НЭГҮҮН МЭДЭЭ
СЭЛБЭ ГОЛЫГ СЭРГЭЭХ, БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Усны салбарт хамтран ажиллах, түүн дундаа Сэлбэ голыг сэргээх, бохирдлыг бууруулах төслийг дэмжихэд бэлэн байгааг БНСУ-ын Байгаль орчны Сайд Хан Хуа Жин илэрхийллээ. Байгаль орчны салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, энэ оны тавдугаар сард БНСУ-д ажлын айлчлал хийх үеэр уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтын ажиллагааг тэлж, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан хамтарсан арга хэмжээг хэрэгжүүлэх яам хоорондын зохицуулалтыг манай хоёр яам байгуулсан. Энэ нь талуудын Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНСУ-ын Байгаль орчны яам хоорондын Бодлогын зөвлөлдөх 2 дугаар уулзалтыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж, хамтын ажиллагааны асуудлуудыг илүү дэлгэрэнгүй хэлэлцэхээр боллоо. Монгол Улсын хувьд 2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд амжилттай хэрэгжиж буй БНСУ-ын Сорагсаны тусгай хамгаалалттай газар, Монгол Улсын Хан Хэнтийн дархан цаазтай газрын эгч дүү паркын харилцааг шинэ түвшинд гаргах зорилгоор Судалгаа, эрдэм шинжилгээний төв байгуулах, түүний сайн туршлагыг үргэлжлүүлэн хоёр орны бусад парк, дархан цаазат газруудыг холбож, хамтран ажиллахаар боллоо. Усны салбарт хамтран ажиллах, түүн дундаа Сэлбэ голыг сэргээх, бохирдлыг бууруулахаар хамтран ажиллахад бэлэн байгааг БНСУ-ын Байгаль орчны Сайд Хан Хуа Жин илэрхийллээ. Усны бохирдлыг бууруулах, ус хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн усны хэмнэлттэй техник, технологи нэвтрүүлэх, хот суурин газар, аялал жуулчлалын бүс нутгийн хаягдал ус цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, шинээр байгуулах чиглэлээр хамтран ажиллах, усны шинжилгээний лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх боломжийг эрэлхийлэх хүсэлтэй байгааг мөн илэрхийллээ. Монгол Улс болон БНСУ байгаль орчны салбарт амжилттай хамтран ажиллаж ирснийг дурдахад таатай байна. Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын “Шинэ Умардын бодлого”-той уялдуулан БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татахуйц эдийн засгийн бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын тал онцгой ач холбогдол өгч байна.

МСНЭ-ЭЭС СЭТГҮҮЛЧ, ЗУРАГЛААЧИЙН БИЕД ХАЛДСАН АСУУДАЛД МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

“Нью Тур” ХХК нь дархан цаазат Богдхан уулын Багатэнгэрийн аманд орон сууц барьж байгаа үйл ажиллагаа нь Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийг зөрчсөн эсэхийг сурвалжлан, олон нийтийн мэдэх эрхийг хангахаар мэргэжлийн үүргээ гүйцэтгэн ажилласан Tsaihiur.mn сайтын сэтгүүлч, зураглаачийн эсрэг хамгаалалтын албаны ажилчид хүч хэрэглэн олон нийтийн мэдэх эрх ашиг, хэвлэлийн эрх, эрх чөлөөний эсрэг ноцтой үйлдэл хэмээн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.Түүнчлэн дээрх шударга бус үйлдэл дахин давтагдахаас сэргийлэх, шударга ёсны төлөө дорвитой ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, Дотоод хэргийн яам болон төрийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас шаардаж мэдэгдэл хүргүүллээ.Шаардлагын хариуг нэн даруй өгөхгүй бол МСНЭ манлайлан сэтгүүлчид дараа дараагийн шатны тэмцлийн хэлбэрт шилжинэ хэмээв.

