НЭГҮҮН МЭДЭЭ
ЦЕМЕНТИЙН ИМПОРТЫН ТАТВАРЫГ ОН ДУУСТАЛ ТЭГЛЭЛЭЭ

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газарт санал оруулж цементийн импортын татварыг он дуустал тэглэв. Ташрамд дурдахад, өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол, автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах тухай Засгийн газрын тогтоол болон бусад 25 асуудлыг хэлэлцэж буй юм.

НДЕГ-ЫН ДАРГА Д.ЗОРИГТЫГ АЛБАН ӨРӨӨНДӨӨ МӨРИЙТЭЙ ТОГЛОСОН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарсайхан танилцуулав. Тэрбээр, Төрийн хяналтыг сайжруулах зорилгоор Ерөнхий сайд дэргэдээ 11-11 төвийг ажиллуулж, төрийн байгууллагуудтай холбоотой гомдол саналыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. НДЕГ-ын дарга Д.Зоригттой холбоотой гомдол 11-11 төвд ирсэн. Уг гомдол мэдээлэл нь гэрэл зургаар нотлогдсон тул Ерөнхий сайд холбогдох албан тушаалтныг чөлөөлөх үүргийг ХНХ-ын сайдад өгсөн. Төрийн албан хаагч мөрийтэй тоглохыг хуулиар хориглодог. Төрийн албан хаагч ямар мөнгөөр, ямар хүмүүстэй, хэзээ хаана мөрийтэй тоглосныг шалгах, уг мөрийтэй тоглоомд төрийн өөр албан тушаалтан оролцсон бол хариуцлага тооцох үүргийг ХЗДХ-ийн сайдад өглөө гэв.

ЯПОНД ТЭМБҮҮГИЙН ТОХИОЛДОЛ 10 МЯНГАД ДӨХЖЭЭ

Энэ жил Японд тэмбүүгийн тохиолдлын тоо эрс нэмэгдэж, 2021 оны нийт өвчлөлөөс давсан тоо баримт үзүүлэв. Тэмбүү нь ихэвчлэн бэлгийн замаар дамждаг бактерийн халдвар юм. Өвчин авсан хүмүүст ямар ч шинж тэмдэг илрэхгүй ба хүндэрсэн тохиолдолд аюултай юм. Хэрэв эмчлэхгүй бол өвчтөнд тархи эсвэл зүрхний ноцтой асуудал үүсч болно. Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр нэгдүгээр сараас есдүгээр сарын 4-ний хооронд 8155 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 дахин их буюу 1999 онд харьцуулж болохуйц мэдээлэл гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Японд 2021 онд нийт 7983 бүртгэгдэж байжээ. Хэрэв тохиолдлууд одоогийн хурдаараа өссөөр байвал жилийн нийт тоо 10,000-аас давж магадгүй юм. Японы халдварт өвчний нийгэмлэгийн тэмбүүгийн эсрэг арга хэмжээг хянадаг Кобе их сургуулийн дэд профессор Шигемура Кацуми хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж мэдэгджээ. Шигемура илүү олон хүмүүс интернетээр танилцдаг, тодорхойгүй тооны хамтрагчтай бэлгийн харьцаанд ордог тул тархаж байна гэж үзэв. Шигемура тэмбүү өвчнийг эмчлэх боломжтой тул халдвар авах эрсдэлд санаа зовж буй хүн бүр шинжилгээ өгөхөөс эргэлзэх хэрэггүй гэж онцолжээ. Эх сурвалж: NHK Japan

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ НЭРЭЭР НЭГЭН БАГШИЙН ТОЛГОЙГ ГАЛДАН ШАТААЖЭЭ

Өвөрхангай аймгийн ХАРХОРИН сумын ЗДТГ болон ОНЦГОЙ БАЙДЛЫН газар сургуулийн багш нарын дунд сургалт явуулжээ. Энэ үеэр тус сумын 2-р сургуулийн биеийн тамирын багшийн толгойд хамгаалах бүрэн хэрэгсэл өмсүүлэлгүй галдан шатаажээ. Эх сурвалжийн зүгээс тус багшийн биеийн байдал хүнд сум орон нутгийн удирдлагууд болон сургуулийн удирдлагуудад гомдолтой байгаа аж.

