НЭГҮҮН МЭДЭЭ
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ БҮХ ШАТАНДАА ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээнд соёл, аялал жуулчлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаа, газар чөлөөлөлтийн ажлын явц, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, “Хүрээ цам-Даншиг наадам 2025” болон Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд дундаж хэрэгжилт нь 71.5 хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд нийт 91 ажилд 5265 нэгж талбар газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн. Үүнээс 2584 нэгж талбарын газрыг чөлөөлж, газар чөлөөлөлтийн ажлын гүйцэтгэлийг чанаржуулж байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. Тодруулбал, гэр хорооллыг орон сууцжуулах ажилд нөлөөлөлд өртсөн 2622 нэгж талбар. Авто зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээний ажилд нөлөөлөлд өртсөн 1178 нэгж талбар байна. Сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол, гал түймэр унтраах анги, хог шатаах үйлдвэр болон бусад нийгмийн дэд бүтцийн чиглэлийн ажилд нөлөөлөлд өртсөн 1465 нэгж талбар байна. Үргэлжлүүлэн нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг танилцуулав. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх, ялангуяа явган хүний замын ажил, барилга байгууламж, дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудаа эрчимжүүлэх, Нийслэлийн төсвийн тодотголын бэлтгэлийг сайтар хангаж ажиллах, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын ажлын уялдаа холбоог сайтар хангаж, бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх, Хог, хаягдлыг цагийн хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх ажлыг газар дээр нь явж хэрэгжилтэд хяналт тавих, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг тогтмол шалгаж, инженерийн шугам, сүлжээний ажлуудыг эрчимжүүлэх, Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг шалгаж, дугаарыг стандартад нийцүүлэх, Нийслэлийн дүүрэг, хороод уялдаа холбоотойгоор чанартай ажлуудаа гүйцэтгэх, Замын хөдөлгөөний хяналтын камер, зөрчлийн арга хэмжээг чанаржуулах, үзэгдэх орчинд нөлөөлж буй мод, бут, кабель шугамыг цэгцлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

ЭНЭ САРЫН 23-29-НИЙ ӨДРҮҮДЭД 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТОД БОЛНО

НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зургаадугаар сарын 23-29-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй. Тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөх юм. Мөн тэмцээний үеэр спортын тоглолтууд болохоос гадна хөгжөөнт шоу, урлагийн тоглолт, спортын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, үндэсний болон олон улсын хоолны өдөрлөг болно. Ташрамд, манай улс нь Ази тивдээ ийм хэмжээний тэмцээнийг зохион байгуулж буй анхны орнуудын нэг болж байна. Тэр ч утгаараа Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн хөгжлийг олон улсад сурталчлах, дотоодын залуу тамирчдад урам зориг өгөх, спортын аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой үйл явдал болж буй.