А.АМУНДРА “60 САЯ ТӨГРӨГИЙН ЦЭЦЭГ АВЧ ӨГСӨН” ХЭМЭЭН НЭР ТӨРД НЬ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХАЛДСАН ТУЛ ЦАГДААД ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

Өчигдөр цахим орчинд хайртай эмэгтэйдээ 60 сая төгрөгийн үнэ бүхий сарнай бэлэглэсэн гэх пост цацагдаж олон нийтийн анхаарлыг их татсан. Өнөөдөр өглөөнөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн 60 сая төгрөгийн үнэ бүхий сарнайг бэлэглэсэн хүн нь Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра хэмээн мэдээллээд байсан юм. Тэгвэл тус цэцэг илгээсэн хүн нь А.Амундра биш гэдгийг Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн О.Санчирбал буюу түүний өмгөөлөгч мэдэгдэж, цагдаад хандаж худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсчээ. Тус мэдэгдэлд, "Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн О.Санчирбал би А.Амундрагийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр ажиллаж байна. Миний үйлчлүүлэгч иргэн Амартүвшин овогтой Амундра нь эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 2-р 40 мянгатын гудамж, 18. дугаар байрны 1 тоотод оршин суудаг. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “...хэн нэгэн этгээд найз бүсгүйдээ 60 сая төгрөгийн үнэ бүхий цэцэг хүргүүлсэн” тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж эхэлсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн зөвлөх А.Амундра 60 сая төгрөгийн сарнайгаар бэлэг барьжээ! гэсэн агуулга, гарчиг бүхий мэдээллүүд нийтдээ 100 гаруй сайтаар зохион байгуулалттайгаар тараад байна. Миний үйлчлүүлэгч уг үйл явдалтай ямар ч хамааралгүй бөгөөд энэхүү худал мэдээллээс болж түүний гэр бүлд үл ойлголцол үүсэх бодитой нөхцөл бүрдлээ. Өөрөөр хэлбэл түүний эхнэр, 3 хүүхдэд нь муугаар нөлөөлж сэтгэл санаа, эрүүл мэндэд нь хохирол учирч эхлээд байна. Цаашилбал ерөнхий сайдын зөвлөх нь 60 сая төгрөгөөр цэцэг авдаг мэтээр ойлгуулж, эдийн засгийн хямралтай хүнд хэцүү үед ард иргэдийн сэтгэл зүйд худал мэдээллээр бухимдал үүсгэж байна. Нөгөөтэйгүүр А.Амундра нь Ерөнхий сайдын зөвлөхөөр огт ажилладаггүй талаар дурдаж байна. Энэхүү үйл явдлын өрнөлийг харахад санамсаргүй үйл явдал биш бөгөөд зарцуулсан хөрөнгө, мэдээлэл түгээж буй хэлбэр зэргийг харахад зориуд зохион байгуулалттай хэмээн харагдаж буй юм. Иймд энэхүү үйл явдлыг шалгаж, эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжтэй үйлдлийн эзэн холбогдогчийг тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье" гэжээ.

ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Энэ удаагийн өдөрлөгт "Онч нүүдэл" ХХН хамтран оролцож байна. Энэ сарын өдөрлөгийг маргааш буюу арваннэгдүгээр сарын 16-ны 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, мөн Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, МН ТАУР 16 давхар 1611 тоот "Онч нүүдэл" ХХН-ийн байранд очиж иргэний, захиргааны, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг тав дахь жилдээ тогтмол зохион байгуулж байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ ТЭГШ НЭМЭХ САНАЛ ГАРГАЛАА

Өнөөдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж төрийн албан хаагчдын цалин нэмэх шийдвэрийн талаар орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-аас 2023 оны төсвийн бодлогын хүрээнд төрийн албан хаагчдын орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, хот суурин газраас орон нутагт шилжин суурьшихыг дэмжих зорилгоор Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлд нэмж тусгасан. Энэ хүрээнд Өмнөговь аймагт ажиллаж байгаа нутгийн төрийн захиргааны 261 албан хаагчийн цалингийн 20 хувийг орон нутгийн төсвийн суурь зарлагад тооцон хянаж, Монгол улсын 2023 оны төсөвт тусган батлаад байна. Үүнд аймаг, сумын ИТХ, ЗДТГ, Орон нутгийн өмчийн газар, Байгаль орчны газар, Санхүүгийн хяналт, аудитын албаны төрийн захиргааны албан хаагчид багтаж байгаа юм. Мөн орон нутаг өөрийн нөөц боломж, орлогын нөхцөл байдлаа ашиглан төрийн захиргааны албан хаагчдын цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж хуулийн хүрээнд бүрдсэн. Иймд Өмнөговь аймгийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгээс "Нутгийн дэм" хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулан, тооцоо судалгаа хийж эхлээд байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн төрийн албан хаагчдын цалин нэмэх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэн батлах юм. Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 4811 төрийн албан хаагч "Нутгийн дэм" хөтөлбөрт хамрагдаж байгаагийн 107 нь улс төрийн албан хаагч, 261 нь төрийн захиргааны албан хаагч, 4443 нь төрийн үйлчилгээний, гэрээт болон бусад ажилтнууд байна.

