НЭГҮҮН МЭДЭЭ
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.07.03) Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа нэг тонн нүүрсний үнийг 2025, 2026 онд 80 ам.доллар, 2027, 2028 онд 77 ам.доллар байхаар тооцож, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн тооцоо, төсөөлөлд ашигласан. Гэвч хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш зарлагдсан статистик мэдээллээр 2025 оны эхний 5 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспортын үнэ 39 хувиар, нийт экспорт 15 хувиар, төсвийн нийт орлого 11 хувиар тус тус буурсан бөгөөд эдийн засгийн өсөлт 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж саарчээ. Тиймээс дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын хэмжээг бууруулах өөрчлөлт орсонтой холбогдуулан жилийн төсөв болон төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ

Төрийн албаны өдөр, Монгол Улсын Төрийн албаны төв байгууллага-Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой өнөөдөр / 2025.07.03 / тохиож байна. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Төрийн ордонд болж буй Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 330 сум, яам, агентлаг, төрийн байгууллагын төлөөлөл, “Монгол Улсын Төрийн алба ба олон улсын хамтын ажиллагаа, туршлага” олон улсын форумын зочдоос бүрдсэн 800 албан хаагч оролцож байна. Төрийн захиргааны албаны зөвлөлийн анхны гишүүд болох Монгол Улсын Гавьяат хуульч Н.Чадраабал, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Х.Шаандар нар чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Үндэсний чуулганы төлөөлөгчдөд сонордуулж, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнд гардууллаа. Ерөнхийлөгч “Төрийн албан хаагч бүр монгол төр, ард түмэн, үндэсний язгуур эрх ашгийн төлөө, хүчин зүтгэж буйгаа гүнээ ухамсарлаж, хов жив, гүжир гүтгэлгээс ангид, эв эетэй, төрийн албан хаагчийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж, сахин хамгаалж, монгол төрийн түүхэнд зөв мөртэй, шударга үйлстэй байх учиртайг сануулья” хэмээжээ. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа сонордууллаа. Тэрбээр, “Та бүхэнд Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж, орчин цагийн Төрийн албаны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Төрт ёсны өнө эртний түүхтэй манай улс 1990 онд зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, улмаар 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Энэ хүрээнд дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн нийгмийн харилцааг зохицуулах төрөлжсөн хуулиудын тэргүүн эгнээнд Төрийн албаны тухай хууль 1994 онд батлагдаж, орчин цагийн Төрийн албаны байгууллагын үндэс суурь тавигдсан байдаг. Тэр цагаас өдгөөг хүртэл төрийн албаны хөгжил, шинэтгэл тасралтгүй хийгдэж, чадахуйн зарчимд суурилсан төрийн албыг бэхжүүлэх үйл явц өрнөсөөр байна. Монгол Улсын Төрийн албан хаагчийн тоо 1994 онд 141.5 мянга, дундаж цалин 24 мянга, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 292.8 мянган төгрөг буюу 654 ам доллар байсан бол 2024 онд нийт төрийн албан хаагчийн тоо 226.8 мянга, дундаж цалин 2.3 сая төгрөг, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 23.4 сая төгрөг буюу 6898 ам доллар болж өсжээ. Энэ хугацаанд Монгол улсын нийт хүн ам 2,242,998 -аас 3,544,835 болж, дотоодын нийт бүтээгдэхүүн 651,4 тэрбум төгрөгөөс 80.0 их наяд төгрөг болж өссөн байна. Манай улсын өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн хөгжил үе үеийн төрийн албан хаагч Та бүхний хүчин зүтгэлийн үр дүн гэдгийг цохон тэмдэглэж, Монгол төрийн бодлогын залгамжийг хангаж, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа үе үеийн төрийн албан хаагчид Та бүхэнд талархал илэрхийлье” гэлээ. Мөн тэрбээр 2023 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 гишүүнтэй шинээр бүрдсэн Улсын Их Хурал хүн төвт, хүний эрхийг дээдэлсэн, цаг үеийн хоцрогдолгүй, орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх "Гурван төгөлдөршил"-ийн бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд төрийн албаны нэгдсэн удирдлагын тогтолцоог илүү сайжруулахад онцгой анхаарал хандуулж, орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Шинэтгэл өчигдрөөр биш өнөөдрөөр амьсгалж, ирээдүйд тэмүүлж байх учиртай. Тийм ч учраас шинэ Засгийн газар, бүтээмжтэй төрийг төлөвшүүлэх шинэтгэлийг зарласан. Бүх дэлхийг хамран асар хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэм, улс төрийн тогтолцоонд төрийн албаны үүрэг, үйлчилгээ, шинж төрх, ач холбогдол байнга шинэчлэгдсээр байна” гээд Үндэсний чуулганы төлөөлөгчид энэ шинэтгэлд түүчээлж ажиллахыг уриаллаа. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 62 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны анхны гишүүнээр Л.Лингов, Н.Чадраабал, Х.Шаандар нарыг томилж байсан бөгөөд чуулганы үеэр төрийн албаны төв байгууллагын анхдагчдад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ТӨРИЙН АЛБАНЫ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилох тухай" 62 дугаар тогтоолоор Төрийн захиргааны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилсон энэ өдрийг Төрийн захиргааны албаны зөвлөл буюу одоогийн Төрийн албаны зөвлөл байгуулагдсан өдөр хэмээн үздэг. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн албаны өдрийг жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдөр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлж бүхий л мэдлэг ур чадвараараа манлайлан ажилладаг Хан-Уул дүүргийн нийт төрийн албан хаагчдадаа "Төрийн албаны өдөр"-ийн халуун баяр хүргэе Үнэнч албадынхаа хүчинд төр эрхэмсэг оршдог хэмээн хэлсэн өвөг дээдсийнхээ үгээр Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2025.07.02/ өнөөдрийн хуралдаан 12 цаг 56 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтсон. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаан Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн Р.Шинэгэрэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1.0 хувь болгож бууруулах” асуудлаар хуулийн төсөл санаачлах өргөдлийг үүсгэн, уг өргөдлийг 100,187 иргэн гарын үсэг зурж, дэмжсэн асуудлыг Төсвийн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт өргөдлийг шилжүүлсэн. Ажлын хэсэг иргэний гаргасан өргөдлийн асуудлаар онол, практикийн түвшинд нарийвчилан судалж, хувь хүний албан татвартай холбогдох хууль тогтоомж, харьцуулсан судалгаа, лавлагаа, мэдээлэл болон олон улсын байгууллагуудаас ирүүлсэн зөвлөмжтэй танилцсан гэлээ. Мөн хувь хүний орлогын албан татвар нь эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг дэмжих, өрийн тогтвортой байдлыг хангах, эрүүл мэнд, боловсролын салбар дахь төрийн үйлчилгээ, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх зэрэгт чухал үүрэгтэйгээс гадна орлогын тэгш хуваарилалтад нөлөөлж байдгийг дурдаад 2022 оны Улсын Их Хурлын намрын чуулганаар батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогын жилийн татвар ногдуулах орлогын дүнд тодорхой хувь хэмжээгээр албан татвар ногдуулах өөрчлөлтийг тусгасан гэв. Судалгаагаар хувь хүний орлогын албан татвар нь нь 2024 оны байдлаар нийт татварын орлогын 9.6 хувийг бүрдүүлсэн үзүүлэлттэй байна. Уг татварын орлогын 78-80 хувийг цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, бүрдүүлж байна. Олон улсын байгууллага (ОУВС, Дэлхийн банк, OECD)-аас хөгжиж буй орнуудад хүмүүн капитал, чадварыг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, татварын системийг илүү прогрессив болгохыг зөвлөсөн байдгаас гадна ерөнхий, бүх нийтэд хамаарах татварын бууралт хийх нь үр ашиггүй, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө ихтэй, мөн хувь хүний орлогын албан татварыг бүх түвшинд ижил болгож, шатлалгүй хувь хэмжээтэй байх нь өндөр орлоготой хүмүүст илүү ашигтай байдаг талаар ч дурдсан байгааг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа тодотголоо. Иргэний гаргасан өргөдлийн дагуу албан татварын хувь хэмжээг 1 хувь болгох тооцооллыг хийж үзэхэд сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн татварын орлого 2.6 их наяд төгрөгөөр буурч, улсын төсөвт нөлөө үзүүлэхээр байна. Иймд дээр дурдсан хууль тогтоомж, олон улсын байгууллагын зөвлөмж, судалгаанд үндэслэн нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 06 дугаар 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон татварын багц хуулийн төсөлд багтсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх Монгол Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар дүгнэлтийн Үндэслэл хэсгийн 2.3-т заасан “Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд албан татвар төлөгчийн орлогод ногдуулах жилийн албан татварт орлогоос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлэхээр зохицуулсан байх боловч уг татварын хөнгөлөлт нь хүний наад захын хэрэгцээг хангахад шаардагдах орлогыг бүрдүүлэхэд хангалттай дэмжлэг болохуйц биш байх тул Үндсэн хуулийн Оршил хэсэгт дурдсан хүмүүнлэг нийгмийн зарчимд нийцүүлэн хууль тогтоомжийг цаашид боловсронгуй болгох шаардлагатайг дурдах нь зүйтэй.” гэснийг удиртгал болгон нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 06 дугаар 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон татварын багц хуулийн төсөлд багтсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг онцолсон. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 292 дугаар захирамжаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ш.Бямбасүрэн, Д.Ганбат, Б.Заяабал, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нара, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Дав.Цогтбаатар, Б.Уянга, Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг дурдлаа. Ажлын хэсэг гурван удаа хуралдсан бөгөөд ажлын хэсгийн гишүүдээс “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолийн төсөлтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татсантай холбогдуулж, мөн Монгол Улсын 2025 оны улсын төсвийг баталсантай холбогдуулан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 52 дугаар тогтоол, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 54 дүгээр тогтоол бүрэн хэрэгжиж дуусаагүй, түүнчлэн Улсын Их Хурлын Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгээс боловсруулж байгаа “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дээрх тогтоолын төслийн зохицуулалтууд тусгагдсан учраас төслийг хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг тогтоолын төслийг буцаах зарчмын зөрүүтэй санал, мөн ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгагдсан зохицуулалтуудыг холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэн гадаад валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлж, үр өгөөжөө өгөх, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх боломжтой алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 47 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, гадаад валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлж, үр өгөөжөө өгөх, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх боломжтой алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг хангах үүднээс хөрөнгө оруулагч, тусгай зөвшөөрөл эзэмшигчид учирч буй хүндрэл, үүний дотор газар ашиглахтай холбоотой асуудлыг судлан, эрх зүйн орчныг сайжруулж, хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зохицуулалтыг тогтоолын төсөлд нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулсан гэж байлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн. Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Байнгын хорооны хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.07.02) Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Д.Батбаяр, Б.Хэрлэн, Дав.Цогтбаатар, Ч.Ундрам, П.Батчимэг, Х.Болормаа, Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Д.Бум-Очир, Г.Очирбат, М.Сарнай, А.Ганбаатар, С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Б.Пунсалмаа, М.Бадамсүрэн, Д.Жаргалсайхан, Ж.Баясгалан, Б.Бейсен, Д.Ганмаа, Г.Дамдинням, С.Замира, О.Амгаланбаатар, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Р.Сэддорж, Ч.Лодойсамбуу, С.Эрдэнэбат, Ө.Шижир, М.Энхцэцэг, М.Мандхай, Д.Рэгдэл, Ш.Бямбасүрэн, Н.Алтаншагай, Х.Жангабыл, М.Наранбаатар, У.Отгонбаяр, Г.Ганбаатар, Г.Хосбаяр нарын 41 гишүүн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд багш, багшийн туслах, боловсролын удирдах болон мэргэжлийн ажилтан, боловсролыг нийтлэг үйлчилгээний ажилтан гэсэн нэр томъёоны тодорхойлолтыг хуульчлах, хувийн хэвшлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь багш удирдах болон мэргэжлийн ажилтны үндсэн цалинг харгалзах түвшний төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах болон мэргэжлийн ажилтны үндсэн цалин, нэмэгдэл, хөлстэй тэнцүү байхаар тогтоох зэргийг тусгасан. Мөн төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн боловсролын нийтлэг үйлчилгээний ажилтны үндсэн цалин, багшийн үндсэн цалингийн зөрүү 20 хувиас илүүгүй байх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэгт хичээллэх суралцагчийн тоо хэтэрсэн тохиолдолд хүүхдийн тоотой уялдуулсан цалингийн нэмэгдэл олгох, аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтсийн дарга болон төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ЕБС, насан туршийн суралцахуйн төвийн захирлыг 5 жилийн хугацаатай томилох, ажлын гүйцэтгэлээс хамаарч 3 жилийн хугацаагаар улируулан томилох зэргийг тусгасан байна. Түүнчлэн төрөөс боловсролын салбарт ДНБ-ий 7-оос доошгүй хувь, улсийн төсвийн нийт зардлын 20-иос доошгүй хувийг зарцуулдаг болохоор хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төслийн 2 дугаар зүйлд сум, баг, нийслэлд харьяалагдах улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотоос бусад хот, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилтанд 3 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох, дээрх боловсролын байгууллагуудад 25-аас дээш жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн багш, ажилтан өөрөө хүсвэл эмэгтэй 50, эрэгтэй 55 настай тэтгэвэрт гарч болох, тэдгээрт ажилласан нэг жилийг 1,5 жилээр тооцож Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, 15-аас доошгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах зэргийг тусгасан байна . Хуулийн төсөл батлагдсанаар боловсролын санхүүжилт нь боловсролын зорилго, стандартын хэрэгжилтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлж, нэгж суралцагчийн хувьсах зардлын хэмжээ нэмэгдэж, сурч боловсрох орчин сайжирна гэж үзжээ. Мөн багш бэлтгэх тогтолцоонд дэвшил гарч, багш мэргэжил эзэмших өрсөлдөөн бий болж, боловсролыг салбарын багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгаа бодитой дээшилнэ гэж танилцууллаа. Тус хууль нь Монгол Улсын Их Хурлаас дэвшүүлж буй хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаасан байх зарчим, шаардлагад нийцэж буйг хууль санаачлагчид онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ИЦББХ: 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2025.07.01) хуралдаан 16 цаг 52 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29 их наяд 670 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2 их наяд 451 тэрбум төгрөгөөр сайжирч, 920 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан гэв. Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын нийт 51 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна. Улсын төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 211 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 148.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 62.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус Байнгын хороонд харьяалагдах 2 төсвийн ерөнхийлөн захирагчийн 17 төсөл, арга хэмжээнд 122.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 53.3 хувьтай гарсан гэв. Үргэлжлүүлэн Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Инновац, цахим бодлогын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар тоймлон танилцуулав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 14 тайлан нэгтгэгдсэнээс 10 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан тайлант онд гүйцэтгэл гараагүй байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 5 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн тайланд 36 тайлан нэгтгэснээс 16 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамрууллаа. “Хөгжлийн банк” ХХК-д төрийн аудит дүгнэлт гаргаагүй гэв. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 13 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 3 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн байна. Дээр дурдсан аудитын дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулах дараах асуудлуудыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Төрийн үйлчилгээний e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг санхүүгийн тайланд бүртгэх, цаашид хөгжүүлэлтийн зардлыг капиталжуулах асуудлыг шийдвэрлэх; Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас олгосон санхүүжилт нь татаасны хэлбэрт шилжиж байгаад анхаарч тус сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийж, сангийн эх үүсвэрийг дэд бүтэц бүтээн байгуулалтад чиглүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулах асуудлыг анхаарахыг танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр бэлтгэсэн бусад эргэлтийн хөрөнгө дансанд бүртгэлтэй хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч ажиллах; Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах болон төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах шаардлагатай гэв. Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хэрэгжүүлэх дотоод хяналтыг сайжруулах, төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий аудитор хуралдаанд танилцуулсан. Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тус төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай , Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай , Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай , Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төслүүдийн талаар танилцуулсан. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын 2025 оны батлагдсан нийт төсөв 118.4 тэрбум төгрөгөөс 79.6 тэрбум төгрөг болж хөрөнгийн зардлаас 12.4 тэрбум төгрөг, урсгал зардлаас 26.5 тэрбум төгрөг нийт 38.9 тэрбум төгрөг буюу 32.8 хувь буурсан байна. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд туссан төрийн албаны реформын шинэчлэлийн хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулахаар төлөвлөсний дагуу салбарын хэмжээнд нийт 540 орон тоо батлагдсанаас 50 орон тоог бууруулахаар төлөвлөсөн гэлээ. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Х уулийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг өмнөх төсвөөс өөрчлөлтгүй, зарлагыг 53.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Байнгын хорооны хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ дараах асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн санал болгов. Төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх ТЕЗ нарын орон тоог жигд 9 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд ТЕЗ-д өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх эрхийг олгохыг анхаарахыг хүсэв. Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэл байгааг анхаарч үзэхийг дүгнэлтээр санал болгожээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлцүүлгийн явцад гарц шийдэл олох хэрэгтэйг мөн дурдсан. Дээрх саналуудаас гадна төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатны стандартын дагуу хянаж, дүгнэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдол байнга гарч байгааг анхааралдаа авч, дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай байгааг хэллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулсан юм. Улаанбаатар хотод 2025 оны байдлаар цахим шилжилтийн нийт 8 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа аж. Улаанбаатар хотын теле камерын нэгдсэн төв байгуулах, авто замыг бүрэн камержуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд шинээр байгуулагдсан нэгдсэн төв болон 9 дүүрэгт теле камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, өндөр хурдны интернэтээр холбожээ. Төвийн 6 дүүрэг нь 40 гегабайт, алсын 3 дүүрэг 100 мегабайтын урсгалаар холбогдсон. Төслийн гүйцэтгэл 97 хувьтай байгаа гэв. Нийслэл дэх автозамын 176 уулзварын 150 дээр төсөл хэрэгжсэнээс 145 нь хэвийн ажиллаж байгаа юм байна. Харин цахилгааны болон шилэн кабелийн гэмтлийн улмаас 5 уулзвар дээр ажил үргэлжилж байгаа гэв. Камержуулсан 150 уулзвар дээр замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлдэг талаар танилцууллаа. Хоёр дахь төсөл буюу нийтийн тээврийн цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн салбарын томоохон цахим шилжилтийг хийж байгаа хэмээн тодотгоод нийтийн тээвэрт зөвхөн картаар зорчих бус, олон улсын болон дотоодын бүхий л банкны картаар зорчих боломжтой болгожээ. Мөн аппликэйшн ашиглаж төлбөр төлөхөөс гадна шаардлагатай мэдээллээ авах боломжийг бүрдүүлсэн гэв. Нийтийн тээврийн парк шинэчлэлтйг хүрээнд хүн тоологч камер, зорчигч, жолоочийн хяналтын камер, жолоочийн зөрчлийн хянах, дотор хяналтын камерууд, бодит цаг хугацаагаар тухайн автобуснуудыг хянах урд, арын хяналтын камер гэх зэрэг 10-12 хяналтын төхөөрөмжөөр тоногложээ. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар дата центр төслийг танилцуулах үеэр төслүүдийн төсөвт өртөг, хугацаа, зардлын тооцоо гэх зэргийг тодруулах шаардлагын хүрээнд мэдээллийг хойшлууллаа. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авлаа

Монгол Ул сын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх , оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүл ж , оролцоог дээшлүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр өнөөдөр ( 2025.07.01 ) хаалтаа хийлээ. Тус хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний эхэнд дадлагажигч оюутнуудад хандан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үг хэллээ. Тэрбээр, “126 гишүүнтэй анхны парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд нэг жил болж байна. Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөндөө хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн, олон нийтийн оролцоог хангасан байх зэргийг онцлон тусгасан. Энэ хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудыг парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаатай танилцуулах, дадлагажуулах хөтөлбөрийг зохион байгууллаа. Дадлагажигч 30 оюутнаас их сургуулиа төгсөж байгаа дийлэнх оюутнууд Улсын Их Хурлын Тамгын газар болон харьяа байгууллагуудад ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнд хувьдаа баяртай байна. Хууль тогтоомжийн хүрээнд төрийн албан хаагчийн шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд тухайн байгууллагын удирдлагуудад санал болгож, бүрэн дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийллээ. “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрийн удирдагч, Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Булгантамир оюутнуудаа дэмжсэн сургуулийн захирал, удирдлагуудад болон хөтөлбөрт хариуцлагатай хамрагдсан оюутнуудад талархсанаа илэрхийлж, амжилт хүсэв. Отгонтэнгэр их сургуулийн оюутан Г.