НЭГҮҮН МЭДЭЭ
14 БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 14 байршилд явган хүний зам шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байгаа юм. Ингэхдээ стандартад нийцүүлж байгаа бөгөөд өргөн байснаа нарийсах, тасрах, нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн зогсоол болгох, явган зам руу оруулж барилга барьсан зэрэг зөрчлийг арилгуулж байна. Шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй буюу алхахад саад болохгүй. Мөн явган замын хавтанг том хэмжээтэйгээр буюу 30см x 60см болон 30см х 30см хэмжээтэй хийж байна. Ингэснээр дугуй болон скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод саадгүй байх юм. Харин явган замын хуучин хавтангуудыг дүүргүүдэд хүлээлгэн өгч байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ХОРООДОД ХЭРЭГЖИЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЯВЦАД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн өнөөдөр 10 дугаар хороонд ажиллаж, хэрэгжиж буй ажлуудын явцтай танилцлаа. Тус хороонд гэрэлтүүлгийн 425 шонг будах ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол Морингийн 0, 2, 3, 8–12 дугаар гудамжинд зохист найрлагатай сайжруулсан зам тэгшлэх ажил хийгдэж байна. Мөн гудамж талбайд хог хаягдал, шарилж ихтэй байгаатай холбогдуулан иргэдийн бүлэг ажиллуулах, цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

АВТО ЗАМЫН ХАЖУУГИЙН МОДДЫГ СҮЙТГЭСЭН “ХАНГИЛЦАГ” ХХК-Д ХАРИУЦЛАГА НОГДУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтарсан "Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл"-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Удирдлагын акедемийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль /ДХ116-А10-ДХ116-А16 хүртэл/ шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж байна. Гэвч ажил гүйцэтгэх үеэрээ “Жапан таун”-ы автобусны буудлаас баруун тийш 120 метр орчим урт зайд авто замын хажуугийн шар хуайс моддыг сүйтгэжээ. Тиймээс шугамын ажил гүйцэтгэхдээ ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулна. Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 18 дугаар тогтоол "Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ашиглалт хамгааллын ажлын хүрээнд баримтлах журам"-д зааснаар хотын ногоон байгууламжид учруулсан хохирлыг арилгуулж, арга хэмжээ авахаар ажиллаж байна.

ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ ДООР ХЭСЭГТ 1100 МЕТР БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Геодези, усны барилга байгууламжийн газраас хамгийн их ус тогтдог, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулдаг гол байршлуудын нэг болох Энхтайваны гүүрний доор хэсэгт борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна. Жил бүрийн борооны улиралд тус хэсгийн авто зам усанд автаж, тогтсон усыг тогтмол соруулах ажлыг зохион байгуулж ирсэн. Харин энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор долоодугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нийт 1100 метр буюу 1.1 км урттай борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүллээ. Тус ажлыг 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙН АЖЛЫН ДААЛГАВАР БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг Тусгай замын автобус (BRT) төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн ажлын даалгаврыг боловсруулж байна. Мөн төслийн талаар мэдээлэл өгөх, зөвлөлдөх уулзалтыг үе шаттай зохион байгууллаа. Тусгай замын автобус (BRT) төслийг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө–Цэцэрлэгт хүрээлэн чиглэлд нийт 12.7 км, 17 зогсоолтой барихаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд автобус явах тусгай зурвас байгуулахаас гадна дагалдах дэд бүтцийн иж бүрэн шинэчлэлүүдийг хийх юм. Тухайлбал, шугамын дагуу нийт 12.79 км урт шинэ дугуйн зам шинээр барьж, 0.94 км дугуйн замыг сайжруулахын зэрэгцээ, 11.09 км урт явган хүний замыг шинэчлэн тохижуулах бол зам дагуух 83,000 метр квадрат талбайд ногоон байгууламж бий болгох тохижилтын ажлуудыг хийнэ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй уг төслийн ТЭЗҮ-д нөхцөл байдлын шинжилгээ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн төсөөлөл, инженерийн судалгааны тайлан, суурь судалгаа дагалдах судалгаа, төсөлд шаардлагатай бараа, материалын судалгаа зэрэг иж бүрэн мэдээллийг тусгаж ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 10-20 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан. Тусгай замын автобус (BRT) төсөлд хүн төвтэй шийдлүүдийг тусгаснаараа онцлог бөгөөд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд аюулгүй, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэдэг. Жишээлбэл, автобусны шал болон зогсоолын тавцангийн өндөр ижил түвшинд хийгдэж, зорчигч сууж, буухад хүндрэл үүсгэхгүй юм.