ҮЙЛДВЭРҮҮД ЦЕМЕНТИЙН ҮНЭЭ ДӨРВӨН УДАА ӨСГӨЖ, НЭГ УДАА БУУЛГАЖЭЭ

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан өчигдөр болжээ. Хуралдаанд БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг цемент болон арматурын ханган нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, 2023 оны эрэлт, нийлүүлэлтийн талаарх урьдчилсан мэдээллийг танилцуулсан байна. Тухайлбал цементийн хувьд энэ онд үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлаараа 4.4 сая тонн цемент үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан ч нэг үйлдвэр зогсож, улмаар 1.7 сая тонн цемент үйлдвэрлэжээ. Үйлдвэрүүд цементийн үнээ дөрвөн удаа өсгөж, нэг удаа буулгасан, төмөр замын тээвэрлэлт хүндэрсэн зэрэг хомсдол үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн талаарх мэдээллийг өгч, ирэх 2023 онд дээрх эрсдэлүүдийг тооцоолон, цемент болон арматурын хэрэглээг нарийвчлан судалж, урьдчилсан төлөвлөгөөг гарган, эрчим хүчний тасалдал, төмөр замын тээврийн хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэв. Мөн Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нэгжийн захирал Т.Болорчулуун барилгын ажлын явц 65 хувьтай буюу агаарын шугамыг татах ажил явагдаж байгаа, мөн өвлийн бэлтгэл ажилдаа орсон талаар мэдээллээ.

