НЭГҮҮН МЭДЭЭ
ЭЗХБ: Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.17) хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр 10 цаг 22 минутад эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа даргалсан бөгөөд эхлээд “Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар А.Ундраа гишүүн танилцуулахад хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Ингээд дээрх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц ахлахаар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, О.Батнайрамдал, Ч.Лодойсамбуу, П.Сайнзориг, А.Ундраа нар ажиллахаар болов. “Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 9 нь дэмжсэн. Дараа нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд Шадар сайд С.Амарсайхан хууль санаачлагчийн танилцуулж, гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхэд гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт заасны дагуу санал хураалт явууллаа. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 69.2 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлээд, холбогдох санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь “ Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байв. Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Байнгын хорооны өмнөх ( 2025.06.10 ) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц санал, дүгнэлтээ танилцуулсан бөгөөд ногоон санхүүжилтийг үр дүнтэй зохион байгуулах санал бүхий “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг боловсруулснаа танилцуулсан юм. Энэхүү Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэв. Г.Лувсанжамц гишүүн төсөлд гурван багц саналыг 17 заалт болгон тусгасан хэмээн танилцууллаа. Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтий н тайланг 2026 оны I улиралд багтаан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахыг Засгийн газар болон Монголбанканд тус тус даалгахаар төсөлд тусгасан гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асуулаа. Улсын Их Хурал ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг баталсан гэдгийг сануулаад төслийн ач холбогдлыг ойлгож байгаа хэдий ч зохицуулалт Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаж буй эсэх, төслийн үр нөлөө, зардлын тооцооны талаар тодруулсан юм. Ирэх жилийн улсын хөгжлийн төлөвлөгөөнд ногоон санхүүжилтийн хүрээнд утааг бууруулах, гэр байшинг дулаалах, угсармал орон сууцны дулаалгын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсвийг тусгасан гэдгийг Г.Лувсанжамц гишүүн хариулав. Хөрөнгө оруулалтыг шинээр тусгаагүй, харин сайжруулсан түлшний татаасын зардлыг хөрвүүлж, ногоон барилга буюу дулаалгад чиглүүлснээр агаарын бохирдол, утааг бодитоор бууруулахаар тооцож, тусган байна. 2028 онд Улаанбаатарын агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулах, 2032 онд утаагүй болох боломжтой хэмээн тооцож, холбогдох саналыг төсөл тусгасан гэв. Орон сууцаа дулаалах, агаарын бохирдлыг бууруулах асуудал нь иргэдийн орлого, ухамсар, хандлагаас ихээхэн хамааралтай гэдгийг П.Сайнзориг гишүүн тэмдэглээд зохион байгуулалттай холбоотой санал хэлэв. Дараа нь төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Н.Батсүмбэрэл нар төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол П.Сайнзориг гишүүн ногоон эдийн засгийг дэмжих, ногоон бодлогыг дэмжсэн суурь хуультай болох ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд, энэ тохиолдолд аж ахуйн нэгжүүд ногоон эдийн засгийн ач холбогдлыг ойлгож, хөрөнгө оруулалт хийх орчин тодорхой болно хэмээн тодотгов. Түүнчлэн гишүүд энэхүү тогтоолын төсөл дэх зохицуулалт нь зөвхөн Улаанбаатар төдийгүй төвлөрсөн суурингуудад тулгараад буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд үр нөлөө үзүүлэх боломжтойг тооцож, улсын хэмжээнд ногоон орон сууцны зээлийг олгох нөхцөлийг бүрдүүлэх санал хэлж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 хэсэгт заасныг үндэслэн “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний 65.5 нь дэмжснээр санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.17) хуралдаан дөрөв дэх асуудал буюу Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН 7 ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, Орон нутгийн өмчит байгууллагууд болон 1-25 хорооны Засаг дарга нар оролцож -Гэрэлтүүлэг засвар шинэчлэлт -Газар чөлөөлөлт -Авто замын орц гарц чөлөөлөх -Худаг засвар, шинэчлэлт -Хог тээвэрлэлт -Түргэн үйлчилгээний цэгийн газар чөлөөлөлт -Мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлалт хамгаалалтыг сайжруулах зэрэг хот нийтийн аж ахуйн тулгамдаж байгаа асуудал, хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.