“ХҮННҮ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ” БОЛОВСРУУЛАХ ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Олон улсын хот төлөвлөлтийн жишгийн дагуу “Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал” боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зургаадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зарласан. Хүннү хот нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий нийслэл Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжих юм. “Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал”-ыг боловсруулахдаа тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан, орчин үеийн ухаалаг, ногоон технологийг нэвтрүүлсэн, Монгол Улсын түүхэн өв, соёлыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хослуулсан, хүн төвтэй, амьдрахад таатай орчин бүхий хот байхаар төлөвлөнө. Энэхүү сонгон шалгаруулалтад дотоодын болон олон улсын зураг төслийн байгууллага, баг, хувь хүн нээлттэй оролцох боломжтой бөгөөд шилдэг таван байрыг шалгаруулна. Тус үзэл баримтлалыг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг олон нийтэд нээлттэй байдлаар зарлаж дотоод, гадаадын экспертүүдээр бүрдүүлэх юм. Уг сонгон шалгаруулалтын талаар өнөөдрийн байдлаар олон улсын архитектур, хот төлөвлөлтийн мэргэжлийн платформууд, мэдээллийн 10 орчим сайт нийтлээд байгаа юм. “Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал” боловсруулах сонгон шалгаруулалтад оролцоход: Эхний алхам: Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын оролцох багуудын бүртгэл 2025 оны долоодугаар сарын 3-ны өдрөөс 2025 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 12:00 цагт дуусна. Тус хугацаанд бүртгэлээ баталгаажуулснаар үзэл баримтлал боловсруулах ажлын даалгавар болон төлөвлөлтөд ашиглах материалуудыг татаж авна. Хоёрдугаар алхам: Оролцох эрх авснаар үзэл баримтлалыг боловсруулж эхлэх бөгөөд 2025 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 12:00 цаг хүртэл боловсруулсан материалыг зургийн даалгаварт заасан шаардлагын дагуу цахимаар хүлээн авна. Гуравдугаар алхам: Сонгон шалгаруулалтын үнэлгээг гурван үе шаттай явуулж нийлбэр дүнгээр шилдэг бүтээлүүдийг шалгаруулж олон нийтэд нээлттэй хот төлөвлөлтийн үзэсгэлэнг зохион байгуулна.

ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЖ БАЙНА

Туул гол, Дунд голын эрэг дагуу нэгдсэн их цэвэрлэгээ үргэлжилж, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Эко зурвас орчмын хог хаягдлыг 15 байгууллагын 140 хүний бүрэлдэхүүнтэй, 12 машин техниктэйгээр гүйцэтгэж байна. Мөн орчны бохирдол үүссэн голын эрэг, тохижилт бүхий талбайг мэргэжлийн байгууллагаар ариутгаж, халдваргүйжүүлэх ажил хийгдэж байна.

АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙДИЙН БУРХАНЧ ЛАМ Г.ПҮРЭВБАТ АГСНЫ ГЭРЭЭСЛЭЛИЙГ НУУН ДАРАГДУУЛЖ БАЙГАА ЮУ?

