ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ДЭМЖСЭН ТОГТОЛЦОО ТАРИФЫН ТООЛУУРААР ХЯЗГААРЛАГДАЖ БАЙНА

Эрчим хүчний үр ашгийг дэмжсэн тогтолцоо тарифын тоолуураар хязгаарлагдаж байна. Дундаж үнэ 175 төгрөг гээд үзэхээр уул уурхайгаас ахуй руу хөндлөн татаас явж байгаа аж.

Тарифын ялгавартай байдал хөндлөн татаасын асуудал манай улсад байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ мэдээлэл өгөв. 

Түүнчлэн тэрбээр "Олон талт тарифыг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ахуйн хэрэглэгчдэд цагийн ялгаварт тарифыг бий болгох нь зүйтэй гэж үзсэн. Эрчим хүчний үнэ цаашид нэмэгдэх магадлалтай. 

Канад улсад зуны болон өвлийн ялгаварт тариф үйлчилдэг" гэв. 

Цагийн тарифыг дэлхий нийт ашигладаг

Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэмнэлтэд анхаарал хандуулснаар бодит цагийн тарифыг дэлхий нийт ашигладаг болжээ. Хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчийг богино хугацаагаар буюу ихэвчлэн цаг тутамд өөр өөр тарифаар тооцдог байна.

1990-ээд оны дунд үеэс бодит цагийн тариф түгээмэл болсон бөгөөд тухайн цагийн цахилгаан эрчим хүчний үнэ, хэрэглэгчийн эрэлт, дамжуулалт, түгээлт, хангалтын төлбөр зэрэг хүчин зүйлүүдээс хамаардаг. Ихэнх тохиолдолд энэхүү тариф нь томоохон худалдаа, аж үйлдвэрийн хэрэглэгчдэд тохиромжтой аж. 

Хувьсах болон тогтмол тарифаар бүрдэх орлого нь хэрэглэгчдийн хувьд биш үйлдвэрлэгчдэд оновчтой тухайд "Тогтмол зардлыг нэгж бүтээгдэхүүнд дундаж байдлаар хуваарилах нь алдагдалд хүргэдэг. 

Олон талт тариф хэрэглээний төлбөрөөс гадна тогтмол болон чадлын төлбөрийг багтаадаг. Ихэвчлэн хэрэглэгчийн ангилалд суурилдаг бөгөөд тарифын ангилал хооронд хөндлөн татаастай байж болно" гэдгийг Б.Болор-Эрдэнэ дарга хэлсэн юм. 

Хэрэглээний блок тариф:

  • Цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх тусам үйлдвэрлэл, эсвэл импортын ЦЭХ-ний төлбөрийн хэмжээ нэмэгддэг. 

Бодит цагийн тариф:

  • Үйлдвэрлэлийн ахиц зардлыг нөхөх хандлагатай боловч дэд бүтэц тэр дундаа хэрэглэгчдэд чиглэсэн ухаалаг тоолуур гэх мэт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардана. 

Цагийн ялгавартай тариф:

  • Хоногийн ачааллын хэлбэрт өөрчлөлт оруулах эсэх тус тарифын орлогод үзүүлэх нөлөөллийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Манай улсын ахуйн хэрэглэгчдийн хэрэглээний хэв маягтай уялдуулан авч үзэх шаардлага гарч байна.

Цаашид үйлдвэр компаниудын бодит үйл ажиллагааны зардал буюу борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг хангах, тэдгээрийн үр ашигтай, оновчтой ажиллах хөндлөн татаасыг бууруулах, хэрэглэгчид хэрэглээгээ зохицуулах замаар хэмнэх боломжийг бүрдүүлэн тарифын загварыг боловсруулах шаардлагатай байгааг онцлов. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.