НЭГҮҮН МЭДЭЭ
"НАРАНТУУЛ" ЗАХЫН УУЛЗВАРААС "ӨГӨӨМӨР" ЗАХ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ

"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замд засвар, шинэчлэлтийг хийх гэж байна. Тодруулбал, 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 23-ний өдрийн 06:00 цагийн хооронд авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Энэ ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлууд хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

ТОМ ТОЙРОГТ ЧИРЭГДЭГСЭД

УИХ-ын сонгуулийн тойргийг томсгосон хэлбэрээр зохион байгуулахаар болсон нь шинэ нэр дэвшигчид болон олон нийтэд танигдаж амжаагүй хүмүүсийн хувьд чанга даваа болж байна. Ядахад сонгуулийн сурталчилгааны хугацаа нь 14 хоног учраас их л тэвдүү байгаа. Гэсэн ч тэд ямар нэг албан тушаалын сэтэр зүүгээд, арга сэдээд тойргуудаараа явсаар л байна. Одоогийн УИХ, Засгийн газрын гишүүдийн хувьд өнгөрсөн хугацааны тайлангаа тавих нэрээр албан уулзалтууд хийж, сонгогчидтой уулзаж байгаа ч шинэ хүмүүс хий л орон нутагт өөрийгөө таниулахын тулд тэднийгээ даган намирч байна. Харин тиймгүй зарим нь бүр ч хэцүү. Хамгийн харамсалтай нь цагт хавчигдаж, урт, холын замд уралдан давхих явцдаа эрүүл мэнд нь өөрчлөгдөх, унаа, машинтайгаа осолдох тохиолдол ч гарч байна. Тодруулбал өнгөрөгч амралтын өдөр АН-ын гишүүн эмэгтэй авто ослын улмаас нас барсан харамсалтай мэдээ түгсэн. Намын нөхөд нь ч харамсан гашуудаж байна. Түүний хувьд орон нутагт УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж байсан бөгөөд амралтын өдрүүдэд хөдөөг зорьсон нь тэр байж. Магадгүй, цаашид ч ийм харамсалтай мэдээ дахин гарахгүй гэх баталгаа байхгүй. Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсад бүсчилсэн тойрогт 14 хоног амжиж өөрсдийгөө танилцуулах шинэ улстөрч тун цөөн. Тиймээс улстөрийн шинэ тоглогчид том тойрогт чирэгдэж, сонгогдох магадлал нь ч багасаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ижил гараанаас өрсөлдөх боломж энүүхэндээ л гэхэд улстөрчдөд алга даа.

СОЁЛЫН САЙД Ч.НОМИНГИЙН ШУНАЛД ХЯЗГААР АЛГА

Соёлын сайд Ч.Номин УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр улайрчээ. Бүр байтлаа УИХ-ын гишүүдээ дуурайгаад 2021-2024 оны ажлын тайлан сэтгүүл хэвлүүлчихсэн тараалгаж явна. Угтаа бол Ч.Номин чинь УИХ-ын гишүүн байтугай НИТХ-ын төлөөлөгч ч биш. Эрх баригч нам, энэ удаагийн Засгийн газарт их хөрөнгөтэй тулдаа л “тооноор орж”, Соёлын сайдын суудалд тухалсан хүн. Гэтэл Хүүхэд залуучуудын театрт хүүхдүүдэд үзвэрийн тасалбар үнэгүй “цацсан” нь багадаад одоо бүр өөрийгөө танилцуулж, сурталчлах сэтгүүл тарааж байх юм. Уг нь түүний энэ үйлдэл сонгуулийн холбогдох хуулиудыг зөрчиж байгаа тул сөрөг хүчнүүд нь аятайхан ашиглаад МАН-ын том хандивлагч, мөнгөтэй айлын эрх охиныг улстөрөөс үдэх хэрэгтэйсэн. Эс бөгөөс улстөрд “тооноор” залардаг Ч.Номин нарын хүмүүс хуулийг гууль мэт үл тоосоор байх нь дээ.

2024 ОНЫ СОНГУУЛЬД "МАН"-ААС ГОРИЛЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТОЙРГИЙН "ЗОДООН"