Ойрын өдрүүдэд цахим орчинд Аглаг бүтээлийн хийдийг авч явах дараагийн хүний асуудлаар нэлээдгүй маргаантай асуудлууд дэгдээд буй.Тэгвэл “Аглаг бүтээлийн сүм” цахим хаягаар тус хийдийн Удирдах зөвлөлийн зүгээс дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд: Г.Пүрэвбат багш маань Монголын бурхан шашны Урлахуйн ухааны сонин гайхамшгийг харуулсан цогцолцор, бясалгалын төвийг бий болгох зорилгоор бүтээн байгуулалтаа эхлүүлж барилга бүтээн байгуулалтын явц талдаа орж байсан юм. Уг бүтээн байгуулалт нь Монголын нийт ард түмэн, Бурханч багшийн шавь нарын хандив өргөл, хүчин зүтгэлийн үр дүнд бий болж буй билээ. Мөн тухайн орон нутгаг болон бусад аймаг, сумдаас боловсон хүчин бэлтгэж уламжлуулан үлдээх зорилготой гэдгээ удаа дараа айлдаж байлаа. Тус нь сүм нь Бурханч лам Г.Пүрэвбат багшийн дэглэсэн хурал уншлага, зан үйл, цагийн болон улирлын чанартай их хурал, уламжлал 2024.04.10-ны өдөр хүртэл тасалдахгүй явж ирсэн болно. Харин өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд БНСУ-ын иргэн Ким Ён Ран, П.Анхаахана, П.Намуун-Очир нар нь “Аглаг бүтээлийн хийд”-ийн удирдах зөвлөл болон Бурханч багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон тэргүүтэй ахан дүүс нийт шавь нарыг үл хүндэтгэн сүм хийдийг эзлэн түрэмгийлж хувьдаа захиран зарцуулсаар ирсэн. Мөн гэргий БНСУ-ын иргэн Ким Ён Ран нь сүүлийн 10 гаруй жил тусдаа амьдарч байсныг ахан дүүс болон шавь нар нь гэрчилнэ” гэжээ. Мөн Г.Пүрэвбат агсны аав Б.Ганхүү, ээж Цолмон нарт гэрээслэлийг огт байхгүй нуун дарагдуулсаар байсанд уг гэрээслэлийг ээж нь асуусаар үзэж чадалгүй өөд болсон юм. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр аав болох Б.Ганхүү гуай Монголын нотариачдын танхимд хүсэлт гаргасны хариуд 2018 оны 11 сарын 27-ны өдөр бүртгэлийн 26 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Энэ нь нийслэлийн тойргийн нотариач Л.Уранчимэгт бүртгэлтэй байгаа хариу ирсэн боловч гэрээслэлийг одоогоор төрсөн аав болох Б.Ганхүү гуай бүрэн олж үзээгүй, одоо ч асууж буй гэсэн юм. Иймд гэрээслэлийн нэг хувийг ил болгохыг шаардсан байна. Бурханч лам Г.Пүрэвбат агсны охин П.Анхаахана хариу мэдэгдэлдээ : “Аавыг минь явснаас хойш олон зүйл болж өнгөрлөө. Бид чамгүй олон дайралтад өртөж, дээрэлхүүлсээр байгаа ч, аавын минь буянаар сайн хүмүүсийн дэмжлэг тус ч их байгаа. Амьдрал гэдэг амаргүй даваа юм аа. Хэн юу гэж худлаа ярьж, худал мэдээлэл тараан, бид гурвыг яаж ч харааж зүхлээ гээд одоо бидэнд тийм ч чухал биш болжээ. Одоо бид гурвын хувьд ганцхан зүйл л чухал байна. Хэн өвлөгч болох, хэн эзэн суух нь бидэнд сонин биш. Харин ард түмэндээ хүртээлтэй, шашин соёлын өвийг түгээн дэлгэрүүлж чадах сэтгэлтэй, зөв удирдлагыг олох нь хамгийн чухал асуудал болоод байна. Эзэн нь бол аав минь байсан. Үүрд ч аав минь байх болно. Аавын минь захиж, хүсэж, мөрөөдөж явсан зүйлийг үргэлжлүүлэн авч явж чадах зөв удирдлага хэрэгтэй. Аавын маань шавь нар дунд үнэхээр чадварлаг, сэтгэлтэй олон хүн бий. Бид бүгд ярилцаж, зөвлөлдөж, боломжит бүх хувилбарыг хэлэлцэн, хамгийн зөв шийдвэрийг гаргахын төлөө зүтгэж байна. За чи одоо эзэн нь шүү би өмчилнө шүү гэх асуудал биш шүүдээ. Ээж, дүү бид гурав бол зүгээр л үүргээ гүйцэтгэж байгаа хамгаалагчид. Аав минь амьд сэрүүн үед бид урдуур нь орж, шийдвэр гаргах шаардлага үүсч байгаагүй. Харин одоо аав шиг төгс хийж чадахгүй ч чадах чинээгээрээ хичээж, хамгаалж, зөв удирдлага бүрдүүлэхээр зүтгэж байна. Энэ бол "би" гэсэн төвтэй хүний хийх ажил биш. Харин Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй, энэ их бүтээлийн үнэ цэнийг ойлгодог, хүнийг энэрэх сэтгэлтэй хүний хийх ажил гэж бид бодож байна. Аав минь орлуулашгүй ч, бид олноороо хүчээ нэгтгэн ажиллавал, тэнгэр харж, аав минь ч тэндээсээ харж байгаа учраас зөв замдаа орно гэдэгт итгэж хүлээж сууна. Аав минь, та л биднийг чиглүүлнэ. Хоёр охиндоо үлдээсэн албан ёсны гэрээслэлээр чинь бид бол хамгаалагчид бид таны заасан замаар л дагаад явна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

