НЭГҮҮН МЭДЭЭ
ОРОС 3-Р СУРГУУЛИЙН ШИНЭ ЗАХИРАЛ БАЙГАЛААТАЙГАА ГАР НИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Орос 3-р сургуулийн захирал Б.Болор өөрийн твиттер хуудаснаа "Шинэ долоо хоногийн мэндээ! Элдэв худал гүтгэлэг, цуу яриаг үл тоон, Байгалаа бид хоёр ажлаа хийсээр л байгаа шүү. " хэмээн жиргэжээ.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ ӨВӨЛ ХӨЛДӨӨХГҮЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА.ГАЙГҮЙ БАЙХ

Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хийлээ. Тэрбээр "Ажил явагдаж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл эрчим хүчний салбарт 85 орчим хувьтай хангагдсан.Хил дээр саатсан зүйлс, үнийн өсөлтөд нэрвэгдэж буй байдал тулгамдсан асуудал болоод байна. Нийслэлчүүдийг өвөл хөлдөөхгүйн төлөө ажиллана. Гайгүй байх" хэмээв.

Д.АМАРБАЯСГАЛАН: АН-Д ЯМАР Ч САНАЛ ТАВИАГҮЙ

АН-ыг Засгийн газарт орж ажиллана, МАН-ынхан хамтарсан Засгийн газар байгуулна ГЭХ МЭДЭЭЛЭЛД ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө. Тэрбээр: "Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор ийм нэг ч санал тавиагүй. Энэ нь хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэл. МАН 62 суудалтай Засгийн газрын эрхийг барьж буй улс төрийн хүчин. Энэ утгаараа үүрэг хариуцлагаа бүрэн үүрэх ёстой гэсэн зарчмын байр суурийг бүх түвшинд ярьдаг гэдгийг хэлмээр байна" хэмээв.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХҮҮТЭЙ ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгалаа. Үүнд: 1.Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны 10 дугаар сараас эхлэн санхүүжүүлэх, 2.Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 150.0 сая төгрөг, орон нутагт 100.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, 3.Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж болохоор тус тус шийдвэрлэлээ.

