НЭГҮҮН МЭДЭЭ
МӨРИЙТЭЙ ТОГЛООМ СУРТАЛЧИЛЖ, УРИАЛБАЛ ₮5 САЯАР ТОРГОНО

Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт тааврыг бүрэн хориглох хуулийг санаачилж, УИХ баталсан. Зөрчлийн тухай хуулийн 10.1.6-д Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгж, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Энэхүү хууль нь зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөгдөх бөгөөд Цахим мөрийтэй тоглоомыг сурталчлах, уриалах зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл болохыг сануулж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ОЙРЫН ӨДРҮҮДЭД 30 ХЭМ ДАВЖ ХАЛЖ, САРЫН СҮҮЛЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ УСАРХАГ ААДАР БОРОО ОРНО

ОБЕГ, ГУББГ, ЦУОШГ-аас өнөөдөр /2025.06.19/ гол, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн инженер Д.Жаргалан, "Ойрын өдрүүдэд 30 хэм давж халж, сарын сүүлээр их хэмжээний усархаг аадар орно. Тиймээс эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдээ гол ус руу явуулахгүй байх хэрэгтэй бөгөөд наршихаас сэргийлэхийг анхааруулж байна. Халалт энэ сарыг дуустал үргэлжлэх юм. Харин энэ сарын сүүл, ирэх сарын эхээр Улаанбаатар хотод ус ихтэй аадар бороо орох тул үерийн эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна" гэлээ.

ИРЭХ ӨВӨЛ ИМПОРТЫН БЭЛЭН ТҮЛШ ХУДАЛДАЖ АВНА

Засгийн газрын 2024 оны 22 дугаар тэмдэглэл болон 2025 оны 2 дугаар тэмдэглэлээр сайжруулсан шахмал түлшний туршилтын ажлыг итгэмжлэгдсэн лабораториудын буюу TTRC, ALS, Ашигт малтмал газрын тосны газар, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын лабораторийн шинжилгээнд хүргүүлсэн. Шинжилгээгээр баяжуулсан нүүрсээр хийсэн шахмал түлшний хаягдал утаанд хүхэрлэг хий, угаарын хийн агуулга MNS5216:2016 стандартын шаардлагыг хангаагүй. Тиймээс Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс шахмал түлш үйлдвэрлэлд ашиглах тохиолдолд дахин баяжуулах, баяжуулалтын технологийг өөрчлөх эсвэл анхдагч нүүрсний өөр эх үүсвэрийг судлах шаардлагатай гэж үзэж АББҮХ-ны тогтоолоор ирэх галлагааны улиралд импортын бэлэн түлш оруулж ирэх шийдвэр гарсан. Мөн холбогдох бусад тогтоол, шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод ирэх өвлөөс сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхгүй. 2025-2026 оны галлагааны улиралд 340 мянган тонн шахмал түлш худалдан борлуулахаас 40 мянган тонн нь одоо бэлтгэгдэж буй мидлингээр хийсэн шахмал түлш, 300 мянган тонн нь импортын бэлэн шахмал түлш буюу хагас коксон хөх нүүрс байхаар төлөвлөж байна. Дараах тогтоол, шийдвэрүүдийн дагуу импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн гуравдугаар хуралдаанаар: -“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн олборлож буй “тэг” давхаргын нүүрсний баяжуулсан нүүрсний хүхэрлэг хийн хүлцэх хэмжээ стандартад заасан хэмжээнээс дунджаар 1.66 дахин их, нүүрстөрөгчийн дутуу ислийн хүлцэх хэмжээ 1.45 дахин их байгааг анхаарч, анхдагч нүүрсний өөр эх үүсвэрийг судлах шаардлагатай. Хагас коксон шахмал түлшийг импортоор авахдаа тухайн түлшний дээжийн нарийвчилсан шинжилгээг хийж, дүгнэлт гаргуулна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор: -Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон. Үүнийг тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн шинээр үйлдвэрлэх гэж буй сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Эрдэнэс тавантолгой' ХК-ийн олборлож буй “тэг” давхаргын нүүрсний баяжуулсан нүүрсний чанарын үзүүлэлт, уг түүхий эдээр үйлдвэрлэсэн түлшний үзүүлэлт стандартын шаардлага хангаагүй дүн, Эрчим хүчний сайдын 2023 оны А/94 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн туршилт, судалгааны ажлын тайланд үндэслэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон 2025-2026 оны галлагааны улиралд түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын бэлэн түлшийг (хөх нүүрс) хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, "Тавантолгой түлш" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Д.