НЭГҮҮН МЭДЭЭ
ЦЕГ: ХИЙЛДЭГ ГУЛСУУР ХИЙСЭЖ, 10 ХҮҮХЭД ГЭМТЭЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Энэ сарын 27-ны өдрийн 15:00 цагт Баян-Өлгий аймагт хийлдэг тоглоом салхинд хийж хүүхдүүд гэмтэж осолджээ. Тодруулбал : “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, төв талбайд байрлуулсан хийлдэг гулгуур салхинд хийссэн. Улмаар түүнд тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд гэмтэж, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хүнд гэмтсэн хоёр хүүхэд ухаангүй, сэхээний тасагт байна” хэмээн мэдээллээ.

“ТЭНГЭР” ФЕСТИВАЛЬД ДОТООДЫН 300-ГААД, ГАДНЫ 40 ГАРУЙ БӨӨ ОРОЛЦОНО

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ хамтран энэ сарын 28-нд “Чингис хааны хүрээ” жуулчны баазад “Тэнгэр” бөө мөргөлийн фестиваль зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ нь бөөгийн шашны зан үйл, уламжлалын ялгаатай байдлыг таниулах, үзүүлэх зорилготой арга хэмжээ аж. Үүнд АНУ, Франц, Польш, Солонгос, Хятад, Орос зэрэг улсаас 40 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. Фестивалийн үеэр нарны болон галын тахилга, бөөгийн сүлд залах ёслол, тэнгэрийн дуудлага зэрэг шашны холбогдолтой зан үйлийг олон нийтэд зориулан хийхээс гадна морин цирк, уран нугаралт, рок, поп хамтлаг, дуучдын тоглолт толилуулахаар төлөвлөжээ.

УБТЗ АЧИЛТЫН ДЭЭД АМЖИЛТАА ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

Замын-Үүд боомтын төмөр замчид энэ сарын 20-нд ачилтын технологит хугацаанаас богино хугацаанд 457 вагон, чингэлэг шилжүүлэн ачиж, нарийн царигийн вагоноос 259 вагон талбайд буулган 603 бичиг баримт боловсруулсан амжилтаар ачилтын дээд амжилтаа дахин шинэчлэн тогтоолоо. Ачилт буулгалтын ажиллагаанд хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, түргэн шуурхай ажиллажээ. Ингэснээр Хятад вагоны сул зогсолтыг бууруулж чадсан байна. Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгаа дэмжихэд тус хилийн гарцаар солилцож буй галт тэрэг солилцоо, шилжүүлэн ачилтын хурд ихээхэн чухал. Замын-Үүд – Эрээн боомтоор галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд УБТЗ ХНН онцгой анхааран ажилласны үр дүнд тус боомтоор хоног тутам тогтмол 15 галт тэрэг солилцож байгаа юм. УБТЗ энэ оны эхний дөрвөн сарын дараах байдлаар 10.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэсээ 27,7 хувиар илүү байгаа нь энэ онд ачаа тээврийн өмнөх дээд амжилтаа ахиулах төлөвтэй байна.

30 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ МОНГОЛЫН БОДИБИЛДИНГИЙН СПОРТ УЛСТӨРЧДИЙН ШУНАЛЫН ЭЭЛЖИТ ЗОЛИОС БОЛОВ УУ

