ЭРХ БАРИГЧИД АА, ЭХ ОРОНД ЧИНЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Нийслэлд ирэх дөрвөн жил нэг ч орон сууц нэмж барих боломжгүй. Учир нь Улаанбаатар хот цахилгаан, эрчим хүчний гүн хомсдолд орсон. Шинэ эх үүсвэр нэмэхгүй л бол энэ өвөл хөлдөх эрсдэл өндөр байгааг салбарынхан нь хүртэл ил, цагаан зарлах болсон. Эрчим хүчний салбарын эрдэмтэд судлаачдын ярьж буйгаар “Лаа барьж, гал түлэх вий” хэмээн ярьж буй олны үг ортой бололтой юм. Эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх боломжтой гаргалгааны талаар салбарынхан хоёрхон хоногийн өмнө чуулав. “Чих тавьж” байхад манай улсын эрчим хүчний салбарт үндсээр нь шинэчлэл хийхгүй бол цаашид нөхцөл байдал улам дордох нь тодорхой болжээ. Өдгөө Монгол Улс эрчим хүчний 20 хувийн дутагдалд орсон гэнэ. Түүгээр зогсохгүй дулааны эрчим хүчний чадлын дутагдалтай аж. Цахилгаан станцуудын хүчин чадал хэрэглээгээ гүйцэхээ больсон гээд тулгамдаж байгаа асуудал их. Хамгийн эрсдэлтэй нь эрчим хүчний нийт тоноглолын 40 хувь нь ашиглалтын хугацаа нь дууссан гэнэ. Ядаж байхад ОХУ-ын эрчим хүчний системийг найдвартай гэж үзэж болохооргүй нөхцөл байдал үүсээд байгаа. Эдгээрээс дүгнэж үзвэл эрчим хүчний салбарт гарцаагүй хүндрэл тулгарсан уу гэвэл, тулгарсан. Дээрээс нь хуучин буюу одоо ашиглагдаж байгаа цахилгаан станцуудын хувьд цаашид хүчин чадлыг нэмж ашиглах ямар ч боломжгүй. Шинээр баригдах цахилгаан станц ч гэж байхгүй. Одоогоор зөвхөн “ДЦС-3” ТӨХК-ийн 300 мегаваттын өргөтгөл яригдаж байна. Энэ бүтээн байгуулалт ашиглалтад ороход дөрвөн жил шаардлагатай. Түүнээс өмнө шинэ хүчин чадал, эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад оруулж чадахгүй гэсэн үг. Тиймээс ч ирэх дөрвөн жилд нийслэлд нэг ч орон сууцны барилга барих боломжгүй, даац хэтэрсэн болохыг салбарын инженерүүд анхааруулсаар байгаа. Харамсалтай нь тэдний үгийг сонсдог, үүсээд байгаа нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийдэг хүн алга. Нийслэлд гишгэх газаргүй болтол орон сууц баригдсаар байна. Эцэст нь ямар ч төлөвлөлт, тооцоололгүй барилгууд сүндэрлэж, цахилгаан дээрээ гацах вий. Анхаарах л асуудал. Аливаа улс орны хөгжлийн хэмжүүрийн хамгийн чухал үзүүлэлт нь эрчим хүч байдаг. Тэгвэл Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнол өнөөдөр 100 хувь хангагдаагүй. Тоон хувиар илэрхийлбэл 80 хүртэлх хувийг хангаж байгаа гэх. Үлдсэн 20 хувийг Орос болон Хятадаас импортоор авдаг. Энэ бол тусгаар тогтнол хангагдаагүй байгаагийн илрэл. Иймээс л шинэ цахилгаан станц бий болгож байж дотоодын хэрэгцээг бүрэн хангах асуудлыг шийдвэрлэнэ. Түүнээс өнөөгийн нөөцөөр эрчим хүчний салбар тусгаар тогтноно гэвэл боломжгүй аж. Нэгэнт эрчим хүчний дутагдалд орчихсон өнөөгийн нөхцөлд бид яах ёстой вэ. Мэдээж төрөөс бодлогын хүрээнд шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулах нь зөв. Нөгөө талаар хэрэглэгчдийн хувьд ч өөрөөс шалтгаалах зүйлээ хийх хэрэгтэй: Тэр нь цахилгааны зохистой хэрэглээ. Зайлшгүй шаардлагатай үедээ л эрчим хүч ашигла. Болж өгвөл гамна. Гэрэл, цахилгаанаа хэрэглэхгүй үедээ унтрааж занш. Энгийн боловч энэ үйлдэл чинь эх оронд чинь хэрэгтэй байна. Тухайлбал, 17:00-22:00 цагийн хооронд оргил ачааллын үе таардаг тул манай улс Оросоос өндөр үнээр эрчим хүч авахаас өөр аргагүйд хүрдэг гэнэ. Үүнийг иргэд ойлгож, хэт хэрэглээгээ тодорхой хэмжээнд бууруулж яагаад болохгүй гэж. СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРАА ДЭМЖ Бид эрчим хүчний хомсдолд орж байгааг их ярьдаг. Гэхдээ хамгийн гол нь “Энэ хямралаас яаж богино хугацаанд гарах вэ” гэдгийг чухалчилж авч үзэх нь ховор. Дэлхий нийтэд эрчим хүчний салбарт тулгарч байгаа гол асуудал бол дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах. Үүний тулд цэвэр эрчим хүчийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байна. Цэвэр буюу сэргээгдэх эрчим хүчийг аль болох түлхүү хэрэглэхэд чиглэсэн арга хэмжээг төрийн бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлье. Өдгөө Монгол Улсын хувьд суурилагдсан хүчин чадлын 17-18 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байгаа гэнэ. Чамлахааргүй үзүүлэлт. Ирээдүйд энэ тоог улам өсгөмөөр байна. Үйлдвэрлэлийн хувьд өнгөрсөн оны байдлаар 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлжээ. Хаа очиж манай улс газарзүйн байршлын хувьд нарны эрчим хүчийг ашиглах хамгийн таатай нөхцөл бүрдсэн орон гэдгийг эрчим хүчний инженерүүд дуу нэгтэй хэлдэг. Сэргээгдэх эрчим хүчний инженерийн хэлж буйгаар “Далай тэнгисээс хол, хуурай, эх газрын байршилд Монгол Улс байдаг учраас нэгж талбайд тусах нарны цацрагийн хэмжээ маш өндөр. Ялангуяа говийн бүс нутаг нарны эрчим хүчний асар өндөр нөөцтэй. Африкийн Сахар гэх мэт дэлхийн бусад цөл газартай харьцуулахад Монголын говь их сэрүүн уур амьсгалтай. Гадаах агаарын температур сэрүүн байхад нарны зайн цахилгаан үйлдвэрлэл нь улам нэмэгддэг. Хүйтэн ч гэсэн цэлмэг нар тусаж л байвал нарны зайн цахилгаан үйлдвэрлэл нь улам нэмэгддэг учир сэрүүн уур амьсгалтай байдаг нь Монгол Улсад нарны эрчим хүчийг ашиглах давуу тал болдог” гэнэ. Эндээс үзвэл бидэнд боломж, нөөц байна. Сэргээгдэх эрчим хүчний салбараа сэмбийтэл сайхан дэмжээд өгмөөр байна. Эрчим хүчээ эх орондоо бүрэн дүүрэн үйлдвэрлэдэг болъё. Засгийн газар, шинэ сайдын анхаарах гол асуудал ердөө энэ. Эх сурвалж: Өглөөний сонин
1 Сэтгэгдэл