Амгалан нарт даалгасан байдаг.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганаар хэлэлцэн баталсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль” нь тухайн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгодоо хүрсэн учраас уг хуулийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага үүссэн талаар танилцуулав. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд салбар яамнаас хэлэлцүүлгүүдийг хийж, тариаланчид, үйлдвэрлэгчид улаанбуудайн гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг хүчингүй болгох санал, шаардлагыг гаргасан гэлээ. Тиймээс уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, Улсын Их Хуралд яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, А.Ундраа нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт их байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нь хүндрэл учруулж байгаа учраас НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүдийн НӨАТ-ын өр 540 тэрбум төгрөгт хүрч, эдгээр хувийн хэвшлүүдийн дансыг хаах нөхцөл байдал үүссэн гэлээ. Манай улсын НӨАТ-ын орлого өсч, орлого цуглуулах чадвар нэмэгдэж байгаа хэдий ч үр дүнд нь инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байна гэдгийг хууль санаачлагчид онцоллоо. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувийн хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” заалтын “… 10 хувиар ногдуулна.” гэснийг “… 5 хувиар ногдуулна” гэж өөрчлөх санал гаргажээ. Хуулийн өөрчлөлт батлагдсанаар орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, улсын төсөвт цугларах татварын орлого нэмэгдэх боломжтой гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Ганхуяг, Ч.Ундрам нар Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2025.06.19/ өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно.” гэж заасан. Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Харьяатын тухай хуулиар иргэний харьяалал хийгээд Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллыг сэргээн тогтоох, харьяатаас гарахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно.” гэж заасан. Хууль санаачлагчид Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болох агуулга бүхий нэмэлт оруулахаар төслийг боловсруулжээ. Хүчин төгөлдөр хуульд “...болно.” гэсэн сонголт бүхий зохицуулалтаар заасан нь аль нэг этгээдэд заавал үүрэг болгосон агуулга байхгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг тодотгосон. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа биеийн тамир, спортын талаарх арга хэмжээнүүд нь Монгол Улсад нийтийн биеийн тамир, үндэсний спортыг хөгжүүлэхээс гадна спорт дахь хүний нөөцийн шинэ түвшинд гаргах, олимпизмын хөдөлгөөнийг дэмжих, ялангуяа олимпын хөтөлбөрт багтах спортын төрлийг дэмжих нэгдмэл зорилготой гэдгийг хууль санаачлагч онцолсон. Иймд хуулийн төслийн тандан судалгааны тайланг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Засгийн газрын 2003 оны 62 дугаар тогтоолоор “М онгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тавих шалгуурыг тогтоох журам”-ын дагуу хуульд заасан шаардлага хангасан эсэхийг эрх бүхий байгууллагаас шалган тогтоож холбогдох арга хэмжээ авсны үндсэн дээр харьяат болох эсэхийг шийдвэрлүүлэхээр Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр Ерөнхийлөгчид хүргүүлж болно гэсэн зохицуулалт үйлчилж буй аж. Хуулийн төсөлд тусгасан шинэ зохицуулалт мөн үүнд хамаарах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