ЭРХ БАРИГЧИД АА, ЭХ ОРОНД ЧИНЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Нийслэлд ирэх дөрвөн жил нэг ч орон сууц нэмж барих боломжгүй. Учир нь Улаанбаатар хот цахилгаан, эрчим хүчний гүн хомсдолд орсон. Шинэ эх үүсвэр нэмэхгүй л бол энэ өвөл хөлдөх эрсдэл өндөр байгааг салбарынхан нь хүртэл ил, цагаан зарлах болсон. Эрчим хүчний салбарын эрдэмтэд судлаачдын ярьж буйгаар “Лаа барьж, гал түлэх вий” хэмээн ярьж буй олны үг ортой бололтой юм. Эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх боломжтой гаргалгааны талаар салбарынхан хоёрхон хоногийн өмнө чуулав. “Чих тавьж” байхад манай улсын эрчим хүчний салбарт үндсээр нь шинэчлэл хийхгүй бол цаашид нөхцөл байдал улам дордох нь тодорхой болжээ. Өдгөө Монгол Улс эрчим хүчний 20 хувийн дутагдалд орсон гэнэ. Түүгээр зогсохгүй дулааны эрчим хүчний чадлын дутагдалтай аж. Цахилгаан станцуудын хүчин чадал хэрэглээгээ гүйцэхээ больсон гээд тулгамдаж байгаа асуудал их. Хамгийн эрсдэлтэй нь эрчим хүчний нийт тоноглолын 40 хувь нь ашиглалтын хугацаа нь дууссан гэнэ. Ядаж байхад ОХУ-ын эрчим хүчний системийг найдвартай гэж үзэж болохооргүй нөхцөл байдал үүсээд байгаа. Эдгээрээс дүгнэж үзвэл эрчим хүчний салбарт гарцаагүй хүндрэл тулгарсан уу гэвэл, тулгарсан. Дээрээс нь хуучин буюу одоо ашиглагдаж байгаа цахилгаан станцуудын хувьд цаашид хүчин чадлыг нэмж ашиглах ямар ч боломжгүй. Шинээр баригдах цахилгаан станц ч гэж байхгүй. Одоогоор зөвхөн “ДЦС-3” ТӨХК-ийн 300 мегаваттын өргөтгөл яригдаж байна. Энэ бүтээн байгуулалт ашиглалтад ороход дөрвөн жил шаардлагатай. Түүнээс өмнө шинэ хүчин чадал, эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад оруулж чадахгүй гэсэн үг. Тиймээс ч ирэх дөрвөн жилд нийслэлд нэг ч орон сууцны барилга барих боломжгүй, даац хэтэрсэн болохыг салбарын инженерүүд анхааруулсаар байгаа. Харамсалтай нь тэдний үгийг сонсдог, үүсээд байгаа нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийдэг хүн алга. Нийслэлд гишгэх газаргүй болтол орон сууц баригдсаар байна. Эцэст нь ямар ч төлөвлөлт, тооцоололгүй барилгууд сүндэрлэж, цахилгаан дээрээ гацах вий. Анхаарах л асуудал. Аливаа улс орны хөгжлийн хэмжүүрийн хамгийн чухал үзүүлэлт нь эрчим хүч байдаг. Тэгвэл Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнол өнөөдөр 100 хувь хангагдаагүй. Тоон хувиар илэрхийлбэл 80 хүртэлх хувийг хангаж байгаа гэх. Үлдсэн 20 хувийг Орос болон Хятадаас импортоор авдаг. Энэ бол тусгаар тогтнол хангагдаагүй байгаагийн илрэл. Иймээс л шинэ цахилгаан станц бий болгож байж дотоодын хэрэгцээг бүрэн хангах асуудлыг шийдвэрлэнэ. Түүнээс өнөөгийн нөөцөөр эрчим хүчний салбар тусгаар тогтноно гэвэл боломжгүй аж. Нэгэнт эрчим хүчний дутагдалд орчихсон өнөөгийн нөхцөлд бид яах ёстой вэ. Мэдээж төрөөс бодлогын хүрээнд шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулах нь зөв. Нөгөө талаар хэрэглэгчдийн хувьд ч өөрөөс шалтгаалах зүйлээ хийх хэрэгтэй: Тэр нь цахилгааны зохистой хэрэглээ. Зайлшгүй шаардлагатай үедээ л эрчим хүч ашигла. Болж өгвөл гамна. Гэрэл, цахилгаанаа хэрэглэхгүй үедээ унтрааж занш. Энгийн боловч энэ үйлдэл чинь эх оронд чинь хэрэгтэй байна. Тухайлбал, 17:00-22:00 цагийн хооронд оргил ачааллын үе таардаг тул манай улс Оросоос өндөр үнээр эрчим хүч авахаас өөр аргагүйд хүрдэг гэнэ. Үүнийг иргэд ойлгож, хэт хэрэглээгээ тодорхой хэмжээнд бууруулж яагаад болохгүй гэж. СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРАА ДЭМЖ Бид эрчим хүчний хомсдолд орж байгааг их ярьдаг. Гэхдээ хамгийн гол нь “Энэ хямралаас яаж богино хугацаанд гарах вэ” гэдгийг чухалчилж авч үзэх нь ховор. Дэлхий нийтэд эрчим хүчний салбарт тулгарч байгаа гол асуудал бол дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах. Үүний тулд цэвэр эрчим хүчийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байна. Цэвэр буюу сэргээгдэх эрчим хүчийг аль болох түлхүү хэрэглэхэд чиглэсэн арга хэмжээг төрийн бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлье. Өдгөө Монгол Улсын хувьд суурилагдсан хүчин чадлын 17-18 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байгаа гэнэ. Чамлахааргүй үзүүлэлт. Ирээдүйд энэ тоог улам өсгөмөөр байна. Үйлдвэрлэлийн хувьд өнгөрсөн оны байдлаар 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлжээ. Хаа очиж манай улс газарзүйн байршлын хувьд нарны эрчим хүчийг ашиглах хамгийн таатай нөхцөл бүрдсэн орон гэдгийг эрчим хүчний инженерүүд дуу нэгтэй хэлдэг. Сэргээгдэх эрчим хүчний инженерийн хэлж буйгаар “Далай тэнгисээс хол, хуурай, эх газрын байршилд Монгол Улс байдаг учраас нэгж талбайд тусах нарны цацрагийн хэмжээ маш өндөр. Ялангуяа говийн бүс нутаг нарны эрчим хүчний асар өндөр нөөцтэй. Африкийн Сахар гэх мэт дэлхийн бусад цөл газартай харьцуулахад Монголын говь их сэрүүн уур амьсгалтай. Гадаах агаарын температур сэрүүн байхад нарны зайн цахилгаан үйлдвэрлэл нь улам нэмэгддэг. Хүйтэн ч гэсэн цэлмэг нар тусаж л байвал нарны зайн цахилгаан үйлдвэрлэл нь улам нэмэгддэг учир сэрүүн уур амьсгалтай байдаг нь Монгол Улсад нарны эрчим хүчийг ашиглах давуу тал болдог” гэнэ. Эндээс үзвэл бидэнд боломж, нөөц байна. Сэргээгдэх эрчим хүчний салбараа сэмбийтэл сайхан дэмжээд өгмөөр байна. Эрчим хүчээ эх орондоо бүрэн дүүрэн үйлдвэрлэдэг болъё. Засгийн газар, шинэ сайдын анхаарах гол асуудал ердөө энэ. Эх сурвалж: Өглөөний сонин