ТЭЦ-3-Д ГАРСАН ОСЛЫН УЛМААС 30 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧ НИЙСЛЭЛЧҮҮД ЭНЭ ӨВӨЛ ХӨЛДӨХӨД ХҮРЧЭЭ

Дулааны гуравдугаар цахилгаан станцад гарсан ослын улмаас тус станцын үндсэн тоног төхөөрөмж болох трубин эвдэрч, 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Тухайн төхөөрөмжийг манай улсад үйлдвэрлэх боломжгүй зөвхөн ОХУ болон БНХАУ-аас худалдан авах боломжтой аж. ОХУ дайны нөхцөл байдлаас болж тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн бол БНХАУ уг трубиныг үйлдвэрлэн нийлүүлэхэд наад зах нь 1 жил 6 сар шаардлагатай гэсэн урьдчилсан хариу өгчээ. Ийнхүү ТЭЦ-3 станц ирэх өвөл хүртэл шаардлагатай трубиныг авч, суурилуулах боломжгүй болоод байна. Энэ нь ирэх хүйтний улиралд Монгол Улс эрчим хүчний хангамжийн ноцтой хүндрэлтэй тулгарах өндөр эрсдэлтэйг харуулж байна.

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзавЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр (2025.06.16) Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Р.Батболд, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Л.Соронзонболд, А.Ундраа, ОУВС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Тигран Погосяан, Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Ким Сонвуг болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсгийн төлөөлөгчидтэй биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улсын талаарх бодлогын зөвлөмжтэй танилцахдаа таатай байх болно гэлээ. ОУВС-гийн Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу тус сангаас ажлын хэсэг гарган гишүүн орнууддаа жил бүр тогтмол ажиллуулсаар ирсэн болохыг ноён Тахсин Саади дурдаад, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, түүнийг дэмжих чиглэлээр Засгийн газар, Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх боломжтой бодлогын арга хэмжээний талаар товч мэдээлэл өгсөн юм. Тус ажлын хэсэг долоон сарын өмнө Монгол Улсад ажиллахаар төлөвлөсөн ч энэ хооронд нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн гэдгийг тодотгоод, ажлын хэсэг ойрын хугацаанд товч тайлангаа Монгол Улсын Засгийн газар, Сангийн яаманд танилцуулна гэлээ. Харин үндсэн тайлангаа ирэх намар бэлэн болгох товтой гэдгээ дуулгав. Уулзалтаар талууд Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн нөхцөл байдал болон ойрын болон урт хугацааны төлөв, холбогдох дүгнэлт, зөвлөмжийн талаар ярилцаж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

Иргэн зээлдэгчийн хувиар өөрийн зээлийн түүхээ хянан удирдах, санхүүгийн сахилга хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлэх хуулийг Улсын Их Хурал 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлснээр батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар дараах тодруулгыг хийлээ. -Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай зээлийн харилцаанд ороогүй насанд хүрсэн иргэн цөөн байгаа болов уу. Таны санаачлан, батлуулсан дээрх хуулийн өөрчлөлт иргэдийн энэ төрлийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ? -Хамгийн эхэнд Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д нэг бүртгэгдчихвэл зургаан жил данслагддаг байдлыг халж байгааг тодотгож хэлмээр байна. Хүний амьдрал баялаг, зээл, зарим төрлийн төлбөрийг барагдуулахын зуур цаг хугацаа алдах гэх мэт бэрхшээлээс үүдэн доголдох тохиолдол гардаг даа. Тэгээд аль болох шуурхай шийдээд, зохицуулаад төлсөн ч “хар жагсаалт”-ад бичигдчихаж байгаа юм. Тэр мэдээлэл зургаан жил хадгалагдаж, Та хариуцлагагүй зээлдэгч болчихдог, энэ мэдээлэл зургаан жил Таны санхүүгийн харилцаанд нөлөөлнө. Үүнийг би хувьдаа “санхүүгийн ял” гэж тодорхойлоод байгаа. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжээд эхлэхээр дээрх шиг нөхцөл буюу нэг удаагийн доголдлоос нь үүдсэн зургаан жилийн санхүүгийн ял оноодог байдлыг халж, эсрэгээрээ онооны системд шилжих юм. Иргэн зээлийн харилцаандаа хариуцлагатай хандаад, тухай бүр нь төлбөрөө зохих ёсоор нь төлдөг бол оноо нь нэмэгдээд яваад байна. Оноо нь өндөр байхын хэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, банк барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах, зээлийн хүү бага байх гэх зэргээр иргэнд илүү таатай нөхцөл, үйлчилгээ өгнө. Оноо нь тухайн иргэний биет бус санхүүгийн хөрөнгө болно. Жишээлбэл, зээл авахад хамгийн түрүүн барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгвэл энэ эрх зүйн өөрчлөлтөөр оноо нь барьцаа хөрөнгө болж болохоор нөхцөл бүрдэж байна. Аливаа банк, санхүүгийн байгууллага хариуцлагатай харилцагч буюу өндөр оноотой иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөлөө хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх боломжтой болно. Нэгэнт хариуцлагатай төлбөрөө төлөөд явдаг харилцагч учраас аль болох асуудлыг шуурхай шийдээд явах сонирхол байна шүү дээ. Тэгэхээр иргэн оноогоо өндөр болгох эсэхээ бас тооцож болж байна. Хариуцлагатай иргэнээ нэг ёсондоо урамшуулж байгаа гэж харж болох юм. Баримт сөхөөд харвал малчны зээл, ипотекийн зээл, тэтгэврийн зээл нь хамгийн эрсдэлгүй, чанартай зээлүүд байдаг. Зээлдэгчид нь маш хариуцлагатай гэсэн үг. Хариуцлага алдахад нь “ял оноож” байгаа юм чинь, хариуцлагатай байсных нь төлөө хөнгөвчилсөн нөхцөлтэй, бага хүүтэй зээлийг шуурхай олгох зэргээр урамшуулж болно биз дээ. Үүний нөлөөгөөр зээлийн хүү ч буурах боломжтой, онооны системд шилжсэнээр суурь нөхцөл бүрдэж байгаа гэж харж байна. Тухайлбал, төслийг боловсруулах үед 28 улсын жишээг судалсан, зээлийн хүү нь 2-4 нэгж хувиар буурсан байдаг юм билээ. Америк 1989 онд, Солонгос, Энэтхэг 2000 оны эхээр, Вьетнам саяхан онооны системд шилжсэн. Ийнхүү шилжснээс хойш 2-3 жилийн дараа зээлийн хүү буурсан байна билээ. Энгийнээр ойлгоход банк, санхүүгийн байгууллага харилцагчаа хялбархан тодорхойлдог учраас хариуцлагатай, найдвартай харилцагчдаа хугацаа урт, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зохих ёсны зээл олгох гэх зэрэг сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай үзүүлдэг болно. Латин Америкийн улс орнууд онооны системд шилжихээс өмнө ажлын 10 хоног буюу хагас сар зээл шийдвэрлэдэг байснаа онооны систем рүү шилжсэнээр ердөө ажлын 8 цагт зээл шийддэг болсон байгаа юм. Цаашилбал, сайн харилцагчид бүтээгдэхүүн, үйчилгээгээ хүргэхийн тулд банк, санхүүгийн байгууллага дунд өрсөлдөөн бий болдог. Одоо бол банк, санхүүгийн байгууллага тус бүр харилцагчийн мэдээллээ хадгалж, тус бүрдээ сан бүрдүүлдэг, үүнийгээ хуваалцдаггүй. Та банкаа, санхүүгийн харилцагчаа солихоор бол нөгөө талдаа шинэ хэрэглэгч болно, хүлээж авч байгаа тал Таны санхүүгийн түүхийг мэдэхгүй учраас “эрсдэлтэй” гэж үздэг. Шинэ систем үйлчлээд эхлэхээр иргэний оноо бүх нөхцөлийг илэрхийлэх учраас ямар ч банк, санхүүгийн байгууллагад очсон зөвхөн өөрт тохирхох бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг болно. Банк, санхүүгийн байгууллагууд өрсөлдөөд эхлэхээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сайжрах нь ойлгомжтой. Хөгжсөн улс орнуудын боловсронгуй болсон, туршигдсан сайн туршлагыг Монголд нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно. -Хууль хэзээнээс хэрэгжих эхлэх вэ? -Улсын Их Хурал 5 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Ердийн журмаар гэхээр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээд ажлын 10 хоногийн дараа хэрэгжиж эхлэхээр тооцож үзвэл энэ оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжих юм байна. -Тэгвэл зээлийн " муу түүх" иргэний санхүүгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү? -Хүний зээлийн мэдээллийг таван жил хадгалдаг олон улсын жишгийг хуульд тусгасан. Иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг “Зээлийн мэдээллийн сан” зөвхөн зээлийн "муу түүх"-буюу сөрөг мэдээллийг хадгалдаг байсныг өөрчилж байгаа хэрэг. Тус санд зээлдэгчийн сайн, муу бүх мэдээллийг таван жил хадгална. Юу сайжрах вэ гэхээр өмнө нь хугацаа алдаад ч болохнээ зээлээ төлсөн байхад л “хар жагсаалт”-ад ороод, тэр нь санхүүгийн харилцаанд нь зургаан жил сөрөг нөлөө үзүүлдэг байсныг халж байгаа юм. Одоо бол иргэн, зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол оноо буурна, харин нөхөөд төлчихвөл оноо нь өснө. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нь амьд, хөдөлгөөнтэй, бодит болно. Дээрх хуультай хамт тухайн иргэн буюу зээлдэгчээс шалтгаалахгүйгээр орлогод нь доголдол үүсвэл уян хатан хандах агуулга бүхий Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Үер усны аюул учирч болно, цар тахлыг бид даваад гарлаа, тухайн иргэн аргагүй болоод эмнэлэгт хэвтээд, бизнес нь явахгүй зогсож ч болно. Амьдрал баян юм чинь янз бүрийн нөхцөл үүсэж, учирч, тохиох болохоор аль болох уян хатан байж, санхүүгийн харилцаа үүсгэгч талууд зохицож байх нь зүйтэй гэж хууль санаачлагчийн хувиар үзсэн. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлдэг Хөгжлийн банк ч юм уу, Засгийн газрын тусгай сангаас авсан зээлийн харилцаанд энэ уян хатан нөхцөл үйлчлэхгүй байх ёстойг бас тогтоолд тусгасан. Татвар төлөгчдийн мөнгийг зээлж байгаа бол илүү хариуцлагатай, тооцоотой хандах ёстой гэсэн агуулгаар дээрх нөхцөлийг тодотгосон. -Зээлийн харилцаанд иргэн янз бүрээр оролцдог. Шууд зээлэхээс гадна батлан даагчаар орсон байхад үндсэн зээлдэгч хариуцлага алдсан нь батлан даагчийн оноонд нөлөөлөх үү? -Зээлийн батлан даалттай холбоотой харилцааг өөр хуулиар зохицуулна. Товчхондоо, Зээдийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүн санхүүгийн орчинд үнэ цэнээ өөрөө тогтоодог болж байгаа хэрэг. Хариуцлагатай байвал оноо өндөр байна. Оноо нь тухайн хүний талаар олон зүйлийг илэрхийлэх учраас биет бус санхүүгийн хөрөнгө болчихно. Өндөр оноотой бол банк, санхүүгийн салбарт Таны үнэ цэн өсөж, илүү таатай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүнийг тохирсон өртгөөр авах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс оноогоо өндөр байлгах эсэхээ иргэн, зээлдэгч өөрөө удирдана. Ийм учраас зээл, төлбөрөө цаг хугацаандаа төлөөд байхад эрмэлзэл тухайн хүнд төрдөг байх нь л дээ. -Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэх зорилт тавьсан. Тэгвэл Таны санаачлан, батлуулсан хуулийн дагуу Монголбанк журам батлах үүрэг хүлээж байна? -Одоогийн байдлаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байна. Эдгээр компани олон улсын жишиг платформ буюу онооны зам оруулаад ирчихсэн. Суурь нь байна, эрх зүйн орчин бүрдлээ. Одоо дүрмээ тохирох ёстой. Иймд Монголбанк холбогдох журам гаргах үүрэг хүлээж байгаа. Гэхдээ бүх талыг оролцуулж, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр талуудын эрх ашгийг хангасан, манай нөхцөлд хамгийн оновчтой зохицуулалт гаргах ёстой гэдэг байр суурьтай байна. Монголбанк ч энэ шаардлагыг хангах бүрэн чадамжтай гэж харж байна. Бид шинэ зүйл зохиогоогүй, бусад улс орон удаан хугацаанд туршиж, сайжруулж ирсэн сайн жишгийг л Монголдоо нэвтрүүлэх ажил шүү дээ. Иргэн санхүүгийн сахилга баттай болно, системийн хэмжээнд чанаргүй зээл буурна гээд үр дүнг нь бүгд хүртэх ач холбогдолтой.