НЭГҮҮН МЭДЭЭ
УЛСТӨРИЙН ГЭХ ТОДОТГОЛТОЙ ХЭРГҮҮДИЙН ХОЛБОГДОГЧ НАРЫГ ЭХНЭЭС НЬ ЦАГААТГАЖ ЭХЭЛЛЭЭ

Нэг хэсэг улстөрийн томчуудын авилгалын, Оюутолгойн гэрээний гэх сүржин нэрээр барьж хориж эхэлсэн. Энэхүү жагсаалтанд С.Баяр, Ц.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, М.Энхсайхан, Э.Бат-Үүл нарын Монголын нийгэм, улс төрд нөлөө бүхий эрхмүүд шүүхээс хорих ял сонсож байсан. Энэ хүмүүс хэрэгт холбогдохдоо энэ бол улстөрийн шинэ хэлмэгдүүлэлт хэмээн хэлж байлаа. Тэгвэл улстөрийн гэх тодотголтой эдгээр хэргүүдийн холбогдогч нарыг эхнээс нь цагаатгаж эхэллээ. Тухайлбал,Сангийн сайд асан С.Баярцогтод 4,8 жилийн хорих ял оногдуулсан. Харин 2021 оны долдугаар сард Улсын Дээд шүүх хэлэлцээд бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Тэгвэл саяхан мөрдөх байгууллагаас Ц.Баярцогтыг холбогдуулан шалгаж байсан хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорын байгууллагад ирүүлж, мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Баярцогтыг цагаатгаж шийдвэрлэжээ.

АРХАНГАЙН МХГ-ЫН ДАРГА АЛТНЫ УУРХАЙН АЛБАН ТУШААЛТНААС 200 САЯЫН ХАХУУЛЬ АВЧЭЭ

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга “Ц” нь Цэнхэр сумын Орхон багт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий уурхайн албан тушаалтнаас 200 сая төгрөг хахуульд авчээ. Уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн тухай АТГ-аас мэдээлэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛЖ БАЙСАН ХҮН ӨНДРӨӨС УНАЖЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сумд үйл ажиллагаа явуулдаг, автомшинаар ачаа тээвэрлэх, гадаад худалдааны чиглэлийн “Эм Би Эс транс” ХХК-ийн эзэмшилд хяналтын телекамер суурилуулж байсан хүн өндрөөс унаж гэмтжээ. Өмнөговь аймагт оршин суудаг 34 настай А гэх залуу өргөгч кранаас унаж нуруу, хавирга нь гэмтсэн гэсэн оноштойгоор өдгөө сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа. Аливаа ажлыг хийхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын зааварчилгаа дутуу өгдөг, эсвэл хөдөмлөр хамгааллын инженер нь албан үүргээ зохих ёсоор биелүүлдэггүйгээс ажлаа хийж байсан жирийн ажилчин залуу эрүүл мэндээрээ хохирлоо хэмээн орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн юм. Мөн өнгөрсөн амралтын өдөр өндрөөс унаж нас барсан золгүй осол Төв аймагт гарчээ. Тус аймгийн Зуунмод сумын нутаг, “Манзушир өргөө” орон сууцын хорооллын нэгэн айлын тагтан дээр нас барсан хүн байна” гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн гэнэ. Цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийхэд нэгэн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дөрөвдүгээр давхрын тагтнаас өөр айлынх руу унаж нас барсан байжээ.

Ж.СОРОНЗОН МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Орос 3-тай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүй шийдвэр. Орос 3-ын захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас ямар нэгэн байдлаар хамт олон, эцэг эхчүүдийг өдөөн хатган жагсаал цуглаан зохион байгуулах үйл ажиллагаа хийж байна. Монгол бол тусгаар улс. Монгол Улсын тэр тусмаа БШУС-ын тушаалыг цаг нь болоогүй байсан зэргээр болчимгүй мэдэгдлийг аль ч улсын ЭСЯ гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй үйлдэл. Үүн дээр ГХЯ-ны ноот бичиг гаргана. Орос 3-тай холбоотой асуудалд бид цэг тавьсан. Өнөөдрийн байдлаар Орос 3 дугаар сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд байгаа. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Сургуулийн үйл ажиллагааны 84 хувийг эцэг эхийн зардал, 16 хувийг Монголын татвар төлөгчдийн мөнгөөр явуулдаг. Тийм учраас ОХУ урсгал зардалд нэг ч төгрөг гаргадаггүй байж энэ сургуулийн удирдлагатай холбоотой Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэрийг гадаадын этгээд явуулга, байр сууриа илэрхийлэх ёсгүй гэдгийг хатуу хэлье" гэлээ. БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр өчигдөр тус сургуулийн удирдлага, багш, эцэг эхийн төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр "Хууль үйлчилнэ. БШУ-ны сайдын шийдвэр хэрэгжинэ. 1992 онд гэрээ байгуулахдаа Монгол Улс томилгоотой холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өнөөдөр тус гэрээ хүчин төгөлдөр байна" гэв.

