв сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нөлөө ихээхэн оролцоотой байж болзошгүй байгаа юм.


 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.