НЭГҮҮН МЭДЭЭ
Засгийн газрын бүрэлдэхүүний асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.06.24) нэгдсэн хуралдаан 15 цаг 01 минутад, гишүүдийн 62.7 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдаас 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал энэ сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулжээ. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа явуулж, санал, дүгнэлтээ Төрийн байнгын хороонд ирүүлсэн байна. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Төсвийн байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй болохыг Б.Баярбаатар гишүүн танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хорооны тухайн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүд зарчмын зөрүүтэй саналууд гаргасан бөгөөд хуралдаанаар нэгбүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулан шийдвэрлэсэн болохыг Байнгын хорооны санал, дүгнэлтдээ дурдлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтын дагуу Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын 17 гишүүн асуулт асуухаар Улсын Их Хурлын даргад урьдчилан нэрээ бүртгүүлсэн байна. Ийн гишүүд асуулт асууж эхлэхийн өмнө хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хоёр өдрийн завсарлага авах хүсэлтээ танилцууллаа. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тус бүлгээс тодорхой саналууд хүргүүлсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл дурдаад “Парламент нь зөвшилцлийн талбар бөгөөд асуудлыг хэлэлцэх явцад дурдагдсан тоо баримтуудыг нягтлах, зөвшилцөх шаардлага байна” хэмээв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтыг үндэслэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээс нэг өдрийн буюу 25-ны өдрийн 14.00 цаг хүртэл завсарлага өгөхөөр Улсын Их Хурлын дарга шийдвэрлэлээ. Нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргыг сонгосон тухай тогтоолыг Д.Амарбаясгалан дарга уншиж танилцуулав. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаанаараа Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарыг тус бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хуралдаанд оролцсон гишүүдийн санал хураалтын дүнг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар сонгосон байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.24) Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Уг хуулийн төслийн зорилго нь нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалж, урамшуулал, дэмжлэгийн тогтолцоонд хамруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлахгүй байж, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино гэж хууль санаачлагчид тодотгов. Өөрөөр хэлбэл олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд урамшуулал олгох шалгуурыг багасгах буюу хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн үйлчлэх хүрээ буюу 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд, гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхэд хамаарна гэж заасан. Хуулийн уг зохицуулалтын дагуу зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог. Дээрх зохицуулалтаар урамшуулал авах болзолд “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь нэг ба түүнээс дээш настай байх” зэрэг нөхцөл тавигдаж байгаа нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийг зөрчиж, хүүхдийг насаар нь ялгаварлан гадуурхах нөхцөл бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ. Хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хүний эрхэм чанарыг хүндэтгэх төрийн үүргийг хангахаас эхэлнэ гэж УИХ-ын гишүүд тодотгоод, эдгээр шаардлагуудыг хасахаар хуулийн төсөлд тусгаснаа тэмдэглэв. Ингэснээр уг хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд, тухайн үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, нас барсан хүүхдийг хамруулахаар эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэв.

НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 3000 ГАРУЙ ШОНГИЙН ГЭРЭЛТҮҮЛГИЙГ СОЛИЛОО

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн тавдугаар сард төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг нийт 18 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандигийн гудамж, зам дагуу гэрэлтүүлгийн байгууламжийн гүйцэтгэлийн биелэлтэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Энэ онд хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил арилгах ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй. Тодруулбал, хазайсан шон, өнгө үзэмж алдагдсан гэрэлтүүлгийн байгууламж, ил гарсан цахилгааны утас, кабель зэргийг цэгцлэх, зөрчлийг арилгуулахтай холбоотойгоор хяналт шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар 221 шонг тэгшилж, 670 шонгийн өнгө будгийг сэргээснээс гадна 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солих зэрэг засвар, шинэчлэлтийн ажлыг хийсэн байна” гэв. Мөн тус хяналт шалгалтын дараа үргэлжлүүлэн гэрэлтүүлгийн шон дээр байрлаж буй шилэн кабелийг цэгцлэх хяналт шалгалтын ажлыг эхлүүлнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 3000 ГАРУЙ ШОНГИЙН ГЭРЭЛТҮҮЛГИЙГ СОЛИЛОО