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН ЗУРАГ, БИЧЛЭГ ЗУРГИЙГ ТАРААСАН ЭТГЭЭДИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

Бага насны хүүхдийг хуурч, сүрдүүлж, нүцгэн зургуудыг авч цахим орчинд зар тавьж зардаг этгээдүүдийг саатуулжээ. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9-т заасны дагуу, яллагдагчаар татаж, шалгаж байна. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа гэнэ. Тодорхой хэлбэл, 2022 оны эхний улиралд хоёр холбогдогчтой есөн гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, хэнтэй уулзаж, юу ярилцаж байгаад хяналт тавьж, хүүхдээ халамжлахыг анхаарууллаа. Учир нь хүүхдүүд ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсноо эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа хэлдэггүй. Бусдад гадуурхагдахаас айж нуун дарагдуулах, өөрөө хохирсоноо мэддэггүйгээс шалтгаалж, энэ гэмт хэрэг нуугдмал байж, гэмт хэрэгтэнд даврах, дахин гэмт хэрэг үйлдэх боломж болгожээ. 1.Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэсэн, борлуулсан, тараасан, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг: 2.1.кибер орчныг ашиглаж; /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ 2.2.бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

СУРГУУЛИЙН ОРЧИМ ГАРАЛ ҮҮСЭЛ, ХАЯГ ШОШГЫН ЗӨРЧИЛТЭЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ИХЭЭХЭН БАЙГААГ ИЛРҮҮЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг төрийн өмчийн 17, төрийн бус өмчит 6 ЕБС-ийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй 64 худалдааны газарт НМХГ-аас хүнсний бүтээгдэхүүний худалдаалалтын байдалд хяналт шалгалт хийжээ. Эрүүл мэндийн сайдын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/369 дүгээр тушаалын хавсралтад заасан “Сургуулийн орчинд худалдаалахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”-ын хавсралтад заасны дагуу шалгалтад 3 супермаркет, 9 ая тухтай дэлгүүр, 1 мини маркет, 38 хүнсний дэлгүүр, 10 хүнсний мухлаг 3 ТҮЦ хамрагдав. Шалгалтаар худалдааны газруудад хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл тодорхойгүй, Хятад улсад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд, хаана, ямар нөхцөлд үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа зөрчил түгээмэл байна. Хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалж буй зөрчил шалгалтын 31.3 хувьд илэрснийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулжээ. Хүнсний худалдааны газруудад Эрүүл мэндийн сайдын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/369 дүгээр тушаал, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”-ын хавсралтад заасан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байх мэдэгдлийг хүргүүлж, “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч танд” хууль, эрх зүйн эмхэтгэл, гарын авлага, ном хүргүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

