“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР ТӨРИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС 7 ТЭРБУМЫГ “ШҮҮРЧ” АВЧЭЭ

“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР ТӨРИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС 7 ТЭРБУМЫГ “ШҮҮРЧ” АВЧЭЭ

 

ЖДҮХС-г идэж уусан түүх Монголд дуусаагүй бололтой. Зүгээр л нэр нь солигджээ. Өнөөдөр “аялал жуулчлалыг дэмжих” гэх гоё пайзтай зургаан хувийн зээл ахиад л эрх мэдэл, мөнгөний бүлэглэлүүдийн хоол болчихсон явна.

 

Жирийн иргэн банкны үүд сахиж, барьцаа хөрөнгө хүрэхгүй гэж гологдож байхад “томчууд” бол тэрбум тэрбумаар нь шүүрээд сууж байна. Хэн бэ гэвэл  Монголын хамгийн нөлөөтэй бизнесийн бүлэглэлүүдийн нэг “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы төрсөн дүү Ц.Отгонбаатар.

 

Түүний хамаарал бүхий “Монгол технологи инвестмент” ХХК аялал жуулчлалын зургаан хувийн хөнгөлөлттэй зээлээс бүтэн 7 ТЭРБУМ төгрөг авчээ. Ард нь Д.Баянзул гэх “цаасан” эзэн харагдавч бодит удирдлага, ашиг сонирхол нь Ц.Отгонбаатартай холбогдож байгааг баримтууд харуулж байна.

 

Өөрөөр хэлбэл, төрийн дэмжлэг хэрэгтэй жижиг аж ахуйн нэгжүүд биш, харин аль хэдийнэ хөрөнгө мөнгөөр “хахсан” олигархиуд хамгийн хямд эх үүсвэр рүү хамгийн түрүүнд дайрч оржээ.

 

Бүр инээдтэй нь, энэ бол жирийн нэг бизнесмен биш. “Эдү апарт”-ын дуулиан, стандартын бус барилга, Дүнжингаравын дэлбэрэлтийн дараах маргаан, ТЕГ-ын барилгыг дуудлага худалдаагаар авсан асуудал гээд Ц.Отгонбаатарын нэр олон сүүдэртэй түүхийн хажууд явдаг.

 

ТЕГ-ын төв байрыг барьж байсан объект дуудлага худалдаанд ороход өөрийн холбоотой хоёр компаниараа өрсөлдөж, эцэст нь өөрөө авсан гэх баримт ч бий. Нэг ёсондоо, төрийн өмчийг төрийн доторх мэдээлэл, нөлөөллөөр “нам дарж” авдаг схемийн үнэр ханхалж ирсэн гэсэн үг.

 

Гэтэл өнөөдөр дахиад л төрийн хөнгөлөлттэй мөнгөн дээр сууж байна.

 

Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрээр гарсан 71.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээс хамгийн том дүнг авч буй компаниудын ард дандаа нөлөө бүхий эзэд, том группүүд, улстөр бизнесийн сүлжээ харагдаж байгаа нь ноцтой.

 

Энэ мөнгө чинь Хөвсгөлд жуулчны бааз барих гэж зүтгэж буй жижиг компанид очих ёстой байсан юм. Архангайд дөрвөн улирлын кэмп босгох гэж банкны босго элээж буй залууст хүрэх ёстой байсан юм. Гэтэл эцэст нь “том загаснууд” хамж аваад, үлдсэн хэдэн үйрмэг дээр нь жинхэнэ бизнес эрхлэгчид хоорондоо алалцаж байна.

 

Монголд хөнгөлөлттэй зээл гэдэг хөгжлийн бодлого биш, эрх мэдэлтнүүдийн ээлжит “хувааж иддэг сан” болчихжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.