НЭГҮҮН МЭДЭЭ
ХОЁР НАСТАЙ ХҮҮХЭД УГААЛГЫН МАШИНД ГАЦЖЭЭ

Төв аймгийн Зуунмод сумын Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн 28 дугаар байранд бага насны хүүхэд хагас автомат угаалгын машин дотор орж гацжээ. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 15-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан очиход А /2 настай, эрэгтэй/ хагас автомат угаалгын машин дотор орж гацсан байсныг эсэн мэнд гаргаж, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

“ХАМГААЛАЛТТАЙ ХОТ” КАМЕРЖУУЛАЛТ БОЛЗОЛТ УРАЛДААНЫГ ДАЛАНЗАДГАД СУМАНД ЗАРЛАЛАА

Даланзадгад суманд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдийн өмч хөрөнгийг хамгаалах, аюулгүй амар тайван орчинд амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, аж ахуйн нэгж байгууллагын гадна, дотор орчин, нийтийн эзэмшлийн талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хамгаалалттай хот камержуулалт болзолт уралдааныг зарлалаа.

ЗГ: ХӨГЖЛИЙН БАНК 800 ТЭРБУМ ТӨВЛӨРҮҮЛЭХГҮЙ БОЛ ДАМПУУРУУЛНА

Сангийн сайд Б.Жавхлан: “Засгийн газар нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банкан дээр онцгой анхаарал хандуулсан гол учир нь ирэх жил төлөгдөх хоёр бондын төлбөртэй холбоотой. 2023 оны 10 дугаар сарын 23-нд төлөгдөх Евро бондын 500 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.5 их наяд орчим төгрөгийн төлбөр байна. Мөн 2023 оны 12 дугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын 30 тэрбум иений төлбөр буюу одоогийн ханшаар 713 тэрбум төгрөгийн өр бий. Энэ хоёр өрөөс онцгой анхаарах ёстой нь Самурай бонд юм. Учир юу вэ гэвэл Засгийн газрын баталгаатай. Хэрвээ Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүйд хүрвэл энэ өрийг бүтэн дүнгээр нь Засгийн газар төлнө, энэ хэмжээний дарамт төсөв дээр, татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ гэсэн үг. Тиймээс ийм эрсдэлтэй тулахгүйн тулд хуримтлагдаж байсан чанаргүй зээлүүдийг энэ оны нэгдүгээр улирлаас маш яаралтай төлүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Энэ оны 6 дугаар сарын 30, арванхоёрдугаар сарын 31 гэсэн чухал цаг хугацаа бидний өмнө байгаа. Арванхоёрдугаар сарын 31-ний тайлан баланс аудитлагдах ёстой. Энэ аудитаар тайлан баланс муу гарах юм бол тус банкийг татан буулгах, дампууруулах хэмжээнд очно. Хэрвээ бид чанаргүй зээлээ амжилттай барагдуулж чадаад, тайлан балансаа арванхоёрдугаар сарын 31-нээр сайжруулж чадах юм бол ирэх онд дахин санхүүжилт хийх ёстой Евро бондоо амжилттай хийнэ. Мөн Самурай бондоо хугацаанд нь төлөх нөхцөл бүрдэнэ. Тийм учраас энэ жил чанаргүй зээлүүддээ анхаарал тавьж, энэ онд дор хаяж 50 хувийг нь төлүүлэх зорилт тавьж, Засгийн газар ажиллаж байна. Энэ жилийн хувьд бид дор хаяж 800-гаад тэрбум төгрөгийн зээл төлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхгүй л бол бидний жилийн эцсийн баланс сайжирч гарч чадахгүй” гэв.

