НЭГҮҮН МЭДЭЭ
ҮНДЭСНИЙ ХООЛНЫ ӨДӨРЛӨГ МАРГААШ ТӨВ ТАЛБАЙД БОЛНО

Маргааш буюу наймдугаар сарын 20-ны өдөр “Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олон төрлийн хоолыг шинээр санаачлан хийж, хоолны цэсээ шинэчлэн оролцох аж. Өдөрлөгийн үеэр Артгэр, мастер тогооч нар монгол үндэсний хоол хийж, үзүүлбэр үзүүлэх бөгөөд олон нийтэд тухайн хоолны цэсээ танилцуулахаар төлөвлөжээ. Мөн аж ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн, үндэсний төрөл бүрийн хоол, зууш амттаны үнэгүй амталгаа бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчлэх юм. “Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг 2013 оноос хойш “UB food festival” нэрээр зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Уг өдөрлөг нь монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэд, жуулчдад таниулан, сурталчлах, иргэдийн эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гудамжны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.

НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өнөөдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудал, хамтран шийдвэрлэх гарц, шийдлийг хэлэлцсэн юм. Тодруулбал, Улаанбаатар хотод тойрог хурдны зам барих төсөл, авто замын бүтээн байгуулалт, цахим шилжилт, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрийн ажлын явц, тулгарч буй асуудлын талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад танилцуулав. Мөн тус улстай хамтран хэрэгжүүлж буй дээрх төслүүдийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байгааг холбогдох албаныхан тодотгож байлаа. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал “Улс, нийслэлийн хөгжилтэй холбоотой чухал ажлуудыг эрчимжүүлж, хоёр талын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд Элчин сайдын яамнаас онцгой анхаарна. Мөн нийслэлд хийж буй бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай бараа, материалын татан авалтыг хурдасгах асуудлыг анхааралдаа аван ажиллах болно” хэмээв. Хотын дарга Элчин сайдад хандан нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн ажлуудыг эрчимжүүлэхэд онцгой анхаарч, хамтран хэлэлцэж буйд талархал илэрхийлсэн юм.

ТҮЛЭНХИЙН СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД СОЛОНГОС, МОНГОЛ ЭМЧ НАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ХИЙНЭ

Энэ наймдугаар сарын 20-ны өдөр /2022.08.20/ БЗД-ийн Жуковын талбайд үнэ төлбөргүй Түлэнхийн сорвитой хүүхдүүдэд Солонгос, Монгол эмчийн үзлэг зөвлөгөө хийгдэнэ. Тус үзлэгтэй холбогдуулан түлэнхийн төвөөс дараах асуултад харилжээ. Үүнд, 1. Хаана үзлэг хийх вэ? Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Жуковын талбайд 2. Хэзээ болох вэ? 2022 оны 8-р сарын 20 өдөр 3. Хэдэн цагт эхлэх вэ? 09-19 цагийн хооронд үргэлжилнэ 4. Цаг яаж авах вэ? Эхэлж очсон 100 хүнд дугаар тарааж үзлэг хийгдэнэ. 100 илүү дугаар тараагдахгүй. 5. Зөвхөн хүүхэд үзэх юм уу? Зөвхөн 0-16 насны хүүхэд энэхүү үйл ажиллагаанд хамрагдана. 6.Урьдчилан цаг авч болох уу? Болохгүй 7. Үзлэг зөвлөгөө төлбөртэй юу? Үзлэг Үнэ төлбөргүй явагдана. 8. Хөдөө орон нутгаас очно амжихгүй бол яах вэ? Үйл ажиллагаа 8-р сарын 20 өдөр 09-19 цагийн хооронд үргэлжлэх тул зарыг хэд хоногийн өмнө хүргэсэн болно. 9. Бүх хүнд хүрч үйлчлэх боломжгүйг та бүхэн ойлгоорой гэжээ.

БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ЯВЦДАА ТОГОНД ЦОХИУЛАН ГУРВАН ИРГЭН НАС БАРЛАА

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдрийн 18:59 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход барилгын суурийн ажил гүйцэтгэж байх явцад краны сум нь 10,000 вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсний улмаас 37-58 насны гурван иргэн хүчдэлд цохиулж нас барсан байжээ. Улмаар цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв. Сэрэмжлүүлэг : Цахилгаан монтажаа мэргэжлийн байгууллага, алба хаагчаар хийлгэх, Цахилгааны утсыг газар доогуур татаж байршуулахгүй байх, хамгаалалт хийх, Цахилгааны гэмтэлтэй утас ашиглахгүй байх, Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, Өндөр хүчдэлийн дор гэр, хашаа барихгүй байхыг анхааруулж байна.

Цэцэрлэгийн барилгын суурьт чанаргүй хайрга ашигласан компанийн ажлыг дахин эхлүүлжээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажилд тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хяналт тавьжээ. Шалгалтаар зоорийн давхрын баганан болон шугам суурийн цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ тоос, шавар, шорооны хольц ихтэй стандартын шаардлага хангаагүй хайрга ашигласан. Улмаар ус цементийн харьцаа алдагдаж бетонд агшилтын ан цав их хэмжээгээр үүссэн байв. Бетонд хөндлөн ан цав үүссэн тохиолдолд дотоод бүтцийн эвдрэлийг сэргээх боломжгүй тул цутгалтын ажлыг зогсоож дахин гүйцэтгэхийг шаардлаа.

Байгаль орчны байгууллагуудад бартаат замын 19 автомашин өглөө

Байгаль орчны байгууллагуудад бартаат замын автомашин хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2022.08.18/ Сүхбаатарын талбайд боллоо. Тодруулбал, Монгол Улсын болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкнаас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд байгаль орчны байгууллагуудад Ландкрузер 300 маркын 19 автомашин хүлээлгэн өгсөн. Үүнд, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, нэр бүхий 12 улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, Байгаль орчин, аялал жуулчлалын яам багтаж байна. Уг төслийн 2, 3-р үе шатыг 2020 оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлээд байна. Автомашин хүлээлгэн өгөх албан ёсны үйл ажиллагаанд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Карен Хойфер, Германы сэргээн босголт, БОАЖЯ болон төсөл хэрэгжүүлэгч нэгж, Зөвлөх багийн төлөөлөл нар оролцлоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: -Энэхүү төсөл нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой. Ингэхдээ төсөл маань дөрвөн үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хэрэгжиж байгаа. ТХГН-ийн менежментийн ба бизнесийн төлөвлөлтийг Олон улсын байгаль хамгаалах холбооны удирдамж, стандартын дагуу шинэчлэн сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний хэмжээнд менежментэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, хангах гэсэн цогц арга хэмжээний хүрээнд нийт 665680 еврогийн үнэ бүхий ландкрузер 300, 76, 79 маркийн 19 автомашиныг гардуулан өглөө. ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Карен Хойфер: -Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтийг хамарсан өөрчлөлт. Энэ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз төрлийг хамгаалах нь хүн бүхний үүрэг. Ингэснээрээ байгалийн тусгай хамгаалалтад цогцолбор газрууд, байгаль хамгаалагчид мөн орон нутгийн захиргааны байгууллагууд маш том үүрэг хүлээн бидэнтэй хамтран төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл маань Монгол орны өнцөг булан бүрд хүрч ажиллаж буй Герман, Монголын хамтарсан төсөл юм. Төслийн нийт санхүүжилт 32.35 сая евро юм. Тодруулбал, Германы Засгийн газраас 27.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн дэмжлэг үзүүлэх ба Монголын Засгийн газраас 4.75 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.

Цэцэрлэгийн хоолны мөнгийг нэмэх эсэхийг намраас шийднэ

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх асуудлыг ирэх намар хэлэлцэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Тодруулбал, “2023 оны төсвийг есдүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэнэ. Энэ үеэр хэлэлцэх байх гэж бодож байна” гэсэн хариултыг өчигдөр /2022.08.17/ хэлсэн. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2400 төгрөг байдаг аж. Уг мөнгөөр хүүхэд нэг өдрийн хангалттай илчлэг авч чадахгүй байгаад эцэг эхчүүд мөн, холбогдох албаны хүмүүс санал нэгддэг. Төр хүүхдийн хоолны зардлыг 2013 оноос эхлэн хариуцаж иржээ. Мөн энэ оны хоёрдугаар сард УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэх үед тус салбарын сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхтэй нь хуваалцахгүй бол, төр дангаараа нуруун дээрээ үүрч явахад хүндрэлтэй болж байна. Тиймээс цаашид хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс нь гаргуулах шаардлага байна” хэмээн хэлжээ. Иймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэх эсэхийг намар шийдэхээр болж байна. Дашрамд дуулгахад энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны 141023 хүүхэд бий.