Ням тунгалаг дадлагын хугацаанд олон зүйлийг сурч, мэдэж авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд “Тамгын газар хараат бус мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй, ил тод, нээлттэй байдлаар Улсын Их Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг юм байна. Энэ бүхэнтэй танилцах, мэдэх боломжийг нээсэн Та бүхэнд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн Монгол Улсын их сургуулийн оюутан М.Маралмаа “Миний хувьд Улсын Их Хурлын Гадаад харилцааны газар дадлагажсан. Манай улсын парламент бусад улс орны парламенттай хэрхэн хамтарч ажилладаг болон олон улсын хурал, зөвлөгөөний зохион байгуулалтын талаар, төрийн өндөр дээд түвшний албан айлчлалуудын ач холбогдлын талаар олон зүйлийг сурч, мэдлээ” гэв. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутан М.Жаргалсайхан “Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын албанд мэргэжлийнхээ дагуу дадлага хийсэндээ баяртай байна. Салбарын бодлого хэрхэн хэрэгжиж байгаа талаар болон төр, хувийн хэвшлийн байгууллагын харилцаанд ямар асуудал тулгардаг талаар ойлголттой болсон” гэлээ. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутан Ш.Амгаланбаяр “Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албанд дадлага хийхэд бүх юм шинэ байлаа. Мэдэхгүй, суралцах зүйл олон гаргасан. Төрийн албан хаагч ямар үүрэгтэй, хэрхэн ажилладаг болохыг дэргэдээс нь харж, мэдэрсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан. Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутан Т.Номинчулуун “Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хуралдаан зохион байгуулах, ажлын хэсэгт ажиллах, нэр дэвшигчийн сонсгол явуулах, баримт бичиг архивлах зэрэг бүх үйл ажиллагаанд оролцсон. Төрийн албанд ажиллахад мэдлэг, мэргэжлийн ур чадвараас гадна багаар ажиллах чадвар, эмх цэгцтэй, хариуцлагатай, ёс зүйтэй хандлагатай байх нь нэн чухал юм байна. Албан бичиг боловсруулахаас эхлээд олон зүйлийг сурч, мэдэж авлаа. Төрийн албаны талаар өмнө нь хэвлэл мэдээллээс сонсдог байсан. Бодитоор ажиллаж үзээд төрийн албанд итгэх итгэл, хүндлэл бий болсон. Мөн Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газар, Байнгын хороод нэг бодлогын төлөө, ганцхан хууль, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлахын тулд хэрхэн цаг наргүй ажилладгийг харлаа. Төрийн алба зүгээр нэг ажил биш, иргэдийн төлөө ажиллах үүрэг хариуцлага байдаг юм байна гэдгийг мэдэрлээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар гурван сарын хугацаанд Улсын Их Хурлын Тамгын газар ажиласан дадлагажигч оюутнуудад батламж гардуулан, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ХЗБХ: Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн ( 2025.06.30 ) хуралдаан 14 цаг 06 минутад гишүүдийн 54.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр товлов. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр даргалсан бөгөөд Олон улсын парламентын өдрийг угтан зохион байгуулсан “Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлгийн талаар мэдээлэл танилцуулж, мэндчилгээ дэвшүүллээ. Өнөөдөр Олон улсын парламентын өдөр тохиож байна. Тус өдрийг энэ жил “Achieving gender equality, action by action” буюу “Жендэрийн тэгш байдал: Үйлдэл үйлдлээр” уриан дор тэмдэглэхээр Олон улсын парламентын холбооноос шийдвэрлэсэн. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд дараах мэдээллийг Б.Энхбаяр гишүүн танилцуулав. Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөндөө хүний эрх, эрх чөлөөг дээдлэн баталгаажуулах зорилтын хүрээнд жендерийн тэгш байдлыг хангах асуудлыг зорилт болгон дэвшүүлж, энэ талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглэв. Мөн энэ өдрийг угтан Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоотой хамтран НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаар хоёр өдрийн уулзалт-хэлэлцүүлгийг 2025 оны 6 дугаар сарын 23, 24-ний өдөр зохион байгуулсныг дурдав. Монгол Улс өнгөрсөн хугацаанд НҮБ-ын хүний эрхийн механизмийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт 2010, 2015, 2020 онд үндэсний илтгэлээ хүргүүлсэн бөгөөд энэ жил буюу 2025 онд дөрөв дэх илтгэлээ хүргүүлэх товтой байгаа юм. Түүнчлэн 2026 оны 7 дугаар сард Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын дараагийн тайланг илгээнэ. Үүнтэй холбоотойгоор тус конвенцын хэрэгжилтийг хангуулах болон хяналт тавих парламентын механизмыг сайжруулж, бэлтгэл ажлыг эхлэх, мөн Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын тайлагнал болон хэрэгжилтийн явцад тавих парламентын хяналтыг нэмэгдүүлэх талаар харилцан туршлага санал бодлоо солилцлоо. Ийнхүү Хүний эрхийн төлөв байдлын тайлагналын механизм болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, түүний хүрээнд Монгол Улсын хүлээж буй үүрэг, парламентын оролцооны ач холбогдлын талаар гишүүн орнуудаас хүлээн авсан зөвлөмжүүдийг хэлэлцэх, тэдгээрийг хэрэгжүүлэхэд парламентын оролцоог нэмэгдүүлэх стратегиудыг хэлэлцсэн нь нэн чухал ач холбогдолтойг Б.