ТЕНДЕРГҮЙГЭЭР ТӨСВИЙН 69.2 САЯ ТӨГРӨГӨӨР ЧИХЭР АВЧЭЭ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл нар эдийн засгийн хүнд үед төсвийн мөнгөөр тоглосон олон баримтууд байдаг. БГД-ийн удирдлагууд цар тахлын үед ахмадуудын нэрийг барьж хүнсний багц олгох нэрийдлээр “Агууша фүүдс” ХХК-тай хууль зөрчин 69.2 сая төгрөгөөр чихэр худалдаж авах гэрээг байгуулсан. Төсвийн мөнгийг хууль зөрчин зарцуулсан энэ үйлдэл аудитын шалгалтын явцад ил болоод байна. Баянгол дүүргийн ЗДТГ-ын гэрээ байгуулсан “Агууша фүүдс” ХХК 2021.09.14-ны өдөр УБЕГ-т хуулийн этгээдээр бүртгүүлж. Үүнээс хойш ердөө 10 хоногийн дараа буюу 2021.09.24 өдөр Баянгол дүүргээс 69.2 сая төгрөгийг ямар ч тендер зарлалгүй гаргуулж авсан. Цар тахлаас шалтгаалж эдийн засгийн байдал хүндэрсэн тул төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, шаардлагагүй зардлуудаа хэмнэхийг төрийн бүх шатны байгууллагуудад Засгийн газраас даалгаж 43 дугаар тогтоолыг 2021 онд баталсан. Тус тогтоолд төсвийн мөнгөөр урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөрлөг, аялал зугаалга зэргийг зохион байгуулахыг хориглосон байдаг. Гэвч энэ хууль БГД-т хэрэгждэггүй бололтой. Тухайлбал: Тавилга, эд хогшил худалдаж авахад - 48.5 сая төгрөг Контент бүтээхэд - 36 сая төгрөг Албан хаагчдад гарын авлага хэвлүүлэхэд - 24.7 сая төгрөг Явган аялал зохион байгуулахад - 6.9 сая төгрөг 25-р хорооны албан хаагчдын сагсан бөмбөгийн тэмцээнд - 9.1 сая төгрөг Санхүүгийн ажилтнуудын спортын арга хэмжээнд - 5 сая төгрөг Санхүүчдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд - 7.3 сая төгрөг Хороодын нийгмийн ажилтны сургалт, тараах материал хэвлэхэд - 9.2 сая төгрөг Сургалт зохион байгуулахад - 7 сая төгрөгийг тус тус зарцуулж төсвийн хууль болон Засгийн газрын 43-р тогтоолыг удаа дараа зөрчжээ. Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар шилэн дансандаа 860 сая төгрөгийн 33 санхүүгийн гүйлгээгээ ил тод мэдээлээгүй. Зөвхөн Баянгол дүүргийн ЗДТГ-ын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар 1.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байдаг.

ИРЭХ САРААС АЙЛ ӨРХҮҮД ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРӨӨ ӨӨРСДӨӨ ТӨЛЖ ЭХЛЭНЭ

Нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахилгаан дулааны мөнгөө өөрсдөө төлөх байсан ч Цар тахлын эсрэг хуулийн төслийг дахин зургаан сар сунгасантай тул энэхүү хөнгөлөлтийг сунгасан. Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 31 хүртэл айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс хөнгөлөх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу гэр хорооллын өрхийн цахилгааны хэрэглээний 350 кВт, орон сууцны айлын 250 кВт хүртэлх цахилгааны төлбөрийг сар бүр төрөөс хариуцан төлж байгаа.

ЗАСАЛ ХИЙХ НЭРЭЭР ӨСВӨР НАСНЫ ОХИНЫГ ЗҮС ТАНИХ ЛАМ ХҮЧИРХИЙЛЖЭЭ

БЗД-ийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй охиныг зүс таних лам машинд хүчирхийлсэн хэрэг гарчээ. Тодруулбал тус дүүргийн...дүгээр байрны...тоотоос 15 настай охиныг нь зүс таньдаг лам засал хийнэ гэж гэрээс нь авч яваад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад Сансарын...тоотод суух Ц.Ө гэж 45 настай лам сэржим өргүүлэх хэрэгтэй байна гэж дуудан тус хорооны 10 дугаар байрны хажууд машинд хувцсыг нь тайлан хүчирхийлэл үйлджээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ДОПИНГ ИЛЭРСЭН ХОЁР БӨХИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ ДӨРВӨН ЖИЛЭЭР ХАСЛАА