Олон улсын парламентын холбоотой хамтран НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлаас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх уулзалт-хэлэлцүүлгийг энэ сарын 23, 24-ний даваа, мягмар гарагт зохион байгуулна. НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR) болон Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороо (CEDAW) зэрэг механизм дахь парламентуудын оролцоо, түүнийг бэхжүүлэх арга зам, шийдлийг энэхүү уулзалт-хэлэлцүүлгээр иж бүрнээр авч хэлэлцэх юм. Уулзалт-хэлэлцүүлгийн эхний өдөр Монгол Улс ба НҮБ-ын хүний эрхийн төлөв байдал, хяналтын байгууллагууд, Э мэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, уг конвенцийн хороо, конвенцийн хэрэгжилт, бодит байдлын талаарх дөрвөн хэсгийн хэлэлцүүлэг явагдана. Эдгээрээр НҮБ-ын хүний эрхийн гэрээ, механизмууд, мөн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн механизм, Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэл, түүнийг хэлэлцүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ. Мөн Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, түүний нэмэлт протокол, үүнд нэгдэн орсны ач холбогдол, зорилт, уг конвенцийн хороо ба парламентын хамтын ажиллагаа, Монгол Улсаас 2022 онд хэлэлцүүлсэн 10 дахь тайлан, түүний хэрэгжилт, уг тайланг хэлэлцүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих парламентын үүрэг, парламентын гишүүдэд зориулсан энэ талаарх гарын авлага, Бүгд Найрамдах Узбекистан Улсын жишээ, Хүний эрхийн төлөв байдлын 2020 оны ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд гарсан ахиц, дэвшил, цаашид сайжруулах чиглэлүүд, энэ асуудлаарх парламентын механизм зэрэг илтгэл, сэдвүүдийг хэлэлцэж, дүгнэлт хийн, эн тэргүүнд анхаарах асуудлуудыг тодорхойлно. Түүнчлэн уулзалт-хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооны ерөнхийлөгч болон гишүүн асан, Олон Улсын Парламентын Холбооны Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн асуудлаарх шинжээч, Бүгд Найрамдах Гана Улсын Хуулийн хүрээлэнгийн ректор Хилари Гбедемах, Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн шинжээч Бутайна Ламхарзи, Олон улсын парламентын холбооны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан Мариана Дуарте, Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Т.Амгалан, “ Хүний эрх хөгжил төв” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Уранцоож нар илтгэл тавих юм. Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламент Олий Мажилисын хууль тогтоох танхимын гишүүн, Узбекистаны Хүний эрхийн үндэсний төвийн захирал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хорооны гишүүн Саидов Акмал Холматович цахимаар оролцож, илтгэл танилцуулга хийнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.20) Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ . Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 27 тусгай сан байхаар заасан бөгөөд эдгээрт нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагаа, газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэд, хуулийн этгээдийн нөхөх олговрын санхүүжилтийг шийдвэрлэх сан байдаггүй. Иймд хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор уг хуулийн төсөлд тусгасан хэмээн танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төрийн ордонд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуул на. Даатгуулагчийг төлөөлсөн нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг хамтран ажиллахыг урьж байна. Холбогдох утасны дугаар: 51-261029, 51-265010, 96062488 Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг холбоосоор нэвтэрч үзнэ үү.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ СУРТАЛЧИЛЖ, УРИАЛБАЛ ₮5 САЯАР ТОРГОНО

Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт тааврыг бүрэн хориглох хуулийг санаачилж, УИХ баталсан. Зөрчлийн тухай хуулийн 10.1.6-д Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгж, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Энэхүү хууль нь зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөгдөх бөгөөд Цахим мөрийтэй тоглоомыг сурталчлах, уриалах зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл болохыг сануулж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ОЙРЫН ӨДРҮҮДЭД 30 ХЭМ ДАВЖ ХАЛЖ, САРЫН СҮҮЛЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ УСАРХАГ ААДАР БОРОО ОРНО

ОБЕГ, ГУББГ, ЦУОШГ-аас өнөөдөр /2025.06.19/ гол, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн инженер Д.Жаргалан, "Ойрын өдрүүдэд 30 хэм давж халж, сарын сүүлээр их хэмжээний усархаг аадар орно. Тиймээс эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдээ гол ус руу явуулахгүй байх хэрэгтэй бөгөөд наршихаас сэргийлэхийг анхааруулж байна. Халалт энэ сарыг дуустал үргэлжлэх юм. Харин энэ сарын сүүл, ирэх сарын эхээр Улаанбаатар хотод ус ихтэй аадар бороо орох тул үерийн эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна" гэлээ.