СТАНДАРТЫН БУС НҮХЭН ЖОРЛОНГ БУУЛГАХ АЯН АРХАНГАЙ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ -ийн албан даалгаврын хүрээнд Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид есдүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурын эргээс 230-360 метр зайд орших малчид болон гэр буудал ажиллуулдаг иргэдийн 15 нүхэн жорлон байгаагаас 4-ийг нь буулган халдваргүйжүүлэлт хийлээ. Хорго-Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын бага оврын бохир ус цэвэрлэх ариун цэврийн байгууламж - 11, соруулдаг сайжруулсан нүхэн жорлон 27 байна.

ШҮҮГДЭГЧ НАРТ ЯЛ ЗАВШИХ БОЛОМЖИЙГ ШҮҮХ ОЛГОСОН УУ?

Шүүхийн захиргааны байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс бүх шатны шүүхийн Тамгын газрын албан тушаалтнууд болох дарга, шүүх хуралдааны нарийн бичиг, шүүгчийн туслах зэрэг ажилтныхаа боловсролын бичиг баримтыг нягтлан үзэхээр төлөвлөсөн тухай дуулдах болов. Магадгүй багш нарын боловсролын гэрчилгээтэй холбоотой дуулиан дэгдсэний дараа шүүхийн Тамгын газарт ажиллаж буй эрхзүйч мэргэжил эзэмшсэн залуусын баримт бичигт ч анхаарал хандуулахгүй өнгөрч болохгүй биз. Юутай ч ШЕЗ-өөс хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын хэрэгжилтийн хүрээнд цахим санд оруулж буй шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалтай холбоотой нягталж шалгах ажиллагаа хийж эхэлсэн юм билээ. Ийнхүү хянаж шалгаж буй бол шалгалтаа чанартай, үр дүнтэй хийж, хууль, журам зөрчсөн албан тушаалтнууддаа хариуцлага тооцвол цаашид үр дүнтэй байж, иргэдийн дунд илт унаад буй шүүхийн нэр хүндийг өргөхөд ч хэрэгтэй биз. Үүнийг онцлохын учир нь анхан шатны шүүхүүдэд хууль, журам зөрчсөн асуудал цөөнгүй гарч байгаатай холбоотой. Тухайлбал, нэгэн шүүхийн Тамгын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 23.2.2-т заасан “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэснийг зөрчиж томилогдсон нь бий. Ахлах түшмэлээр дөрвөн жил ч ажиллаагүй хүнийг улстөрчийн хүсэлт, шахалтаар томилсон гэх мэдээлэл бий. Орон нутгийн нэгэн шүүхийн Тамгын газрын даргын албан тушаал хашиж байсан хүн мэргэшүүлэх багц сургалтад ч хамрагдаагүй, тусгай шаардлагад заасан магистрын зэрэг ч хамгаалаагүй байсан гэдэг. Түүгээр ч зогсохгүй удаа дараа ял шийтгүүлсэн хүн шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан нь ч ил болсон билээ. Тэтгэвэрт гарах хуулийн хугацаа нь болчихоод байхад сандал, ширээгээ бөглөөд сууж буй, дэвшин томилогдох хүсэлтэй олон залууст садаа болж байгаа Тамгын газрын дарга ч бий гэдэг. Тиймээс зөвхөн шүүхүүдийн Тамгын газрын дарга гэлтгүй бусад ажилтныг нь ял шийтгэлтэй, эсэхээс авхуулаад боловсролынх нь бичиг баримтыг ШЕЗ-ийнхөн нягталж үзэхэд гэмгүй. Ял шийтгүүлсэн хүний мэдээллийг илгээх журам хэрэгжихгүй байна Хууль, журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангахгүй хүн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын Тамгын газарт томилогдоод тогтоосон эрх зүйн баримт бичгийг санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй хэрэгжүүлэхгүй байна. Магадгүй хууль, журмаа мэдэхгүйдээ тийм алдаа гаргалаа гэж үзэж болох. Монгол Улсад хэрэгжиж буй бүх хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг хүн бүр мэдэхгүй. Тиймээс шүүхийн захиргааны албан тушаалд томилогдож буй хүнийг мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх шаардлага тавьдаг нь энэ мэт алдаа гаргахаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг биз. Гэхдээ шүүхийн Тамгын газрын эрх бүхий албан тушаалд томилогдчихсон хэрнээ хууль, журам зөрчиж, гэм буруутай нь тогтоогдож шийтгүүлсэн этгээдэд ял завшуулах боломж олгоно гэдэг байж боломгүй үйлдэл. Ийм нэг бодит үйл явдал нийслэл дэх нэгэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарсан ч нууцлаад, дарагдуулаад өнгөрч байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд, ШЕЗ-ийн даргын хамтарсан 2018 оны арванхоёрдугаар сарын 14-ний А/226/177 дугаар тушаалаар Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх журам, эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн тухай тэмдэглэлийг хэрхэн хэрэгжүүлэх талаар журам, загвар баталсан байдаг. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн уг журмын 2.6-д “Анхан шатны шүүх нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах, хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд “Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл”-ийг шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс буюу шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш… эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос дараагийн шатанд гомдол гаргасан, эсэхээс үл хамааран ажлын тав хоногт багтаан цагдаагийн төв байгууллагын Мэдээллийн сан хариуцсан нэгжид хүргүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх тухайн шүүгдэгчийг гэм буруутайд тооцон алх цохисон л бол ажлын тав хоногт багтаан цагдаагийн байгууллагын Мэдээллийн санд тухайн хүний мэдээллийг хүргэх ёстой. Тэр мэдээлэл ирсэн даруйд цагдаагийнхан уг санд бүртгэж, баяжуулж байх үүрэгтэй юм билээ. Ял шийтгүүлсэн хүний мэдээллийг цагдаагийн байгууллагын мэдээллийн санд хүргүүлэх ажлыг тухайн шүүхийн Тамгын газар хариуцан зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгтэй байхаар журамд заасан аж. Уг журмыг зөрчсөн бол харьяа байгууллагын даргын шийдвэрээр хариуцлага тооцох юм билээ. Гэвч хариуцлага тооцсон, эсэх нь тодорхойгүй. Дээрх журмын заалтыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрынхан хэрэгжүүлэхгүй ихэд удаж, ял шийтгүүлсэн хүмүүсийн мэдээллийг цагдаагийн байгууллагын Мэдээллийн санд хүргүүлэхгүй байсан учраас холбогдох газраас нь тухайн шүүх рүү хандаж, хэл ам хийснээр арай гэж ирүүлдэг болж. Тэр хугацаанд буюу энэ оны эхний гурван сард тухайн шүүх эрүүгийн 300-гаад хэрэг шийдвэрлэсэн байгаа юм. Тэдний дунд олны анхаарал татсан, улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан, яамны өндөр албан тушаалтнуудын холбогдсон гээд цөөнгүй хэрэг шийдэгдсэн нь бий. Тэдгээр шүүгдэгч нарын мэдээллийг цагдаагийн байгууллагын Мэдээллийн санд хугацаа алдаж хүргүүлснээр ял завших боломж олгосон байхыг ч үгүйсгэхгүй. Ингэж мэдээлэл нь хугацаа хожимдож очсоноор тухайн ял шийтгүүлсэн хүн хилээр гарч явах, Төрийн албаны хууль зөрчиж нийтийн албан тушаалтнаар томилогдох гэх зэргээр сөрөг үр дагавар ихтэй нь мэдээж. Харин энэ хугацаанд ял шийтгүүлсэн хэчнээн хүн төрийн албанд томилогдсон, хилээр гарч явсан, ямар сөрөг үр дагавар учирсан тухай мэдээлэл харамсалтай нь алга. Уг нь ХЗДХЯ-наас санаачлан шүүх эрх мэдлийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулахаар эхлэлийг нь тавьсан ч заримынх нь хойрго байдлаас болж өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй байна. Уг сан ашиглалтад орсон бол нийслэлийн нэгэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрынхан шиг хууль, журмаа хэрэгжүүлэхгүй хав дарах явдал гарахгүй байсан биз. Тиймээс цаашид ийм явдал дахин гаргахгүйн тулд ШЕЗ-ийнхөн шүүхийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудаа хууль, журмаа хэрэгжүүлэхэд анхаараад зогсохгүй шүүх эрх мэдлийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлж, хэрэг хаана яваа, мөрдөгч, прокурор, шүүгч нь хэн бэ гэдгийг ч хараад байх боломжийг иргэдэд нээж өгвөл зүгээр сэн. Монгол Улс цахим засаглалд шилжихээр тунхагласан өнөө үед ийм нэгдсэн сан байгуулахад хэргийн оролцогч иргэдэд ч, мөрдөгч, прокурор, шүүхийн Тамгын газрынханд ч хэрэгтэй. Цаашлаад давж заалдах гомдол гаргасан хэргийг тогтоосон хугацаанд нь давж заалдах шатны шүүх рүү хүргүүлээгүй гэх хэл ам ч багасаж, Шүүхийн сахилгын хороонд очих шүүгчийн тоо ч буурах нь лавтай. Тиймээс ШЕЗ шүүгч нарынхаа эрх ашгийг хамгаалах гэж буй бол энэ бүхэнд анхаарах шаардлагатай болжээ.