ЗАМЫН-ҮҮД БООМТООР ХАР ТАМХИ НЭВТРҮҮЛЭН ХУДАЛДААЛСАН 3 ЭТГЭЭДЭД ЯЛ ОНООЛГҮЙ 2 ЖИЛИЙН НҮҮРИЙГ ҮЗЭЖ БАЙНА

Хар тамхины хэргээр яллагдагчаар татагдсан Ч.Б, М.М, Ч.Б нарт холбогдох хэрэг 2017 оноос хойш шалгагдаж байгаа бөгөөд одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй шүүхийн шатанд гацсан хэвээр байна. Тэд хар тамхи борлуулж, өндөр их ашиг олохын тулд урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, хамтран хар тамхи борлуулсан болох нь шалгалтаар тогтоогдсон байдаг. Хэргийг эргэн сануулбал, Ч.Б, М.М, Ч.Б 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор хар тамхины төрөлд хамаарагдах 34.3912 грамм мөсийг нууцаар нэвтрүүлж, хууль бусаар бусдад зарсан хэрэг үйлджээ. Монгол Улсын хилээр хууль бусаар хар тамхи мансууруулах төрлийн бодис бүлэглэн нэвтрүүлсэн хэргээр дээрх этгээдүүдэд 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан юм. Улмаар хар тамхи бүлэглэн улсын хилээр нэвтрүүлж, борлуулсан гурван этгээд болох Ч.Б, М.М, Ч.Б нарыг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл уг хэрэг тус шүүхэд материалжуулан шилжүүлснээс хойш хоёр жилийн хугацаанд шүүхийн шатанд хянагдсан хэвээр байна. Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч нар хар тамхи хилээр нэвтрүүлж, зохион байгуулалттайгаар зарсан этгээдүүдийн хэргийг юуны учир өнөөдрийг хүртэл шийдээгүй нь олон хардлагыг араасаа дагуулсаар буй.

ӨЧИГДӨР БУРХАНТЫН АМАНД МАШИНТАЙ ХҮН БУУДСАН ГЭСЭН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙГ ЦАГДААГИЙЙН БАЙГУУЛЛАГА БҮРТГЭЖЭЭ

Өчигдөр буюу есдүгээр сарын 11-ний өдрийн 12:31 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бурхантын аманд машинтай хүн буудсан” гэсэн дуудлага, мэдээллийг Цагдаагийн байгууллага бүртгэжээ. Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад 47 настай, эрэгтэй "Б" гэгч нь Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ Corolla Fielder маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 44 настай, эрэгтэй "Б" гэгчийг шороон зам дээр зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргаж, "Сайга" загварын галт зэвсгээр түүнийг айлгах зорилгоор дээшээ нэг удаа буудсаныг шуурхай илрүүлэн галт зэвсгийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

БАГА НАСНЫ ХҮҮ ҮЕЭЛЭЭ 61 УДАА ХҮЙТЭН МЭСЭЭР ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАХААР БОЛЖЭЭ

Өнгөрсөн оны наймдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Нарт хотхон”-д 13 настай Э гэх охин хутганы 61 удаагийн шархтай амиа алдсан хэрэг гарсан. Мөн түүний төрсөн дүү долоон настай эрэгтэй Э 11 удаагийн хутганы шархтай, биеийн байдал нь маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед хэргийг хохирогч хүүхдүүдийн хажуу хашааны айлын хүү болох 11 настай Б үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэх мэдээллийг хуулийн байгууллагаас болон хорооны удирдлагууд хэлж байв. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэрэгт холбогдогч хүүхэд хуульд зааснаар 14 насанд хүрээгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан. Тэгвэл хаагдсан дээрх хэрэг “задарч” дахин мөрдөн байцаалтад шилжжээ. Тодруулбал, 11 настай Б уг хэргийг үйлдээгүй байж болзошгүй шинэ нөхцөл байдлууд үүсэж, ийнхүү шалгаж эхэлсэн байна. Хэрэг үйлдэгдсэн газарт, хутганд ямар ч цусны толбо үлдээгүй буюу юу ч болоогүй мэт цэвэрлэсэн байсан нь 11 настай хүүхэд “ингэж чадах уу” гэдэг асуултаас шинэ нөхцөл байдал үүсэх шалтгаан тавигджээ.

ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНЭЭС УРАГ ЗУЛБУУЛАХ ЭМ АВЧ УУСАН ЭМЭГТЭЙН БИЕИЙН БАЙДАЛ ТУН ХҮНД БАЙНА

Олон нийтийн сүлжээгээр ураг зулбуулах эм худалдан авч уугаад 5 сартай ургаа зулбуулсан эмэгтэй биеийн байдал маш хүнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, ХУД-ийн нутаг дэвсгэрт амьдардаг 25 настай Н нь фэйсбүүкээр ураг зулбуулах эм захиалж худалдан авч уусны улмаас бие нь муудаж Эх хүүхдийн хоёрдугаар эмнэлэгт түргэнээр очсон байна. Энэ мэдээллийг цагдаагийн байгууллагаас бүрэлдэхүүн гарч шалгаж үзэхэд 9 сарын 05-ны өдөр Зулаа гэсэн үл таних эмэгтэйгээс БНХАУ-ын бичиглэл бүхий бичээстэй 9 ширхэг ураг зулбуулах эм худалдан авч уусны улмаас 5 сартай ураг нь зулбаж, дээрх эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

1 ... 161 162 163 164 165 166 167 168 169 ... 317