НЭГҮҮН МЭДЭЭ
“ЖАСТ“-ЫН Ш.БАТХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ДӨРӨВ ДЭХ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

"Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан нотлох баримт шинжлэн судлахаар дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Эргэн сануулахад "Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн дарга явсан Г.Амарбат болон "Алтжин групп"-ийн ерөнхий захирал, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан удаа дараа хойшилсон бөгөөд "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Английн "Стандарт" банканд хуурамч бичиг баримт бүрдүүлэн барьцаалж, 109 сая ам.долларын зээл авсан хэргээр шүүгдэж байгаа.

ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ТУЛ МАЛЫГ АМЬДААР НЬ ГАРГАЖ БАЙГАА

БНХАУ-ын Эрээний хилээр манай улс 600 орчим амьд хонь оруулж байгаа талаарх мэдээлэл өчигдөрхөн цацагдсан. Тэгвэл уг асуудлаар ХХААХҮЯ-ны сайд Х.Болорчулуун zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа “Малаа амьдаар нь БНХАУ-руу гаргах нь Монгол төрийн гол бодлого биш. Яагаад гэвэл нэмүү өртөг улсдаа шингэхгүй, арьс шир нь хамт гараад явчихна. Харин энэ жилийн хувьд гантай байгаа учраас аль алинаар нь гаргах бодлого барьж ажиллана. Дорноговьд БНХАУ-ын талтай тохирч 45-аас дээш хоног бог малыг хорио цээрт оруулан, гаргаж эхэлсэн. Гантай, өвөлжилт хүндэрч байгаа нөхцөлд хориглох шаардлагагүй хэмээв.

СЭНТИЙНЭЭСЭЭ МУЛТАРСАН Д.САРАНГЭРЭЛ УИХ-ЫН ДЭД ДАРГА БОЛОХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ

Амьжиргааны түвшин доогуур иргэдийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Улныхан” хэмээн цоллож үгийн маш том алдаа хийснээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа огцорсон үе саяхан. Түүний оронд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг томилсон билээ. Ингэснээр Т.Аюурсайханы оронд УИХ-ын Дэд даргаар хэнийг сонгох вэ? гэсэн асуудал УИХ дахь МАН-ын гишүүдийн дунд өрнөөд буй. Сэнтийнээсээ мултарсан сайд Д.Сарангэрэл УИХ-ын Дэд дарга болох хүсэлтээ МАН-ын Удирдах Зөвлөлд илэрхийлжээ. Тэрээр МАН-ын парламентын асуудал хариуцсан орон тооны бус нарийн бичгийн даргаар ажилладаг аж. УИХ-ын дэд даргын томилгооны тухайд МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Уг асуудлыг дараагийн бүлгийн хурлаар ярих болов уу? Учир нь намын дүрэмд заасны дагуу Удирдах Зөвлөл хуралдаж, шийддэг. Нөгөө талаар УИХ-ын дарга энэ долоо хоногт гадаадад томилолттой байгаа. Ази номхон далайн орнуудын парламентын олон улсын хуралд оролцоно"хэмээх мэдээллийг өчигдөр өгчээ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, УРАМШУУЛАЛД ДӨРВӨН ӨӨРЧЛӨЛТ ОРНО

Ирэх онд төрийн албан хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгох юм байна. Ингэснээр 165 ялгаатай цалингийн системтэй байсныг 20 ялгаатай цалинтай болгож буй. Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчлөхөөр болжээ. Одоогоор 5-10, 10-15 гэсэн жилээр энэхүү нэмэгдлээ авдаг юм. Энэ өөрчлөлтийг хийснээр 1 жил ажилбал 1%, 2 жил ажилбал 2%, 3 жил ажилбал 3% зэргээр нэмэгдэж тооцох аж. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй болон байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8%-иар нэмэгдүүлэхээр оруулж иржээ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байгаа аж. Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх боломжтой болох аж. Орон нутгийн суурь зардал дээр нь 20%-иар тооцож улсын төсвөөс олгон, үлдсэн 80%-ийг тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой юм байна. Нэмэлтээр орон нутагт хэрэгжих: Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх боломжтой болж байна. Орон нутгийн суурь зардал дээр нь 20 хувиар тооцож улсын төсвөөс олгон, үлдсэн 80%-ийг тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой. Дээрх арга хэмжээнүүдэд 168 мянга орчим төрийн албан хаагчид хамрагдана.

