НЭГҮҮН МЭДЭЭ
Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Ганхуяг, Ч.Ундрам нар Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2025.06.19/ өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно.” гэж заасан. Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Харьяатын тухай хуулиар иргэний харьяалал хийгээд Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллыг сэргээн тогтоох, харьяатаас гарахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно.” гэж заасан. Хууль санаачлагчид Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болох агуулга бүхий нэмэлт оруулахаар төслийг боловсруулжээ. Хүчин төгөлдөр хуульд “...болно.” гэсэн сонголт бүхий зохицуулалтаар заасан нь аль нэг этгээдэд заавал үүрэг болгосон агуулга байхгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг тодотгосон. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа биеийн тамир, спортын талаарх арга хэмжээнүүд нь Монгол Улсад нийтийн биеийн тамир, үндэсний спортыг хөгжүүлэхээс гадна спорт дахь хүний нөөцийн шинэ түвшинд гаргах, олимпизмын хөдөлгөөнийг дэмжих, ялангуяа олимпын хөтөлбөрт багтах спортын төрлийг дэмжих нэгдмэл зорилготой гэдгийг хууль санаачлагч онцолсон. Иймд хуулийн төслийн тандан судалгааны тайланг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Засгийн газрын 2003 оны 62 дугаар тогтоолоор “М онгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тавих шалгуурыг тогтоох журам”-ын дагуу хуульд заасан шаардлага хангасан эсэхийг эрх бүхий байгууллагаас шалган тогтоож холбогдох арга хэмжээ авсны үндсэн дээр харьяат болох эсэхийг шийдвэрлүүлэхээр Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр Ерөнхийлөгчид хүргүүлж болно гэсэн зохицуулалт үйлчилж буй аж. Хуулийн төсөлд тусгасан шинэ зохицуулалт мөн үүнд хамаарах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

БАГШ, ЭМЧЭЭС БУСАД ТӨРИЙН АЛБАНЫ ОРОН ТООГ ЕСӨН ХУВИАР БУУРУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг хамгаалах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт. Шинэ Засгийн газрын эхний хуралдаанаар төрийн үрэлгэн зардлыг багасгах, төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг хэлэлцэж байна. Сайд нар салбарын төсөвтэйгээ танилцаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгоод энэ сарын 20-ны баасан гаригт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, дахин хэлэлцэж шийдвэрлэнэ гэдгийг мэдэгдлээ. Тус төслөөр, Нэгдүгээрт, оновчтой бүтэцтэй, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгоно. Ингэхдээ чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, удирдах, гүйцэтгэх ажилтны зохистой харьцааг хангах өөрчлөлтийг оруулж, багш, эмчээс бусад төрийн албаны орон тоог есөн хувиар бууруулахаар тооцлоо. Төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэж, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимоор үргэлжлүүлэх, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бүрэн хэмнэх, цомхон, чадварлаг, бүтээмжтэй, цахим төрийг бий болгох арга хэмжээний хүрээнд нийт 1.9 их наяд төгрөгийг хэмнэхээр тооцжээ. Төрийн албаны орон тоог цомхон болгохтой зэрэгцүүлэн төрийн ажил үйлчилгээг цахимд шилжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх инновац бүрийг салбар бүрийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлж, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанарыг дордуулахгүй байх зарчим баримтална. Төрийн байгууллагуудын тэргүүн дэд, дэд, орлогч дарга нарын тоог бууруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Төрийн өндөр дээд түвшний зочин төлөөлөгч хүлээн авах, Төрийн өндөрлөгүүдийн гадаад айлчлалаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах, төрийн бүх шатны байгууллагын тавилга, эд хогшил, урсгал засварыг тэвчих, төрийн цэргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолтын зардал зэргийг хэмнэхээр тооцжээ. Хоёрдугаарт, гэрээ байгуулагдаагүй төслүүдэд хуулиар заасны дагуу хэмнэлт хийнэ. Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу 2025 оны тавдугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцох, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд холбогдох хуулиудын хүрээнд гэрээ байгуулсан төслүүдийн санхүүжилтийг хөндөхгүй байх, худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон тендерийн хэмнэлтийг хэмнэх зарчмыг тус тус баримталж нийт 328.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцлоо. Харин гадаад зээл, тусламжийн хувьд 2025 онд батлагдсан гадаад зээлийн ашиглалт 1.5 их наяд төгрөг, тусламжийн 417.0 тэрбум төгрөг, нийт 1.9 их наяд төгрөгийг бүрэн ашиглахаар хүлээгдэж буй тул төсвийн тодотголоор санхүүжилтийг өөрчлөхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн төслүүдийн гадаад зээл, тусламжийн санхүүжилтийн өндөр дүнтэй ашиглалт энэ онд хийгдэнэ. Гуравдугаарт, төсвийн зардлыг нэмэгдүүлж буй салбарын хуулиудыг цэгцэлнэ. Төсвийн тодотголд нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, бүх шатны боловсролын байгууллагын хоол, үдийн хоолны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний төлбөр, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийн зардал зэрэг хууль, тогтоомжийн дагуу зайлшгүй санхүүжүүлэх зардлыг бууруулаагүй гэдгийг Сангийн сайд мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нийт 932 хуулиас 208 хуулийн 1028 заалт нь ямар нэг байдлаар төсвийн зарлагыг нэмэгдүүлж, тодотголоор хэмнэх боломжгүй болгож байна. Иймд төсвийн урсгал зардлыг хумих, сахилга бат, хариуцлагын тогтолцоог чангатгахад салбарын зарим хуулийг хүчингүй болгох, өөрчлөн найруулах зайлшгүй шаардлага үүсэж байгааг харгалзан холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг шинээр барьж байгуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, боловсролд хөрөнгө оруулахыг дэмжих бодлоготой уялдуулан анхаарч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дүгээр хэсэгт заасан татварын хөнгөлөлтөд өмчийн хэлбэр харгалзахгүй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж шинээр барих үйл ажиллагааг нэмж тусгахаар хуулийн төсөл боловсрууллаа. 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ.