Монголын спортод талцал хуваагдлаас болж тамирчид хохирсон түүх мундахгүй их бий. Сагсанбөмбөгийн спорт гэхэд хоёр холбоо байгуулагдаж, нэг, нэгнээ үгүйсгэснээс Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулж, сагсан бөмбөгийн тамирчдын бүхэл бүтэн үе хохирч үлдсэн хар түүх хуучраагүй байна. Тэгвэл энэ хар түүх өдгөө бодибилдинг, фитнессийн тамирчдыг дайрах болчихоод байна. Магадгүй та – “Өө монголчууд хэзээнээсээ нэгдэж нийлж чаддаггүй, энэ ердөө л хоёр холбооны талцал, хуваагдал” гэж бодож байж болох юм. Гэвч хөшигний ард өрнөж буй үйл явдал танд ч надад ч хамааралтай. Учир юу гэвээс бодибилдинг фитнесс өргөн хүрээг хамардаг. Та өнөөдөр гэнэт бөх болох шийвдэр гаргахгүй байж болох ч фитнесийн заал руу зорих хэрэгцээ шаардлага нэг л өдөр гарахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд таны багш хэн байх вэ? Танд санаанд оромгүй үр дүн амлаад таныг эрүүл мэндээр хохироож мэдэх хэн нэгэн байх вий. Хүсэл зорилгодоо хөтлөгдөн бодибилдинг фитнесийн тамирчин болохоор тэмүүлсэн таны хүү, охиныг хэн нэгэн “багш” допингоор угжаад байвал яана вэ? Иймийн тулд энэ сэдвийг хөндөж, энэ сэдвийн мэдээлэлтэй байхын тулд хөшгийг хамтдаа нээе. ХӨГЖЛИЙН ТОДОРХОЙ ТҮВШИНД ХҮРСЭН МОНГОЛЫН БОДИБИЛДИНГИЙН СПОРТ УЛСТӨРЧДИЙН НӨЛӨӨГӨӨР ХУВААГДЖЭЭ Монголд бодибилдингийн спорт эрчимтэй хөгжөөд 30 гаруй жил өнгөрч байна. Энэхүү спортыг монголчуудад таниулж, хөгжүүлсэн ууган холбоо бол Монголын бодибилдинг, фитнессийн холбоо. Монголын мистерээр гурваас дээш удаа тодорсон, бодибилдингийн амьд домгууд Б.Батсуурь, А.Энхтайван, Ж.Нурлан, Д.Бат-Эрдэнэ, Э.Ганзориг тэргүүтэй шилдгүүд бүгд энэ холбоонд харъяалагддаг. Эмэгтэйчүүдээс бидний таних МУГТ Г.Угалзцэцэг гээд товчхондоо Монголын бодибилдингийн спортын 30 жилийн хөгжил дэвшил, уламжлалыг тээж яваа холбоо юм. Тэгвэл эв нэгдэлтэй, өв уламжлалаа баяжуулж явсан Монголын бодибилдингийн спортын тамирчид хуваагдах нэг шалтгаан 2019 онд тавигджээ. Бодбилдингийн хувийн дасгалжуулагчаар ажилладаг Ш.Амарсайхан мөн онд Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн гэх тодоголтой холбоог үүсгэн байгуулж, тэмцээн уралдаан зохион байгуулж эхэлсэн аж. Ш.Амарсайхан бол өөрөө сайн тамирчин, дасгалжуулагч байсан ч допинг илрээд тэмцээнд оролцох эрх нь хасагдаж байсан нэгэн. Тэрбээр улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн хувийн дасгалжуулагчаар ажиллаж, тэдний нөмөр нөөлөгт багтсан тул ийнхүү холбоо байгуулсан гэж салбарынхан нь ярьдаг юм байна. Өөрөөр хэлбэл, нэр бүхий улстөрчдийн ятгалгаар ийнхүү холбоо байгуулж, тамирчдаа талцуулжээ. МОНГОЛЫН БОДИБИЛДИНГ ФИТНЕССИЙН ХӨГЖЛИЙН ХОЛБОО ШИНЭ ЗАЛУУ ТАМИРЧДАД МОНГОЛЫН МИСТЕР ЦОЛЫГ ДАВХАРДУУЛАН ОЛГОЖ МИСТЕР ЦОЛЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ БАЙНА Спортын холбоо гэдэг ТББ, хүмүүс тодорхой зорилгын дор нэгдээд зүтгэдэг, болохгүй бол больдог тийм л зүйл. Гэхдээ эвлэлдэн нэгдэхийн утга учир нь тэд энэ насны амьдралаа зориулсан спортоо мэргэжлийн түвшинд хөгжүүлэх туйлын зорилготой, илүү олон залууст эрүүл амьдралын хэв маягийг таниулах хүсэлтэй. Энэ ч утгаараа Монголын бодибилдинг фитнесийн холбооноос тэмцээн уралдаан, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж, энэ спортыг суртачилан таниулах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулдаг. Тухайлахад, энэ жилийн хотын аврагад 300 гаруй тамирчин багадаа 3-4 сар бэлтгэгдэн өрсөлдсөнөөс жин жингийн ангилалд тэргүүлсэн шигшигдмэл цөөн хэдэн тамирчин улсын аварга, Монголын мистерт өрсөлдөх эрхээ авсан. Зохион байгуулагч Монголын бодилдинг фитнесийн холбооны шинэ удирдлагууд өөрсдөө тамирчид байсан учир тамирчдынхаа хүч хөдөлмөрийг шударгаар шүүж, бодитойгоор үнэлэх зорилт тавин шагналын сангаа нэмэгдүүлэх, олон нийтэд энэ спортыг зөвөөр таниулах үүднээс 14 цагийн туршид тэмцээнийг live streaming-ээр шууд дамжуулж, 160 мянга гаруй үзэлт, хандалтыг авсан нь тамирчдын хувьд ч, үзэгчдийн хувьд ч сэтгэл ханамжийг өгч чадсан. Гэтэл шил даран нөгөөх “Хөгжлийн” холбоо нь Монголын “Мистер”, “Мисс” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, Монголын үе үеийн мистерүүдтэй эн дүйхгүй нэгнийг мистерээр тодруулж орхих нь тэр. Монголын мистер гэдэг үндэсний бөхөөр улсын аврага цолтой дүйх хэмжээний цол, Монголын мистерээр тодроно гэдэг нөр их хөдөлмөр. Уг холбоо байгуулагдаад зохион тэмцээнүүдийг авч үзвэл чанарын шаардлага хангахгүй шууд дамжуулалт, маш бага шагналын сангаар тамирчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэхээс гадна нөгөө мистер цолыг үнэгүйдүүлж өсөж буй эд бяр ханаагүй залуусд олгож тамирчдыг талцуулах болжээ. Яг л шинэ бөхийн холбоо байгуулаад сумын залуу бөхөд арслан цол олгохтой адил зүйл болох нь тэр. Ш.Амарсайханы байгуулж, ЕНБД-аар нь ажилладаг Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоо олон жилийн түүхтэй ч энэ спорттой холбоотой хар бараан, бугшмал бүгдийг өөртөө шингээсэн Олон улсын бодибилдинг, фитнессийн холбоонд гишүүнчлэлтэй болсон юм байна. Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/ энэ холбоог Допингийн эсрэг кодексыг зөрчдөг хэмээн зарлаж, цаашид тус байгууллагатай хамтарч ажиллахгүй гэдгээ 2022 оны есдүгээр сард албажуулжээ / https://www.wada-ama.org/en/news/wada-confirms-non-compliance-international-federation-bodybuilding-and-fitness /. Тус холбооны гишүүн Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоо мөн Дэлхийн допингийн эсрэг байгууллагатай хамтарч ажиллах эрхгүй болсон гэсэн үг. Ингэснээр Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоо допингийн үүр уурхай болж, залуусын эрүүл мэндээр тоглох вий гэсэн болгоомжлол зүй ёсоор үүсэж байна. Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоонд хэдийгээр нийт тамирчдын 15-20 хувь нь л хамрагддаг боловч дийлэнх нь Монголын бодибилдинг, фитнессийн холбоо буюу ууган холбооны тэмцээн уралдаанд орох шалгуурыг хангах түвшинд бэлтгэгдээгүй залуу тамирчид байдаг. Тэд хурдан хугацаанд амжилт гаргахын тулд болчимгүй шийдвэр гаргахыг хэн үгүйсгэх билээ. Мөн цол гуншингийн төлөө шагнал багатай ч Хөгжлийн гэх тодотголтой тэмцээнд оролцож байна. Улс төрчид спортын салбарыг өөрсдийн эзэмшил нутгаа гэж хардаг, нөлөөгөө тогтоох замаар нэр хүндээ өсгөх гэж оролддог нь нууц биш. Тэдний энэхүү шуналын ээлжит бай бодибилдингийн спорт, энэ гайхамшигтай спортод амьдралаа зориулах гэж буй залуу тамирчид, хүүхэд залуус болж байгаа нь харамсалтай.