“ЭРДЭНЭСИЙН САН”-ГИЙН ЭРЭЛД - II

-Франц, Швейцарь, Бээжинд 8.1- 26 тэрбум төгрөгөөр зарагдсан Занабазар хийцийн бурхад “Эрдэнэсийн сан”, Гандантэгчэнлин хийдээс гарсан юм биш үү- Бид өмнөх дугаартаа “Эрдэнэсийн сан”-д Гандантэгчэнлин хийдээс өргөсөн найман авдар үнэт зүйл, бүртгэл, хадгалалт, хамгаалалт ямархуу байдалтай явж ирснийг тодорхой дурдсан. Энэ удаа Монголын соёлын үнэт өв мөн боловч эх сурвалж нь тодорхойгүй. Соёлын өвийн газар хийгээд холбогдох байгууллагуудад нь ямар ч бүртгэл байхгүй. Монгол Улсын өмч гэдэг атал араас нь нэхэмжилдэггүй. Хэвлэл, мэдээллийнхэн өчнөөн асуудал дэвшүүлдэг ч хууль хяналтын байгууллагууд мөрөөр нь шалгадаггүй хулгайд алдагдсан Занабазар хийцийн бурхдын талаар эргэн сөхөж байна. Ингэхдээ зүгээр нэг мэдээлээд орхихыг хүссэнгүй. Эдгээр бурхан чинь бүртгэл, судалгаа муутай явж ирсэн, нэг хүн дангаар 30 жил удирдсан Гандантэгчэнлин хийдээс гарсан юм биш үү. Эсвэл Гандантэгчэнлин хийд, Монголбанкны хооронд цааш нааш болгож ирсэн “Эрдэнэсийн сан” дотроос алдагдсан юм биш биз гэсэн асуултыг энэхүү нийтлэлээр холбогдох байгууллагуудад нь тавьж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас Занабазарын урлагийн бүтээлүүдийг 1920 оноос хойш худалдахыг хориглосон байдаг. Гэвч хулгайч нар Занабазар хийцийн бурхдыг ямагт онилж ирснийг энэ төрлийн хулгайн гэмт хэргүүдээс харж болно. Уг бурхад нь уран нарийн хийц, алтны орц, өв соёлын хосгүй дурсгал учраас гадаадын дуудлага худалдаанд өндөр үнэ хүрдэг байна. Тиймээс зөвхөн Занабазар хийцийн бурхан хулгайлж гаршсан гэмт хэргийн бүлэглэл бий болсон гэдгийг хууль хяналтын байгууллагынхан ч өөрсдөө хэлдэг. Гэхдээ ингэж нэрлэж, хавтаст хэрэг нээсэн эсэх нь тодорхойгүй. Ер нь бол музей, соёлын байгууллагаас алдагдсан үнэт ховор дурсгал, тэр дотроос Занабазар хийцийн бурхдыг цагдаагийнхан илрүүлж байсан удаа бараг л үгүй. 1000 гаруй соёлын өвийн дурсгал алдагдсан атал эргүүлэн олж авсан, буцаагаад музейд нь тавьсан удаа үгүй. Харин өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Хархорин сумын хийдээс Майдар бурхан гурав, Богд Зонхов бурхан шавьтайгаа хоёр, Өндөр гэгээн Занабазар нэг, нийт 7-8 бурхан алдагдсан хэргийн мөрөөр бүлэг хулгайчийг илрүүлж баривчилсан тухайгаа мэдээлж байв. Франц, Швейцарь, Бээжингийн дуудлага худалдаагаар 8.1-26 тэрбум төгрөгөөр зарагдсан Занабазар хийцийн бурхдын талаар 2014, 2016 онд хэвлэлүүд мэдээлэхдээ холбогдох газруудаас тодруулахад бүгд мөрөө хавчиж, толгой сэгсрээд өнгөрүүлсэн. Ямар ч бүртгэл байхгүй гэсэн. Зарим хэвлэлд Гандантэгчэнлин хийдээс алдагдсан юм биш үү гэж бичсэн нь бий. Харин “Эрдэнэсийн сан”-гаас гарсан юм биш биз гэж хардлага, таамаг тавиагүй. Өнөөдөр ингэж хардах болсон шалтгаан бол 1990-ээд оноос бүрхэг болсон “Эрдэнэсийн сан”-гийн бүртгэл бүрхэг болсон. Түүнчлэн тэр үед Гандантэгчэнлин хийд, Монголбанк хоёрын дунд нааш цааш зөөж, эргэж буцаж янз бүр болж байсан талаарх баримт, тооллогын дүнтэй холбоотой. “Эрдэнэсийн сан”-гийн эрэлд - I Бидний олж авсан баримт дотор гараар бичсэн тооллогын материал байна. Гандантэгчэнлин хийдийн эд зүйлийг тоолж паспортжуулах асуудал тухайн үед яригдаж байжээ. Энэ бүртгэлийн урт жагсаалт дотор Сэнгийн аро, Сэндон, Гомбо, Ногоон Дарь Эх зургаан ширхэг, Чогдог, Бурхан багш, Өндөр гэгээн /өөрөө өөрийгөө урласан/, Дүйнхор гурван, Очирдар, Чойжийжанцан Богд, Аюуш хоёр, Чагши Жанрайсиг хоёр, Манал, Одбагмид, Намжил суварга, Майдар гурван ширхэг, Чагдар, Манзушир, Гүнрэг, Очирваань, Дамдин, Бурхан багш зэрэг ард нь “Занабазарын” хэмээн тодотгосон 40-өөд бурхан байна. Үүнээс хоёр ширхэг Чагши Жанрайсиг бурхныг гуулиар урласан болохыг тэмдэглэжээ. Мөн бурхдыг дагалдах эд зүйлүүд, жишээ нь Майдар бурхны оройн алтан суварга, сэнтий, алтан жанчив суварга, мөнгөөр урласан дүрүүд гэх мэтчилэн жагсаалтад эрэмбэлэн бичжээ. Эдгээр бурхад одоо тоо ёсоор Гандантэгчэнлин хийдэд байна уу. “Эрдэнэсийн сан”-д өргөсөн бол улсын авдарт хадгалагдаж байдаг уу. Дээрх тооллогын бүртгэл, бичгээс үзэхэд 1980-аад оны дунд үеэс Гандантэгчэнлин хийд болон музейд байгаа соёлын бүх өвийг паспортжуулж, зургийг нь авч хадгалсан гэж ойлгогдож байна. Гэтэл Франц, Швейцарь, Бээжингийн дуудлага худалдаагаар зарагдаж байгаа Занабазар хийцийн бурхны зураг, урт өндрийн хэмжээ, жин гээд бүх мэдээлэл цацагдаж байхад Монгол Улс яагаад бүртгэл алга, эх сурвалж бүү мэд гээд сууж байдаг юм бол гэж бодогдоно. 