ВИЗНИЙ ЗАЛИЛАН ЭРЧЭЭ АВЧЭЭ

Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад аялах, суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч “Виз найдвартай гаргана/цагаачлал, ажил олгох, суралцах, зорчих виз, байнга оршин суух виз гэх мэт гэсэн хүмүүст ханддаг. Гэтэл “найдвартай хэмээн амласан этгээд иргэдийн мөнгийг нь авсан даруйдаа л зугтдаг. Мөн бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй “аман гэрээ хийж их хэмжээний мөнгө залилуулсан хохирогчийн тоо нэмэгдэж байна. Түүнчлэн урьд нь залилах хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгэгдсэн этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Визний залилан буюу энэ төрлийн аргаар гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн арга нь улам нарийсч Монгол Улсаас гадаад улсад оршин суугаа Элчин сайд, Өргөмжит консулын гарын үсэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэх, зуучлуулагч болон виз гаргуулах хүсэлттэй иргэдтэй гадаадын иргэдийн нэрээр холбогдох, цахим хаяг, чат, гадны улсын утасны дугаараар холбоо барьж, бусдыг хуурдаг аж. “Чадаж байгаа юманд аргагүй байхгүй гэдэг шиг нэгэнт залилаад мөнгө авчихсан хүнийг яалтай билээ. Эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас “визний залилан хэмээн нэр томьёо хууль хяналтынхны дунд хэрэглэгдэх болжээ. Цагдаа, шүүхийн байгууллагуудаас энэ чиглэлийн анхааруулга, сэрэмжлүүлэг байнга гаргадаг ч иргэд хууртсаар. Эх орондоо байснаас харийн оронд очиж хар, бор ажил хийсэн нь дээр гэж үзсэн иргэдэд юуных нь бэлэн мөнгө байхав. Байгаа хөрөнгөө барьцаанд тавьж, “Виз найдвартай гаргана гэсэн нэгэнд ханддаг. Гэтэл “найдвартай хэмээх амласан этгээд иргэдийн мөнгийг нь авсан даруйдаа л зугтдаг. Бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй “аман гэрээ хийж их хэмжээний мөнгө залилуулсан иргэд хэдэн зуугаар тоологдоно. Монгол нь Монголоо хуураад зогсохгүй харийнхантай нийлж элэг нэгтнүүдээ мэхэлдэг болсон. Тэр ч бүү хэл дурын нэгэн гадаадын иргэн эх оронд минь ирээд “Визийг чинь найдвартай гаргаж өгнө хэмээн амлаж байгаад гадагшаа гарахын мөрөөсөл болсон хүмүүсийн халаасыг сэгсрээд явчихсан тохиолдол бий.

