УБТЗ-ЫН ОРЛОГЧ ДАРГА С.БАТДӨЛИЙГ СААТУУЛАН, 7.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУРААЖЭЭ

ЭЦА-ныхан өчигдөр орой УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг их хэмжээний бэлэн мөнгөтэй байхад нь саатуулжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ "Төмөр замын албан тушаалтнуудыг шалгах ёстой" гэсэн санаа дэвшүүлсэн. Үүнтэй холбоотой шалгалт эхэлсэн нь уг албан тушаалтныг саатуулснаар батлагдаж байна.

Тэрээр өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа хоёр тэрбум гаруй төгрөг хадгалж байхад нь ЭЦА-наас гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. 2021 онд дээрх албан тушаалд томилогдсон ч богино хугацаанд  хөрөнгөжсөн нэгэн.

Өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн оочер дарааллыг зохицуулж өгөн хахууль авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож буй аж. Мөн өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр цөөнгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газар аваад зогсохгүй, валют, бэлэн мөнгө ихээр хуримтлуулсан байжээ. Түүний болон гэр бүлийнхнийх нь хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байрлах 5-6 объектод нэгжлэг хийхэд 7.6 тэрбум төгрөг, 1.6 сая ам.доллар гээд нийт 10 гаруй тэрбум төгрөг хураан аваад зогсохгүй тансаг зэрэглэлийн орон сууцууд, өөр бусад үл хөдлөх хөрөнгүүд худалдан авах гэрээнүүд хийсэн байсныг эд мөрийн баримт болгон хураан авч мөрдөн шалгах ажиллагааг хууль сахиулагчид үргэлжлүүлж байна.

БНХАУ-руу нүүрс экспортолж байгаа компаниудын удирдлага төмөр замын албан тушаалтнуудад нэг цуваа буюу 50 вагон нүүрс явуулахад 400-450 сая төгрөгийн хахууль өгдөг гэдэг нь үүгээр батлагдаж байх шиг.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.