СУДАНААС ИРСЭН ГЭРЭЭТ ЦЭРЭГ ХУМХАА ӨВЧНИЙ УЛМААС НАС БАРЖ, НЭГ ОФИЦЕРЫН БИЕ МАШ ХҮНД БАЙНА

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн манай улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны сүүлчийн алба хаагчид өнгөрсөн сарын 21-нд эх орондоо ирсэн билээ.

Гэвч тэдний дунд Африкийн хумхаа буюу маляр өвчний халдвар авсан нэг бус энхийг сахиулагч байсан аж.

Тэдний нэг нь гэрээт цэргийн алба хаагч байсан бөгөөд БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Харин дээрх ээлжийн нэг офицер, хошууч цолтой залуугийн бие маш муу, амь нас нь дээсэн дөрөөн дээр дээрх эмнэлэгт эмчлүүлж буйг эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжууд мэдээллээ.

Уг ээлжийг хүлээлцэхээр явсан Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатарын багтсан ажлын хэсгийн гишүүдийн дунд ч хумхаагийн халдвар авсан хүн байж болзошгүй талаар эх сурвалжууд хэлсэн юм.

Цэргийн алба хаагчид хумхаагийн эсрэг эмээ тогтмол хугацаанд уух ёстой ч үүнийгээ зөрчсөнөөс халдвар авсан уу гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй байгаа гэнэ.

Одоогоос 10 жилийн өмнө 2013 онд Суданд үүрэг гүйцэтгэж байсан манай цэргийн алба хаагчид хумхаагийн халдвар авч, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энхийг сахиулагчдаа эргэхээр очихоос өмнө эх оронд нь авчирч, Цэргийн төв эмнэлэгт эмчилж байсан билээ.

Тэгвэл түүнээс хойш 10-аад жилийн хугацаа өнгөрөөд байхад Цэрийн төв эмнэлгийнхэн халдвар авсан цэргийн алба хаагчдыг эмчилж чадахгүй, нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь харамсалтай.

Магадгүй энэ нь БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлгийн удирдлагын ажлын арга барилтай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.