ГХЯ-НЫ УУЛЗВАРААС БАГШИЙН ДЭЭД ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ

Сүхбаатар дүүрэг, 1, 8-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ. 2025 оны 06 дугаар сарын 21 өдөр 23:00 цагаас 2025 оны 06 дугаар сарын 23 өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ VIII САРД АШИГЛАЛТАД ОРНО

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо буюу “Шинэ Яармаг” хорооллын хажууд баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэгийг наймдугаар сард ашиглалтад оруулна. Тус байршилд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан ажиллалаа. Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Нийслэлийн хөрөнгө оруулалттай ажлуудын гүйцэтгэлийн мэдээллийг уншиж судлахад ХУД-ийн 8 дугаар хороонд баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явц дэд бүтцийн асуудал дээр удааширч нэлээд хугацаа алдсан байсан. Тиймээс “Шинэ Яармаг” төслийн шугамаас дэд бүтцээ шийдэх зөвшөөрлийг өгч, цэцэрлэгийн барилгын удааширсан асуудлыг шийдсэн. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналтыг өдөр бүр хэрэгжүүлж ажиллаж байна” гэв. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг наймдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахын тулд гадна тохижилт, фасадын ажлыг яаралтай эхлүүлэх ёстой. Төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахын тулд НХОГ-аас өдөр бүр шаардлага тавин ажиллаж байна. Мөн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа эхлэхээс өмнө барилгын ажлыг дуусгах үүргийг нийслэлийн удирдлагуудаас ч өгсөн” гэлээ. Цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгч "Жинст цамхаг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн “Төслийг наймдугаар сарын 1-нд дуусгахаар гэрээнд заасан учраас хугацаандаа багтааж барилгын ажлыг дуусгахаар ажиллаж байна. Ажил гүйцэтгэх явцад манай компаниас шалтгаалаагүй хэд хэдэн бэрхшээл тулгарсан. Өнгөрсөн тавдугаар сараас асуудлыг шийдэж өгсөн. Барилгын ажил одоо хэвийн үргэлжилж байна” гэлээ. Цэцэрлэгийн барилга нь орон сууцны хорооллуудтай ойрхон баригдаж байгаа учраас тогтмол цэвэрлэгээ, үйлчилгээ явуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг баримталж ажиллахыг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Жинст цамхаг” ХХК-ийн удирдлагад үүрэг болголоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхий сайд аа, Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ, Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх шинэ баг үүрэгт ажилдаа орж буй түүхэн мөч тохиож байна. Энэ бол зөвхөн улс төрийн шинэчлэл биш, харин иргэдийн итгэлийг хүлээж, шинэ хөгжлийн гарцыг нээх хариуцлагатай цаг үе юм. Монгол төрийн туйлын зорилго бол ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, шударга ёсыг тогтоож, үндэсний хөгжлийг урагшлуулахад оршдог. Тиймээс өнөөдөр томилогдож буй шинэ сайд, яамдын удирдлагууд нь үүрэг хариуцлага, хүлээлт өндөр цаг үед албан тушаалдаа томилогдож байна. Шинээр томилогдсон салбарын сайдуудад амжилт хүсэхийн ялдамд анхааруулах зүйлсийг товч танилцуулья. 1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН САЙДАД Гадаад худалдааны бодлогыг Засгийн газрын түвшинд онцгой анхаарч, яамд хоорондын ажлын уялдаа холбоог нягт зохицуулж, урсгал данс, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтворжуулах шат дараатай бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнөөдрийн үүсээд байгаа асуудлуудыг шийдэхийн хажуугаар нүүрсэн дээр тогтож байгаа өнөөгийн бүтцийг халж, илүү төрөлжсөн, олон тулгуурт эдийн засагтай болох ажилд ач холбогдол өгч, илүү хурдавчлуулах шаардлага байгааг өнөөдрийн нөхцөл байдал бидэнд сануулж байна. Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг үр дүнд чиглэсэн, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, болохгүй байгаа зүйлсийг цаг алдалгүй сайжруулж, өөрчлөх саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх нь үүссэн байгаа энэ орчинд хамгийн чухал болоод байна. Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдийг төвлөрүүлж, нэг дээвэр дор, хоорондын уялдаа холбоог хангасан нэгдсэн бодлого явуулах боломжийг судалж үзэхийг Ерөнхий сайдаас хүсэж байна. 2. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГАД Төрийн албаны дунд, урт хугацааны хөгжлийн зураглалыг бүрэн тодорхойлж, процессын дахин инженерчлэл хийж, үр ашиггүй зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байна. Тэр дундаа, төрийн байгууллагын давхардсан чиг үүргийг цэгцлэх, чадахуйн зарчимд суурилж төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад холбогдох талууд, Төрийн албаны зөвлөл, Улсын Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан хуулийн төслийг өргөн мэдүүлэх нь зүйтэй. Ялангуяа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар салбар дундын уялдааг хангах, хүний нөөцийн бодлогоо зангидах, ойрын ирээдүйд үүсэх ажиллах хүчний хомсдол, технологиос хамааралтай ажлын байрны шилжилт зэрэгт хүний нөөцөө бодлогоор бэлтгэхэд анхаарах ёстой. Төрөөс үзүүлэх үйлчилгээг төр, хувийн хэвшил болон төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг илүү нэмэгдүүлэх, мөн төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулж, үйл ажиллагааны үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлж, зардал бууруулах, компаниудыг хувьчлах ажлаа эрчимжүүлэх шаардлагатай. 3. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-САНГИЙН САЙДАД Үүссэн байгаа нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч, хөрөнгө оруулалтын эрэмбэ, дэс дарааллыг эргэж харсан, мега төслүүдийг эдийн засагт дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх шийдэл гаргасан төсвийн тодотгол оруулж ирэх шаардлагатай. Төсвийн үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэх, шаардлагагүй, тэвчиж болох зардлыг танахаас гадна юуны түрүүнд эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардлагатай хөрөнгө, мөнгийг цаг алдалгүй хурдан, шуурхай шийдвэрлэх хэрэгтэй. Эрүүл мэнд, боловсролын салбарыг хөндөхгүйгээр, дунд, урт хугацаанд улс орны өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг хөндөхгүйгээр төрийн албыг илүү чадварлаг, бүтээмжтэй болгох явцад эдийн засгийн идэвхжил, эрэлтийг анхаарч, эдийн засгийн өсөлтийг агшаахгүй байх тийм тэнцвэрийг олсон шийдвэр гаргах ёстой. Эрүүл өрсөлдөөнтэй эдийн засгийн орчныг бий болгохын тулд иргэд, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй татварын цогц реформ хэрэгжүүлэхийг ард иргэд хүсэж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа хүндрэл, гарч байгаа асуудлуудыг хандлагаа өөрчилж, жижиг, том гэж ялгалгүй шийдвэрлэх нь эргээд эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх юм. 4. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДАД Хууль ба журмын зохист харьцааг хангах, хуулиас давсан журмуудыг цэгцлэх хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Хууль батлагдсаны дараа энэ хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлууд өрнөх учиртай. Мөн хуулийн хэрэгжилтийг хангаж, одоо хүчин төгөлдөр байгаа хуулиуд дахь журам батлахтай холбоотой заалтуудыг хуульд нийцүүлж өөрчлөх шаардлага бий. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам тухайлан анхаарч ажиллах ёстой. Манай улс 1998 онд Улсын Их Хурлаас тогтоол гарган “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр” баталж эрх зүйн шинэтгэлийг 7 чиглэлээр системтэй, цогц, иж бүрэн байдлаар хийж байсан удаатай. Энэ хөтөлбөр хэрэгжиж дууссан. Одоо эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь шатыг эхлүүлэх шаардлага бий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрх зүйн шинэтгэл-II хөтөлбөр"-ийг батлуулж хэрэгжүүлэхээр заасан боловч жил тойрч байхад энэ хөтөлбөр Улсын Их Хуралд орж ирээгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн яам үүн дээр даруй анхаарч, намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн батлуулах хэрэгтэй. Ингэхдээ төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах, хувийн салбарын бизнес, үйлдвэрлэл, худалдаа, арилжаа, шударга өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн цогц бөгөөд системтэй, логик уялдаатай шинэтгэлийн бодлогыг боловсруулах шаардлагатай байна. Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг тийм эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж шуурхай оруулж ирэх хэрэгтэй. 5. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДАД Уул уурхайн салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг өндөр байлгахад нэн чухал ач холбогдолтой Ашигт малтмалын тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай зэрэг хуулийн шинэчлэл, нэмэлт өөрчлөлтийн уялдаа холбоог сайжруулах зэрэг нэн тэргүүнд анхаарах асуудлууд бий. Ялангуяа энэ салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулж, хуулийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Нөгөө талаараа байгалийн баялаг бол шавхагддаг баялаг. Иймд тогтвортой, хариуцлагатай, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болгох, хайгуул, олборлолтод ногоон технологи нэвтрүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гаргаж ажиллаарай. 6. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДАД Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын талуудын бага хурал буюу COP-17 хурлыг зохион байгуулах ач холбогдол, түүнээс Монгол Улсын байгаль хамгаалалд гадаад улсуудаас оруулах хөрөнгө оруулалтыг өндөр хэмжээнд хүргэн ажиллахад онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой. Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг яриад л байдаг өнөөдрийг хүртэл оновчтой боловсруулсан, цаг үедээ нийцсэн хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй байгааг анхаарч ажиллаарай. 7. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-БОЛОВСРОЛЫН САЙДАД Боловсролын гол хөдөлгөгч хүчин бол багш. Гэвч манайд багш мэргэжлээр төгсөгчдийн зөвхөн 33 хувь нь багшилж, тэдний 60 орчим хувь эхний 5-8 жилдээ ажлаа орхиж байна. Учир нь залуу багш нарын цалин бага, нийгмийн баталгаа хангалтгүй, орон сууц, эрүүл мэнд, гэр бүлийн дэмжлэг хомс байна.Тиймээс багшийн нийгмийн баталгааг сайжруулж, орон сууц, эрүүл мэнд зэрэгт чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, сургалтын хөтөлбөр нь 2012–2014 онд боловсруулсан тул өнөөдрийн технологи, цаг үетэй нийцэхгүй байна. Ирэх хичээлийн жилээс шинэчилсэн, ирээдүйн ур чадварт чиглэсэн хөтөлбөрүүдийг боловсруулах ёстой. Гуравдугаарт, хот хөдөөгийн, эдийн засгийн ялгаанаас үүдэлтэй боловсролын тэгш бус байдал улам гаарсаар байна. Алслагдсан орон нутгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс 7 жилийн хоцрогдолтой байна гэсэн судалгаа гарчээ. Иймд боловсролын хүртээмжийг тэгшитгэх, цахим сургалтын дэд бүтцийг сайжруулах, "Үдийн цай" хөтөлбөрт дунд, ахлах ангийн бүх сурагчдыг хамруулах, багшийн хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ гурван чиглэлээр шуурхай ажиллах нь Монголын боловсролын чанарыг сайжруулж, ирээдүйн тогтвортой хөгжлийн үндэс болно гэдэгт итгэлтэй байна. 8. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДАД Монгол Улсад 2024 оны байдлаар нийгмийн халамжийн үйлчилгээнд жилдээ 2.3 их наяд төгрөг зарцуулж байна. Цаашид нийгмийн халамжийн зорилтот бүлгийг сонгохдоо өрхийн амьжиргааны түвшинд суурилах тогтолцоог бүрдүүлэх бодлогыг баримтлах шаардлагатай. Бид халамжаас хөдөлмөрт гэж олон жил ярьж байгаа. Монгол Улсын ажиллах хүч буюу хөдөлмөрийн насны 100 хүн тутмын 62 хүн л хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож байна. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг авах ёстой. Иймд Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний хүний орлогын албан татварын тухай хуулиудыг өөрчилж хөдөлмөрийн зах зээлийг либералчилж, хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүн болгоныг дэмжих бодлого баримтлах ёстой. Мөн хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, бусад татвар хураамж маш хүнд дарамт болж байна. Татвар төлөөгүй, нийгмийн даатгалын өглөгтэй гэсэн шалтгаанаар аж ахуйн нэгжүүдийн дансыг хаадаг явдал их гарч байна. Тиймээс тухайн аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа хэвийн явуулах, орлого олж төлбөр хураамжаа төлөх, ашиг олох боломжийг олгодог болгох хэрэгтэй. Нөгөө талаар Нийгмийн даатгалын сан жилдээ хэдэн зуун тэрбум, цаашдаа их наяд төгрөгийг улсын төсвөөс татаас хэлбэрээр авах тооцоолол бий. Иймд энэ сангийн тогтолцоог сайжруулж, улс төрөөс хараат бус болгох, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дарамт болж байгаа шимтгэлийг цэгцлэх асуудалд анхаарах хэрэгтэй. 9. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДАД Төмөр замын бүтээн байгуулалтыг хугацаандаа ашиглалтад ороход онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төв төмөр замыг шинэчлэх, тээврийн уялдаа холбоог сайжруулж, логистикийн төвүүдийг хөгжүүлэх, төрийн өмчит төмөр замын компаниудын бүтцийн давхцалыг арилгаж менежментийг сайжруулах, мөн тээврийн аюулгүй байдал, стандарт, хяналтын тогтолцоог шинэчлэх нь бидний өмнө тулгамдаж буй чухал зорилтууд тул эдгээрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын сайдын манлайлал, олон улсын хамтын ажиллагаа болон хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо нэн шаардлагатай. 10. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙДАД Сүүлийн жилүүдэд соёл, аялал жуулчлалын салбарт ихээхэн ач холбогдол өгч, үндэсний, бүс нутгийн, олон улсын хэмжээнд тодорхой ахиц гаргаж ажиллаж чадсан. Цаашид энэ салбарыг өөрөө өөрийгөө тэтгэдэг, эдийн засагт бодит хувь нэмэр оруулдаг салбар болгон хөгжүүлэх шинэ сайд анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлд чадавхаа бэхжүүлэхэд илүү анхаарах, үндэсний өв уламжлал, соёл, өв тээгчдийг бодлогоор дэмжих, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийн талаарх залуус, хүүхдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, дадал хэвшлийг тогтооход анхаарах хэрэгтэй. 11. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДАД Хот суурин газрын төлөвлөлтийг тэнцвэртэй, төвлөрлийг сааруулах, иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхдээ барилгын стандарт, хяналтыг олон улсын жишигт нийцүүлж, дэд бүтцийг оновчтой, хүртээмжтэй төлөвлөж, хэрэгжүүлж ажиллах нэн шаардлагатай. Мөн Улсын Их Хурал дээр Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах зорилгоор хот дахин төлөвлөлттэй холбоотой ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Энэ ажлын хэсгүүд өргөн хүрээнд ажиллаж, судалгаа шинжилгээ, хэлэлцүүлгүүдийг хийсэн бөгөөд ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, анхаарч, дэмжиж, хамтарч ажиллах хэрэгтэй. 12. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДАД Сүүлийн жилүүдэд “Атрын IV аян”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” зэрэг бодлогын хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээр хөдөө аж ахуйн бүтцийн шинэчлэлд бодит ахиц гарч, орон нутгийн эдийн засгийн идэвх сэргэж, хүнсний хангамжийн тогтвортой байдал сайжрах нөхцөл бүрдэж буйг онцлон тэмдэглэх хэлэх нь зүйтэй. Эдгээр хөтөлбөр нь хүнсний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгож, иргэдийн эрүүл мэндийн баталгааг хангах үндэс суурь болж байгаа бөгөөд цаашид тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, санхүүжилтийг тогтвортой байлгах, үр дүнд суурилсан дэмжлэгийн тогтолцоог төгөлдөржүүлэх шаардлага урган гарч байна. Энэ хүрээнд салбарын бодлого, хэрэгжилтийг улам бүр боловсронгуй болгох, нэгдмэл чиг хандлагатай уялдуулахад холбогдох байгууллагуудын дэмжлэг, оролцоо чухал ач холбогдолтой юм. 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ-д хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь нь 8.8 хувь байгааг ойрын жилүүдэд 20 хувьд хүргэхийг зорьж, хөдөө аж ахуйн сэргэлт бий болгох ёстой шүү. Мөн Улсын Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсгээс Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлын тухай, Хөдөө аж ахуйн тухай шинэчилсэн болон анхдагч хуулиудын төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлэн болгосон. Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн амьжиргаа сайжирч, үндэсний үйлдвэрлэл хөгжих, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал бодитой хангагдах нөхцөл нь бүрдэнэ. Мөн хүн амын хүнсний хэрэглээний эрүүл, тогтвортой байдалд суурь өөрчлөлт гарч, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн урт хугацааны үндэс тавигдаж, хотоос хөдөө рүү чиглэсэн хүн ам, эдийн засгийн урсгал бодитой бий болно. Иймд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх, батлуулахад Хүнс, хөдөө аж ахуйн салбараас идэвхтэй оролцож, зохих дэмжлэгийг үзүүлж, нягт ажиллах нь зүйтэй. Улмаар хуулийг хэрэгжүүлэх бэлэн байдлыг хангах, энэ чиглэлд иргэдийн мэдлэг ойлголтыг сайжруулах ажлыг зохион байгуулах нь зүйтэй. 13. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДАД Саяхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын хиймэл оюунд бэлэн байдлын үнэлгээ хийж, 5-аас 3 буюу системчлэгдэх үе шатандаа, ахиц дэвшил алгуур байгааг онцолсон байна. Иймд хиймэл оюун ухаан, их өгөгдлийн бодлого, стратегиа батлуулах ажлаа эрчимжүүлж, гол сорилт болох хөдөө орон нутгийн дэд бүтцийн асуудал, төрийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд дорвитой алхам хийх хэрэгтэй. Хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, ашиглалт, хэрэглээг нэвтрүүлэх, дэмжих мэдээллийн аюулгүй байдлыг хангасан тогтолцоог яаралтай бүрдүүлж, бодит ажил хэрэг болгохгүй бол улс орнуудын хөгжлийн ялгаатай байдал ихсэх, дижитал эдийн засгийн хөгжлөөс хоцрох эрсдэл бийг анхааралдаа авах нь зүйтэй. 14. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД Цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалт, сэргээн засварлалт, найдвартай ажиллагаанд бэлдэж, нэн тэргүүнд 3 дугаар цахилгаан станцын гэмтлийн асуудлыг нарийн тодорхойлж, өвлийн улирлаас өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлаа яаралтай танилцуулах ёстой. Улсын Их Хурал дээр Эрчим хүч, дулааны хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тус хуулийн төслүүдийг өргөн хүрээнд хэлэлцүүлэх, салбарын хуулиудыг жишиг байдлаар батлуулахад идэвхтэй хамтран ажиллах нь салбарын сайдаас ихээхэн шалтгаална. Энэ салбарын хууль эрх зүйн орчныг дорвитой сайжруулж, эрчим хүчний либерал бодлого барих, эрчим хүчний дутагдлаа арилгах хэрэгтэй. Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг илүү дэлгэрүүлэх, баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тал дээр ач холбогдол өгөх, байгальд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, тогтвортой байдлыг хангах чиглэлд арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайдаас хүсэж байна. 15. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох, хүнс эмийн хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Улсын Их Хурал дээр 3 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж санал дүгнэлтүүдээ гаргаж байна. Энэ ажлын хэсгүүд өргөн хүрээнд ажиллаж, судалгаа шинжилгээ, хэлэлцүүлгүүд хийсэн байгаа. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг анхаарч ажиллах хэрэгтэй. Тухайлбал, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй тохиолдлын 30-40 хувь нь хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй, амбулаториор тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой тохиолдлууд гэж дүгнэсэн байна. Энэ мэт нөхцөл байдал нь эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийг хянах, зардлын үр өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. Одоо мөрдөгдөж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтийн арга нь тоо хэмжээнд тулгуурласан, тэр хэрээр эмнэлгүүдэд эдийн засгийн сонирхол төрүүлж байгааг эрс өөрчилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт үндэслэн санхүүжилт олгох загварыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Монгол Улс эрүүл мэндийн даатгалын хураамжийн хувь хэмжээгээр хамгийн бага улсуудын нэг хэвээр байгаа нөхцөлд санхүүгийн хязгаарлагдмал нөөцийг хүн амын өргөн хүрээний тусламж үйлчилгээнд яаж оновчтой хуваарилах вэ гэдэг асуудал эрүүл мэндийн салбарт тулгамдаж байна. Үүний тулд бодлогын шинэ санаачилга, шийдэл гарган ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хот хөдөөгийн ялгааг арилгах, тусламж үйлчилгээний зардлын давхардлыг шийдвэрлэх, хэрэгтэй хүнд нь цаг алдалгүй хүргэдэг байх тийм санхүүжилтийн загвар хийх эрх зүйн орчин бүрдүүлэх санаачилгыг Улсын Их Хурал дэмжиж ажиллана. Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд, сайд нарт ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Монгол Улс хөгжин цэцэглэх болтугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН 2025.06.18

Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.06.17) хуралдаан 17 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцууллаа. Төрийн гадаад, дотоод бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалж, Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн шинэ Засгийн газрыг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нийцүүлэн байгуулж, Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болохоо тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Засгийн газрын бүтцийг хэвээр хадгалах нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөгжлийн мега төсөл, суурь реформ болон аялал жуулчлал, цахим засаглал, эрчим хүчний салбарын либеральчлал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрөлжсөн бүсүүдийн хөгжил, Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, тус сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгыг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх хөшүүрэг байх болно хэмээн үзлээ” гэв. Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан, улсын эрх ашгийг эн тэргүүнд тавих, улс орны хөгжлийн өмнө тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг харилцан ойлголцолд тулгуурлан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх нь чухал гэж үзэж буйгаа Г.Занданшатар сайд онцлов. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгааг тодотгож байлаа. Геостратегийн нөхцөл байдал нэн хүндэрч байгааг тэрбээр дурдаад энэ цаг үед эмхлэн байгуулагдах Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын тогтвортой залгамж чанарыг хадгалах нь зүйтэй хэмээн үзэж өмнө ажиллаж байсан Засгийн газрын гишүүдийн гуравны нэгийг, нэн ялангуяа мега төслүүд, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хариуцаж буй сайд нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохоо Ерөнхий сайд танилцуулав. Түүнчлэн шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд Улсын Их Хуралд суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах нь хамгийн оновчтой шийдэл хэмээн үзсэн гэв. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга ; Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга ; Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргаас бусад Засгийн газрын гишүү нийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулсан. 1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Ням-Осорын Учрал; 2.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад Тогмидын Доржханд; 3.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад Сайнбуянгийн Амарсайхан; 4.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Сандагийн Бямбацогт; 5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдад Болдын Жавхлан; 6.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдад Лхагвын Мөнхбаатар; 7.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Гонгорын Дамдинням; 8.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдад Дамбын Батлут; 9.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Батын Батбаатар; 10.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдад Пүрэвсүрэнгийн Наранбаяр; 11.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Тилеуханы Аубакир; 12.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдад Борхүүгийн Дэлгэрсайхан; 13.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Чинбатын Ундрам; 14.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Энхтайваны Бат-Амгалан; 15.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Жадамбын Энхбаяр; 16.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад Энхбаярын Батшугар; 17.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдад Баттогтохын Чойжилсүрэн; 18.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдад Жигжидсүрэнгийн Чинбүрэн ; 19 .Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдад Батмөнхийн Батцэцэг нарыг тус тус нэр дэвшүүлэн, томилохоо Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав. Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзсэн гэдгээ Ерөнхий сайд цохон тэмдэглэлээ. Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6-д “...Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг тодруулан хуваарилж, түүний гүйцэтгэлд хяналт тавина…” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд Засгийн газар дотоод зохион байгуулалтын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга ; Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга ; 20 минутын хот Үндэсний хорооны дарг а нарын эрхлэх асуудлыг Монгол Улсын сайд нар давхар хариуцан гүйцэтгэх бүрэн боломжтой гэж үзжээ. Засгийн газрыг богино хугацаанд, шуурхай эмхлэн байгуулах нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Тогтвортой засаглал, захиргааны оновчтой бүтэц, зохион байгуулалт бүхий төрийн алба”-ыг төлөвшүүлэх хүрээнд төрийн үрэлгэн зардлыг багасгаж, төсвийн сахилга батыг сахих, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгох, олон нийтийн хяналтад оруулах, татвар, нийгмийн даатгалын цогц реформыг цаг алдалгүй хэрэгжүүлнэ гэв. Мөн төсвийн тодотгол хийж, хэмнэлтийн бодлогыг эхлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ. Улсын Их Хурал дахь АН-ын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулсны дараа Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Ж.Золжаргал, Б.Бейсен, Ө.Шижир, П.Сайнзориг, У.Отгонбаяр, Дав.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Т.Мөнхсайхан, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Ч.