Д.ЗАГДЖАВЫГ ШАЛГАСАН АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАРТ ТАНИЛЦУУЛСАНЫ ДАРААГААР ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЛЭНЭ

ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал Д.Загджавтай холбоотой сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд нь ХЗДХ-ийн сайдын тушаалаар шалгалт оруулсан. Уг шалгалтын ажлын хэсгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ахалж байгаа.Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдийн асуусан асуултанд "ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлт өнөө орой гарна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсан зарим хүмүүс маань орон нутгийн хорих ангиуд руу шалгалтаар яваад хараахан ирээгүй байна. Бид нийтдээ гурван төрлийн шалгалт оруулсан ажлын хэсгийн дүгнэлт гармагц ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт танилцуулна. Үүний дараа хэвлэл, мэдээлэл олон нийтэд нээлттэй мэдээллийг хүргэнэ" гэлээ.

“ЭКО КОНСТРАКШ”ХХК-ИЙН ЗАХИРАЛ С.НЯМДАВААГИЙН ХҮРГЭН НЬ ЦАГДАА АХТАЙГАА ХАМТРАН БАЙРНЫ М2 ӨӨРЧЛӨН ХУДАЛДАН БОРЛУУЛЖЭЭ

“Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваагийн хүргэн Ө.Б нь өөрийн төрсөн ах болох “Цагдаагийн алба хаагч” Ө.Б -тэй хамтран орон сууцны хэмжээ /мкв/-ыг өөрчилж, бусдад худалдан борлуулжээ. Хэргийг ХУД дэх цагдаагийн хэлтэст шалгаж, прокурор нь хэргийг хэрэгсэхгүй болгож хаажээ. Гэвч дахин гомдол гаргаснаар хэрэг шалгагдаж эхэлсэн ч шалгалтын ажиллагаа удаашралтай байгаа аж. Цагдаагийн алба хаагч Ө.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цагдаагийн шалгалтад нөлөөлж байж ч болзошгүй гэх мэдээлэл байна. Хэргийг тодруулбал : ХУД-ийн 17-р хороо, “Кинг товер” хотхоны 121-р байрны 209 тоот 105 мкв гурван өрөө байрыг цагдаагийн алба хаагч Ө.Б нь, төрсөн дүү “Эко констракшн” ХХК-н захирал С.Нямдаваагийн хүргэн Ө.Б нар 2022 оны гуравдугаар сард хуурамч бичиг баримт бүрдүүлэн 79,95 мкв болгон өөрчилж, ипотекийн зээлд хамруулан 280 сая төгрөгөөр бусдад зарж, хохирол учруулжээ. Энэ хууль бус асуудалд ХУД-ийн улсын бүртгэлийн эрх бүхий албан тушаалтан, прокурор, цагдаа, байрны зураг өөрчилсөн компани зэрэг маш олон хүн холбогдож байгаа ч хэргийн шалгалтын явц удаашралтай хэрэг бодитоор шударга шийдвэрлэгдэх эсэх нь “эргэлзээтэй” байгаа аж. Нэгүүн нэхэн сурвалжлана.

НИЙСЛЭЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР (НШШГГ)-ЫН ДАРГА АСАН, ХУРАНДАА Б.ЦОГЖАРГАЛ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ БҮРТЭЭ ТУШААЛ “ДЭВШДЭГ” ҮҮ ?