Залруулан , хүлцэл өчих нь :

2023.05.23 Мягмар гаригт Нэгүүн сайтын албан ёсны сошиал хуудас болох https://www.facebook.com/NEGUUN.MN.OFFICIAL -т нийтлэгдсэн : “Бидний ирээдүйг хулгайлсан хулгайч нартай тэмцэнэ ээ ! гэж Сүхбаатарын талбай руу жагсаж яваа бяцхан тэмцэгч үрсүүд” гэнээ... гэсэн тайлбартай бичлэг нийтлэгдсэн ба иргэний илгээсэн тус дүрс бичлэгийг нягтлалгүй нийтэлсэнд хүлцэл өчиж ташаа мэдээлэл түгээсэнээ залруулж буйг хүлээн авна уу Нэгүүн сайтын редакци

АПУ ХК “АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ЗАРЛАЛАА

Монгол Улсын топ аж ахуйн нэгж АПУ ХК 2023 оны тавдугаар сарын 27-нд 10:00-16:00 цагт төв оффисынхоо гадаа талбайд “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн хүрээнд тус компанид бэлэн байгаа ажлын байр, ирээдүйд бий болгох ажлын байр болон АПУ ХК-д ажилд орсноор ямар давуу талтай гэх мэт өргөн хүрээтэй асуудалд холбогдох албаныхан зөвлөгөө мэдээлэл өгч, өөр бусад сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм байна. Дашрамд дуулгахад, ирэх жил 100 жилийн ойтойгоо золгох АПУ ХК нь 2022 оны үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгжээр шалгарсан. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-ын тодруулдаг “Топ 100 ААН”-ийн шалгуур нь зөвхөн улсад төлсөн татвар хураамжийн хэмжээг бус ажилчдынхаа өмнө хүлээсэн үүрэг, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, тогтвортой хөгжлийн зорилтыг хангасан байх гэх мэт олон шалгуур үзүүлэлтийг чухалчилдаг билээ. АПУ ХК нь хүн төвтэй засаглалыг бэхжүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах бодлого, ажлын цагийн уян хатан зохицуулалт, сургалт хөгжлийн менторшип, академи зэрэг хөтөлбөр, олон улсад ажиллах боломжийг ажиллагсдадаа олгож ажиллахад таатай, ээлтэй газар байхын төлөө зорин ажиллаж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР “ЭМЭЭЛТИЙН ЭКО ПАРК” БАЙГУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эмээлтийн эко парк” байгуулахыг дэмжлээ. Уг парк ашиглалтад орсноор эдийн засагт таатай нөлөө үзүүлж, байгаль орчинд ээлтэй хэлбэр рүү шилжиж, нийслэлийн 30 мянга орчим иргэн ажлын байртай болно. Монголын суурь үйлдвэрлэлийн салбар болох арьс, ширний үйлдвэрлэлд сэргэлт бий болж, экспортын нэр төрлийн бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх, уг үйлдвэрлэлийг дагаж цавуу, коллаген, гоо сайхан, савангийн үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэх юм. “Дэлхийн банкнаас санхүүжүүлэх” Эмээлтийн эко парк байгуулах төслийг УИХ соёрхсоноор бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Энэ нь МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан 10 эко парк байгуулах ажлын нэг юм. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн 1-р орлогч Ж.Сандагсүрэн ажиллах аж.

ШОРООН ШУУРГАНЫ УЛМААС АВТОМАШИНД ГЭМТЭЛ УЧИРСАН БОЛ ХОХИРЛОО БАРАГДУУЛЖ БОЛНО

Шороон шуурга олон цагаар, хүчтэй шуурсны улмаас автомашины агаар шүүгчийг бөглөх зэрэг олон асуудлыг дагуулдаг. Тухайлбал, автомашины шил болон будгийг сэвтээх нь элбэг. Энэ тохиолдол иргэд цаг уурын байгууллагаас шороон шуурга болсон тухай тодорхойлолт авч даатгалын компанидаа хандан, хохирол барагдуулж болдог. Эх сурвалж: БОАЖЯ

ЭМД-АА 2019 ОНООС ХОЙШ ТӨЛСӨН ИРГЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ 70%-100% ХӨНГӨЛӨЛТТЭЙ

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ хэд байдаг вэ? Даатгуулагч 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд ЭМДЕГ-тай гэрээ бүхий 2400 гаруй эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ 70-100 хувийн хөнгөлөлтөөр авах боломж бүрдэнэ.

“ХҮЧИТ ШОНХОР”, “НАРАНТУУЛ 2” МАХНЫ БӨӨНИЙ ХУДАЛДААНЫ ТӨВД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2022 оны Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрхийг нь цуцалсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд, мах бөөнөөр худалдаалах төвийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм журам, тогтоол шийдвэр, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгасан эсэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа. 2023 оны 05 дугаар сарын 19-ний шөнийн 3 цагаас өдрийн 14 цагийн хооронд Хүчит шонхор, Нарантуул-2 худалдааны төв, махны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. Хүчит шонхор худалдааны төвд энэ өдөр 25-30 тонн мах орон нутгаас нийлүүлэгдсэн бөгөөд хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй юм.

1 ... 96 97 98 99 100 101 102 103 104 ... 314