БАГШ, ЭМЧЭЭС БУСАД ТӨРИЙН АЛБАНЫ ОРОН ТООГ ЕСӨН ХУВИАР БУУРУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг хамгаалах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт. Шинэ Засгийн газрын эхний хуралдаанаар төрийн үрэлгэн зардлыг багасгах, төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг хэлэлцэж байна. Сайд нар салбарын төсөвтэйгээ танилцаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгоод энэ сарын 20-ны баасан гаригт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, дахин хэлэлцэж шийдвэрлэнэ гэдгийг мэдэгдлээ. Тус төслөөр, Нэгдүгээрт, оновчтой бүтэцтэй, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгоно. Ингэхдээ чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, удирдах, гүйцэтгэх ажилтны зохистой харьцааг хангах өөрчлөлтийг оруулж, багш, эмчээс бусад төрийн албаны орон тоог есөн хувиар бууруулахаар тооцлоо. Төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэж, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимоор үргэлжлүүлэх, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бүрэн хэмнэх, цомхон, чадварлаг, бүтээмжтэй, цахим төрийг бий болгох арга хэмжээний хүрээнд нийт 1.9 их наяд төгрөгийг хэмнэхээр тооцжээ. Төрийн албаны орон тоог цомхон болгохтой зэрэгцүүлэн төрийн ажил үйлчилгээг цахимд шилжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх инновац бүрийг салбар бүрийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлж, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанарыг дордуулахгүй байх зарчим баримтална. Төрийн байгууллагуудын тэргүүн дэд, дэд, орлогч дарга нарын тоог бууруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Төрийн өндөр дээд түвшний зочин төлөөлөгч хүлээн авах, Төрийн өндөрлөгүүдийн гадаад айлчлалаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах, төрийн бүх шатны байгууллагын тавилга, эд хогшил, урсгал засварыг тэвчих, төрийн цэргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолтын зардал зэргийг хэмнэхээр тооцжээ. Хоёрдугаарт, гэрээ байгуулагдаагүй төслүүдэд хуулиар заасны дагуу хэмнэлт хийнэ. Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу 2025 оны тавдугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцох, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд холбогдох хуулиудын хүрээнд гэрээ байгуулсан төслүүдийн санхүүжилтийг хөндөхгүй байх, худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон тендерийн хэмнэлтийг хэмнэх зарчмыг тус тус баримталж нийт 328.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцлоо. Харин гадаад зээл, тусламжийн хувьд 2025 онд батлагдсан гадаад зээлийн ашиглалт 1.5 их наяд төгрөг, тусламжийн 417.0 тэрбум төгрөг, нийт 1.9 их наяд төгрөгийг бүрэн ашиглахаар хүлээгдэж буй тул төсвийн тодотголоор санхүүжилтийг өөрчлөхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн төслүүдийн гадаад зээл, тусламжийн санхүүжилтийн өндөр дүнтэй ашиглалт энэ онд хийгдэнэ. Гуравдугаарт, төсвийн зардлыг нэмэгдүүлж буй салбарын хуулиудыг цэгцэлнэ. Төсвийн тодотголд нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, бүх шатны боловсролын байгууллагын хоол, үдийн хоолны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний төлбөр, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийн зардал зэрэг хууль, тогтоомжийн дагуу зайлшгүй санхүүжүүлэх зардлыг бууруулаагүй гэдгийг Сангийн сайд мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нийт 932 хуулиас 208 хуулийн 1028 заалт нь ямар нэг байдлаар төсвийн зарлагыг нэмэгдүүлж, тодотголоор хэмнэх боломжгүй болгож байна. Иймд төсвийн урсгал зардлыг хумих, сахилга бат, хариуцлагын тогтолцоог чангатгахад салбарын зарим хуулийг хүчингүй болгох, өөрчлөн найруулах зайлшгүй шаардлага үүсэж байгааг харгалзан холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг шинээр барьж байгуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, боловсролд хөрөнгө оруулахыг дэмжих бодлоготой уялдуулан анхаарч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дүгээр хэсэгт заасан татварын хөнгөлөлтөд өмчийн хэлбэр харгалзахгүй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж шинээр барих үйл ажиллагааг нэмж тусгахаар хуулийн төсөл боловсрууллаа. 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ.