НАЙР НААДАМ ХЭСЭЖ ЯВАХАД ЧИНЬ ХҮДЭР СУМАНД АМЬД АМЬСГААТАЙ АМЬТАН ҮЛДЭХГҮЙН ДАРГА НАРАА!!!

Сэлэнгэ аймгийн хүдэр суманд гарсан ой хээрийн түймрийн улмаас амьд амьтан үйлдэхээ байлаа.Түймэр нэгэнт газар авч барьж авахад тун хэцүүхэн нөхцөл үүсээд байхад Ман-ын угшилтай тус сумын засаг ноёнтон нутгийн 100 жил хэмээн найр наадам хэсээд жаргаж явна.Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдорж усанд хаясан чулуу мэт таг чиг алга байх хооронд сум орон нутаг чинь шатаж дууслаа. Намын угшилтай хэдэн дарга нар нь зүүд нойрондоо умбаж, зөөлөн суудалдаа тухлаж байх хооронд түймрийг унтраахаар ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчид нь ямар ч техник хэрэгсэлгүй улаан гал руу амиа үл хайрлан тэмцсээр байхад яг юу бодож явдаг юм болдоо хөөрхийс.

ДАРГЫН ХҮҮХДҮҮД ДАРХАН ЭРХТЭЙ ЮУ?

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С, “Эрэл” компанийн Б.Эрдэнэбатын хүү Т нарын биологийн шинжилгээнээс мансууруулах бодис илэрсэн байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлж байна. Эдгээр залуус өмнө нь ч цагдаагийн байгууллагад 10-20 удаа шалгагдаж байсан боловч бүх хэрэг нь зөрчил гэж үзэгдэн хаагдаж байжээ. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, дээрх иргэд бусдыг зодож, хүнд гэмтээсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа аж. Харин албан бус эх сурвалжуудын мэдээлснээр, тухайн хэрэг гарсан газар дээр “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, ЦЕГ-ын дарга асан Ж.Болд нарын хүүхдүүд ч байсан гэдэг мэдээлэл байна. Харамсалтай нь, хууль хяналтын байгууллага энэ талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж, "шалгалт үргэлжилж байна" гэсэн хариу өгчээ. Энэ мэт хэрэгт нэр холбогдсон эрх мэдэлтэй хүмүүсийн үр хүүхдүүд өмнө нь ч олон удаа хуулийн байгууллагад дуудагдаж, хэргийн мөрөөр зөрчлийн ангиллаар хаагдаж ирсэн нь олон нийтийн итгэл үнэмшлийг алдуулж байна. “Хэн нэгний хүүхэд биш, эрх мэдэлтэй хүний хүүхэд бол хариуцлага хүлээдэггүй” гэх ойлголт улам бүр батлагдах мэт. Хэрвээ шалгалтын явц шударга бус, нуун дарагдуулалттай байвал энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагын нэр хүндийг бус, нийт төрийн шударга ёсны үнэлэмжийг хөндөж мэднэ. Эрх мэдэл, хөрөнгө чинээ нь хуулиас дээгүүрт тавигдах учиргүй. Иймд олон нийт хэргийг ил тод, шударгаар шийдвэрлэж, хэнийг ч ялгалгүй хариуцлага тооцохыг шаардах нь зүй ёсны хэрэг юм.

1 ... 38 39 40 41 42 43 44 45 46 ... 384