О.Магнайгийн ээжид давуу байдал бий болгосон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал-ын хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцааж байсан бол хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг дахин прокурорт шилжүүлжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”, 17.3-1 дэх хэсгийн бусдын эд хөрөнгө залилсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Хэргийн талаар тодруулбал, “Седарс” гэх ХХК-иас 723.8 сая гаруй төгрөг гаргуулахаар хандсан төлбөр авагч иргэн С.Отгонжаргал буюу О.Магнайгийн ээжид давуу байдал бий болгох зорилгоор Б.Цогжаргал тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарч 2018 оны тавдугаар сарын 2-ноос зургадугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн байдаг. Үүний улмаас “Седарс партнерс” ХХК-ийн Баянгол дүүргийн нутагт байрлах 332 ам метр талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газар болон 25.5 хувийн гүйцэтгэлтэй байсан, дутуу барьсан барилгыг иргэн С.Отгонжаргал болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлэн давуу байдал бий болгож, уг компанид 1.1 тэрбум гаруй төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан. Ингэхдээ төлбөр авагч С.Отгонжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Магнай, Ж.Очирхуяг нартай уулзсаны дараа, тэдэнд давуу байдал бий болгох зорилгоор шийдвэр гүйцэтгэгчид дам нөлөөлж, “Илүү хурдан шуурхай ажиллагаа явуул, яг наад материалаа хурдан шийд, одоо гараад шийд, үр дүн гарга” гэх зэргээр удаа, дараа үүрэг чиглэлийг өгч байсан хэмээн буруутгадаг. Мөн “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн газрын хуучин гэрчилгээг хүчингүй болгож, эзэмших эрхийг нь “төлбөр авагч С.Отгонжаргалын нэр дээр шилжүүлэн шинээр гэрчилгээ олгож хариу ирүүлнэ үү” гэсэн албан бичиг ч дээрх хүмүүс Нийслэлийн газрын алба, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн тасагт хүргүүлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Отгонжаргалын хэргийг хариуцсан 182 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг ажлаа хийж байхад нь “хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч байхгүй учир энэ материалд ажиллагаа хий” гэж 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуунд хариуцуулж өгсөн нь ч тогтоогдсон. Хууль зөрчин төлбөр төлөгч “Седарс” бус, тус аж ахуйн нэгжийн охин компани болох, шийдвэр гүйцэтгэх хуудаст заагаагүй “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу барьсан барилга зэрэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авсан, “Седарс” ХХК-ийг төлөөлөх эрх нь дууссан иргэн Ц.Цэцэнбилэгийг эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгэнэ, цагдан хорино гэж дарамтлан “С.Отгонжаргалд өгөх 723.8 сая төгрөгийн төлбөрт “Седарс партнерс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилгыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн бичиг хийлгэж, тамга даруулсан. “Седарс партнерс” ХХК-ийн газар болон дутуу гүйцэтгэлтэй барилгыг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуягт шилжүүлэн өгч, хадгалалт хамгаалалтыг хариуцуулсан нь ч шалгалтаар тогтоогджээ. Баянгол дүүргийн II хорооны нутаг дахь газарт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итан хөрөнгө оруулж бариулсан, 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяын өр төлбөрт тооцон шилжүүлсэн байдаг. Дашрамд дуулгахад уг хэрэгт яллагдагчаар татагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал өнөөдрийг хүртэл ажлаа хийж байгаа. Түүнтэй хамт энэ хэрэгт татагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид ажлаасаа чөлөөлгдсөн байхад Б.Цогжаргал чөлөөлөгдөхгүй ажлаа хийсээр байгаа ба эх сурвалжуудын мэдээллээр хурандаа Б.Цогжаргал гэмт хэрэгт холбогдох бүртээ тушаал “дэвшдэг” ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шударга бус байдал үүслээ гэх болсон бөгөөд бид түүнээс тус хэргийг тодруулж энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

