НЭГҮҮН МЭДЭЭ
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах үйл ажиллагааны бодлогын чиглэлийг боловсруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн санал, дүгнэлтийг нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан танилцууллаа. Нийслэлийн төрийн өмчийн 158 сургууль үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж, 156928 суралцагчийг хамруулж байна. Төрийн өмчийн 327 цэцэрлэг 100039 хүүхдийг хоол хүнсээр хангаж байна. 158 сургуулиас 116 нь үдийн хоолыг бие даан хийж байгаа бол 42 сургууль тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдлаас үүдэн хувийн ААН-үүдийг түрээсэлдэг. Цахим дэлгүүрээр хүнс хангамжийн үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай. Өнгөрсөн хугацаанд хүнс хангамжийн дөрвөн байгууллагаар дамжуулан худалдан авалтыг хийдэг байсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бизнесийн хийж чаддаг зүйлийг төр хийхгүй байх бодлого баримталж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгасан. Хоол хүнстэй холбоотой асуудал учир бид маш болгоомжтой хандах шаардлагатай. Хүнс хангамжтай холбоотой асуудлаар дахин төлөвлөгөө гаргаж, салбаруудын уялдаа холбоог хангах, ААН-үүдтэй уулзалт зохион байгуулж, шийдэл гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэв. Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна Нийслэлийн боловсролын салбарт нийт 1.168.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 131 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Он гарснаас хойш таван сургууль, дөрвөн цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заал буюу нийт 12 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан. Мөн сургуулийн ачааллыг богино хугацаанд бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн зарим цэцэрлэгийн зориулалтын барилгыг "Хотхоны бага сургууль" болгон ашиглахаар төлөвлөж буй. Үүнд төрийн өмчийн таван цэцэрлэгийн барилга ашиглан нэг ээлжид 840, хоёр ээлжээр 1680 суралцагч, төрийн бус өмчийн нэг цэцэрлэгийн барилга ашиглан нэг ээлжид 280, хоёр ээлжээр 560 суралцагчийг хамруулж, нийт 2240 хүүхэд суралцах боломжтой юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “1-6-р ангийн хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхийн тулд замын хөдөлгөөнд 150.000 машин оролцож байна. Бид есдүгээр сарын нэгнээс өмнө нийслэлийн хүн амын нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна. Холбогдох албаныхан хамгийн түрүүнд хэдэн цэгт хотхоны бага сургууль байгуулах, хичээлийн шинэ жилээс өмнө худалдан авах, түрээслэх боломжийг судалж дараагийн хуралд танилцуулахыг үүрэг болгоё” гэв. Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Хууль, эрх зүйн орчинд нийцүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангах, тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх хүүхдийн төв” болгон хөгжүүлэх шаардлага үүссэн гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрууд барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хувьд харилцан адилгүй тул тус бүрд нь нарийвчилсан судалгаа хийж, шаардлагатай хөрөнгө оруулалт, төсвийн тооцоог боловсруулан НИТХ-д өргөн мэдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. "Туул-1" коллекторын ажлыг эрчимжүүлнэ "Туул-1" коллекторын 3, 4 хэсгийн трасстай давхацсан бусад инженерийн шугам сүлжээг зөөж шилжүүлэх, хамгаалах ажилтай холбоотой тулгамдаж буй асуудлуудын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан танилцууллаа. Улаанбаатар хотын бохир усны гол цуглуулах Ф1200мм, Ф1400 мм-ийн коллекторуудын тооцоот хүчин чадал ачааллаас хэтэрч өдрийн оргил ачааллын үед шугамуудын дүүргэлт 100 хувьд хүрсэн. Гэр хорооллыг барилгажуулах зэрэг төслийг хэрэгжүүлэхийн тулд “Туул-1” коллекторыг яаралтай ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага тулгараад буй. Тиймээс “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бүх арга хэмжээг яаралтай авч ажиллахыг Зөвлөлийн хуралдаанаас Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбатад даалгав.