ШУУРХАЙ: ХҮСЭЛТ ГАРГАСАН ОХУ-ЫН БҮХ ИРГЭНД МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Хүсэлтээ гаргасан ОХУ-ын иргэдэд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодрууллаа. Тэрбээр “ОХУ-ын иргэд Монгол Улсад цаашид тодорхой хугацаагаар оршин суух хүсэлтээ өгч байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хүсэлтээ өгсөн ОХУ-ын иргэдэд зохих ангиллын оршин суух зөвшөөрлийг олгох шийдвэр гаргасан. Ажиллаж хөдөлмөрлөх, суралцах, хөрөнгө оруулалт хийх, гэр бүлийн шалтгаанаар амьдрах гэх мэт Монгол Улсад оршин суух 56 төрлийн зөвшөөрөл байдаг гэдгийг хэлсэн юм.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОГИНО ЭРГЭЛТИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЖ, ИРГЭДИЙН САНАЛЫГ СОНСЛОО

Нийтийн тээврийн үйлчилгээний богино эргэлтийн өнөөгийн байдал, төлөвлөлтийн талаарх танилцуулга, сонсох ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр нарын албаны хүмүүс оролцлоо. Өдгөө Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. 2021 оны байдлаар нийтийн тээврээр 147 сая зорчигч үйлчлүүлсэн гэсэн судалгаа гарчээ. Нийслэлийн нийт автомашины 0.02 хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлдэг. Судалгаагаар Улаанбаатар хотын гол дөрвөн гудамж зам болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Нарны зам, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчигч урсгалын ачаалал их байдаг. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөгөөр 20 чиглэлийн 280 автобус, нийт зорчигчдын 30.6 хувь, Чингисийн өргөн чөлөөнд есөн чиглэлийн 120 автобус, зорчигчдын 8.6 хувь, Их тойрууд 14 чиглэл 150 автобус, зорчигчдын 6.2 хувь, Нарны замаар долоон чиглэлийн 70 автобус, зорчигчдын 2.6 хувь нь тус тус зорчиж байна. Нийтийн тээврийн 105 чиглэлээс богино эргэлтийн 27 чиглэл бий. Эдгээрийн 10 чиглэлийг 2020-2022 онд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгын хүрээнд шинээр явуулж эхэлсэн. Алслагдсан суурьшлын цэгүүдээс 10 чиглэлийн 72 автобусыг богино эргэлтэд оруулан, төлөвлөлтийг хэрэгжүүлсэн гэдгийг танилцууллаа. Танилцуулгын үеэр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг: -Богино эргэлтийн үр дүнд нааштай үзүүлэлтүүд гарсан. Автобусаар зорчих хугацаа богиносож, зорчилт болоод хүртээмж нэмэгджээ. Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд бага оврын автобуснууд оруулж ирж байгаа. Нийт парк шинэчлэлтийн 15-20 хувь нь бага оврын автобус байх юм хэмээлээ. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа: -Нийтийн тээврийн чиглэл бүрийн урт янз бүр. Хамгийн урт нь 72 км, хот орчмын чиглэлүүд бий. Хот дотроо бол 18-30 км урттай чиглэлүүд бий. Эдгээрээс энэ удаад богино эргэлтийн чиглэлийг онцлон танилцуулъя. Богино эргэлт гэдэг нь Таван шар, Офицеруудын ордноос дотогшоо, Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлд оруулахгүйгээр 120 болон Баянбүрд хэсэгт эцсийн зогсоолыг шийдэх байдлаар зохицуулалт хийж байна. Ингэснээр нийтийн тээврийн хэрэгслүүд болон зорчигчид түгжрэлд орохгүйгээр хүрсэн газартаа очих боломжтой болж буй юм. Богино эргэлтийг зохион байгуулахдаа хоёроос илүү дамжин суухгүйгээр зорьсон газартаа хүрэх байдлаар шийдвэрлэж байгаа. Цаг хугацааны хувьд 20-30 минутын хэмнэлт гарч буй юм. Есдүгээр сард манай байгууллагад хаяглан ирүүлсэн санал, гомдлын 20 орчим хувь нь богино эргэлтийн чиглэлийг нэмэгдүүлж өгнө үү гэсэн хүсэлт байгаа. Тиймээс бид өнгөрсөн онуудад нэвтрүүлсэн чиглэлийн талаар мэдээлэл өгөхийн сацуу нэмж гурван чиглэлийг явуулахаар иргэдэд танилцуулж байна гэлээ. Танилцуулгад оролцсон иргэдийн хувьд богино эргэлтийн чиглэлийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ойртуулах, өвлийн улирал ирж буйтай холбоотойгоор автобусны тоог нэмэгдүүлж, хүлээлтийг багасгах зэрэг саналыг хэлж байлаа.

1 ... 130 131 132 133 134 135 136 137 138 ... 295