ИРЭХ ӨВӨЛ ИМПОРТЫН БЭЛЭН ТҮЛШ ХУДАЛДАЖ АВНА

Засгийн газрын 2024 оны 22 дугаар тэмдэглэл болон 2025 оны 2 дугаар тэмдэглэлээр сайжруулсан шахмал түлшний туршилтын ажлыг итгэмжлэгдсэн лабораториудын буюу TTRC, ALS, Ашигт малтмал газрын тосны газар, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын лабораторийн шинжилгээнд хүргүүлсэн. Шинжилгээгээр баяжуулсан нүүрсээр хийсэн шахмал түлшний хаягдал утаанд хүхэрлэг хий, угаарын хийн агуулга MNS5216:2016 стандартын шаардлагыг хангаагүй. Тиймээс Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс шахмал түлш үйлдвэрлэлд ашиглах тохиолдолд дахин баяжуулах, баяжуулалтын технологийг өөрчлөх эсвэл анхдагч нүүрсний өөр эх үүсвэрийг судлах шаардлагатай гэж үзэж АББҮХ-ны тогтоолоор ирэх галлагааны улиралд импортын бэлэн түлш оруулж ирэх шийдвэр гарсан. Мөн холбогдох бусад тогтоол, шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод ирэх өвлөөс сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхгүй. 2025-2026 оны галлагааны улиралд 340 мянган тонн шахмал түлш худалдан борлуулахаас 40 мянган тонн нь одоо бэлтгэгдэж буй мидлингээр хийсэн шахмал түлш, 300 мянган тонн нь импортын бэлэн шахмал түлш буюу хагас коксон хөх нүүрс байхаар төлөвлөж байна. Дараах тогтоол, шийдвэрүүдийн дагуу импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн гуравдугаар хуралдаанаар: -“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн олборлож буй “тэг” давхаргын нүүрсний баяжуулсан нүүрсний хүхэрлэг хийн хүлцэх хэмжээ стандартад заасан хэмжээнээс дунджаар 1.66 дахин их, нүүрстөрөгчийн дутуу ислийн хүлцэх хэмжээ 1.45 дахин их байгааг анхаарч, анхдагч нүүрсний өөр эх үүсвэрийг судлах шаардлагатай. Хагас коксон шахмал түлшийг импортоор авахдаа тухайн түлшний дээжийн нарийвчилсан шинжилгээг хийж, дүгнэлт гаргуулна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор: -Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон. Үүнийг тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн шинээр үйлдвэрлэх гэж буй сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Эрдэнэс тавантолгой' ХК-ийн олборлож буй “тэг” давхаргын нүүрсний баяжуулсан нүүрсний чанарын үзүүлэлт, уг түүхий эдээр үйлдвэрлэсэн түлшний үзүүлэлт стандартын шаардлага хангаагүй дүн, Эрчим хүчний сайдын 2023 оны А/94 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн туршилт, судалгааны ажлын тайланд үндэслэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон 2025-2026 оны галлагааны улиралд түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын бэлэн түлшийг (хөх нүүрс) хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, "Тавантолгой түлш" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Д.Амгалан нарт даалгасан байдаг.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганаар хэлэлцэн баталсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль” нь тухайн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгодоо хүрсэн учраас уг хуулийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага үүссэн талаар танилцуулав. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд салбар яамнаас хэлэлцүүлгүүдийг хийж, тариаланчид, үйлдвэрлэгчид улаанбуудайн гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг хүчингүй болгох санал, шаардлагыг гаргасан гэлээ. Тиймээс уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, Улсын Их Хуралд яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, А.Ундраа нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт их байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нь хүндрэл учруулж байгаа учраас НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүдийн НӨАТ-ын өр 540 тэрбум төгрөгт хүрч, эдгээр хувийн хэвшлүүдийн дансыг хаах нөхцөл байдал үүссэн гэлээ. Манай улсын НӨАТ-ын орлого өсч, орлого цуглуулах чадвар нэмэгдэж байгаа хэдий ч үр дүнд нь инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байна гэдгийг хууль санаачлагчид онцоллоо. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувийн хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” заалтын “… 10 хувиар ногдуулна.” гэснийг “… 5 хувиар ногдуулна” гэж өөрчлөх санал гаргажээ. Хуулийн өөрчлөлт батлагдсанаар орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, улсын төсөвт цугларах татварын орлого нэмэгдэх боломжтой гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 ... 44 45 46 47 48 49 50 51 52 ... 384