Номин, Н.Алтаншагай, М.Мандхай, О.Номинчимэг, Б.Уянга, М.Ганхүлэг, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал, Ж.Галбадрах, М.Нарантуяа-Нара, С.Одонтуяа, С.Замира, Ц.Баатархүү, Ц.Мөнхбат, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, П.Батчимэг, Г.Хосбаяр, Ц.Мөнхтуяа, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүдэд амжилт хүсэж, шинжлэх ухаан, инновацын салбарын хөгжлийг дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарын хүний нөөцийн асуудлыг анхаарч, төсвийг нь нэмэгдүүлэх, төрийн албыг цомхотгон бэхжүүлэх, экспортыг төрөлжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нийгмийн даатгалын тогтолцоог оновчтой шинэчлэх, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд олон улсын худалдаагаа чөлөөлөх, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай хэмээн захиж байв. Мөн усны менежментийг сайжруулах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөв, цөөрөм байгуулах ажлыг үргэлжлүүлэхтэй холбоотой саналуудыг гишүүд хэлж, Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах үүрэг хүлээж буйг дурдсан. Эдийн засгийн үр өгөөжийг өрх бүрд хүртээмжтэй, бодитойгоор хүргэх, дундаж давхаргыг тэлэх бодлогыг хэрэгжүүлж ажиллах хүчний гадагшлах урсгалыг саармагжуулах, хүн амын төвлөрлөөс үүдсэн орчны бохирдол, түгжрэл зэрэг асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төсвийг оновчтой төлөвлөж, төсөл, хөтөлбөрийн эрэмбийг зөв тогтоох, салбар хоорондын уялдааг хангах, Засгийн газар бүтцийнхээ хэмжээнд иргэний нийгмийн оролцоог дэмжиж, хамтран ажиллах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг шийдвэртэйгээр эрчимжүүлэхтэй холбоотой саналуудыг гишүүд хэлж байлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Гишүүд үг хэлж дууссанаар Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хуралд танилцуулсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг Улсын Их Хурал ийн сонсов. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг ийнхүү Улсын Их Хуралд танилцуулсны дараа Ерөнхийлөгчид танилцуулаад, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон байна. Засгийн газрын гишүүдээ томилсон талаараа Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулаад “М анай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүний МАН-аас 16 сайд, ХҮН-аас 2 сайд, ИЗНН-аас 1 сайд томилогдсон байна. Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан, туршлагатай сайд нар бол үлдсэн 50 хувь нь анх удаа томилогдож байна. Засгийн газрын нийт гишүүдээ Улсын Их Хуралд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль дээдлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хариуцсан ажил, албан үүрэгтээ эзэн болж, мэдлэг, ур чадвараа бүрэн дайчилан, танхимын зарчмыг чанд сахиж ажиллана гэдэгт итгэлтэй байна ” гэв. Мөн тэрбээр шинэ Засгийн газар үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг төлөвшүүлж, хүний хөгжлийн цогц шийдэл, үндэсний аюулгүй байдал, монгол хүний эрх ашигт нийцүүлэн тулгамдаж байгаа асуудлуудыг эрэмбэ, шат дараатай шийдвэрлэх, төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, ил тод, нээлттэй нэгдмэл байдлыг чанд сахиж ажиллахаа илэрхийллээ. Хариуцлагын тогтолцоог чангатгах, татвар, Нийгмийн даатгалын сангийн цогц реформ, Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр санаачилгатай, шуурхай ажиллаж тухай бүрдээ Улсын Их Хуралд үр дүнгээ тайлагнах болно гээд “Нэг бодлого-нэг зүтгэл уриаг хэрэгжүүлж, шударга ёс, эв нэгдлийг хангаж ажиллана” хэмээсэн юм. Дараа нь Засгийн газрын хамгийн ахмад гишүүн буюу Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тангаргийг уншиж, Засгийн газрын нийт гишүүд тангараг өргөв. Дараа нь ш инээр томилогдсон Засгийн газрын гишүүн тус бүр Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдын тэргүүлэн ажиллах Засгийн газар байгуулагдав. Засгийн газрын гишүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсож, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөсний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх шинэ баг үүрэгт ажилдаа орж буй түүхэн мөч тохиож байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлээд “Энэ бол зөвхөн улс төрийн шинэчлэл биш, харин иргэдийн итгэлийг хүлээж, шинэ хөгжлийн гарцыг нээх хариуцлагатай цаг үе юм. Монгол төрийн туйлын зорилго бол ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, шударга ёсыг тогтоож, үндэсний хөгжлийг урагшлуулах юм” хэмээлээ. Тиймээс өнөөдөр томилогдож буй шинэ сайд, яамдын удирдлагууд нь үүрэг хариуцлага, хүлээлт өндөр цаг үед албан тушаалдаа томилогдож байгааг онцлон сануулаад, цаашид анхаарч ажиллах асуудлуудыг сайд тус бүрд хандан танилцууллаа. Төсгөлд нь тэрбээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд, сайд нарт ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөв . Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ОРЛОГО 22 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Улаанбаатар хот 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийж, улмаар нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөөр байна. Мөн өнгөрсөн тавдугаар сард нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдсэн. “Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого 2025 оны эхний таван сарын байдлаар 16.1 тэрбум төгрөг болж, нийт 3.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. 2025 оны эхний тавах сарын байдлаар нийт зорчилтын тоо 68.4 сая болж өссөн аж. Үүнээс авч үзвэл, 2025 оны эхний таван сарын байдлаар 22 гаруй тэрбум төгрөг бүрдсэн гэсэн үзүүлэлттэй байна.

ЭНЭ ӨВӨЛ САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТҮЛЭХГҮЙ ХАГАС КОКС ТҮЛНЭ

"Энэ онд сайжруулсан түлш түлэхгүй. Оронд нь хагас кокс түлнэ" гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Гэхдээ гэр хорооллын айлуудын зуухыг солихгүй гэв. Тэрээр "Хүний ам нас, эрүүл мэнд чухал тул технологийн шинэчлэл хийнэ. Энэ жил шууд худалдан авалтаар хагас кокс авна. Хамгийн сүүлийн загварууд ирсэн, бид айлуудад туршиж байна. Гэхдээ бид ОХУ-ын стандартаас барууны стандарт руу шилжих шаардлагатай. Барилга хот байгуулалтын яамны эрдэмтдийн зөвлөл хуралдсан. Сайжруулсан түлшний хоёр үйлдвэрийн менежментийг хот хүлээн авсан. Эдгээр хоёр үйлдвэрт сүүлийн 40 мянган тонн мидлингээ үйлдвэрлэж байна. Цаашид дахин мидлинг суурьтай түлш үйлдвэрлэхгүй. 800-аас дээш хэд жигнэсэн, давирхай, угаарын хийг нь шүүж устгасан, хагас кокс бэлэн түлш худалдан авна. Ингэснээр одоо гаргаж буй зардлаас 300 тэрбум төгрөг хэмнэнэ" хэмээв.