ГХЯ-НЫ УУЛЗВАРААС БАГШИЙН ДЭЭД ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ ШИНЭЧИЛНЭ

Сүхбаатар дүүрэг, 1, 8-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ. 2025 оны 06 дугаар сарын 21 өдөр 23:00 цагаас 2025 оны 06 дугаар сарын 23 өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ VIII САРД АШИГЛАЛТАД ОРНО

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо буюу “Шинэ Яармаг” хорооллын хажууд баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэгийг наймдугаар сард ашиглалтад оруулна. Тус байршилд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан ажиллалаа. Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Нийслэлийн хөрөнгө оруулалттай ажлуудын гүйцэтгэлийн мэдээллийг уншиж судлахад ХУД-ийн 8 дугаар хороонд баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явц дэд бүтцийн асуудал дээр удааширч нэлээд хугацаа алдсан байсан. Тиймээс “Шинэ Яармаг” төслийн шугамаас дэд бүтцээ шийдэх зөвшөөрлийг өгч, цэцэрлэгийн барилгын удааширсан асуудлыг шийдсэн. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналтыг өдөр бүр хэрэгжүүлж ажиллаж байна” гэв. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг наймдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахын тулд гадна тохижилт, фасадын ажлыг яаралтай эхлүүлэх ёстой. Төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахын тулд НХОГ-аас өдөр бүр шаардлага тавин ажиллаж байна. Мөн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа эхлэхээс өмнө барилгын ажлыг дуусгах үүргийг нийслэлийн удирдлагуудаас ч өгсөн” гэлээ. Цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгч "Жинст цамхаг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн “Төслийг наймдугаар сарын 1-нд дуусгахаар гэрээнд заасан учраас хугацаандаа багтааж барилгын ажлыг дуусгахаар ажиллаж байна. Ажил гүйцэтгэх явцад манай компаниас шалтгаалаагүй хэд хэдэн бэрхшээл тулгарсан. Өнгөрсөн тавдугаар сараас асуудлыг шийдэж өгсөн. Барилгын ажил одоо хэвийн үргэлжилж байна” гэлээ. Цэцэрлэгийн барилга нь орон сууцны хорооллуудтай ойрхон баригдаж байгаа учраас тогтмол цэвэрлэгээ, үйлчилгээ явуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг баримталж ажиллахыг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Жинст цамхаг” ХХК-ийн удирдлагад үүрэг болголоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхий сайд аа, Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ, Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх шинэ баг үүрэгт ажилдаа орж буй түүхэн мөч тохиож байна. Энэ бол зөвхөн улс төрийн шинэчлэл биш, харин иргэдийн итгэлийг хүлээж, шинэ хөгжлийн гарцыг нээх хариуцлагатай цаг үе юм. Монгол төрийн туйлын зорилго бол ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, шударга ёсыг тогтоож, үндэсний хөгжлийг урагшлуулахад оршдог. Тиймээс өнөөдөр томилогдож буй шинэ сайд, яамдын удирдлагууд нь үүрэг хариуцлага, хүлээлт өндөр цаг үед албан тушаалдаа томилогдож байна. Шинээр томилогдсон салбарын сайдуудад амжилт хүсэхийн ялдамд анхааруулах зүйлсийг товч танилцуулья. 1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН САЙДАД Гадаад худалдааны бодлогыг Засгийн газрын түвшинд онцгой анхаарч, яамд хоорондын ажлын уялдаа холбоог нягт зохицуулж, урсгал данс, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтворжуулах шат дараатай бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнөөдрийн үүсээд байгаа асуудлуудыг шийдэхийн хажуугаар нүүрсэн дээр тогтож байгаа өнөөгийн бүтцийг халж, илүү төрөлжсөн, олон тулгуурт эдийн засагтай болох ажилд ач холбогдол өгч, илүү хурдавчлуулах шаардлага байгааг өнөөдрийн нөхцөл байдал бидэнд сануулж байна. Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг үр дүнд чиглэсэн, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, болохгүй байгаа зүйлсийг цаг алдалгүй сайжруулж, өөрчлөх саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх нь үүссэн байгаа энэ орчинд хамгийн чухал болоод байна. Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдийг төвлөрүүлж, нэг дээвэр дор, хоорондын уялдаа холбоог хангасан нэгдсэн бодлого явуулах боломжийг судалж үзэхийг Ерөнхий сайдаас хүсэж байна. 2. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГАД Төрийн албаны дунд, урт хугацааны хөгжлийн зураглалыг бүрэн тодорхойлж, процессын дахин инженерчлэл хийж, үр ашиггүй зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байна. Тэр дундаа, төрийн байгууллагын давхардсан чиг үүргийг цэгцлэх, чадахуйн зарчимд суурилж төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад холбогдох талууд, Төрийн албаны зөвлөл, Улсын Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан хуулийн төслийг өргөн мэдүүлэх нь зүйтэй. Ялангуяа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар салбар дундын уялдааг хангах, хүний нөөцийн бодлогоо зангидах, ойрын ирээдүйд үүсэх ажиллах хүчний хомсдол, технологиос хамааралтай ажлын байрны шилжилт зэрэгт хүний нөөцөө бодлогоор бэлтгэхэд анхаарах ёстой. Төрөөс үзүүлэх үйлчилгээг төр, хувийн хэвшил болон төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг илүү нэмэгдүүлэх, мөн төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулж, үйл ажиллагааны үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлж, зардал бууруулах, компаниудыг хувьчлах ажлаа эрчимжүүлэх шаардлагатай. 3. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-САНГИЙН САЙДАД Үүссэн байгаа нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч, хөрөнгө оруулалтын эрэмбэ, дэс дарааллыг эргэж харсан, мега төслүүдийг эдийн засагт дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх шийдэл гаргасан төсвийн тодотгол оруулж ирэх шаардлагатай. Төсвийн үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэх, шаардлагагүй, тэвчиж болох зардлыг танахаас гадна юуны түрүүнд эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардлагатай хөрөнгө, мөнгийг цаг алдалгүй хурдан, шуурхай шийдвэрлэх хэрэгтэй. Эрүүл мэнд, боловсролын салбарыг хөндөхгүйгээр, дунд, урт хугацаанд улс орны өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг хөндөхгүйгээр төрийн албыг илүү чадварлаг, бүтээмжтэй болгох явцад эдийн засгийн идэвхжил, эрэлтийг анхаарч, эдийн засгийн өсөлтийг агшаахгүй байх тийм тэнцвэрийг олсон шийдвэр гаргах ёстой. Эрүүл өрсөлдөөнтэй эдийн засгийн орчныг бий болгохын тулд иргэд, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй татварын цогц реформ хэрэгжүүлэхийг ард иргэд хүсэж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа хүндрэл, гарч байгаа асуудлуудыг хандлагаа өөрчилж, жижиг, том гэж ялгалгүй шийдвэрлэх нь эргээд эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх юм. 4. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДАД Хууль ба журмын зохист харьцааг хангах, хуулиас давсан журмуудыг цэгцлэх хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Хууль батлагдсаны дараа энэ хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлууд өрнөх учиртай. Мөн хуулийн хэрэгжилтийг хангаж, одоо хүчин төгөлдөр байгаа хуулиуд дахь журам батлахтай холбоотой заалтуудыг хуульд нийцүүлж өөрчлөх шаардлага бий. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам тухайлан анхаарч ажиллах ёстой. Манай улс 1998 онд Улсын Их Хурлаас тогтоол гарган “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр” баталж эрх зүйн шинэтгэлийг 7 чиглэлээр системтэй, цогц, иж бүрэн байдлаар хийж байсан удаатай. Энэ хөтөлбөр хэрэгжиж дууссан. Одоо эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь шатыг эхлүүлэх шаардлага бий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрх зүйн шинэтгэл-II хөтөлбөр"-ийг батлуулж хэрэгжүүлэхээр заасан боловч жил тойрч байхад энэ хөтөлбөр Улсын Их Хуралд орж ирээгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн яам үүн дээр даруй анхаарч, намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн батлуулах хэрэгтэй. Ингэхдээ төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах, хувийн салбарын бизнес, үйлдвэрлэл, худалдаа, арилжаа, шударга өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн цогц бөгөөд системтэй, логик уялдаатай шинэтгэлийн бодлогыг боловсруулах шаардлагатай байна. Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг тийм эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж шуурхай оруулж ирэх хэрэгтэй. 5. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДАД Уул уурхайн салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг өндөр байлгахад нэн чухал ач холбогдолтой Ашигт малтмалын тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай зэрэг хуулийн шинэчлэл, нэмэлт өөрчлөлтийн уялдаа холбоог сайжруулах зэрэг нэн тэргүүнд анхаарах асуудлууд бий. Ялангуяа энэ салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулж, хуулийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Нөгөө талаараа байгалийн баялаг бол шавхагддаг баялаг. Иймд тогтвортой, хариуцлагатай, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болгох, хайгуул, олборлолтод ногоон технологи нэвтрүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гаргаж ажиллаарай. 6. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДАД Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын талуудын бага хурал буюу COP-17 хурлыг зохион байгуулах ач холбогдол, түүнээс Монгол Улсын байгаль хамгаалалд гадаад улсуудаас оруулах хөрөнгө оруулалтыг өндөр хэмжээнд хүргэн ажиллахад онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой. Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг яриад л байдаг өнөөдрийг хүртэл оновчтой боловсруулсан, цаг үедээ нийцсэн хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй байгааг анхаарч ажиллаарай. 7. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-БОЛОВСРОЛЫН САЙДАД Боловсролын гол хөдөлгөгч хүчин бол багш. Гэвч манайд багш мэргэжлээр төгсөгчдийн зөвхөн 33 хувь нь багшилж, тэдний 60 орчим хувь эхний 5-8 жилдээ ажлаа орхиж байна. Учир нь залуу багш нарын цалин бага, нийгмийн баталгаа хангалтгүй, орон сууц, эрүүл мэнд, гэр бүлийн дэмжлэг хомс байна.Тиймээс багшийн нийгмийн баталгааг сайжруулж, орон сууц, эрүүл мэнд зэрэгт чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, сургалтын хөтөлбөр нь 2012–2014 онд боловсруулсан тул өнөөдрийн технологи, цаг үетэй нийцэхгүй байна. Ирэх хичээлийн жилээс шинэчилсэн, ирээдүйн ур чадварт чиглэсэн хөтөлбөрүүдийг боловсруулах ёстой. Гуравдугаарт, хот хөдөөгийн, эдийн засгийн ялгаанаас үүдэлтэй боловсролын тэгш бус байдал улам гаарсаар байна. Алслагдсан орон нутгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс 7 жилийн хоцрогдолтой байна гэсэн судалгаа гарчээ. Иймд боловсролын хүртээмжийг тэгшитгэх, цахим сургалтын дэд бүтцийг сайжруулах, "Үдийн цай" хөтөлбөрт дунд, ахлах ангийн бүх сурагчдыг хамруулах, багшийн хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ гурван чиглэлээр шуурхай ажиллах нь Монголын боловсролын чанарыг сайжруулж, ирээдүйн тогтвортой хөгжлийн үндэс болно гэдэгт итгэлтэй байна. 8. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДАД Монгол Улсад 2024 оны байдлаар нийгмийн халамжийн үйлчилгээнд жилдээ 2.3 их наяд төгрөг зарцуулж байна. Цаашид нийгмийн халамжийн зорилтот бүлгийг сонгохдоо өрхийн амьжиргааны түвшинд суурилах тогтолцоог бүрдүүлэх бодлогыг баримтлах шаардлагатай. Бид халамжаас хөдөлмөрт гэж олон жил ярьж байгаа. Монгол Улсын ажиллах хүч буюу хөдөлмөрийн насны 100 хүн тутмын 62 хүн л хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож байна. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг авах ёстой. Иймд Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний хүний орлогын албан татварын тухай хуулиудыг өөрчилж хөдөлмөрийн зах зээлийг либералчилж, хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүн болгоныг дэмжих бодлого баримтлах ёстой. Мөн хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, бусад татвар хураамж маш хүнд дарамт болж байна. Татвар төлөөгүй, нийгмийн даатгалын өглөгтэй гэсэн шалтгаанаар аж ахуйн нэгжүүдийн дансыг хаадаг явдал их гарч байна. Тиймээс тухайн аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа хэвийн явуулах, орлого олж төлбөр хураамжаа төлөх, ашиг олох боломжийг олгодог болгох хэрэгтэй. Нөгөө талаар Нийгмийн даатгалын сан жилдээ хэдэн зуун тэрбум, цаашдаа их наяд төгрөгийг улсын төсвөөс татаас хэлбэрээр авах тооцоолол бий. Иймд энэ сангийн тогтолцоог сайжруулж, улс төрөөс хараат бус болгох, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дарамт болж байгаа шимтгэлийг цэгцлэх асуудалд анхаарах хэрэгтэй. 9. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДАД Төмөр замын бүтээн байгуулалтыг хугацаандаа ашиглалтад ороход онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төв төмөр замыг шинэчлэх, тээврийн уялдаа холбоог сайжруулж, логистикийн төвүүдийг хөгжүүлэх, төрийн өмчит төмөр замын компаниудын бүтцийн давхцалыг арилгаж менежментийг сайжруулах, мөн тээврийн аюулгүй байдал, стандарт, хяналтын тогтолцоог шинэчлэх нь бидний өмнө тулгамдаж буй чухал зорилтууд тул эдгээрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын сайдын манлайлал, олон улсын хамтын ажиллагаа болон хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо нэн шаардлагатай. 10. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙДАД Сүүлийн жилүүдэд соёл, аялал жуулчлалын салбарт ихээхэн ач холбогдол өгч, үндэсний, бүс нутгийн, олон улсын хэмжээнд тодорхой ахиц гаргаж ажиллаж чадсан. Цаашид энэ салбарыг өөрөө өөрийгөө тэтгэдэг, эдийн засагт бодит хувь нэмэр оруулдаг салбар болгон хөгжүүлэх шинэ сайд анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлд чадавхаа бэхжүүлэхэд илүү анхаарах, үндэсний өв уламжлал, соёл, өв тээгчдийг бодлогоор дэмжих, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийн талаарх залуус, хүүхдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, дадал хэвшлийг тогтооход анхаарах хэрэгтэй. 11. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДАД Хот суурин газрын төлөвлөлтийг тэнцвэртэй, төвлөрлийг сааруулах, иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхдээ барилгын стандарт, хяналтыг олон улсын жишигт нийцүүлж, дэд бүтцийг оновчтой, хүртээмжтэй төлөвлөж, хэрэгжүүлж ажиллах нэн шаардлагатай. Мөн Улсын Их Хурал дээр Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах зорилгоор хот дахин төлөвлөлттэй холбоотой ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Энэ ажлын хэсгүүд өргөн хүрээнд ажиллаж, судалгаа шинжилгээ, хэлэлцүүлгүүдийг хийсэн бөгөөд ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, анхаарч, дэмжиж, хамтарч ажиллах хэрэгтэй. 12. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН - ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДАД Сүүлийн жилүүдэд “Атрын IV аян”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” зэрэг бодлогын хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээр хөдөө аж ахуйн бүтцийн шинэчлэлд бодит ахиц гарч, орон нутгийн эдийн засгийн идэвх сэргэж, хүнсний хангамжийн тогтвортой байдал сайжрах нөхцөл бүрдэж буйг онцлон тэмдэглэх хэлэх нь зүйтэй. Эдгээр хөтөлбөр нь хүнсний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгож, иргэдийн эрүүл мэндийн баталгааг хангах үндэс суурь болж байгаа бөгөөд цаашид тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, санхүүжилтийг тогтвортой байлгах, үр дүнд суурилсан дэмжлэгийн тогтолцоог төгөлдөржүүлэх шаардлага урган гарч байна. Энэ хүрээнд салбарын бодлого, хэрэгжилтийг улам бүр боловсронгуй болгох, нэгдмэл чиг хандлагатай уялдуулахад холбогдох байгууллагуудын дэмжлэг, оролцоо чухал ач холбогдолтой юм. 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ-д хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь нь 8.8 хувь байгааг ойрын жилүүдэд 20 хувьд хүргэхийг зорьж, хөдөө аж ахуйн сэргэлт бий болгох ёстой шүү. Мөн Улсын Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсгээс Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлын тухай, Хөдөө аж ахуйн тухай шинэчилсэн болон анхдагч хуулиудын төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлэн болгосон. Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн амьжиргаа сайжирч, үндэсний үйлдвэрлэл хөгжих, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал бодитой хангагдах нөхцөл нь бүрдэнэ. Мөн хүн амын хүнсний хэрэглээний эрүүл, тогтвортой байдалд суурь өөрчлөлт гарч, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн урт хугацааны үндэс тавигдаж, хотоос хөдөө рүү чиглэсэн хүн ам, эдийн засгийн урсгал бодитой бий болно. Иймд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх, батлуулахад Хүнс, хөдөө аж ахуйн салбараас идэвхтэй оролцож, зохих дэмжлэгийг үзүүлж, нягт ажиллах нь зүйтэй. Улмаар хуулийг хэрэгжүүлэх бэлэн байдлыг хангах, энэ чиглэлд иргэдийн мэдлэг ойлголтыг сайжруулах ажлыг зохион байгуулах нь зүйтэй. 13. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДАД Саяхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын хиймэл оюунд бэлэн байдлын үнэлгээ хийж, 5-аас 3 буюу системчлэгдэх үе шатандаа, ахиц дэвшил алгуур байгааг онцолсон байна. Иймд хиймэл оюун ухаан, их өгөгдлийн бодлого, стратегиа батлуулах ажлаа эрчимжүүлж, гол сорилт болох хөдөө орон нутгийн дэд бүтцийн асуудал, төрийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд дорвитой алхам хийх хэрэгтэй. Хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, ашиглалт, хэрэглээг нэвтрүүлэх, дэмжих мэдээллийн аюулгүй байдлыг хангасан тогтолцоог яаралтай бүрдүүлж, бодит ажил хэрэг болгохгүй бол улс орнуудын хөгжлийн ялгаатай байдал ихсэх, дижитал эдийн засгийн хөгжлөөс хоцрох эрсдэл бийг анхааралдаа авах нь зүйтэй. 14. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД Цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалт, сэргээн засварлалт, найдвартай ажиллагаанд бэлдэж, нэн тэргүүнд 3 дугаар цахилгаан станцын гэмтлийн асуудлыг нарийн тодорхойлж, өвлийн улирлаас өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлаа яаралтай танилцуулах ёстой. Улсын Их Хурал дээр Эрчим хүч, дулааны хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тус хуулийн төслүүдийг өргөн хүрээнд хэлэлцүүлэх, салбарын хуулиудыг жишиг байдлаар батлуулахад идэвхтэй хамтран ажиллах нь салбарын сайдаас ихээхэн шалтгаална. Энэ салбарын хууль эрх зүйн орчныг дорвитой сайжруулж, эрчим хүчний либерал бодлого барих, эрчим хүчний дутагдлаа арилгах хэрэгтэй. Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг илүү дэлгэрүүлэх, баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тал дээр ач холбогдол өгөх, байгальд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, тогтвортой байдлыг хангах чиглэлд арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайдаас хүсэж байна. 15. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох, хүнс эмийн хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Улсын Их Хурал дээр 3 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж санал дүгнэлтүүдээ гаргаж байна. Энэ ажлын хэсгүүд өргөн хүрээнд ажиллаж, судалгаа шинжилгээ, хэлэлцүүлгүүд хийсэн байгаа. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг анхаарч ажиллах хэрэгтэй. Тухайлбал, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй тохиолдлын 30-40 хувь нь хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй, амбулаториор тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой тохиолдлууд гэж дүгнэсэн байна. Энэ мэт нөхцөл байдал нь эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийг хянах, зардлын үр өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. Одоо мөрдөгдөж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтийн арга нь тоо хэмжээнд тулгуурласан, тэр хэрээр эмнэлгүүдэд эдийн засгийн сонирхол төрүүлж байгааг эрс өөрчилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт үндэслэн санхүүжилт олгох загварыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Монгол Улс эрүүл мэндийн даатгалын хураамжийн хувь хэмжээгээр хамгийн бага улсуудын нэг хэвээр байгаа нөхцөлд санхүүгийн хязгаарлагдмал нөөцийг хүн амын өргөн хүрээний тусламж үйлчилгээнд яаж оновчтой хуваарилах вэ гэдэг асуудал эрүүл мэндийн салбарт тулгамдаж байна. Үүний тулд бодлогын шинэ санаачилга, шийдэл гарган ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хот хөдөөгийн ялгааг арилгах, тусламж үйлчилгээний зардлын давхардлыг шийдвэрлэх, хэрэгтэй хүнд нь цаг алдалгүй хүргэдэг байх тийм санхүүжилтийн загвар хийх эрх зүйн орчин бүрдүүлэх санаачилгыг Улсын Их Хурал дэмжиж ажиллана. Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд, сайд нарт ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Монгол Улс хөгжин цэцэглэх болтугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН 2025.06.18

1 ... 34 35 36 37 38 39 40 41 42 ... 374