13-ААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ ЦАХИМ БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ ХОРИГЛОХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖЭЭ

Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулсан судалгааны дүнд хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь 4 болон түүнээс дээш цаг интернет ашигладаг бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь нь нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор интернет ашигладаг хэмээн хариулсныг төсөл санаачлагчид танилцууллаа. Өнөөгийн байдлаар хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалахтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөлөл, дарамт, мөлжлөг, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг тодорхой болгох зорилгоор төслийг боловсруулсан байна. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн зорилт нь хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулах, хүүхдийг цахим дарамт, донтолт, заналхийлэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох, төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг зохицуулах аж. Тухайлбал, нийгмийн сүлжээний эрсдэлд үндэслэн 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд насанд тохирсон зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Технологийн энэхүү хамгаалалтын арга хэмжээтэй уялдуулан нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад Нийгмийн сүлжээ, Харилцаа холбоо зэрэг үйлчилгээ эрхлэгчид болон тэдгээр үйлчилгээг хэрэглэгч хүүхдүүд, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын байгууллагуудын хүлээх чиг үүргийг тодорхойлжээ. Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад оролцогч төрийн эрх бүхий байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна. Төслийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэхийн зэрэгцээ олон улсын эрх зүйн баримт бичиг, гадаад улсын туршлагыг харьцуулан судалж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран үе шаттай судалгаа, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан хэмээн Улсын Их Хурлын даргад төсөл санаачлагчид танилцуулсан юм. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт боловсруулж буй бусад хуулийн төсөлд олон нийтийн саналыг авахаар Улсын Их Хурлын d.parliament.mn цахим сүлжээнд байршуулахад 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 660 иргэн танилцсан аж. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал сайжирч, цахим орчин дахь эрсдэл, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага нэмэгдэж, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо боловсронгуй болох ач холбогдолтой юм байна .

ОРОН НУТГИЙН ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ 1000-AAС 5000 ТӨГРӨГ БОЛГОЖ НЭМЛЭЭ

Зам тээврийн хөгжлийн төвийн захирал Д.Оюунболд орон нутгийн авто зам ашигласны төлбөрийг энэ оны наймдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр болсныг мэдээллээ. Тэрээр "Улсын хэмжээнд 8000 км хатуу хучилттай зам бий. Нэг ам метр замыг засахад 115 мянган төгрөгийн өртөгтэй. Улсаас батлагдсан төсөв нийт замын 10-12 хувийг л засахад хүрэлцэж байна. Тиймээс энэ оны наймдугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн замд зорчсон суудлын автомашинаас авдаг 1000 төгрөгийн төлбөрийг 5000 төгрөг болгож нэмэгдүүлнэ. Мөн суудлын тээврийн хэрэгслийн төлбөрийг тав дахин, том оврын ачааны тээврийн хэрэгслийнхийг хоёр дахин нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн. Иргэдээс авч буй зам ашиглалтын төлбөрийг замын засвар, өвөл, зуны арчлалт, урсгал засвар буюу нүх бөглөх, хөвөө гагнах зэрэг ажилд зарцуулдаг" гэлээ. Түүнчлэн, улсын чанартай авто замаар тогтмол зорчдог иргэд, аж ахуйн нэгжүүд жилийн зорчих тоогоо урьдчилан мэдүүлж, Зам тээврийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулснаар нийт төлбөрөөсөө 30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Харин Эмээлт, Батсүмбэр, Налайх, Хан-Уул дүүргийн иргэд автомашиныхаа серийн дугаарыг e-Mongolia болон Зам тээврийн хөгжлийн төвд бүртгүүлснээр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой хэмээв.