МАН-аас УИХ-ын гишүүн болох мөрөөдөлтэй квот горилогчдын тулаан ширүүхэн өрнөж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгууль, өмнөх сонгуулиас маш том онцлогтой. Учир нь гурваас дөрвөн аймгийг нэгтгэсэн нь том талбайд томорч тоглох боломжийг олонд танигдсан улстөрчид, мөнгөтэй хүмүүст олгосон гэсэн үг. Иймээс тоглоомын том тойрогт орсон горилогчид эхний ээлжинд ямар ч хамаагүй аргаар нэр дэвших квотоо авахын тулд амандаа орсноо бурж, хурга ишиг тэвэрч, уул толгодын гоё сайхныг магтаж, уулзсан хүн болгоноо тэвэрч, хамтдаа хайр татам зураг авхуулж хэрдээ л танигдахыг хичээж яваа. Тэгвэл нэг тойрогт горилж яваа эмэгтэйчүүд сүүлийн үед нэгийгээ сошиалд муухай харагдуулах ажлыг хийж, нэр хүндийг нь унагах оролдлого хийснийг өнгөрсөн амралтын өдрүүдэд харж, хэл амаа билүүдсэн билээ. Энэ нь УИХ-ын тавдугаар тойрогт горилж буй УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг нутгийнх нь дүү, бөхтэй холбож түүнийг пост оруулж, мэдэгдэл гаргатал нь ичээсэн. Тэр “Сонгууль дөхөх тусам гүтгэлэг, доромжлол гаарах бололтой. Тэр хүмүүст хандаж хэлэхэд арай гоолиг хүний зураг ашиглана уу” хэмээсэн. Мэдээж түүний нэр хүндэд халдсан хүнийг холоос хайгаад хэрэггүй. Хажууд нь инээгээд явж буй журмынх нь итгэлт нь найз нь л байгаа. Ингэж хэлэхийн учир нь нэр дэвшигчдийн хувьд хамгийн их эмээж ирсэн нэг намын гишүүд хоорондоо өрсөлдөж нэгнээ намнах, харлуулах ажлыг хийсээр ирсэн. Энэ л үйл явдал Ч.Ундрамд тохиолдсон гэсэн үг. Уг үйл явдал ганц Ч.Ундрамд ч бус бусад тойрогт горилж буй эмэгтэйчүүд ч нэгэндээ явуургүй зан гаргаж муухай харагдуулах ажлыг хийж байна. Уг нь эмэгтэйчүүд нэгийгээ дэмжинэ гэсэн уриатай бүсгүйчүүд маань дөнгөж нэр дэвших квотын төлөө өрсөлдөгчийнхөө нэр хүнд, гэр бүлийг нь хайрлахгүй өөрийнхөө ашиг хонжоо, амин хувиа хичээж буй үйлдэл нь тухайн хүний хэн бэ гэдгийг харуулаад зогсохгүй улс, эх орныхоо төлөө юу ч хийж чадахгүй өчүүхэн нэгэн гэдгийг харуулж буй хэрэг. Ямартай УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сунгаа шувтарч, одоо намуудын анхан шатны байгууллагаас олонхын санал авсан горилогчид намынхаа бага хурлаас эрхээ өвөртлөн сонгуульд тоосоо өргөх л үлдлээ. Тиймээс МАН-аас нэр дэвшихээр горилж буй эмэгтэйчүүд шударгаар өрсөлд гэмээр байна.

ЕСӨН ДҮҮРГИЙН 33 БАЙРШИЛД НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үхрийн мах 1901.25 тн, хонины мах 3802.5 тн, ямааны мах 633.75 тн нийт 6337.5 тн махыг бэлтгэн нөөцөлсөн. Нөөцөлсөн махыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр худалдаалж буй. Нөөцийн махны эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм. Энэ долоо хоногт дараах 33 байршилд өргөтгөсөн худалдаа болно.

"НОГООН АВТОБУС"-НЫ СОНСГОЛД Ж.СҮХБААТАР, Д.СУМЪЯАБАЗАР НАРЫН 98 ГЭРЧИЙГ ДУУДНА

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо өнөөдөр хуралдаж, мэдээлэл өгөв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хуралдаанаар нэгдүгээрт түр хорооноос зохион байгуулах сонсголыг тавдугаар сарын 21,22-нд хийхээр боллоо. Хоёрдугаарт, нотлон шинжлэх дарааллыг баталсан. Гуравдугаарт сонсголд гэрчээр дуудах албан тушаалтан зохих иргэдийн нэрсийг баталлаа. Тус сонсголд 98 гэрч дуудагдана. Тус сонсголд гэрчээр дуудагдах нэрсийг дурдвал: Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга асан Ц.Батгэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн асуудлыг хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, НЗДТГ-ын Санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар, НЗДТГ-ын Хууль, эрх зүй хэлтсийн даргын албан үүрэг гүйцэтгэгч асан Д.Содбаяр гэх мэтчилэн худалдана авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг гэрчээр дуудна. Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын үүргийг түр орлогч Ч.Сайханбаяр, Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, Нийслэлийн Нийтийн тээврийн албаны даргын түр орлон гүйцэтгэгч асан Д.Энхсайхан, "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ц.Болортуяа гэх мэт албан тушаалтан эрх бүхийн хүмүүсийг гэрчээр дуудахаар товлосон" гэв.