Тодруулбал: Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгчдийн хурал 2022 оны тавдугаар сарын 9-нд хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд: Бөхийн барилдааны дүрмийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн Үндэсний бөхийн барилдааны дүрмийг 100 хувийн саналаар батлав. Ёс зүйн дүрмийг 100 хувийн саналаар хэлэлцэн баталсан. Бөхийн өмсгөлийн хэм хэмжээг шалгагчаар улсын начин С.Багахүү, улсын начин С.Батсуурь, аймгийн арслан Т.Сүрэнжав нарыг томилон ажиллуулахаар 100 хувийн саналаар батлав. Нэр бүхий аймгийн арслан цолтой есөн бөхийн санал, хүсэлтийг хэлэлцэн улсын баяр наадамд гурав, дөрөв давсан амжилтыг аймаг, цэргийн цолтнуудын эрэмбэд тооцож буйг 88.2 хувийн саналаар хүчингүйд тооцов. Шинэчилсэн эрэмбийг 2022 оны тавдугаар сарын 25-наас мөрдөхөөр тогтлоо. Ёс зүйн зөрчил гаргасан Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираа, Баянхонгор аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан, Завхан аймгийн харьяат, сумын заан Ё.Гантулга, Д.Доржсүрэн, Архангай аймгийн харьяат, сумын заан О.Баяржаргал нараас ирсэн уучлалт, хүсэлтийг хэлэлцэн барилдах эрхийг 100 хувийн саналаар сэргээж, цаашид бөхийн жудгаа эрхэмлэж, ёс жаягтай байхыг хатуу сануулахаар тогтов. Допингийн явцын шинжилгээнд зөрчил гаргасан нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д заасны дагуу дөрвөн жилээр 100% саналаар хасжээ. Дөрөвдүгээр сарын 23-нд болсон Сонгинохайрханы хишиг барилдаанд ёс зүйгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг 94.1 хувийн саналаар зургаан сараар хасахаар тус тус тогтсон байна.

УЛААНБААТАР СМАРТ КАРТ ХХК-ААС ОЮУТНЫ U MONEY КАРТЫГ НИЙТ СУРАЛЦАХ ХУГАЦААГААР СУНГАХААР БОЛЛОО

Оюутны U-Мoney буюу автобусаар зорчих картыг тухайн оюутны нийт суралцах хугацаагаар сунгахаар болсон бөгөөд. Оюутнууд энэ тав, зургаадугаар сард багтаан сургуулийнхаа оюутны карт хариуцсан ажилтанд хандан картаа идэвхжүүлж ашиглах боломжтой болж байгаа юм байна. Ингэснээр жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх үед карт сунгалтын ажилтай холбогдон оюутнууд картаа сунгуулах хүсэлтээ сургуульдаа өгөх, картаа хураалгаж идэвхжүүлэх, мөнгө тушаасан баримт бүрдүүлэх зэрэг хүндрэл, чирэгдэл үүсэхгүй болж байгаа юм. Харин намар картаа сунгуулаагүй оюутнууд картаа сургууль дээрээ идэвхжүүлэн ашиглах боломжтой аж. Мөн картаа хаясан гээсэн бол Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад хандан картаа сэргээлгэн аваад шууд ашиглах боломжтой хэмээн Улаанбаатар Смарт Карт ХХК-аас мэдээллээ.

ИРЭХ ЗУРГААДУГААР САРААС ЭХЛЭН ИРГЭД ТОГНЫ МӨНГӨӨ ХӨНГӨЛӨЛТГҮЙ ТӨЛЖ ЭХЭЛНЭ

Тодруулбал: Цар тахлын хүндрэлтэй үед айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оныг дуустал төрөөс дааж дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гарган хэрэгжүүлж байсан билээ. Тэгвэл 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл айл өрхийн зөвхөн цахилгаан хэрэглэсний хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр болсон юм. Энэ хугацаа энэ сарын 31-ний өдрөөр дуусах бөгөөд. Өөрөөр хэлбэл ирэх зургаадугаар сараас цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдлэх хугацаа нь дуусгавар болох юм байна. Өнөөдрийн байдлаар гэр хороололд амьдардаг айл өрхийн 350 кВт.цаг хүртэл, орон сууцныхныг 250 кВт.цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг Засгийн газраас хариуцан төлж байгаа юм.

1 ... 211 212 213 214 215 216 217 218 219 ... 317