ЖИЛ БҮР 1,7 ИХ НАЯД БУЮУ 300-400 МВТ-ТАЙ ТЭНЦЭХ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ХӨРӨНГИЙГ ХҮҮХДИЙН МӨНГӨ БОЛГОЖ ОЛГОДОГ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан "Жил бүр 1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулдаг. Энэ нь 300-400 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих хөрөнгө. Цаашид өрхийн орлогоос үл шалтгаалж, хавтгайруулж олгосон халамжийг ЗОРИЛТОТ БҮЛЭГТ нь хүргэх шаардлагатай байна.Өрхийн орлогоос үл шалтгаалсан, 40 орчим төрлийн хөтөлбөрийг хавтгайруулан олгож байна хэмээв. Хүүхдийн мөнгө тэтгэмжийг анх 2005 онд сар бүр 3000 төгрөгөөр олгож эхэлсэн бөгөөд 2005-2023 онд хүртэлх 18 жилийн хугацаанд нийт 7.2 их наяд төгрөг зарцуулжээ. 0-18 насны хүүхдүүдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан хувь хэмжээ: 2005 онд 34% 2006 онд 70% 2007-2016 оны 6 сарыг дуустал 100% 2016 оны 7 сараас 60% 2017 онд 100% 2018 оны 3 сарыг дуустал 60% 2018 оны 4 сараас 80% 2019 онд 80% 2020-2022 онд 100% 2023 онд нийт хүүхдийн 91% Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээ: 2005- 2007 оны хагас жил хүртэл сар бүр 3 000 төгрөг 2007 оны 07 сараас 2012 оны 09 сар хүртэл улиралд 25000 төгрөг 2012 оны 10 сараас 2019 оныг дуустал сар бүр 20000 төгрөг 2020 оноос сар бүр 100 000 төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулж байна.

Байнгын хорооны дарга Б.Баярбаатар: “Гурван төгөлдөршил”-ийн зорилго хэрэгжвэл нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдал буурна

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран “Парламентын шударга байдал ба Ёс зүйн дүрэм” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр /2025.06.17/ зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Жаргалан, Б.Хэрлэн, Д.Энхтуяа болон Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны ажилтнууд, Монгол Улсын Ёс зүйн хороо, төрийн зарим байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид зэрэг нийт 70 гаруй хүн оролцсон бөгөөд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Судалгааны хэлтсийн дарга Г.Гэсэр чиглүүлэгчээр ажиллав. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламент энэ бүрэн эрхийн хугацаанд “Хүн төвтэй хууль” буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх; “цаг үеийн шаардлагад нийцсэн хууль” буюу нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх; “иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль” буюу хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “Гурван төгөлдөршил”-ийг Улсын Их Хурлын даргын санаачилгаар эхлүүлээд байна. Бидний “Гурван төгөлдөршил”-ийн зорилго хэрэгжих аваас, нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдал буурч, ёс зүйт төрийн албыг бэхжүүлэхэд дорвитой алхам хийгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 156 дугаар захирамжаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байна. Энэхүү ажлын хэсэг нь төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн уялдаа холбоо, хийдэл, хэрэгжилтийн явцыг судалж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангах эрх зүйн орчныг бэхжүүлэх санал боловсруулна гэдгийг онцлон тэмдэглэв. Цаашид Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын болон олон улсын түншүүдтэйгээ Ёс зүйн дүрмийг олон улсын жишигт нийцүүлэх, нээлттэй, хариуцлагатай парламентын үйл ажиллагааг бүрдүүлэх, иргэдийн итгэлийг хадгалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгааг Байнгын хорооны дарга дурдахын зэрэгцээ энэ нь зөвхөн уулзалт биш, харин ардчилсан институцийг бэхжүүлэх хамтын шийдвэр байх болно гэж байлаа. Дараа нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институцын, хүний эрхийн алба (АИХЭА)-ны Ардчилсан засаглал, жендерийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Юлия Нетесова үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, Ардчилалтай холбоотой асуудал олон нийтэд нээлттэй, бүгдэд хүртээлтэй сэдэв байдаг бөгөөд энэ талаар ярилцах нь хамгийн чухал асуудал гэдгийг дурдав. Мөн тэрбээр Байнгын хорооны дарга Б.Баярбаатарын хэлсэнчлэн парламент хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн хууль боловсруулах бодлогын асуудалд бид ч бас төвлөрч ажиллаж байгаа гээд Монголд ардчилал, парламентын шударга байдлыг бэхжүүлэхэд энэ удаагийн хэлэлцүүлэг чухал, үр дүнтэй байна гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институцын, хүний эрхийн алба нь ардчиллын шударга байдалд төвлөрч ажиллаж байгааг дурдаад парламентын шударга байдлын хүрээнд хийсэн судалгаа, олон улсын туршлагыг танилцуулахаар болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг гэж байлаа. Ийнхүү хэлэлцүүлэг ЕАБХАБ-ын АИХЭА-ны Ардчилсан засаглал, жендерийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Юлия Нетесова, ЕАБХАБ-ын АИХЭА-ны Авлигатай тэмцэх төв, Ардчилсан засаглал хэлтсийн мэргэжилтэн Нина Чантурия нарын “Төрийн албаны ёс зүй, шударга байдал: ЕАБХАБ-ын бүс нутаг дахь сайн туршлага” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн. Уг илтгэлд шударга байдлын тухай ярих шалтгаан, үүнийг хэрхэн ойлгох, шударга байдал авлигатай тэмцэхэд хэрхэн тусалдаг талаар болон ашиг сонирхлын зөрчил, ёс суртахууны үнэт зүйлсийн талаар хөндсөний зэрэгцээ олон улсын дадлага туршлага, судалгаанаас танилцуулж байлаа. Тухайлбал, Төрийн албаны шударга байдал гэдэг нь төрийн албанд нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, ёс зүйн нийтлэг үнэт зүйлс, зарчим, хэм хэмжээг тууштай уялдуулж, дагаж мөрдөхийг хэлнэ гэж байлаа. Мөн шударга байдлын тухай ярьснаар ардчилсан институцуудын хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн байдал, чанар нь олон нийтээс ирэх итгэл, итгэлцэл, оролцооноос хамаарах тул шударга байх тусам илүү их итгэл хүлээхийн зэрэгцээ шударга байдал нь сайн засаглал, тууштай ардчиллын шалгуур үзүүлэлт болдгийг илтгэлд дурдсан байв. Түүнчлэн Ёс зүйн дүрэм баталсан үндэсний