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ОУВС-ийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлааТөсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ОУВС-ийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлааТөсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ОУВС-ийн ажлын хэсгийг хүлээн авч уулзл

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлах Тахсин Саади Сэдик тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.06.13/ хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Олон улсын валютын сантай олон жилийн турш үр дүнтэй, амжилттай хамтран ажиллаж ирснийг онцлоод Монгол Улсын төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тэрбээр, сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн төсвийн хэт тэлэлтийг шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент зогсоож, 2025 оны төсвийг 2024 оны түвшинд хүргэж батлахыг зорьсон гэв. Гэвч экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох коксжсон нүүрсний үнийн уналтаас шалтгаалж төсвийн орлого тасалдах эрсдэл үүссэн тул шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд төсвийн тодотгол хийж, хэмнэлт рүү чиглүүлэх бодлого барьж буйг дуулгаад үүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн Улсын Их Хурал, Төсвийн байнгын хорооноос сүүлийн жилүүдэд хурдацтай тэлсэн төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар ажлын хэсэг гарган судлуулж байна гэлээ. Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлах Тахсин Саади Сэдик Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд ажил ихтэй байгаа ч цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд ОУВС-гаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаарх урьдчилсан дүгнэлтийг гаргаж дууссан тул удахгүй зөвлөмжөө хүргүүлнэ гэдгийг онцлон тэмдэглээд цаашид Олон улсын валютын сан бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ

Эрхэм хүндэт Гомбожавын Занданшатар танд Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, улс орны хувь заяаг тодорхойлох хариуцлагатай албанд тань өндөр амжилт хүсье. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийг сэргээх бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсаныг 2020 онд хасах 4.6 хувийн уналттай байсан эдийн засгийг 2024 онд 4.9 хувь хүртэл өсгөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6,898 ам.долларт хүрч Монгол Улс Дэлхийн банкны орлогын ангиллаар “дундаас дээгүүр орлоготой улс”-ын ангилалд шилжсэнээс харж болно. Зөв бодлогын үр дүнд түүхий эдийн экспортын өсөлт 2023 онд төсөв, төлбөрийн тэнцлийг ашигтай гарахад нөлөөлж, гадаад валютын албан нөөцийг 5.5 тэрбум ам.долларт хүргэж чадсан. Засгийн газрын өрийг сүүлийн таван жилийн хугацаанд 75.5 хувиас 41.8 хувь руу бууруулж, улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа анх удаа нэг шатаар дээшлүүлж, “B+ тогтвортой” түвшинд хүргэж сайжруулсан. Харин өнөөдөр бол гадаад улс төрийн орчин, эдийн засгийн тодорхойгүй байдлаар нөхцөлдүүлсэн шинэ нөхцөл байдалд, шинэ сорилт, шийдэл хүлээсэн бодлогын түвшний асуудлууд таны өмнө тулгарч байна. Иймд шинэ Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа Та дараах асуудлуудад онцгойлон анхаарч, бодит үр дүнтэй шийдлүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 1.