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

Хоногт 250 мянган шоо метр хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ Төв цэвэрлэх байгууламжид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа. Энэхүү байгууламж бохир усыг механик, физик, хими, нэмэлт биологийн цэвэрлэгээний аргаар технологийн дагуу боловсруулж байна. 55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх байгууламж гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангах юм. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт барьсан тус цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан. Харин гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн хамтарсан консорциум ажилласан. Иргэдийн буруу дадлаас үүдэн бохирдлын хэмжээ нэмэгдэж, Төв цэвэрлэх байгууламжид тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл үүсгэх эрсдэлтэй байдгийг инженерүүд анхааруулав. Тухайлбал, цэвэрлэх байгууламж өдөр тутамд усанд уусдаггүй цаас, салфетка зэрэг их хэмжээний хогийг ялгаж байна. Жилээс жилд хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа таагүй мэдээтэй. Энэ бол оршин суугчдын буруу зуршилтай шууд холбоотой юм. Тиймээс ариутгах татуурга руу усанд уусдаггүй цаас болон хатуу хог хийхгүй байхыг зөвлөлөө. Тус байгууламж хэвийн ажиллахад иргэдийн оролцоо чухал юм. УСУГ-ын Цэвэрлэх байгууламжийн албаны дарга О.Оюунбаяр “Цэвэрлэх байгууламж 200 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр 24 цагийн турш ажилладаг. Хуучин цэвэрлэх байгууламж бохир усыг хүлээж аваад цэвэршүүлэх явцад үнэр ихээр ялгарч эргэн тойронд тархдаг байсан бол шинэ цэвэрлэх байгууламж таагүй үнэрийг шийдсэнээрээ онцлогтой. Төв цэвэрлэх байгууламж хоногт дунджаар 190.000-240.000 шоо метр бохир ус хүлээн авч байгаа юм. Хоногт гурван тонн хатуу хог хаягдал ирж байгаа нь эрсдэл дагуулсаар байна” гэлээ.

311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор долоодугаар сарын 8-аас есдүгээр сарын 15-ныг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Тэрбээр өнөөдөр Туул голын эрэг дагуу ажиллаж, үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор дуудлага мэдээллийн тоо өсөж байна. Албан хаагчид аюулгүй байдлын төлөө шаардлага тавьж байгаа учир иргэд та бүхэн хүлээцтэй хандан шаардлагыг биелүүлэхийг хүсье. Албан шаардлага биелүүлээгүйгээс болж эрсдэлд орох тохиолдол гардаг. Түүнчлэн голын усны түвшин нэмэгдсэн учир автомашиныхаа хүчинд эрдэж ус руу орж аюулд орохгүй байхыг анхааруулъя. Хар цэгүүдэд хяналтын завьт эргүүлүүд ажиллаж, аврах ажиллагаа явуулж байна. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг хүсье. Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа учир бид үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргүүдийн дарга нартай хамтран үерийн аман дээр буусан айл өрхүүдэд анхаарал хандуулж байна. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа юм” гэлээ. НОБГ-ын Тэргүүн дэд дарга Д. Оюунбат “Хар усан тохойгоос Зайсангийн гүүр, Зайсангийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, Тэрэлжийн гол, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна. Түүнчлэн алба хаагчид морь болон сурроноор эргүүл хийж байна. Мөн дроноор хянаж буй. Энэ өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын 242 алба хаагч, 64 автомашин, 10 мотопомптой, ГУББГ 19 алба хаагч найман автомашин, Ус сувгийн удирдах газрын 50 ажилтан 47 автомашинтай, нийт 311 алба хаагч, 119 техник, тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж хуудсыг 12350 иргэнд хүргэж, 1345 автомашиныг голын эргээс холдуулж сэрэмжлүүлэн ажиллалаа. 2026 оны долоодугаар сарын 10-18-ны өдрийн байдлаар нийт 64 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, голын уснаас таван иргэнийг аварсан. Мөн үер, усны ослоос аюулгүй бүсэд 88 хүнийг гаргасан юм. Үүний 35 нь хүүхэд байсан” гэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 0-4 НАСНЫ ХҮҮХДҮҮД МОГОЙД ХАТГУУЛЖ ГЭМТЭХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ

Амралт, зугаалгын улирал эхлэх энэ үед бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт суларч, хүүхдүүд гэнэтийн осол, гэмтэл, эрүүл мэндийн эрсдэлд орох нь их болдог. 2026 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хортой болон хоргүй могойд хатгуулж гэмтсэн 13 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын 23 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлжээ. Эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сул байгаа учир бага насны хүүхдүүд түлхүү хатгуулж байна гэж мэргэжилтнүүд онцоллоо. Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Дархан-Уул аймагт тус, тус нэг тохиолдол, Дорноговь аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн нь бусад аймгаас хоёр дахин өндөр байна. Үлдсэн 46 хувь нь нийслэл Улаанбаатарт тохиолджээ. Гэмтсэн эрхтний байршлаар зургаан хүн гар, сарвуу орчимдоо хатгуулсан нь хамгийн их буюу 46 хувийг эзэлсэн. Хөлийн шагай болон тавхайдаа хатгуулсан хоёр тохиолдол бүртгэгджээ. Нийт хатгуулсан 13 хүний 30 хувь нь хортой могойд хатгуулсан. Хэрэв хатгуулсан бол яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Олон төрлийн могой бий. Могой болгоны хоргүйжүүлэх чанар өөр. Могойд хатгуулсан орчимд маш их хаван үүсдэг, цус их бүлэглэх, цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орсноос цус алдах эрсдэлтэй. Мөн цусны бүлэгнүүлэгч эсийн тоо унадаг. Иймд хордлого тайлах эмчилгээ, шаардлагатай бол мэс заслын эмчилгээг яаралтай хийх ёстой гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа. Эх сурвалж: ГССҮТ