2016 онд “Хятадад Занабазар бурхан 26 тэрбум төгрөгөөр зарагдлаа” гэсэн мэдээлэл гарсан. Уг бурхныг “cguardian.com” вэб сайтаар анх дуудлага худалдаанд зарласан бөгөөд Занабазар бурхан 52 см өндөр, суур нь 37 см хэмжээтэй болохыг дурдсан байдаг. Энэ бурхан Монгол Улсаас хэдийд, ямар замаар гарч одсоныг одоо хүртэл тодруулаагүй. Харин Хятадын нэгэн тэрбумтан авсан гэдгийг хүмүүс сайн мэднэ. Үүний өмнө буюу 2013 оны есдүгээр сард Парис хотноо "Sotheby's" компанийн дуудлага худалдаагаар Занабазар хийцийн алтадсан Буддаг 40-60 мянган ам.доллароор дуудаж, 75 мянган ам.доллароор зарсан байдаг. Энэ мэтчилэн “Занабазарын сургууль” гэж нэрлэсэн 5-6 бурхныг зарсан байгаа юм. Үүнийг хэзээ мэдсэн бэ гэвэл 2014 онд Занабазар хийцийн Ногоон Дарь Эх бурхан Парист "Sotheby's"-ийн дуудлага худалдаагаар 3.467.500 евро буюу 8.1 тэрбум төгрөгөөр зарагдах үед л монголчууд олж мэдсэн юм. Дуудлага худалдааны өмнөх өдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай мэдээлснээр олон нийтийн сонорт хүргэж чадсан. Тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр дуудлага худалдааг зогсоох, мөн Ногоон дарь эх бурхан ямар замаар тэнд очсоныг тайлбарлахыг албан ёсоор хүссэн хэдий ч Францын тал хүлээж аваагүй. Дээрх Ногоон дарь эх нь 30.7 см өндөртэй, хүрэл цутгамал байв. "Sotheby's" компани эдгээр бурхдын гарал үүслийн тухайд 1989, 1998 онд гадаадын нэг иргэн хаанаас ч юм худалдаж авсан гэх зүүлт хийснээс биш эх сурвалж нь тодорхойгүй юм. 2017 онд Итали улсын "Cambi" компанийн дуудлага худалдаагаар мөн л Занабазар хийцийн бурхан 3.9 сая еврогоор зарагдсан. Щвейцарьт Монголын түүх соёлын хосгүй үнэт бүтээл 300 сая төгрөгөөр үнэлэгдэж байна гэсэн мэдээлэл ч бас гарч байв. Монголын холбогдох байгууллагууд “Манай улсын алдагдсан түүх соёлын үнэт бүтээлийн жагсаалтад байхгүй байна. Хувиараа эртний эдлэл цуглуулагчид гадагш нь худалдсан байх" гэсэн хариу өгдөг. Хууль хяналтынхан ч гэсэн жагсаалтад байхгүй бол боллоо гэсэн байдалтай сууцгаадаг. Занабазарын бүтээлүүд Монголоос гараагүй. Өөр улс оронд хуулбарласан байх гэж манайхны зарим нь мэлзэж магадгүй. Гэтэл тэр хийц давтагдашгүй, хэчнээн адилхан бүтээлээ гэхэд танигдана. Жишээ нь, Хятадын Долнуур орчим бурхан бүтээж ирсэн арвин туршлагатай ч өөрийн гэсэн онцлогтой тул Занабазарын хийц тэднээс ялгагдана. Бидэнд хардах эрх бий. Хэрэг илрэх нь харин цаг хугацааны асуудал юм. Сүүлийн үед Хөгжлийн банкны, “Нүүрсний”, төмөр замын, гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн гэх олон жил бугшсан хэргүүд илэрч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Тэгвэл 2012 оноос Гандантэгчэнлин хийдийн санхүүг шалгуулах шаардлагыг зарим сүм хийдийн тэргүүнүүд тавьж ирсэн зэрэг олон жил яригдсан хэргүүд бий. Энэ дотроос Гандантэгчэнлин хийд болоод “Эрдэнэсийн сан”-г цөлмөж гаршсан “Шашны бүлэглэл”, шашин, улс төрийнхөн хоршсон мафийн хийсэн хэргүүд илрэх цаг нь болсон байж ч мэдэх юм. Эх сурвалж: Өглөөний сонин

ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН МАШИН ОСОЛДОЖ, 2 ИРГЭН НАС БАРЖЭЭ

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газарт ачааны замын хажуу руу унаж автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.14-ний өдрийн 19:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ”Норд Бенз” загварын ачааны автомашин автозамын хажуу руу унаж жолооч А /51 настай, эрэгтэй/, зорчигч Ш /44 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсныг 1 цаг ажиллаж цогцсыг гарган, аймгийн тээврийн Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн ОНЦГОЙ БАЙДЛЫН албанаас мэдээллээ.

1 ... 135 136 137 138 139 140 141 142 143 ... 317