Макро эдийн засгийн нөхцөл байдал Гадаад орчны тодорхой бус байдал намдахгүй харин ч улам ээдрээтэй болж байгаа өнөө үед эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах асуудал өнөөдөр тэргүүн зэргийн ач холбогдолтой байна. 2025 оны эхний 4 сарын байдлаар түүхий эдийн үнийн уналтаас нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеэс 1,2 тэрбум ам.доллараар буурсан нь төсөвт дарамт учруулаад зогсохгүй урсгал дансны алдагдалыг тэлэхээр дүр зураг харагдаж байна. Төлбөрийн тэнцэл 5 сарын урьдчилсан тооцоогоор 400 гаруй сая ам.долларын алдагдалтай, урсгал тэнцэл 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 36 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх онтой харьцуулахад эхний 4 сард 14.4 хувь буюу 1.4 их наяд төгрөгөөр буурсан. Төсвийн тэнцэл 58 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Өнгөрсөн оны мөн үед төсвийн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн ашигтай гарч байсан. Иймд, Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын эрэмбэ, дэс дарааллыг эргэж харах, мега төслүүдийг эдийн засагт дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх гарц гаргалгаа гаргаж, гадаад, дотоод эдийн засгийн орчин, нөхцөл байдалд нийцсэн төсвийн бодлогыг тодорхойлж Улсын Их Хуралд хэлэлцүүлэх шаардлагатай байна. 2.Үнийн өсөлт, зээлийн хүүг эрүүл зохистой түвшинд хүргэх хүрээнд: Иргэд, аж ахуйн нэгжүүдээ ажлын байраар хангаж, орлоготой байлгах бодлогыг Засгийн газар тууштай баримтлах ёстой. Иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ бодит орлогыг бууруулахгүй байхын тулд, амьдралынх нь чанарт хамгийн ихээр нөлөөлж байгаа үнийн өсөлтийг хазаарлаж, нам дор түвшинд тогтворжуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Инфляц оны эхний 4 сарын байдлаар 8.6 хувьтай гарсан. Ажлын байр бий болгож, нэмэгдүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих ажлыг тогтвортой хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Хүнд хэцүү цагт хямд эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж байж ажлын байраа хадгалж, иргэд аж ахуйн нэгжүүд нь хохирол багатай гарсан түүх олон байдаг. Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шинэ хоршоо" зэрэг нь ажлын байрыг хадгалахын сацуу шинээр ажлын байр бий болгож, нэмэгдүүлж байгаа хөтөлбөрүүд бөгөөд салбар дундын уялдааг маш сайн хангаж, бодит үр дүн гаргах нь чухал байна. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн хүүгийн дарамт бодит ачаа болсоор байна. Зээлийн хүүг бууруулах чиглэлд дорвитой бодлого хэрэгжүүлж, иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг бууруулж, зээлийн хүүг эрүүл, зохистой түвшинд авчрах нь эдийн засгийн идэвхжлийг сэргээхэд тус дэм болоход чухал нөлөө үзүүлнэ. Үүний зэрэгцээ шударга өрсөлдөөнийг дэмжсэн, монополь зах зээлийн бүтэцтэй салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож байж иргэд, аж ахуй нэгжүүдэд ирэх аливаа үнийн, хүүгийн дарамтыг бууруулах орчин бүрдэх юм. 3. Гадаад худалдаа ба ханшийн асуудлын хүрээнд: Гадаад эдийн засгийн тодорхой бус байдлаас үүдэлтэй түүхий эдийн үнийн бууралт нь урсгал дансны алдагдалыг тэлэхээр дүр зураг харагдаж байна. Урсгал данс, төлбөрийн тэнцлийн алдагдлыг шат дараатай бууруулж төгрөгийн ханшийг тогтворжуулах нь тулгамдсан асуудал болоод байна. 