Энхбаяр гишүүн хэллээ. Цаашид хүний эрх, жендэрийн асуудлаар анх удаа хийсэн парламентын өөрийн үнэлгээгээр өгсөн зөвлөмжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх , тогтмол мониторинг хийх замаар хэрэгжилтийг хангахыг зорьж ажиллах шаардлагатай байгааг цохов. Түүнчлэн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Хурал, Британийн парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлэг, Олон улсын парламентын холбооны ажлын албаны гурван талт уулзалтыг жендэрийн тэгш байдал сэдвээр зохион байгуулсан гээд “Цаашид хүний эрхийн чиглэлийн хууль тогтоомж, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог институцийн түвшинд хангах олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ бодитой хэрэгжүүлэх, парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд бидний зүгээс идэвх санаачилга гаргаж Олон улсын парламентын холбоо болон бусад улс орнуудын парламенттай хамтран ажиллана” гэв. Төгсгөлд нь Б.Энхбаяр гишүүн Олон улсын парламентын өдрийн мэндийг дэвшүүлээд үйлдэл бүрээрээ жендэрийн тэгш байдлыг хангахыг уриаллаа. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн, Улсын Их Хурлын 2025 оны хаврын чуулганы 6 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт танилцуулсан. Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах Авилгатай тэмцэх газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комисс, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын нийт 276 төсөвт байгууллага, 2 төсөл, сан, төрийн өмчийн 12 аж ахуйн нэгжийн, нийт 233 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан болохоо Сангийн сайд танилцуулав. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр Хууль зүйн байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их наяд 739 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 1 их наяд 578.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 160.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус Байнгын хороон харьяалагдах 5 төсвийн ерөнхийлөн захирагчийн 51 төсөл, арга хэмжээнд 160.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 87.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Дараа нь Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 232 тайлан нэгтгэснээс 129 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 103 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 125 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 4 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн байна. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны санхүүгийн тайланд 2 тайлан нэгтгэснээс 1 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, нэг байгууллагыг түүвэрт хамруулжээ. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон харьяа байгууллагад “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн гэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 43 тайлан нэгтгэснээс 27 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 16 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон 27 байгууллагад “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ. Шүүхийн сахилгын хорооны даргын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Улсын Ерөнхий прокурорын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн. Санхүүгийн нэгтгэсэн тайланд 44 тайлан нэгтгэснээс 29 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 15 байгууллагыг түүвэрт хамруулж, харьяа 29 байгууллагад “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Авлигатай тэмцэх газар даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Ингээд Байнгын хороо Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Дэлхий дахинд үүсээд буй сорилт, бэрхшээлийн Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, мөн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4 дэх заалтын дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гэв. Эдийн засгийн сорилт, хүндрэлийг даван туулахад төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалт онцгой чухал үүрэгтэй. Тиймээс “Хэмнэлтийн” хэмээн тодорхойлж болох энэхүү тодотголд бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмыг баримталсан гэлээ. Цомхон, бүтээмжтэй төртэй байх хүрээнд төрийн албаны орон тоог 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн 9 хувиар бууруулахаар тооцсон байна. Мөн төрийн тусгай байгууллагаас бусад төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн зардал, төрийн өндөр, дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасын зардал, байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшуулал, хөтөлбөр, арга хэмжээний зардал зэргийг хэмнэхээр тооцож холбогдох өөрчлөлтийг тодотголын төсөлд тусгажээ. Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 96.4 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 3.8 тэрбум төгрөг, нийт 100.2 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Салбарын хэмжээнд 1,000 орон тоо буурч, 27,452 орон тоотой байхаар тооцсон болохыг Сангийн сайд танилцуулав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 57.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 10.2 тэрбум төгрөг, нийт 67.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Салбарын хэмжээнд 216 орон тоо буурч, 2,199 орон тоотой байхаар тооцсон байна. Улсын Ерөнхий прокурорын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 13.1 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 0.01 тэрбум төгрөг, нийт 13.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Салбарын хэмжээнд 132 орон тоо буурч, 1,370 орон тоотой байхаар тооцсныг Б.Жавхлан сайд танилцуулсан. Бусад салбар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Сахилгын хорооны дарга, Авлигатай тэмцэх газрын дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 9.2 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 1.1 тэрбум төгрөг, нийт 10.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Бусад салбаруудын хэмжээнд 66 орон тоо буурч, 674 орон тоотой байхаар тооцжээ. Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болох юм байна. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах 8 төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогод өөрчлөлт оруулаагүй бөгөөд зарлагыг 191.4 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Байнгын хороо төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ анхаарал хандуулах хэд хэдэн асуудлыг Ерөнхий аудитор танилцууллаа. Төрийн албан хаагчийн тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын орон тоог жигд 9 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлж болзошгүй гэлээ. Иймд төсвийн ерөнхийлөн захирагчдад өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны бүтээмжийн үнэлгээ хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудынхаа орон тоонд зохицуулалт хийх боломж олгох асуудлыг судалж үзэхийг дурдсан. Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд 2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх гэж заасан. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж, орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үр дагавар үүсгэх эрсдэлтэйг анхаарах шаардлагатай гэв. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-д заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдахаар байгааг хэллээ. Иймд хэлэлцүүлгийн явцад гарц шийдлийг нь тодорхойлох шаардлагатай болж буйг анхаарахыг хүсэв. Үүний зэрэгцээ төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатын стандартын дагуу хянаж, дүгнэлт гарахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдол гарч байгааг анхааралдаа авахыг хүсэв. Аудит дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай байгаагаа дурдсан. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэжээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, П.Сайнзориг, Х.Баасанжаргал нар хууль санаачлагч болон Сангийн сайд, Ерөнхий аудитор, төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан. Хууль зүйн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүн ээс энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хуралдааны төгсгөлд шийдвэрлэсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно.” гэж заасан байдгийг илтгэлийн эхэнд дурдав. Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Харьяатын тухай хуулиар иргэний харьяалал хийгээд Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллыг сэргээн тогтоох, харьяатаас гарахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно.” гэж заасан байдаг. Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болох агуулга бүхий нэмэлт оруулахаар боловсруулсан хэмээн П.Сайнзориг гишүүн танилцууллаа. Хүчин төгөлдөр хуульд “...болно.” гэсэн сонголт бүхий зохицуулалтаар заасан нь аль нэг этгээдэд заавал үүрэг болгосон агуулга байхгүй гэдгийг тэрбээр тодотгов. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа биеийн тамир, спортын талаарх арга хэмжээнүүд нь Монгол Улсад нийтийн биеийн тамир, үндэсний спортыг хөгжүүлэхээс гадна спорт дахь хүний нөөцийн шинэ түвшинд гаргах, олимпизмын хөдөлгөөнийг дэмжих, ялангуяа олимпын хөтөлбөрт багтах спортын төрлийг дэмжих нэгдмэл зорилготой байна. Иймд хуулийн төслийн тандан судалгааны тайланг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир гишүүн асуулт асууж, төсөл санаачлагч П.Сайнзориг гишүүн хариулт, тайлбар өгөв. Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд дэмжсэн эсэх байр сууриа илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний 10 нь Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг мөн гишүүдийн олонх дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд энэ талаарх санал, дүгнэлтээ танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Олон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.06.30) тохиож буй Олон улсын парламентын өдрий г тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. Парламент бол ард түмнийг төлөөлж, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлдэг, хууль тогтоох байгууллага бөгөөд олон талаас асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, олонх, цөөнхөө харилцан хүндэтгэх ардчиллын суурь зарчмыг хэрэгжүүлдгээрээ нийгмийн ардчиллыг нөхцөлдүүлдэг чухал институци юм. Эдүгээ дэлхий даяар 190 гаруй улс, үндэстэн ямар нэг хэлбэрийн парламенттайгаар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 181 нь Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-нд гишүүнчлэлтэй байна. Хүн төрөлхтний ардчиллын тулгуур болсон парламентуудыг нэгтгэж, хамтын ажиллагаа, ардчилал, энх тайван, хүний эрхийн суурь шийдлүүдэд нөлөө үзүүлдгээрээ ОУПХ дэлхийн хамгийн хүчирхэг тогтолцоо болон бэхжиж байна. Тэртээ 1889 онд энэхүү ОУПХ байгуулагдсан түүхт өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей н шийдвэрээр 2018 оноос дэлхий дахинд Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж байна. Энэ өдөр дэлхий дахинд п арламентын үүрэг, ардчиллы н үнэ цэнийг олон нийтэд таниулах , и л тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх замаар ард и ргэдийн итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн парламентын засаглалын шинэчлэлийг дэмжих , з алуу чууд , эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын бүлэг, хэсгүүдийн оролцоог идэвхжүүлж, тэгш байдлыг нэмэгдүүлэх, парламент хоорондын яриа хэлэлцээ , хамтын ажиллагааг өргөжүүл ж, улс үндэстнүүдийн эв нэгдэл, дэлхий дахины амар амгалан байдлыг хангахад Олон улсын парламентын өдрийг тэмдэглэхийн ач холбогдол оршдог юм. Тус өдрийг 2024 он “Энхтайван, итгэлцлийн гүүрийг бий болгох парламентын дипломат ажиллагаа” сэдвийн хүрээнд дэлхийн парламентат улс орнууд өргөн хүрээнд тэмдэглэсэн бол энэ жил “Achieving gender equality, action by action” буюу “ Жендэрийн тэгш