Б.ЧОЙЖИЛСҮРЭН, М.БАЯРМАГНАЙ НАР НЭГ ЯАМ УДИРДАХ БОЛОМЖГҮЙ, АШИГ СОНИРХЛЫН АСАР ТОМ ЗӨРЧИЛТЭЙ САЙДУУД АЖ !

Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэн нь Хан-Уул дүүргийн III хороо, “ДЦС-3”-ын баруун хойно байрлах зургаан блок, 650 айлын “Дэлгэрэх” хотхоныг барьж, худалдсан. Учир нь, Д.Дашцэрэн “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг”-ийн эзэмшил газраас хууль бусаар тасалж авч “Дэлгэрэх” хотхоныг барьсан. 

Социализмын үед “Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэг” нэртэй, цэргийн өмнөх насны хүүхэд залууст цэрэг, зэвсэг техникийн боловсрол олгох, эх оронч үзлээр хүмүүжүүлэх үүрэгтэй байгууллага байсан. Тус нийгэмлэг нь 8.0 га эзэмшил газартай, буудлага, шүхэр, морин болон авто спортоор хичээллэх техник хэрэгсэл, талбай, олон тооны оффис, слакадны зориулалттай барилга, байгууламжуудыг эзэмшиж ирсэн. Одоо тус байгууллага “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” нэртэй бөгөөд улсын төсвөөс санхүүждэг, даргаар нь хурандаа Д.Дашзэвэг ажилладаг. Тус нийгэмлэгийг олон нийт “Техник спортын төв” гэх нэрээр нь илүүтэй мэдэх байх. Хамгийн ноцтой нь, “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг”-ийн дарга, хурандаа Д.Дашзэвэг нь Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэнгийн төрсөн ах. 

Тиймдээ ч 2015 онд Д.Дашзэвэг эрх мэдлээ ашиглан “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг”-ийн эзэмшлийн газраас 1.1 га газрыг төрсөн дүү Д.Дашцэрэнгийнхээ “Хиллфорт” ХХК нь шилжүүлж өгчээ. Харин Д.Дашцэрэн нь “Хиллфорт” ХХК-ийг “ЮП” ХХК-тай хамтран эзэмшдэг байсан бөгөөд 1.1 га газар дээрээ “ЮП” ХХК-ийн нэрээр 650 айлын “Дэлгэрэх” хотхоныг 2016-2017 онд барьж худалдсан. 

Хурандаа Д.Дашзэвэг төрийн мэдлийн газрын төрсөн дүү Д.Дашцэрэндээ хууль бусаар шилжүүлж өгснийхөө шанд түүний барьсан “Дэлгэрэх” хотхоноос 78 орон сууц хувьдаа авсан гэх мэдээлэл ч байдаг. Д.Дашзэвэг, Д.Дашцэрэн нарын хэн хэн нь “Дэлгэрэх” хотхоныг тойрсон эл асуудлыг олон нийтээс ор тас нууцалдаг. 

Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэнгийн тухай илүү ноцтой баримт бас байна. 

Тодруулбал, Д.Дашцэрэн нь 2015 онд “Хиллфорт” ХХК-ийг “ЮП” ХХК-тай хамтран эзэмшдэг болж, улмаар “Хиллфорт” ХХК-ийнхаа эзэмшлийн 1.1 га газар дээр “ЮП” ХХК-ийн нэрээр 650 айлын “Дэлгэрэх” хотхоныг барьж худалдсаныг дээр дурдсан. Тэгвэл “ЮП” ХХК-ийг Эрчим хүчний дэд сайд Мягмарсүрэнгийн Баярмагнай эзэмшдэг ажээ. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэн хоёр хамтран “Дэлгэрэх” хотхоныг барьж, худалдсан, халаас нэгтэй хамтрагчид гэсэн үг. Ингэхээр Б.Чойжилсүрэн, М.Баярмагнай нэг яам удирдах боломжгүй, ашиг сонирхлын асар том зөрчилтэй сайдууд болж таарч байгаа юм. Бас нэгэн ноцтой баримт нь, Б.Чойжилсүрэнгийн худ Д.Дашцэрэн нь “Женерал энержи прожект” ХХК нь Эрчим хүчний шугам сүлжээ татах, барилга байгууламж барих зөвшөөрөлтэй, Эрчим хүчний хүчний салбарын тендерүүдэд оролцож ирсэн байгаа юм. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.