ДУГУЙ ЦАГААНЫ ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ “ЦАГААНТОЛГОЙ НУУР” ХХК-ИЙГ ТЕНДЕРГҮЙ ШАЛГАРУУЛЖЭЭ

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар түүний Ахлах зөвлөх Д.Мөнх-эрдэнэ нар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр : Дугуй цагааны тохижилтын ажлыг шалгахаар очсон ч ажил урагшгүй яваад бухимдсан мэдээлэл олон нийтэд мэдээлэгдэж энэ мэт хошин хэлбэрээр ч түгэв. [media=https://www.facebook.com/GeckProducer/videos/785894962668560 end] Дугуй цагааны тохижилтын ажлыг Нийслэлийн Хот тохижилтын газар гүйцэтгэж байгаа гэх тайлбарыг өгч байсан боловч уг ажлыг гүйцэтгэж байгаа “Цагаантолгой нуур” ХХК-ийг тендергүй шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлж байгаа ба “хамаарал бүхий” этгээд гэх сурвалжийн мэдээлэл ч байна. Тус ажил нь өнгөрөгч 06 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн боловч эхэлсэн өдрөөс хойш 4 сарын хугацаа өнгөрсөн нь зураг төслийг удаа дараа өөрчилсөн, авто зам барихаар төлөвлөсөн боловч батлагдсан зураг төсөлгүй, ажил удааширсан нь гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх чадвар, хөрөнгө мөнгөний асуудалтай, компанийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал аж. Гэвч ийм байхад нийслэлийн засаг дарга нь иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч буруугаа хувийн хэвшил рүү чихэж байгаа аж. Гэвч үнэндээ энэхүү тохижилтын ажил нь Нийслэлийн 2022 оны төсөвт “Ар зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилтын ажил хэмээгдэн 6.3 тэрбум төгрөгийн төсөвтэй тусгагдсан ч Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтын төсвийг бүр мөсөн хасаж батлагдсан байдаг. Харин хөрөнгө оруулалтын эх үүсвэр тодорхойгүй Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Хот тохижилтын газар нь тендергүйгээр “Цагаантолгой нуур” ХХК-д уг ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан нь хууль хяналтын байгууллагын ч анхаарал татахуйц асуудал юм. Дугуй цагааны тохижилтын ажлыг зохион байгуулахдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3 зүйлд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулаагүй ба мөн л хуулийг зөрчжээ.

“САМУРАЙ” БОНДООС БУСАД ӨР, ТӨЛБӨРИЙГ ЗЭЭЛЭЭР ДАХИН САНХҮҮЖҮҮЛНЭ

Ирэх онуудад санхүүгийн урсгал дансны алдагдлыг нөхөхөөргүй түвшинд байна. Үүнд, санхүүгийн дансны голлох орох урсгалыг бүрдүүлж буй Оюу толгойн далд уурхайн төслийн ажлууд жигдэрч байгаатай холбогдуулан хөрөнгө оруулалт төлөвлөгөөний дагуу алгуур буурна. Харин гарах урсгалын хувьд Гэрэгэ бондын үлдэгдэл 540 орчим сая ам.доллар, МУХБ-ны Евро бондын 500 сая ам.доллар, МУХБ-ны Самурай бондын 235 сая ам.доллар, Хуралдай бондын 600 сая ам.доллар, Хятадын ардын банкны своп хэлцэл зэрэг томоохон хэмжээний эргэн төлөлтүүд хүлээгдэж байна. Суурь төсөөлөлд Самурай бондоос бусад өр, төлбөрүүдийг гадаад бонд, зээлээр дахин санхүүжүүлнэ гэж үзсэн. Хэрвээ эдгээр гадаад өр, төлбөрүүдийг дахин санхүүжүүлэх боломжгүй, эргэн төлөх шаардлага үүссэн тохиолдолд гадаад санхүүжилтийн хэрэгцээ улам нэмэгдэх эрсдэлтэй байна.

АНУ-Д МОНГОЛ ЭРЭГТЭЙ ХАМТРАН АМЬДРАГЧАА ХҮЧИРХИЙЛЖ, ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Энэ сарын 18-ны өдөр (2022.10.18) АНУ-ын Чикаго хотын Нортфилд Тауншип хотхонд монгол эрэгтэй хамтран амьдрагчаа хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Ш.Т гэгчийг аллага, бэлгийн хүчирхийлэл, биенд хүнд гэмтэл учруулсан хэргээр баривчилан бөгөөд одоогоор цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж. Хэрэг гарсны дараа цагдаа нар дуудлагаар очиход, таван сар хамт амьдарсан 61 настай монгол эмэгтэй ноцтой гэмтлийн улмаас газар дээрээ амьсгал хураасан байжээ. Шинжилгээгээр хохирогч эмэгтэй тархиндаа хүнд бэртэл авсны улмаас цус харвасан хэмээх дүгнэлт гарчээ.

1 ... 147 148 149 150 151 152 153 154 155 ... 323