2025 оны эхний 4 сарын байдлаар экспортын орлого 695.0 сая ам.доллараар буурч, импорт 132.9 сая ам.доллараар нэмэгдсэн нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна. Иймд гадаад худалдааны бодлогыг Засгийн газрын түвшинд онцгой анхаарч, экспортын бүтцийг төрөлжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Төрийн албаны реформын хүрээнд: Монгол Улсын төрийн албыг цомхон, бүтээмж өндөртэй болгох шаардлага улам бүр тодорхой болж байна. Төсвийн урсгал зардлыг бууруулах, төрийн бүтцийг цомхон, чадварлаг болгож байж үр дүнд хүрнэ гэж тооцож байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 120 гаруй төрийн өмчит, 270 орчим орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой компаниуд 58 мянга гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагын бүтээмж, үр ашиг хангалтгүй байгаа тул хувьчлах, менежментийн шинэчлэл хийх, төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бий. Татварын реформын хүрээнд: Монгол Улсад 108 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний зүгээс татварын дарамттай холбоотой санал, хүсэлтүүд ихээр ирж байна. Эрүүл өрсөлдөөнтэй эдийн засгийн орчныг бий болгохын тулд иргэд, аж ахуй нэгжүүдэд ээлтэй татварын цогц реформ ус, агаар шиг хэрэгтэй болоод байна. Иймд Засгийн газрын зүгээс татварын реформыг оновчтой хэрэгжүүлэх, прогрессив татварын тогтолцоог бий болгох, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дарамтгүй, таатай нөхцөлд ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн идэвхжлийг дэмжих чухал алхам болно. Дотоодын бизнесийг дэмжих бодлого Дотоодын аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэх боломжтой ажлуудыг гадаадын компаниудад шилжүүлдэг алдаатай жишгийг зогсоох цаг болсон. Үндэсний үйлдвэрлэгчдээ бодитоор дэмжих, тэдэнд өрсөлдөх, хөгжих орон зайг бий болгох нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс суурь юм. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа, завхралыг давтахгүй байхын тулд дотоодын бизнесийн орчныг илүү таатай, шударга болгоход онцгой анхаарах шаардлагатай. Үүний тулд хуулиас давсан журмуудыг цэгцэлж, хууль журмын харьцааг зохистой түвшинд хүргэснээр хүнд суртал, авлигыг үлэмж бууруулах үндэс болох учир УИХ-ын зүгээс бүрэн дэмжиж ажиллах болно. Эрчим хүчний найдвартай байдлыг хангах хүрээнд: Монгол Улсын эрчим хүчний салбар нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжлийн тулгуур салбар юм. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний чадлын дутагдал байнга үүсэж, хэрэглэгчдийн найдвартай хэрэглээнд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, 1965 онд байгуулагдсан Дулааны III цахилгаан станцын хүчин чадал хуучирч, саяхан болсон осол нь шинэчлэл, засварын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатайг харуулж байна. Ирэх намар дулааны улирлаас өмнө тус станцын шинэчлэлийг шуурхай хийж, хэрэглэгчдийн найдвартай хэрэглээг хангах нь нэн тэргүүний зорилт байх ёстой. Хөдөө аж ахуйн салбарын хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд: Сүүлийн 3–4 жил дараалан зудын байдалтай, өвөлжилт, хаваржилт хүндэрч, олон малчин өрхийн амьжиргаанд хүнд ачаа үүрүүлж байна. Улсын хэмжээнд 2023 онд 8.1 сая, 2024 онд 5.2 сая мал хорогдсон нь мал аж ахуйн салбарт томоохон хохирол учруулсан. Иймд Засгийн газрын зүгээс өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, зудын эрсдэлээс сэргийлэх цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр УИХ-ын гишүүдээс олон