НЭГҮҮН МЭДЭЭ
АРИЛЖААНЫ 9 БАНКИНД ТОРГОХ ШИЙТГЭЛ НОГДУУЛЛАА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Аригбанк” ХХК, “Чингисхаан банк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-уудад холбогдох 2202000183 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хийж дуусгалаа. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн. Энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзлээ. Иймд “Аригбанк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-иудын хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа. Мөн нэр бүхий 9 банкинд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүлж ажиллалаа.

ЦАГААН ДАВАА, НАРАНГИЙН ЭНГЭРИЙН ХОГИЙН ЦЭГТ 30 ГА ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭЖЭЭ

Нийслэлд Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн гурван том хогийн цэг байдаг. Тэдгээрт өдөрт дунджаар 3000 тонн хог хаягдал төвлөрүүлдэг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-аас Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших Нарангийн энгэр, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт орших Цагаан давааны хогийн цэгийг үе шаттайгаар хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг 2020 оноос эхлүүлсэн. Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2007-2009 онд байгуулсан бөгөөд тус хогийн цэгийг Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд хог дарж булах талбайн хөрсөнд бохирдол нэвчдэггүй давхарга үеийг хийж өгснөөрөө онцлог. Японы стандарт жишгийн дагуу хог хаягдлын ялзрал, шүүрлээс үүдэн бий болдог бохир шингэн зайлуулах хэвтээ хоолойнуудыг суулгасан байдаг. Харин Цагаан давааны хогийн цэгийг 2011 онд бий болгосон бөгөөд хотын зүүн болоод төвийн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг төвлөрүүлдэг томоохон хогийн цэг юм. Тус хогийн цэгт 2011-2020 онд 16 га талбайд 20 метр өндөр, 3.5 сая куб метр буюу 2.8 сая тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ .

ТОВЧООГООР ТАРВАГА, ХАР ҮНЭГ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалын дагуу Авто тээврийн шалган нэвтрүүлэх 6 товчоо болон хяналтын цэгт 24 цагаар байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 2022.07.01-2022.08.10-ны хооронд: 1. Түүхий нүүрс тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрээгүй. 2. 16 удаагийн зөрчлөөр 32 ширхэг тарвага тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн тарвагыг ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч тарваган тахлын шинжилгээнд хамруулан, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж хохирол нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсэн. 3. Холбогдох зөвшөөрөлгүй 4 ширхэг загас, 2 ширхэг хар үнэг, 41м3 мод тээвэрлэн Улаанбаатар хотод нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллав. Эх сурвалж: МХЕГ

ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМД МАШИН ШАТЖЭЭ

Нийслэлийн онцгой байдлын алба Хөшигийн хөндий /Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хурдны зам/ Автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11:48 цагт хүлээн авчээ. Газар дээр очиход иргэн Ж-ийн“Форши Панамера” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан байна.

ЯАРМАГИЙН НҮХЭН ГАРЦЫН АЖИЛ ДУУСАЖ ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Яармагийн нүхэн гарцын зам барилгын аж ил төлөвлөгөөт хугацаанаасаа 11 хоногийн өмнө дуусаж хөдөлгөөнийг нээлээ. Үргэлжлүүлэн явган хүний орц, гарцыг хийх аж. Явган зорчигчдын орох, гарах хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйтай иргэд зорчих боломжтой байхаар налуу зам болон шаттай хийсэн ба нүхэн гарц усанд автахаас сэргийлэн ус зайлуулах, шүүрүүлэх худгийг мөн суурилуулжээ. Эх сурвалж: НЗДТГ

ХҮҮХДИЙН ТАРХИНЫ СААЖИЛТ, УНАЛТ, ТАТАЛТЫН ЭМИЙГ 100 ХУВЬ ХӨНГӨЛНӨ

Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн 2022 оны долдугаар сарын 4-ний өдрийн "Эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай" 11 тоот тогтоолоор "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ"-г тогтоосон байдаг. Тус тогтоолд хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийг даатгалаас 100 хувь хөнгөлөх талаар дурд жээ. Төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад багтсан тархины саажилт болон 0-19 насны уналт, таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийг ийнхүү 100 хувь хөнгөлөхөөр болжээ.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 100 ТАРВАГА НУТАГШУУЛЛАА

Суурьшлын бүс тэлж нийслэлийн ногоон бүс дэх тархац нутаг хумигдсанаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрсөөр байгаа юм. “Агнуурын менежментийн тэх төв” ТББ-тай хамтран “Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, зөөвөрлөх журам”-ын дагуу Сонгинохайрхан дүүргийн 24, 42, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хорооны нутаг дэвсгэр Билгүүний энгэр, Сүхбаатар дүүргийн 24, 42-р хороодын нутаг дэвсгэрээс 100 тарвагыг олж нутагшууллаа .

БШУЯ:ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТЭД ВАКЦИН ХИЙЛГЭСЭН БАЙХЫГ ШААРДАХГҮЙ

Цэцэрлэг, сургуультай холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултанд Боловсрол шинжлэх ухааны яам хариулт өглөө. Үүнд: "Хүүхдээ цэцэрлэгт өгөхөд заавал вакцин хийлгэсэн байх ёстой юу" гэх түгээмэл асуулт эцэг эхчүүдээс иржээ. Цэцэрлэг, сургуулийн элсэлтэд вакцин хийлгэсэн байх шаардлага тавихгүй гэдгийг тус яамнаас мэдээллээ.

ХӨСҮТ ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА БОЛГОЖ ЕСӨН АЖИЛТАНДАА ТУС БҮР 20 САЯ ТӨГРӨГ ОЛГОНО

ХӨСҮТ -ын удирдлага есөн ажилтандаа орон сууцны урьдчилгаа болгож тус бүр 20 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Хоёр техникч, хоёр сувилагч, гурван асрагч, нэг эмзүйч, нэг шил угаагч нийт есөн хүнд орон сууцны урьдчилгааны дэмжлэг үзүүлэхээр болжээ. Эрүүл мэндийн яамнаа 2022 оны наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласан юм .

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР ТЭХ, УГАЛЗ, ХАЛИУН БУГА АГНАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 208 дугаар тушаалаар тухайн онд тусгай зориулалтаар агнуулах, бариулах ан амьтдын тоо хэмжээг баталсан. Тушаалд зааснаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Буянт, Ногооннуур, Толбо, Улаанхус, Алтай, Булган, Бугат, Цэнгэл, Алтанцөгц, Баяннуур зэрэг сумдын агнуурын бүс нутгуудаас тусгай зориулалтаар аргаль хонь, янгир ямаа, халиун буга агнана. Дээрх сумдын агнуур бүс нутгуудад агнуурын 316 халиун буга, 3128 толгой аргаль хонь, 1887 янгир ямаа байгаа. Үүнээс 28 тэх, 17 угалз, 5 халиун буга агнахыг зөвшөөрсөн байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд зааснаар аргаль хонь 11 сая, янгир ямаа 2,7 сая, халиун буга 6,6 сая төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй байдаг. Дээрх амьтдын нөөц ашигласны төлбөрийн 50-иас доошгүй хувийг тухайн агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах юм.

1 ... 198 199 200 201 202 203 204 205 206 ... 334