ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА

   УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарын төрд хөтөлж оруулсан хуурай дүү нарынх нь нэг болох Увс аймгийн Зүүнхараа сумын уугуул одоо бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг Б.Дашпүрэв гэх залуу бий.  Б.Дашпүрэв 2023 оны арванхоёрдугаар сард Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгч, 2024 оны нэгдүгээр сараас Ч.Хүрэлбаатараас хөтөлж УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгаар хэдэнтээ тойрч Цас зудаар далимдуулан Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт гурил будаа аваачиж тараасан. Цагаан сараар далимдуулан баахан малчдад шагнал цацаж Улаанбаатар дахь Увсын оюутнуудын дунд спортын наадам хүртэл зохион байгуулж байв. 

Б.Дашпүрэв 2024 оны УИХ-ын сонгуулиар хуурай ах Ч.Хүрэлбаатарынхаа штабт ажилласан. Гэсэн ч  Ч.Хүрэлбаатар унасан. УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар хуурай дүү Б.Дашпүрэвийгээ гудамжинд хаяалгүй сонгуулийн дараа өөрийнх нь Эдийн засаг, хөгжлийн сайдын сэнтийд заларсан Увсын уугуул Лу.Гантөмөрийн дэргэд зөвлөх сэтэртэй үлдээжээ. 

    Нүүрсний экспортын гол гарц буюу Гашуунсухайт боомтын цогцолборыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 92 тэрбум төгрөгөөр өргөтгөж, шинэчилж байсан. Гашуунсухайт боомтын цогцолборын халаалтын дөрвөн зуухных нь галлагааг “Грийн радианс” ХХК хариуцаж, Гашуунсухайт боомтын цогцолборын төв барилга, Хилийн цэргийн болон гаалийн шалгалтын 40 кабин, Гаалийн лабораторийн барилга, Мэргэжлийн хяналтын лабораторийн барилга, Эрэлч нохойн байр, агуулахууд, Авто тээврийн төвийн барилга, Хилийн цэргийн заставын барилга, ажилчдын таван орон сууц, нийтийн ариун цэврийн барилга гээд нийт 79 барилга, байгууламжийг дулаан, цэвэр усаар ханган ажиллаж байгаа. 

 “Грийн радианс” ХХК нь Гашуунсухайт боомтын цогцолборыг цэвэр усаар хангах 100 сая, түлшээр хангах 150 сая, дулаанаар хангах 547 сая төгрөгийн тендерт тус тус  ямар ч ногоон гэрлээр шалгарсан.“Грийн радианс” ХХК энэ оны гуравдугаар сарын 7-нд Гашуунсухайт боомтын цогцолборын халаалтын зуухнуудын галлагааг хариуцаж, энэ оныг дуустал дулаанаар хангах 547 сая төгрөгийн гэрээ байгуулсан юм. 


 Гашуунсухайт боомтын цогцолборыг дулаан, цэвэр усаар хангаж буй “Грийн радианс” ХХК-ийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн эхнэр Сандагийн Отгон эзэмшдэг нь нотлогдсонЕр нь бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нь эхнэр С.Отгоныхоо нэр дээрх “Грийн радианс” ХХК-аар Гашуунсухайт боомтоос 797 сая төгрөгийн тендер авч, хагас тэрбум төгрөгөөр халаалтыг нь хариуцаад явж байгаа гэсэн үг юм. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.