"ИХ ТЭНГЭР"-ЭЭС АЛДАГДСАН ЗУРГУУДААС 7-Г НЬ ОЛЖ, ГАЛЕРЕЙД БУЦААЛАА

2018 онд Их тэнгэрийн аманд байрлуулсан уран зургуудад тооллого хийхэд 21 ширхэг уран зураг дутсан байдаг. ЦЕГ-ын шалгалтын ажиллагаа явуулахад " 1989 онд Дүрслэх урлагийн музейгээс Их тэнгэр цогцолборт түр байршуулахаар шилжүүлсэн Монголын Уран зургийн галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан. Тухайн бүтээлүүдийг эрэн хайж, олж тогтоох хүсэлтийг 2019 онд Цагдаагийн ерөнхий газарт гаргасан байдаг. 2019 оноос хойш уг алдагдсан гэх уран зургуудыг эрэн хайх ажлын хүрээнд эрүүгийн цагдаагийн албанаас 7 уран зургийг олж тогтоосон. Прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн уран зургуудыг Монголын Уран зургийн галерейд хадгалуулхаар хүлээлгэн өгсөн" гэлээ.

ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛТАЙ ХОЛБОГДУУЛАН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДОЛООН ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Анкарагийн гудамж буюу "Зоос гоёл"-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх авто замыг маргааш буюу энэ сарын 15-ны 23:00 цагаас 18-ны 06:00 цаг хүртэл хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийх юм. Тэгвэл тус хэсгээр зорчдог нийтийн тээврийн 7 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, Ч:8, Ч:9, Ч.35, Ч:55, Ч:66 чиглэл Сүхбаатарын гудамжаар, Ч:23, Ч:28 чиглэл Их сургуулийн гудамжаар тойрч үйлчилгээ үзүүлэх юм .

“АНДЫН ИЛЧ” ГЭХ ДУУЛИАНТ ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ "ЖАН ЧУАН" ЯЛААС МУЛТАРЧ, МОНГОЛ ЗАЛУУСТ ШҮҮХЭЭС ЯЛ ОНООЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэсэн хүмүүс халдсан хэрэг 2023 оны гуравдугаар сард олны анхаарлыг татсан юм. Тодруулбал, уг хэрэгт нийт 16 хүн Хятад иргэдийн захиалгаар “Андын илч” ХХК-ийн Монгол талын захирлуудыг галт зэвсэг ашиглан айлган сүрдүүлж, заналхийлэн, уурхайг шижлүүлэх гэсэн үйлдэлд холбогдсон. Мөн эд хөрөнгийг сүрдүүлэх маягаар хууль бус шилжүүлэхдээ ижил хүйстэндээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбоотой этгээдүүдийн шүүх хурлын талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ хэрэг эцэслэн шийдвэрлэж, гэмт этгээдүүдэд ял оноожээ. Тус шийдвэрт : СБД-ийн ЭХАШШ-д “Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан, эрүүгийн нөлөө бүхий этгээдүүд” болох шүүгдэгч Л.Алтанхуяг, Н.Батцэнгэл, Б.Хулансамбуу, А.Бадамсэрээжид, Н.Түвшинтөгс, Э.Бошигт, М.Амартүвшин, Б.Ууганзаяа, С.Алтансүх, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан, Л.Сумъяажаргал, Н.Батдуулга, Ц.Түмэнбаатар, Д.Батмарта нарт холбогдох /ЭХТА-н 11.1-2.4; 11.6-1; 12.1-2.2; 12.1-2.10; 17.6-2.3; 20.3-1,2; 20.16-2.1/ хэргийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан тус өдрийн 10:02-16:15 цагт явагдаж шүүхээс шүүгдэгч нарыг тус бүр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Алтанхуягт 16 жил хорих ял, шүүгдэгч Н.Батцэнгэлд 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Хулансамбууд 16 жил 8 сар хорих ял, шүүгдэгч А.Бадамсэрээжидэд 6 жил хорих ял, шүүгдэгч Н.Түвшинтөгст 6 жил хорих ял, шүүгдэгч Э.Бошигт 1 жил хорих ял, шүүгдэгч Б.Ууганзаяад 9 жил хорих ял, шүүгдэгч С.Билгүүнд 6 жил хорих ял, шүүгдэгч Н.Алтангэрэлд 6 жил хорих ял, шүүгдэгч П.Энхсайханд 4 жил 5 сар хорих ял, шүүгдэгч Л.Сумъяажаргалд 7 жил хорих ял, шүүгдэгч Н.Батдуулгад 5 жил хорих ял, шүүгдэгч Ц.Түмэнбаатарт 5 жил хорих ял, шүүгдэгч Д.Батмартад 1 жил хорих ял, шүүгдэгч М.Амартүвшинд 1 жил тэнсэн харгалзах ял, шүүгдэгч С.Алтансүхэд 1 жил 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

"SG MARATHON-2024" АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Шунхлай групп” ХХК-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "SG MARATHON-2024" амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд багийн болон ганцаарчилсан, хагас марафоны төрөлд 19 охин компанийн 470 гаруй ажилтан оролцож, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорив. Ийнхүү эв нэгдэл, нөхөрлөл бий болгосон спортлог цаг хугацааг хамтдаа өнгөрөөж, өөрийгөө ялан дийлсэн Та бүхэндээ баяр хүргэе! #Shunkhlaigroup #SG_marathon2024

1 ... 60 61 62 63 64 65 66 67 68 ... 323