Үнийн өсөлтийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралджээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2022.08.18) хуралдлаа. Хуралдаанд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ажиллаж, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг нарын гишүүд ажиллаж байна. Өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр даргалж, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Х.Ганхуяг нар үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойрын хугацаанд эдийн засагт нүүрлэж болох эрсдэлүүдээс хамгаалах, далд эдийн засгийг ил болгох чиглэлээр хийж байгаа ажил болон ирэх оны төсвийг өмнөх жилүүдээс ямар ялгаатай боловсруулж буй талаар холбогдох яамд, байгууллагын удирдлага, албан тушаалтнуудаас тодруулж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Эдийн засгийн хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан, Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга Н.Оюунчимэг, Сангийн яамны Төсвийн нэгтгэлийн хэлтсийн дарга Г.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очир нар хариулахдаа үнийн өсөлтийн хувь хэмжээ болон үнэ өсөж буй шалтгаан, үнийн өсөлтөөс сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж буйгаа танилцуулав. Мөн инфляцийн шалтгааныг тогтоож, ямар арга хэмжээ авахаар ажиллаж буй талаар мэдээлэл өглөө. Хуралдааны төгсгөлд хуралдаан даргалагчийн зүгээс ирэх Даваа гаригт ажлын дэд хэсгийн өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулах үүрэг чиглэл өгчээ.

Цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан иргэнийг 2.7 сая төгрөгөөр торгох шийтгэл оноов

Иргэн Б согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба цагдаагийн алба хаагчийн “тээврийн хэрэгслээ унтраа” гэсэн шаардлагыг эсэргүүцэн түүний хэвлийн тус газарт гараараа нэг удаа цохижээ. Энэ үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол гэмт хэрэгт тооцно. Хуульд зааснаар “хууль сахиулагч” гэж цагдаа…”-г ойлгох ба Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заажээ. Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож, цохих, зодох гэх мэт бие махбодийн хүчирхийлэл үйлдэхийг ойлгоно. Шүүхээс иргэн Б-гийн дээрх үйлдлийг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэрүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Энэ нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож оногдуулахаар заасан. Б-гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Шүүхээс торгуулийн ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож өгсөн ба тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болно гэж Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

ЗӨВЛӨГӨӨ: Шилжин явсныг бүртгэхгүй тул сум, хорооноос хасалт хийлгэх шаардлагагүй

Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс шилжилт хөдөлгөөний бүртгэл хийхэд юу бүрдүүлэх шаардлагатай талаарх зөвлөгөөг бэлтгэжээ. Иргэн өөрийн биеэр /өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэл, итгэмжлэгдсэн иргэн/ засаг захиргааны нэгжийн харьяаллын дагуу шилжин ирж буй сум хорооныхоо улсын бүртгэгчид хандана. Бусдын хаяг дээр шилжин ирж буй бол хаягийн эзний бичгээр гаргасан зөвшөөрөл Үйлчилгээний хураамж төлсөн баримт. ЮУ АВЧ ОЧИХ ШААРДЛАГАГҮЙ ВЭ? Шилжин ирж буй иргэн өргөдөл бичих шаардлагагүй. Иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авчрах шаардлагагүй. Шилжин явсны бүртгэл гэж хийгдэхгүй тул шилжин явж буй сум хорооноос хасалт хийлгэх шаардлагагүй. ЮУГ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? Кв1. Газар эзэмших /өмчлөхөөс тусдаа гэрчилгээ/ эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх болон бусад гэрээ нь мэдээллийн санд байхгүй тул авчрах шаардлагатай.

1 ... 176 177 178 179 180 181 182 183 184 ... 317