чухал асуудлуудыг хөндөж, ажил хэрэгч саналууд гаргалаа. Эдгээр саналуудыг шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагаандаа тусгаж ажиллаарай. Эрхэм Ерөнхий сайд аа, Таны манлайлал дор Монгол төрийн бодлого ард түмний амьдралд эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, төрийн хэмнэлттэй, үр ашигтай бүтэц, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодлогууд нь шинэ Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл байх ёстойг төгсгөлийн үгэндээ хэлье. Төр түвшин, Түмэн олон амгалан байх болтугай.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.12) Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Ж.Баясгалан, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Д.Батбаяр, Б.Батбаатар, Г.Ганбаатар нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс парламентын ардчилал нь нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээн, үзэл бодлын өрсөлдөөнөөр тодорхойлогдох бол парламентат ёс нь парламентаас Ерөнхий сайдыг томилж, хянаж, хариуцлага тооцоход чиглэдгийг тодотгов. Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд хуралдаан даргалагчийн түвшинд тусгайлсан суудалтай байх нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна гэж үзжээ. Тиймээс парламентын ардчиллыг баталгаажуулахын тулд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан Улсын Их Хурал дахь олонх ба цөөнхийн тэгш мэтгэлцээнээр явагддаг, чуулганд гишүүд нь сонгогч иргэдээ төлөөлөн байр сууриа нээлттэй илэрхийлж, үгээ чөлөөтэй хэлдэг байхын сацуу хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын бүрэн эрх халдашгүй хэрэгжих үүднээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн хэмээн танилцууллаа. Парламентын нийтийн танхим дахь суудлын байршил нь олонхын эрх мэдэл ба цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл болдог учраас улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэдгийг хууль санаачлагчид онцолж, уг хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төсөлд УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Эх дэлхийн хүн ардыг энэрэн нигүүлсэх, эв нэгдэл, харилцан ойлголцол, зөв ёс суртахууны үзэл санааг үндэслэгч Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндийг иргэд Та бүхэндээ өргөн дэвшүүлье. Энэхүү өдрийг НҮБ-аас 1999 онд дэлхий дахинаа тэмдэглэх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ жилийг “Амар амгаланг хамтдаа бүтээе” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн “Төр нь шашнаа хүндэтгэнэ” гэсэн үзэл санааны дагуу 2019 оноос жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан нь ач холбогдолтой билээ. Энэ өдөр бүх нийтээрээ түүх уламжлал, ёс заншил, хүмүүний боловсрол, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэн өөр хоорондоо эвтэй найрсаг, элгэмсэг дотно хүндлэлийг илэрхийлж, саарыг тэвчин, сайныг үйлдэн, зон олноороо, гэр хотлоороо амар амгалан, баяр баяслаар дүүрэн тэмдэглэхийг Та бүхэндээ хүсэн ерөөе. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

ЕРӨНХИЙ САЙД СЭНТИЙДЭЭ ЗАЛАРЧ АМЖААГҮЙ БАЙТАЛ ГАДААД ХЭРГИЙН САЙДААР Х.БУЛГАНТУЯА ГИШҮҮН ТОМИЛОГДОХООР ТОХИРОО ХИЙСЭН ГЭХ

Х.Булгантуяа Гадаад харилцааны сайд болох гээд хамаг тохироогоо хийгээд гүйж яваа сурагтай. Э дийн засагч, тооны хүн Гадаад харилцааны салбарыг одоогийн Б.Батцэцэг шиг авч явж чадах уу ? энэ хүнээр гадаад харилцаагаа удирдуулчихаад юу бодож суух вэ ? Мөнгө байхад ур чадвараар ч яах билээ дээ.Монгол төрийн эмгэнэл юм даа.

1 ... 46 47 48 49 50 51 52 53 54 ... 384