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн тавдугаар сард төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг нийт 18 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандигийн гудамж, зам дагуу гэрэлтүүлгийн байгууламжийн гүйцэтгэлийн биелэлтэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Энэ онд хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил арилгах ажлыг үе шаттай хэрэгжүүлж буй. Тодруулбал, хазайсан шон, өнгө үзэмж алдагдсан гэрэлтүүлгийн байгууламж, ил гарсан цахилгааны утас, кабель зэргийг цэгцлэх, зөрчлийг арилгуулахтай холбоотойгоор хяналт шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар 221 шонг тэгшилж, 670 шонгийн өнгө будгийг сэргээснээс гадна 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солих зэрэг засвар, шинэчлэлтийн ажлыг хийсэн байна” гэв. Мөн тус хяналт шалгалтын дараа үргэлжлүүлэн гэрэлтүүлгийн шон дээр байрлаж буй шилэн кабелийг цэгцлэх хяналт шалгалтын ажлыг эхлүүлнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.23) Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ж.Золжаргал, Ш.Бямбасүрэн, Р.Батболд, С.Лүндэг, Ж.Алдаржавхлан нар нэр бүхий 40 гишүүний санаачлан боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдүгээр зүйлд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт “Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэснийг “Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардын хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байна. Хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 216 дугаар зарлигаар Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч хуульд тусгайлан заагаагүй. Түүнчлэн, Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгож, монгол төрийг сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг дурсвал зохих түүхэн үйл явдал мөн гэж үзжээ. Мөн 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улсад олон намын тогтолцоо үүсэж, өнөөгийн ардчилсан Үндсэн хууль батлагдсан бөгөөд иргэдийн эрх, эрх чөлөө, ил тод засаглалыг бататгахыг зорьсон тайван, хүчирхийллээс ангид эрс өөрчлөлтийн үйл ажиллагаа байсан гэдгийг тодотгов. Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, эх орондоо иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн эрхэм зорилгоо болгосон байдаг учир Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхдээ эдгээр үйл явдлыг санан дурсаж, ухамсраа сэргээж байх нь зүй ёсны хэрэг хэмээн танилцууллаа. Их Монгол Улс байгуулагдсаны ой, Ардын хувьсгалын ойн баяр наадамтай хамт Тулгар төр байгуулагдсаны ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойг Үндэсний их баяр наадмын тухай хуульд албан ёсоор заах нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, уламжлалыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмын агуулгыг бүрэн илэрхийлэх болно гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Их Хурлаас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран зохион байгуулж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх өнөөдрийн (2025.06.23) уулзалт-хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. Уулзалт-хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ажиллаж байгаа бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар арга хэмжээг нээж үг хэлсэн бол Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон мэндчилгээ дэвшүүлсэн. Хоёр өдөр үргэлжлэх уулзалт-хэлэлцүүлгийн эхний өдөр нийт таван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Нээлтийн арга хэмжээний дараа Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болов. Эхлээд НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хорооны ерөнхийлөгч болон гишүүн асан; ОУПХ-ны Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын асуудлаарх шинжээч; Бүгд Найрамдах Гана Улсын Хуулийн хүрээлэнгийн ректор Хилари Гбедемах НҮБ-ын хүний эрхийн гэрээ, механизмуудын талаар илтгэл танилцуулав. Энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлгийн сэдэв, зорилгын талаар болон хүний эрхийн суурь баримт бичгүүдийн талаар ерөнхий мэдээлэл танилцуулсан. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, ялангуяа Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR), болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах хорооны (CEDAW хороо) үйл ажиллагаан дахь парламентын ойлголт мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх нь чухал болохыг тэрбээр тэмдэглэв. Хүний эрхийн баримт бичгүүдийн суурь болох НҮБ-ын Дүрэм нь 1945 онд зургаан хэлээр батлагдсан хэмээгээд “Эдийн засаг, нийгэм, соёл болон хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл ялган хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх” гэсэн нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хатагтай Хилари Гбедемах онцлон эшлэв. Түүнчлэн 1948 онд батлагдсан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал нь чухал суурь баримт бичиг хэмээгээд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой” гэсэн нэгдүгээр зүйлийг онцоллоо. Жендэрийн тэгш байдлыг хангах агуулгаар энэ зүйлд “…эгч дүүсийн харилцаа …” гэсэн тодотгол хийх саналаа дурдав. Энэхүү зарчимд тулгуурласан дээрх суурь баримт бичгүүд нь хүний эрхтэй холбоотой олон улсын бусад бүх баримт бичиг, хууль, журмын үндэс гэдгийг дурдсан. Илтгэгч хүний эрхийн талаар ерөнхий мэдээллийг танилцуулаад хүний үндсэн эрх болон нийгмийн нийтлэг эрхийг олон улсын гэрээ, конвенц, улс бүр Үндсэн хуульдаа баталгаажуулсан байдгийг хэллээ. Олон улсын холбогдох гэрээ, конвенцуудыг соёрхон баталсан гишүүн орнууд тэдгээрийн зохицуулалтыг хууль тогтоомж лугаа дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдгийг тодотгов. Хүний эрх нь нийгмийн бүх талбарт хэрэгжих байх ёстой бөгөөд Иргэний болон улс төрийн эрх ; Эдийн засаг, нийгэм, соёлын эрх болон н ийгмийн нийтлэг эрхүүд (коллектив эрх)-ийг онцолсон. Хүний эрх нь хүн нэг бүрд хамааралтай түгээмэл, хуваагдашгүй, салшгүй бөгөөд харилцан хамааралтай ойлголт учраас аль нэгийг орхигдуулж, аль нэгийг онцлох боломжгүй байдаг гэв. Хүний эрхийн аливаа нэг зөрчил нь харилцан хамаарлаараа өөр нэг эрхийн зөрчил үүсгэж байдаг уялдааг тайлбарлаж байв. UPR-ийн гол зорилго нь хүн бүр эрх тэгш байх заяагдмал эрхийг хангахын чухал бөгөөд энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлгээрээ эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах асуудлыг онцолж, “бууруулна, багасгана” гээгүй, “устгана” гэсэн байгаад нийтээрээ анхаарахыг хүсэв. Хүний эрхийн хангах хүрээнд тэгш, ялгаварлалгүй гэдэг нь онцлогтой болохыг хатагтай Хилари Гбедемах тайлбарлаж байв. Тусгай хэрэгцээт, тухайлсан онцлог бүрд тохирсон байдлаар эрхийг нь хангах асуудлыг анхаарах ёстой хэмээгээд Монгол Улс үүн дээр анхаарах нь зүйтэй гэдэг санал дурдаж байв. Ингэхдээ байнгын арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжтойн зэрэгцээ түр хугацааны, эсвэл онцгой арга хэмжээг тохируулан авч хэрэгжүүлэх шаардлагатай байдгийг хэлсэн. Хүний эрхийн чиглэлээрх үүрэг хүлээгч нь дараах үүргийг хүлээдэг байна. Хүний эрхийн арга хэрэгслүүд нь олон улсын түвшиндээ хуульчлагдсан, зайлшгүй дагаж мөрдөх гэрээ ; к онвенц ; п акт ; п ротокол байдаг бол зарчим ; дүрэм ; стандарт ; тунхаглал зэрэг х уульчлагдаагүй, зөвлөмж хэлбэртэй байдаг аж. Харин улс орны түвшинд нэн тэргүүнд Үндсэн хуульдаа тусгах, хууль тогтоомждоо бодлогод тусгах, шүүхийн шийдвэр, дүүрэг (хороо) журам, дүрмүүдээ тусгасан байдаг. Монгол Улс нь Үндсэн хууль болон дотоодын хууль тогтоомждоо бүрэн агуулгаар хэдийн тусгаж, хэрэгжүүлж байгааг тэрбээр илтгэлдээ тэмдэглэн хэлж байв. Үүний зэрэгцээ хүний эрхийн асуудал нь бүх түвшинд буюу олон улсын, бүс нутгийн болон үндэсний тогтолцооны уялдаа холбоогоор бэхжиж хэрэгждэг болохыг дурдсан. Үргэлжлүүлэн НҮБ-ын хүний эрхийн гэрээ, механизмуудын талаар илтгэлдээ хатагтай Хилари Гбедемах хүний эрхийн тогтолцооны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, Монгол Улсын соёрхон баталсан НҮБ-ын хүний эрхийн үндсэн гэрээнүүд болон Монгол Улсын соёрхон баталсан нэмэлт протоколуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Илтгэгч НҮБ-ын Хүний эрхийн гэрээний тогтолцооны талаар, НҮБ-ын хүний эрхийг хамгаалах болон хяналтын механизмын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Гэрээнд нэгдэн, үүрэг хүлээсэн улс орнууд үүрэг амлалтын хэрэгжилтээ тухай бүр тайлагнаж, энэ хүрээндээ олон талт хамтын ажиллагаа өрнүүлдэг болохыг дурдаж байв. Монгол Улс нь 1979 онд батлагдсан Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах (CEDAW ) олон улсын гэрээнд 1981 онд нэгдэн орсон бөгөөд ээлжит тайлангийнхаа дүгнэлтийг 2022 онд хүлээн авсан байна. Дараа нь Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн шинжээч Бутайна Ламхарзи Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн механизмын тухай танилцуулж, Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцүүлэх болон хяналт тавих үйл ажиллагааны талаар илтгэл тавив. Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR) нь НҮБ-ын гишүүн 193 орны хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх цоо шинэ механизм болохыг тайлбарлаад НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2006 онд Хүний эрхийн Комиссыг Хүний эрхийн зөвлөл болгон өөрчлөн байгуулж, “гишүүн бүх улсынхаа хүний эрхийн үүрэг, амлалтынх нь биелэлтийн талаар үнэн бодит мэдээлэлд үндэслэн, тэдэнд шударга бөгөөд бүхий л хүрээний асуудлыг хамруулан дүгнэлт хэлэлцүүлэг хийх” эрхийг олгосон байна. Гишүүн орон бүр Хүний эрхийн төлөв байдлын илтгэлээ нийт гишүүддээ танилцуулж, нийтээрээ хэлэлцдэг хамтын механизм. Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR)-ийн дөрөв дэх мөчлөг 2027 он хүртэл үргэлжлэх бөгөөд гишүүн орнууд 100 хувь оролцож байгаа тоо баримтыг танилцуулав. Энэ хугацаанд зөвлөмжийн тоо 287 хувиар нэмэгдсэн нь улс орнуудын оролцоо идэвхийн илэрхийлэл, нийт зөвлөмжийн 76 хувийг хүлээн авсан байгаа нь механизмын үр дүн, ач холбогдлын илэрхийлэл гэв. Үргэлжлүүлэн Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UP R)-ийн үе шат, бүтэц, Монгол Улсын 2025 оны Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR)-ийн цаглаврыг танилцуулсан. Парламент энэхүү үйл явцад үндэсний илтгэл боловсруулахад оролцох, үндэсний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд парламентын гишүүдийг оролцуулах, мөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр оролцох боломжтой аж. Баримт судалгаанаас үзэхэд улс орны хэрэгжүүлэх зөвлөмжийн 70 хувьд парламентын оролцоо шаардлагатай байдаг ба энэ нь эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхэлдэгтэй холбоотой гэв. Зөвлөмжийг хүлээн авахаас эхлээд бүх үе шатад парламентын үүрэг, оролцоо чухал бөгөөд Хүний эрхийн асуудлаар парламентын тусгай хороо(д) байгуулах ; Хүний эрхийн гэрээ, хэлэлцээрийг батлах ; Хүний эрхийг дээдэлсэн хууль тогтоомж батлах ; Засгийн газар амлалт үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавих ; Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө батлах явдлыг дэмжих ; Хүний эрхийн асуудалд төсөв санхүү хуваарилах ; Олон нийтийн үзэл бодлыг идэвхжүүлэх ; Бусад улс орны хүний эрхийн оролцогч талуудтай хамтын ажиллагааг дэмжих зэргийг дурдсан. Парламентын хяналтын механизм нь хэрэгжилтийн явц, идэвхжүүлэх, эрчимжүүлэхэд чухал түлхэц болдог байна. Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR)-ийн дагуух зөвлөмж нь тасралтгүй үргэлжлэх үйл явц гэдгийг илтгэгч онцлон тэмдэглэсэн. НҮБ-ын хүний эрхийн механизм дахь үндэсний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд парламентын гишүүдийн оролцооны талаарх тоо баримтыг хатагтай Бутайна Ламхарзи танилцуулав. 2020 оноос хойш уг үзүүлэлт өндөр өсөлтэй байгаа аж. Засгийн газар үүрэг амлалтаа биелүүлж буй эсэхэд парламент бүх талаар хяналт тавих боломжтойн зэрэгцээ гишүүд хууль санаачлах эрхийнхээ хүрээнд зөвлөмжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, асуулт, асуулга тавих, сонсгол зохион байгуулах, Түр хороо байгуулах, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны талаар дүгнэлт гаргах зэрэг олон хэлбэрээр оролцоотой байх, үүрэг хүлээж ажиллах боломж байдаг гэв. Монгол Улсын парламент нь үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ; х үний эрхийг хамгаалахад төсөв санхүү хуваарилах ; х үний эрхийн гэрээ хэлэлцээрүүдийг батлах ; о лон нийтийн үзэл бодлыг идэвхжүүлэх чиглэлд идэвхтэй дэмжин, өндөр оролцоотой ажилладаг гэж дүгнэж буйгаа хатагтай Бутайна Ламхарзи хэлсэн. Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр НҮБ-ын Хүний эрхийн механизм дахь парламентын оролцооны сайн жишээ болох Узбекстан, Гүрж, мөн Хорват, Марокко, Бразил, Мексик, Канад зэрэг улс орнууд энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлгийн явцад сайн туршлагуудаа дэлгэрэнгүй хуваалцах болно гэв. Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэл талаар танилцуулга хийсэн. Илтгэлийнхээ эхэнд тэрбээр ө нөөдрийн уулзалт-хэлэлцүүлэгт оролцож байгаа нийт оролцогчдод талархал илэрхийлээд энэ өдрүүдэд хүн төрөлхтний хувьд том сорилтууд шил даран хөвөрч байгааг дурдав. Олон улсын нөхцөл байдал нь НҮБ-ын энэхүү тогтолцоо, цаашлаад хүний эрхийн энэ төлөв байдлын асуудал дэлхий дахинаа хэрхэн энхийн замаар тогтвортой үргэлжлэх дээр анхаарах шаардлага байна хэмээгээд “Монгол Улс, Монгол Улсын парламентын хувьд НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байна. Тэр дундаа улс орнууд энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөлд НҮБ-ын өмнө төдийгүй дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, ялангуяа хүний эрх, эрх чөлөөний талбарт бодлогын болон шийдвэр гаргалтдаа онцгой ач холбогдол өгч байгаа гэдгийг тэмдэглэж хэлье” гэв. Монгол Улсын Их Хурал 2024 онд шинэ бүрэлдэхүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд таван тулгуурт шийдвэр гаргах механизмыг баталсан талаар танилцууллаа. Тодруулбал, хүн төвт бодлогыг хэрэгжүүлэх үүднээс парламентын хүний эрхийг дээдэлж, шийдвэр гаргаж байхаар энэ стратегид тусгасан. Энэ нь зөвхөн НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэг төдийгүй Монгол Улсын парламент нь өөрөө бүхий л түвшинд хүний эрхэмсэг оршихуй, заяагдмал эрхийг дээдэлж байх шалгуур үзүүлэлтийг баталснаараа онцгой ач холбогдолтой. Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр зорьж ажиллаж байна. Мөн үндэсний язгуур эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжсэн, цаг үеийн шаардлага, нийгмийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн цогц шийдвэр гаргахаар стратеги баталсан. Мөн шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшлийг дэмжиж, энэ нь хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалахад чиглэсэн шийдвэр гаргалтаа улам чамбайруулахаар зорьж байна. Олон ургалч үзэл бүхий шинэ үеийн парламентын бэхжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн гэв. Ийнхүү илтгэлээ эхэлж, НҮБ-ын Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т “Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын илтгэл”-ийг хэлэлцүүлсэн байдлын талаар мэдээлэл өгөв. 15 жилийн өмнө буюу 2010 онд анхдугаар илтгэлээ хэлэлцүүлж нийт 129 зөвлөмж өгсний 126 хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар үүрэг, амлалт авсан байдаг. Дараа нь 2015 онд II илтгэлээ хэлэлцүүлэхэд 190 зөвлөмж өгсний 150 -ыг нь хэрэгжүүлэхээр Засгийн газар үүрэг, амлалт авсан. 2020 онд III илтгэлээ хэлэлцүүлж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нийт 190 зөвлөмж өгснөөс Засгийн газар 170 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр үүрэг, амлалт авсан. Энэ оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газар Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т IV илтгэлээ хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм . ХЭҮК-т эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм бий болгосон явдал ; Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан явдал ; Шүүхийн хараат бус байдал, мэдээлэл авах эрх, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг сайжруулсан зэргийг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар сайшаасан байна. Үүний зэрэгцээ холбогдуулан өгсөн зөвлөмжүүдийг, тулгамдаж буй асуудлуудыг нэгбүрчлэн танилцуулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар тэргүүтэй холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжүүдийн хэрэгжилтийг хариуцсан байгууллагууд, өнөөгийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т Дөрөвдүгээр илтгэлээ хэлэлцүүлэх бөгөөд “Бид гэ рийн даалгавраа амжилттай хийхээр ажиллаж байна. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо холбогдох байгууллагуудтай удаа дараа уулзаж, зөвлөмжүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж байв. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Улсын Их Хурлын 126 гишүүний 81 нь шинээр сонгогдсон, салбар бүрдээ мэргэшсэн мэргэжлийн хүмүүс байгаа учраас аливаа асуудлыг олон талаас нь харах, хууль тогтоогчдын уламжлалт арга барилыг шинэ сэргэг, дэвшилтэт байдлаар, технологи ашиглан, хамгийн гол нь хүний эрхийн өндөр мэдрэмжтэйгээр шийдвэрлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байна. Хүний эрхийн дэд хорооны хувьд бүх аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарт хүний эрхийг дээдэлж ажиллахыг, шийдвэр гаргахдаа хүний эрхийг хангах, хамгаалахыг суурь зарчим, шалгуур болгож байх зөвлөмжийг илгээн хамтарч ажиллаж байна. Үүнийг нутгийн өөрөө удирдах ёсны эрх мэдэлд халдаж байна гэж харж болохгүй, харин хүний эрхийг хангах, бүх түвшиндээ ийм эрмэлзэл дүүрэн нэгдэж ажиллах ёстой гэсэн итгэл үнэмшлийг хуваалцаж буй хэлбэр ойлгох нь зүйтэй” гэв. Монгол нь хүний эрхийн талбарт уламжлалаараа олон зууны туршлагатай үндэстэн. Эмэгтэйчүүдийн эрх, шатлан дэвших зарчим, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлаар монголчуудын өв, соёл арвин гэж ойлгож болно хэмээн С.Эрдэнэболд гишүүн хэлээд “Өнөөдрийн уулзалт-хэлэлцүүлгээс тодорхой үр дүн гарч, дараагийн түвшний хамтын ажиллагааг амжилттай эхлүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээн төгсгөв. Ийнхүү Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг өрнөж, дээрх гурван илтгэлийн хүрээнд оролцогчид асуулт асууж, илтгэгчдээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан юм. Уулзалт-хэлэлцүүлэг Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц болон уг конвенцын Хорооны тухай сэдэвт хоёрдугаар хэсгээр ү ргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Мартин Чунгон: Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал

Монгол Улсын Их Хурлаас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран зохион байгуулж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх уулзалт-хэлэлцүүлэг өнөөдөр /2025.06.23/ Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн уулзалтаар хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр талуудын хамтын ажиллагааны туршлага болон нийтлэг зорилгод тулгуурлан хүний эрхийн олон улсын гэрээ, механизмын талаар хэлэлцэх юм. Талуудын хооронд 2022 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2024-2025 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд багтсан тус уулзалт-хэлэлцүүлгийн зорилго нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, тэр дундаа түүний Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR) мөн Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооны (CEDAW хороо) үйл ажиллагаан дахь парламентын оролцоонд оршиж буйг хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажилласан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг тодотгосон. Тэрбээр, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн талаарх 2025 оны 03 дугаар сард зохион байгуулсан цахим уулзалт-хэлэлцүүлгийн үргэлжлэл болгож UPR механизмын ерөнхий танилцуулга, түүний ач холбогдлын талаар хэлэлцэхээр төлөвлөөд буйг танилцуулсан. Мөн уулзалт-хэлэлцүүлгээр Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд Монгол Улсын Их Хурлын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгааг илэрхийлээд, UPR-ийн зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авах, мөн хэрэгжилтийг хангахад идэвхтэй оролцох боломжоор хангана гэдгийг онцолсон юм. Уулзалт хэлэлцүүлгийг нээж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар үг хэлж, Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон мэндчилгээ дэвшүүлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад чухал үүрэгтэй гэж үзэж байна. Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоо 2022 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монгол Улсын Их Хурал болон Түүний Тамгын газрын үйл ажиллагаанд хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжтэй байдлын үнэлгээг 2023 онд хийж, үнэлгээний үр дүнд Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас авч хэрэгжүүлбэл зохих хүний эрхийн асуудлаар 36, жендэрийн асуудлаар 64, нийт 100 арга хэмжээний талаарх санал, зөвлөмж гарсан ба өөрийн үнэлгээний үр дүнг 2024 оны I улиралд Улсын Их Хуралд танилцуулсан нь Монгол Улсын Их Хурлын хувьд хүний эрхийн асуудлаар өөрийн үнэлгээг хийсэн анхны парламент болсон. Өнгөрсөн хугацаанд хүний эрх, жендэрийн асуудлаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр цөөнгүй ажлыг Улсын Их Хурлаас хууль тогтоомж, бодлогын түвшинд хийж хэрэгжүүлж эхлээд байна гэлээ. Тэрбээр, Тухайлбал, хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийг сайжруулах, түүнд тавих парламентын хяналтыг тогтмолжуулах үүднээс “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2024 онд баталлаа. Мөн 2024 онд шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудад "Олон Улсын гэрээний тухай хуулийн 8.1.1 дэх хэсэгт заасан олон улсын гэрээний биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг хоёр жил тутам", "Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн биелэлтийн талаарх Монгол Улсын ээлжит тайланг тухай бүр" Улсын Их Хурлаар хэлэлцэх зохицуулалтыг тусгаад байна хэмээсэн. Энэхүү хэлэлцүүлгийг Олон у лсын п арламентын х олбоо (IPU) Монгол Улсын Их Хурал хамтран зохион байгуулж буй нь парламентын хүний эрхийн үүргийг илүү гүнзгий, бодит түвшинд авч үзэх, улс орнуудын сайн туршлага, арга зүйг харилцан хуваалцах үнэт боломжийг бидэнд олгож байна хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар онцолсон. Тэрбээр, Хоёр өдрийн э нэхүү хэлэлцүүлгийн хүрээнд бид дараах гурван тулгуур асуудлыг хөндөж байна. Үүнд: Нэгдүгээрт , Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн талаарх ойлголт, оролцоог тэлэх тухай. Монгол Улс 2025 оны 11-р сард UPR-ын үндэсний илтгэлээ хамгаал ах гэж байгаатай холбогдуулан парламентын оролцоо г идэвхтэй болгож, хяналт, төлөөлөл, шийдвэр гаргалтдаа тусгах аар ажиллаж байгаа нь шинэ шатанд гарч байна. Хоёрдугаарт , Эмэгтэйчүүдийг алагч и лах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW)-ийн хэрэгжилтийг хангах парламентын үүрэг. Монгол Улс CEDAW-ийг 1981 онд соёрхон баталсан анхдагч улсуудын нэг бөгөөд манай улс хамгийн сүүлийн байдлаар 2022 оны тайлангаа хамгаалаад байна. Тус конвенцийн хэрэгжилтийг хянахад парламентын оролцоо хязгаарлагдмал байсаар ирсэн тул энэ тал дээр бид шинэчлэл, хариуцлагын механизм, бодлогын нэгдмэл байдлыг хангах шаардлагатай. Гуравдугаарт , 2023 онд Монгол Улсын Их Хурлаас хийсэн парламентын өөрийн үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудал. Монгол Улсын Их Хурал нь НҮБ болон Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмж, дүгнэлтүүдийг судлан үзэж, тэдгээрийг хууль тогтоох үйл ажиллагаандаа бодитойгоор тусгах, хэрэгжилтэд нь хяналт тавих чиглэлээр тууштай ажиллаж ирсэн. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооноос олон улсын байгууллагуудтай хамтран “Хүний эрхийн мэдрэмжтэй парламент”-ын үнэлгээг хийж, жендэрийн мэдрэмжтэй хууль тогтоох орчин бүрдүүлэхэд анхаарал хандуулсан нь бидний хувьд чухал ахиц болсон билээ.Тус үнэлгээ нь парламентын хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх чадавх, оролцоог сайжруулах олон талт зөвлөмж гаргасан. Энэ бол бидний өөрсдийн тогтолцоонд хийсэн дотоод толь бай сан . Харин одоо бид тэр тол ин д туссан ойлголтыг бодит ажил хэрэг болгох үүрэгтэй гэлээ . Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлэг (UPR)-ийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гишүүн орнуудаас ирүүлсэн зөвлөмжүүдийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны сайн жишээ болсон цахим хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулсан гэдгийг тэрбээр дурдаад, Монгол Улсын парламентын зорилго бол х үний эрхийг хууль тогтоомж, бодлого, төсвийн шийдвэрээр дэмжих , ж ендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог институцийн түвшинд хангах, о лон улсын гэрээ, хүлээсэн үүргээ бодитой хэрэгжүүлэх хяналтын тогтолцоог бүрдүүлэх явдал хэмээсэн . Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон мэндчилгээндээ, Монгол Улс ардчилалд шилжих замналаар замнаж, сүүлийн гуч гаруйхан жилийн хугацаанд ард түмний хүсэл зоригт нийцсэн институцийг байгуулан бэхжүүлж, хүртээмжтэй, хариуцлагатай, хүний эрхэд суурилсан засаглалын үнэт зүйлсийг дээдэлдэг парламенттай болсон. Өнөөдөр Монгол Улсын Их Хурал нь хууль тогтоох байгууллага байхаас гадна Монгол Улс хүний эрх, ардчилсан засаглалыг тууштай эрхэмлэж байгаагийн илэрхийлэл болж байна. 2024 оноос хойш Монгол Улсын Их Хурал ард түмнийхээ төлөөллийг илүү хангах болсны зэрэгцээ дөрвөн гишүүний нэг нь эмэгтэй гишүүн байна. Мөн та бүхэн ц аашид энэ тоог нэмэгдүүлэхийг зорьж ажиллах гэж байгаад баяртай байна гэлээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал 2023 онд хүний эрх болон жендэрийн мэдрэмжтэй байдлын талаарх өөрийн үнэлгээг хийсэн нь чухал ахиц дэвшил болсон бөгөөд ОУПХ-ны хүний эрхийн асуудлаарх өөрийн үнэлгээний шинэ аргачлалыг ашигласан дэлхийн анхны парламент болсон юм. Уг үнэлгээг жендэрийн мэдрэмжтэй парламентын үнэлгээний аргачлалтай хамт хэрэгжүүлсэн. Өөрийн үйл ажиллагааг эргэцүүлэн дүгнэсэн нь зөвхөн үнэлгээ хийхээс гадна парламентын бүтэц, үйл ажиллагаа, бодлого нь тэгш байдал, хүртээмжийн өндөр стандартыг хангаж байх чин эрмэлзэлтэй байгааг илэрхийлсэн юм. Э нэ санаачилгыг үргэлжлүүлэн оны эхээр Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн асуудлаарх семинарыг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлэг нь эдгээр үндэс суурьд тулгуурлан цаашид Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR) болон Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооны (CEDAW) үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурал хэрхэн оролцох талаар хэлэлцэх зорилготой юм хэмээсэн. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR) болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW) зэрэг НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал гэдгийг тэрбээр тодотгоод, парламент нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалт болон улс орондоо хэрэгжилтийг нь хангах огтолцол нь болж байдгийг дурдсан. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR) нь парламентын гишүүдэд хүний эрхийг хангах талаарх улс орны ахиц дэвшлийг дүгнэж, бодлогын шинэчлэл санал болгох, мөн зөвлөмжүүдийг Засгийн газрын зүгээс хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих боломжийг олгодог. Харин Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW) нь бүх салбарт жендэрийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах чухал тогтолцоог бий болгодог. Аль алины хувьд парламентын манлайлал, идэвхтэй оролцоо нь ил тод байдал, хариуцлагатай, хүртээмжтэй засаглалыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах боломжтой гэлээ. Ноён Мартин Чунгон Монгол Улс Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн (CEDAW) хэрэгжилтийг хангах, 2026 онд ээлжит тайлангаа хүргүүлэх бэлтгэлийг хангах шаардлагатайг дурдаад, 2022 оны Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооны дүгнэлтэд тодорхой тусгаснаар жендэрт суурилсан хүчирхийллийг арилгах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, хөдөлмөр эрхлэлт дэх тэгш байдлыг хангах чиглэлээр цаашид дорвитой арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон юм. Иймээс энэ боломжийг ашиглан амлалтыг бодит хэрэгжилт, төлөвлөгөөг бодит үйл ажиллагаа болгохын төлөө ажиллацгаая. Монгол Улсын Их Хурал хүний эрх, тэгш байдал, шударга ёсны төлөөх манлайлагч байж ажиллахад ОУПХ тууштай дэмжиж хамтран ажиллах болно гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ БҮХ ШАТАНДАА ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээнд соёл, аялал жуулчлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаа, газар чөлөөлөлтийн ажлын явц, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, “Хүрээ цам-Даншиг наадам 2025” болон Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд дундаж хэрэгжилт нь 71.5 хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд нийт 91 ажилд 5265 нэгж талбар газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн. Үүнээс 2584 нэгж талбарын газрыг чөлөөлж, газар чөлөөлөлтийн ажлын гүйцэтгэлийг чанаржуулж байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. Тодруулбал, гэр хорооллыг орон сууцжуулах ажилд нөлөөлөлд өртсөн 2622 нэгж талбар. Авто зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээний ажилд нөлөөлөлд өртсөн 1178 нэгж талбар байна. Сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол, гал түймэр унтраах анги, хог шатаах үйлдвэр болон бусад нийгмийн дэд бүтцийн чиглэлийн ажилд нөлөөлөлд өртсөн 1465 нэгж талбар байна. Үргэлжлүүлэн нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг танилцуулав. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх, ялангуяа явган хүний замын ажил, барилга байгууламж, дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудаа эрчимжүүлэх, Нийслэлийн төсвийн тодотголын бэлтгэлийг сайтар хангаж ажиллах, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын ажлын уялдаа холбоог сайтар хангаж, бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх, Хог, хаягдлыг цагийн хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх ажлыг газар дээр нь явж хэрэгжилтэд хяналт тавих, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг тогтмол шалгаж, инженерийн шугам, сүлжээний ажлуудыг эрчимжүүлэх, Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг шалгаж, дугаарыг стандартад нийцүүлэх, Нийслэлийн дүүрэг, хороод уялдаа холбоотойгоор чанартай ажлуудаа гүйцэтгэх, Замын хөдөлгөөний хяналтын камер, зөрчлийн арга хэмжээг чанаржуулах, үзэгдэх орчинд нөлөөлж буй мод, бут, кабель шугамыг цэгцлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

ЭНЭ САРЫН 23-29-НИЙ ӨДРҮҮДЭД 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТОД БОЛНО

НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зургаадугаар сарын 23-29-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй. Тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөх юм. Мөн тэмцээний үеэр спортын тоглолтууд болохоос гадна хөгжөөнт шоу, урлагийн тоглолт, спортын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, үндэсний болон олон улсын хоолны өдөрлөг болно. Ташрамд, манай улс нь Ази тивдээ ийм хэмжээний тэмцээнийг зохион байгуулж буй анхны орнуудын нэг болж байна. Тэр ч утгаараа Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн хөгжлийг олон улсад сурталчлах, дотоодын залуу тамирчдад урам зориг өгөх, спортын аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой үйл явдал болж буй.

Олон улсын парламентын холбоотой хамтран НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлаас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх уулзалт-хэлэлцүүлгийг энэ сарын 23, 24-ний даваа, мягмар гарагт зохион байгуулна. НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR) болон Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороо (CEDAW) зэрэг механизм дахь парламентуудын оролцоо, түүнийг бэхжүүлэх арга зам, шийдлийг энэхүү уулзалт-хэлэлцүүлгээр иж бүрнээр авч хэлэлцэх юм. Уулзалт-хэлэлцүүлгийн эхний өдөр Монгол Улс ба НҮБ-ын хүний эрхийн төлөв байдал, хяналтын байгууллагууд, Э мэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, уг конвенцийн хороо, конвенцийн хэрэгжилт, бодит байдлын талаарх дөрвөн хэсгийн хэлэлцүүлэг явагдана. Эдгээрээр НҮБ-ын хүний эрхийн гэрээ, механизмууд, мөн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн механизм, Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэл, түүнийг хэлэлцүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ. Мөн Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, түүний нэмэлт протокол, үүнд нэгдэн орсны ач холбогдол, зорилт, уг конвенцийн хороо ба парламентын хамтын ажиллагаа, Монгол Улсаас 2022 онд хэлэлцүүлсэн 10 дахь тайлан, түүний хэрэгжилт, уг тайланг хэлэлцүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих парламентын үүрэг, парламентын гишүүдэд зориулсан энэ талаарх гарын авлага, Бүгд Найрамдах Узбекистан Улсын жишээ, Хүний эрхийн төлөв байдлын 2020 оны ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд гарсан ахиц, дэвшил, цаашид сайжруулах чиглэлүүд, энэ асуудлаарх парламентын механизм зэрэг илтгэл, сэдвүүдийг хэлэлцэж, дүгнэлт хийн, эн тэргүүнд анхаарах асуудлуудыг тодорхойлно. Түүнчлэн уулзалт-хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооны ерөнхийлөгч болон гишүүн асан, Олон Улсын Парламентын Холбооны Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн асуудлаарх шинжээч, Бүгд Найрамдах Гана Улсын Хуулийн хүрээлэнгийн ректор Хилари Гбедемах, Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн шинжээч Бутайна Ламхарзи, Олон улсын парламентын холбооны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан Мариана Дуарте, Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Т.Амгалан, “ Хүний эрх хөгжил төв” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Уранцоож нар илтгэл тавих юм. Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламент Олий Мажилисын хууль тогтоох танхимын гишүүн, Узбекистаны Хүний эрхийн үндэсний төвийн захирал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хорооны гишүүн Саидов Акмал Холматович цахимаар оролцож, илтгэл танилцуулга хийнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

1 ... 29 30 31 32 33 34 35 36 37 ... 370