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН ХИЧЭЭЛИЙГ 9-Р САРЫН 15-НААС ЭХЛҮҮЛНЭ

Улаанбаатар хотод цөлжилттэй тэмцэх СОР17 олон улсын чуулган 8-р сарын 17-28-нд болно. Олон улсын хурал болохтой холбоотойгоор хичээлийн шинэ жил эхлэх хугацаанд өөрчлөлт оруулна. Тухайлбал, СОР-ыг зохион байгуулах төвийн бүсийн буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн бүртгэл болон хичээлийн цагийн зохицуулалтыг Боловсролын яамнаас гаргаж, ирэх долоо хоногт хуваарийг олон нийтэд танилцуулна. Харин хөдөө, орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хичээл 9-р сарын 1-наас эхэлнэ гэлээ.

НАЙМДУГААР САРЫН 1-НЭЭС БАЯР НААДМУУДЫГ ОРОН ДАЯАР ЗОГСООНО

Улсын хэмжээнд наймдугаар сарын 1-нээр бүх баяр наадмыг дуусгахыг Засгийн газраас үүрэг болгож байна. Зөвхөн Баян-Өлгий Ховд аймагт шүлхий гарсантай холбоотой баяр наадам нь хойшлогдож, 8-р сарын 1, 2-нд болно. Үүнээс хойш наадам зохион байгуулахгүйг хатуу анхааруулж байна. Найр, наадам ихсэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил цалгарддаг. Орон нутгийн удирдлагууд баяр наадам зохион байгуулах үүрэгтэй. Өөрсдөө баярлаж, наадна гэсэн ойлголт байхгүй. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцахаар Шадар сайд 21 аймагт ажиллана гэв.

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна. “Туул-1” коллекторын IV хэсэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан ажиллалаа. “Туул-1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм. Тодруулбал, тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөгдсөн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ““Туул-1” коллекторт хамгийн сүүлийн үеийн технологиор хийсэн 50-100 жилийн эдэлгээг даахуйц, химийн бодист тэсвэртэй материалаар хийгдсэн 1200-1500 мм голчтой хоолойг ашиглаж байна. Хоолойн дотор ханын гөлгөр гадаргуу нь бохир усны урсгалыг чөлөөтэй дамжуулах давуу талтай. “Туул-1” коллектор ашиглалтад орж байж бид гэр хорооллыг барилгажуулах боломжтой болно. Энэ ажлыг хийж дуусгахгүй бол өмнөдийн 1000-ын коллектор татан зайлуулж буй бохир усны ачааллаа дийлэхээ больж, бохир халих эрсдэлтэй юм” гэв. Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 30.4 км үргэлжлэх "Туул-1" коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч хэрэгжиж дуусалгүй олон жил болсон. Харин УСУГ-аас “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлүүлсэн юм. “Туул-1” коллекторын III, IV дүгээр хэсгийн 1200-1500 голчтой шугамаас угсралт хийгдээгүй үлдсэн 10.4 км шугамын угсралтыг хийж дуусгаснаар Улаанбаатар хотын ариутгах татуургын гол цуглуулах шугамын хүчин чадал 80 хувиар нэмэгдэж, шинээр 300 мянган өрхийг ариутгах татуургын төвлөрсөн системд холбох боломжтой болно. Ажлыг үргэлжлүүлэхэд газар чөлөөлөлт, бусад инженер хангамжийн шугам сүлжээг зөөж, шилжүүлэх асуудал тулгамдаж байгааг УСУГ-ын дарга Ц.Төрхүү хэллээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 388