АХУЙН ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС 3-8 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ХҮҮХДҮҮД ЭНДЛЭЭ

Дархан уул аймгийн Дархан суманд Л.Э ийн эзэмшлийн 8:8 хэмжээтэй байшин шатаж, Э.М 8 настай эрэгтэй, Э.М 3 настай эрэгтэй хоёр хүүхэд нас барж. Э.М 1 ой 10 сартай эрэгтэй хүүхэд түлэгдсэн байна. Хэргийг Дархан уул аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Х.НЯМБААТАР: ГАДНЫ ИРГЭДИЙГ МОНГОЛ УЛСАД ОРЖ ИРЭХЭД 72 ЦАГ ВИЗГҮЙ ЗОРЧИХ ЭРХ НЭЭЖ ӨГӨХИЙГ СУДАЛЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Өдрийн сонин”-ын өнөөдөр /2022.09.13/-ийн дугаарт гадаадын хөрөнгө оруулагчдыг монголд татахын тулд эрх зүйн ямар таатай орчин бүрдүүлэх, тэдэнд татварын ямар урамшуулал үзүүлэх талаар ярилцлага өгчээ. Тэрээр тус ярилцлагынхаа үеэр, “Хил орчмын аялал жуулчлалын хүрээнд гадны иргэдийг Монгол Улсад орж ирэхэд 72 цаг визгүй зорчих эрх нээж өгөхийг судалж байна” гэжээ. Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ШХАБ-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн 22 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Узбекстан улсын Самаркан хотод энэ сарын 15-16-ны өдрүүдэд болно. Дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биечлэн оролцох аж. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцоно. Энэ үеэр БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа тэр дундаа нүүрсний экспортын асуудлыг хөндөнө" гэсэн юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч гишүүний статус хүртсэн хоёрдахь улс нь Монгол юм. Манай улс 2004 оноос хойш тус хуралд ажиглагчийн байр сууринаас оролцож байна.

УЛСТӨРИЙН ГЭХ ТОДОТГОЛТОЙ ХЭРГҮҮДИЙН ХОЛБОГДОГЧ НАРЫГ ЭХНЭЭС НЬ ЦАГААТГАЖ ЭХЭЛЛЭЭ

Нэг хэсэг улстөрийн томчуудын авилгалын, Оюутолгойн гэрээний гэх сүржин нэрээр барьж хориж эхэлсэн. Энэхүү жагсаалтанд С.Баяр, Ц.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, М.Энхсайхан, Э.Бат-Үүл нарын Монголын нийгэм, улс төрд нөлөө бүхий эрхмүүд шүүхээс хорих ял сонсож байсан. Энэ хүмүүс хэрэгт холбогдохдоо энэ бол улстөрийн шинэ хэлмэгдүүлэлт хэмээн хэлж байлаа. Тэгвэл улстөрийн гэх тодотголтой эдгээр хэргүүдийн холбогдогч нарыг эхнээс нь цагаатгаж эхэллээ. Тухайлбал,Сангийн сайд асан С.Баярцогтод 4,8 жилийн хорих ял оногдуулсан. Харин 2021 оны долдугаар сард Улсын Дээд шүүх хэлэлцээд бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Тэгвэл саяхан мөрдөх байгууллагаас Ц.Баярцогтыг холбогдуулан шалгаж байсан хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорын байгууллагад ирүүлж, мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Баярцогтыг цагаатгаж шийдвэрлэжээ.

АРХАНГАЙН МХГ-ЫН ДАРГА АЛТНЫ УУРХАЙН АЛБАН ТУШААЛТНААС 200 САЯЫН ХАХУУЛЬ АВЧЭЭ

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга “Ц” нь Цэнхэр сумын Орхон багт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий уурхайн албан тушаалтнаас 200 сая төгрөг хахуульд авчээ. Уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн тухай АТГ-аас мэдээлэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛЖ БАЙСАН ХҮН ӨНДРӨӨС УНАЖЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сумд үйл ажиллагаа явуулдаг, автомшинаар ачаа тээвэрлэх, гадаад худалдааны чиглэлийн “Эм Би Эс транс” ХХК-ийн эзэмшилд хяналтын телекамер суурилуулж байсан хүн өндрөөс унаж гэмтжээ. Өмнөговь аймагт оршин суудаг 34 настай А гэх залуу өргөгч кранаас унаж нуруу, хавирга нь гэмтсэн гэсэн оноштойгоор өдгөө сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Аливаа ажлыг хийхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын зааварчилгаа дутуу өгдөг, эсвэл хөдөмлөр хамгааллын инженер нь албан үүргээ зохих ёсоор биелүүлдэггүйгээс ажлаа хийж байсан жирийн ажилчин залуу эрүүл мэндээрээ хохирлоо хэмээн орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн юм. Мөн өнгөрсөн амралтын өдөр өндрөөс унаж нас барсан золгүй осол Төв аймагт гарчээ. Тус аймгийн Зуунмод сумын нутаг, “Манзушир өргөө” орон сууцын хорооллын нэгэн айлын тагтан дээр нас барсан хүн байна” гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн гэнэ. Цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийхэд нэгэн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дөрөвдүгээр давхрын тагтнаас өөр айлынх руу унаж нас барсан байжээ.

1 ... 171 172 173 174 175 176 177 178 179 ... 328