ЗАМЫН-ҮҮД БООМТЫН ТӨМӨР ЗАМЫГ ХОС БОЛГОЛОО

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” түүний “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд төмөр зам, авто замаар холбогдсон хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийлээ.

 Шинэ жилийн босгон дээр УБТЗ-ын хамт олон Замын-Үүд-2 - Шаргын овоо хоорондын 14.2 км хоёр дахь замыг барьж дуусгалаа. Ингэснээр Замын-Үүд-2-Шаргын овоо хоорондын замын нэвтрүүлэх чадвар хоногт 25 галт тэргээс 48 хос галт тэрэг болж нэмэгдэх юм. Замын тээх хүчин чадал жилийн 16.7 сая тонноос 21.9 сая тонн болж өснө. Замын-Үүд - Эрээн өртөө хооронд өргөн царигаар хоногт 16-20 хос галт тэрэг солилцох боломж бүрдэнэ.

 Түүнчлэн, эдгээр өртөө, зөрлөг хооронд галт тэрэг ирэхийг хүлээхгүйгээр галт тэрэг явуулах боломжтой болж, Номт, Улаан-Уул зөрлөгүүдээс галт тэргийг татан авах нөхцөл бүрдэж байна. Замын-Үүд2 – Шаргын овоо хоорондын замыг хос болгосноор Замын-Үүд-Сайншандын хэсэглэлийг хос замтай болгох ажлын эхлэл болж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Ийнхүү манай улсын эдийн засагт чухал үүрэгтэй Замын-Үүд боомтын ачаа тээврийн эргэлтийг хурдасгахад түлхэц болох хос замын ажлыг УБТЗ-ын хамт олон хийж дуусгалаа. \

 Мөн дээрх ажилтай зэрэгцүүлэн УБТЗ-ын хамт олон Замын-Үүд – Эрээн өртөө хоорондын 4,4 км урт нарийн царигийн 2 дахь замыг барьж дуусгасан бол БНХАУ-ын тал Эрээн өртөөнд өргөтгөл хийж, өргөн, нарийн царигийн паркынхаа хүлээн авах, явуулах замын тоог нэмснээс гадна Эрээн-Жининь хооронд таван зөрлөг шинээр нэмж барьж дуусгасан. Монгол-Хятадын хилийн төмөр замууд хүчин чадлаа ийнхүү өсгөснөөр Эрээн-Замын-Үүд өртөөдөөр хоногт 20 хос галт тэрэг солилцох техникийн нөхцөл бүрдэж байгаа юм.

Ирэх онд Монгол-Хятадын талууд галт тэрэг солилцоогоо нэмэгдүүлэх асуудлыг хилийн хэлэлцээрээр албан ёсоор ярьж тохирсноор экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэх юм.  

  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.