парламентуудын талаар илтгэлд дэлгэрэнгүй дурдсан. Доорх зурагнаас харна уу. Ёс зүйн дүрмийн агуулга, бүтэц, хэрэгжүүлэх арга хэлбэрээрээ улс орнууд ч ялгаатай ч үр дүнтэй хэвээр байгааг илтгэгчдэд онцлон тэмдэглээд уг дүрэмд авлигатай тэмцэх, дарамт шахалтын эсрэг хэрэгжүүлэх агуулгыг зайлшгүй тусгахын зэрэгцээ үүнийг хэрэгжүүлэхдээ бие даасан болон хөндлөнгийн зохицуулалтын аргыг ашиглах нь зүйтэй гэж байлаа. Дараа нь хэлэлцүүлэгт оролцогчид сэдвийн хүрээнд асуулт асууж, чөлөөтэй санал солилцож, байр сууриа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм, ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн зөрчил, парламентын ёс зүйн тогтолцооны талаар” сэдэвт илтгэл тавьсан. Тэрбээр, парламентын ёс зүй-ардчиллын суурь багана, монголын төрт ёсны уламжлал, Монгол Улсын парламентын ёс зүйн төлөвшил, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм, парламентын ёс зүйн өнөөгийн төлөв байдал, УИХ-ын бодлого-парламентын ёс зүйн талаар хөндөж ярьсан юм. Тэрбээр илтгэлдээ, Парламентын үйл ажиллагааны тулгын гурван чулуу нь шударга байдал, ёс зүй, итгэлцэл гурав гээд Ард түмний төлөөллийг хэрэгжүүлэгч ардчиллын гол институци болох парламент нь иргэдийн итгэл дээр тогтдог. Харин энэ итгэлийг хадгалах нь ёс зүйн чанд хэм хэмжээ, хариуцлагын тогтолцооноос шууд хамаарна гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн парламентын шударга байдал гэж парламентын гишүүд болон төрийн байгууллагууд нь төрийн эрх мэдлийг ил тод, хариуцлагатай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, иргэдийн итгэлийг хүлээхүйц ёс зүйн зарчмаар хэрэгжүүлэх чадвар юм гэдгийг дурдахын зэрэгцээ с үүлийн жилүүдэд дэлхий нийтийн жишигт парламентын гишүүдийн ёс зүйн дүрэм, сонирхлын зөрчлийг ил тод болгох механизмууд, гишүүдийн орлого, хөрөнгийн мэдүүлэг, бие даасан хяналтын байгууллагууд тогтмол хөгжиж байгааг онцлон тэмдэглэв. Монгол Улсын парламентын ёс зүйн төлөвшил болон парламентын ёс зүйн өнөөгийн төлөв байдлын талаарх холбогдох мэдээллийг доорх зурагнаас харна уу. Байнгын хорооны дарга илтгэлдээ, Олон улсын байгуулагаас албан тушаалтан хувийн ашиг сонирхлынхоо улмаас нийтийн эрх ашгийг хамгаалах чадвар сул байгаа тул ашиг сонирхлын зөрчлийг цэгцлэх, парламентын эрх зүйн орчныг шинэчилж байгаа ч ил тод байдал, хяналт-шинжилгээний механизмуудыг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт өгсөн гэдгийг онцолсон. Түүнчлэн уг илтгэлд Улс Их Хурлын зүгээс УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ Ёс зүй, дэгийн байнгын хороо нь гомдол, зөрчлийн шалгалт, зөвлөмж, сургалт зэрэг ажлуудыг тогтмол хийж, төрийн албан тушаалтны манлайлал үзүүлэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа талаар дурдсан байлаа. Хэлэлцүүлэг үдээс хойш сэдвийн хүрээн дэх багийн ажиллагаагаар үргэлжилсэн. Оролцогчид багт хуваагдан ашиг сонирхол, ёс зүйн зөрчилтэй холбоотой кейс судалгаанд тулгуурлан дүн шинжилгээ хийж, Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн хүрээнд дүгнэлт гарган ажилласан. Багуудын чиглүүлэгчээр ЕАБХАБ-ын АИХЭА-ны Авлигатай тэмцэх төв, Ардчилсан засаглал хэлтсийн мэргэжилтэн Нина Чантурия, Ардчилсан засаглал, жендерийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Юлия Нетесова, ЕАБХАБ-ын Улс төрийн намын шинжээч, Ноттингхэмийн Их Сургуулийн Профессор Фернандо Касал Бертоа, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Судалгааны хэлтсийн дарга Г.Гэсэр нар ажилласан юм. Эцэст нь “Парламентын шударга байдал ба Ёс зүйн дүрэм” сэдэвт хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Сүүлийн жилүүдэд манай улсад ардчилсан тогтолцоо хэврэгшиж, хүний эрх, эрх чөлөөнөөс ухарч буй үзэгдэл олширч байгаа тул улс төрчид, тэр дундаа ардчилсан сонгуулиар ард түмний элч болон сонгогдож тангараг өргөсөн парламентын гишүүд илүү их хичээл зүтгэл гарган ажиллах шаардлагатайг илтгэж байна. Үүнд 126 гишүүнтэй анхны парламент Монголын ардчиллын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Ардчилал, төрд итгэх итгэл сулрах болсон энэ үед парламентын танхим шударга ёсны индэр байж, иргэд сонгогчдын итгэлийг хүлээсэн парламентын гишүүд ёс зүйн хувьд хариуцлагатай ажиллах шаардлагатай. Ингэж байж парламентын дархлаа бэхэжнэ гэдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн тэрбээр Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг баталж, энэ хүрээнд хийж буй ажлуудад УИХ дахь намын бүлгүүд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Мөн парламентад суудалтай намын гишүүд Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Төсөлд парламентын танхим дахь мэтгэлцээнийг илүү нээлттэй, ил тод болгох чиглэлээр Ерөнхий сайдын асуулгыг УИХ-ын цаг болгож, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг парламент шуурхай хэлэлцдэг байх чиглэлийн өөрчлөлтүүдийг тусгасан. Хэлэлцүүлэгтэй холбоотой нэг чухал заалт нь парламентын танхимд мэдээлэл хийж байгаа албан хаагч худал мэдээлэл хийвэл тодорхой хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Ингэснээр хэлэлцүүлгийн чанарыг сайжруулах, парламентын шударга байдал, ёс зүйн асуудлыг шинэ түвшинд хүргэнэ гэж найдаж байна. Бид парламентад итгэх итгэлийг сайжруулж, эл танхим ёс зүй, шударга ёсны хувьд үлгэр жишээ байснаар төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, ардчилсан тогтолцоогоо хамгаалж, илүү сайжруулж, бэхжүүлж авч үлдэнэ хэмээв. Харин Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институцын, хүний эрхийн албаны Ардчилсан засаглал, жендерийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Юлия Нетесова эл өдрийн хэлэлцүүлгийг дүгнэхдээ энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй нь Монголын парламент шударга байдлыг бэхжүүлэхэд, идэвх санаачилгатай ажиллаж байгаагийн гол илрэл болж байна гээд хамтын ажиллагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

1 ... 45 46 47 48 49 50 51 52 53 ... 384