байдал: Үйлдэл үйлдлээр ” уриан дор тэмдэглэж байна. Манай улс ОУПХ-ны гишүүнээр 1962 онд элс сэн бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал тус холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм. Дэлхийн парламентуудын нийтлэг жишгийн дагуу манай улсын байнгын ажиллагаатай парламент 1990 онд үүсгэн байгуулагдаж, анхны Улсын Их Хурал 1992 оноос үйл ажиллагаагаа эхэлснээр Монгол Улс болон ОУПХ- ны ойр дөт харилцаа, эрчимтэй хамтын ажиллагаа ны эхлэл тавигдсан юм. Монгол Улсын Их Хурал 2022 онд парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаа нд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар хамтран ажиллахаар ОУПХ-той Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуул ан хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд ардчиллын суурь үнэт зүйл болсон хүний эрх , түүний дотор жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хамгаалах , баталгааг бэхжүүлэх ур чадварыг бий болгох, түүнийгээ тогтмол үнэлж, бэхжүүлж байх тогтолцоог төлөвшүүлэхээр ажиллаж байна. ОУПХ-той байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгий н дагуу Монгол Улсын Их Хурал 2023-2024 онд х үний эрх ийн болон жендэрийн мэдрэмжийн талаарх өөрийн үнэлгээ г Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хийв. Энэ нь Монгол Улсын Их Хурал хууль тогтоох, хяналт тавих болон ард иргэдийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаандаа хүний эрхийг хэрхэн хангаж , хэр зэрэг жендэрийн мэдрэмж тэй ажиллаж байгаагаа ОУПХ-ны боловсруулсан аргачлалын дагуу үнэлэн дүгнэсэн ихээхэн чухал ажил болсон юм. Ингэснээрээ Монгол Улсын Их Хурал дэлхийн парламентуудаас жендэрийн мэдрэмжээ үнэл сэн 13 дахь, хүний эрхийн мэдрэмжээ үнэлсэн анхны парламент болсон юм. Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Их Хурал ОУПХ-той хамтран Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмууд, ялангуяа хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR) болон Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороо (CEDAW)-ны үйл ажллагаанд парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалт-хэлэлцүүлэг нь п арламентын хүний эрхийн үүргийг илүү гүнзгий, бодит түвшинд авч үзэх, улс орнуудын сайн туршлага, арга зүйг харилцан хуваалцах ад чуха ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон энэ үеэр ирүүлсэн мэндчилгээндээ манай улстай явуулж буй хамтын ажиллагааг өндрөөр үнэлж байгаагаа онцлоод, хүний эрхийг хангах, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг бэхжүүлэхэд Улсын Их Хурлын манлайлал, идэвхтэй оролцоо чухал нөлөөтэйг тэмдэглэж, ил тод байдал, хариуцлагатай, хүртээмжтэй засаглалыг дэмжих эд парламентын үүрэг, хувь нэмэр их гэдгийг дурдсан юм. Олон улсын парламентын өдрий г угтсан энэхүү уулзалт-хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОУПХ-ны ажлын алба болон Их Британийн Парламент дахь ОУПХ-той харилцах бүлэгтэй “Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт дугуй ширээний хэлэлцүүлэг явуулж, эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, олон нийтийн болон гэр бүлийн харилцаан дахь эрх, оролцоо тэгш, хүртээмжтэй боломжийг хангах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх нь олон талын эерэг үр нөлөөтэйг тэмдэглэн, энэ талаар идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж, үр дүн гаргаж ажиллахаар тохиролцоод байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

“ЭХЛЭЛ БРЭНД” ХХК-Д 3150 АМ.МЕТР ГАЗРЫГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦ ЗОРИУЛАЛТААР ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛЛАА

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах хуучнаар эмийн үйлдвэрийн барилга байрлаж байсан 3150 ам.метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тавдугаар сарын 21-нд зохион байгуулж, "Эхлэл брэнд" ХХК тус газрыг 9.3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Өнөөдөр “Эхлэл брэнд” ХХК-д албан ёсоор газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг гардууллаа. Энэ үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэл Улаанбаатар хот алдагдсан өмч буюу бусдын хууль бус эзэмшил, ашиглалтад байсан өмч хөрөнгүүдээ эргүүлэн олж авах ажлуудыг зохион байгуулж байгаа. Үүний нэг нь НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилга байсан. Тухайн барилга ашиглалтад ороод 73 жил болсон ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учир өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан. Тавдугаар сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдааг тэгш, хүртээмжтэй, шударга өрсөлдөөний зарчмаар зарласан. Манай үндэсний компани "Эхлэл брэнд" ХХК 9.3 тэрбум төгрөгөөр газрыг худалдан авсан. Тус компани газрын төлбөрийг төлсөн. Нийслэлийн Засаг даргын зургаадугаар сарын 27-ны өдрийн 910 тоот захирамжаар “Эхлэл брэнд” ХХК-д дээрх газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улсын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээг гардууллаа. Энэхүү дуудлага худалдаанаас олсон орлогыг Улаанбаатар хотод зогссон, санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барихад зарцуулна. Мөн нийслэлээс энэ төрлийн алдагдаж, эзэнгүйдсэн барилгуудаа өмчдөө эргүүлэн авах ажлыг үе шаттай зохион байгуулж байна” гэлээ. "Эхлэл брэнд" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ч.Батзаяа “Нийслэлийн зүгээс олон нийтэд жишиг болсон нээлттэй дуудлага худалдааг зарласан. Энэхүү дуудлага худалдаагаар худалдаж авсан 3150 ам.метр газар дээр өвөрмөц дизайнтай орчин үеийн шийдэл бүхий барилга байгууламж сүндэрлүүлнэ. Үүнтэй адил олон нийтэд нээлттэй дуудлага худалдаа цаашид ч жишиг болоосой гэж хүсэж байна.

1 ... 41 42 43 44 45 46 47 48 49 ... 384