НДС “ЧИНГИС ХААН” БАНКНААС 85 ТЭРБУМ, “КАПИТАЛ”-ААС 64.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ

"Чингис хаан" банкнаас Нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт 101.7 тэрбум төгрөгийг 1.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлогын хамт нийт 103.57 тэрбум төгрөгийг барагдуулах шүүхийн шийдвэр гарснаас хойш 2025 оны 11-р сарын 3-ны өдрийг хүртэл нийт 18.6 тэрбум төгрөгийг төлүүлжээ. Үүнээс 11.1 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 7.5 тэрбум төгрөгийн 11 ширхэг үл хөдлөх хөрөнгө хүлээн авсан бөгөөд хөрөнгийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдаа зохион байгуулах ажлыг хийж байна.

Нийгмийн даатгалын байгууллага 2025 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрүүдийн дагуу 7.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон, мөнгөн хөрөнгөөр 2.7 тэрбум төгрөг шилжүүлснээр нийт 10.2 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдаж Чингис хаан банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөр 85.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Харин Капитал банкны эрх хүлээн авагчаас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт 104.2 тэрбум төгрөг барагдуулах шүүхийн  шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 40 тэрбум төгрөгийг төлүүлсэн байна. Үүнээс 13.8 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 26.2 тэрбум төгрөгийн 87 ширхэг үл хөдлөх хөрөнгөөр барагдуулж, 12.0 тэрбум төгрөгийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, санд хөрөнгийг төвлөрүүлээд байна.

Нийгмийн даатгалын байгууллага 2025 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий есөн ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон, мөнгөн хөрөнгөөр 0.3 тэрбум төгрөг шилжүүлснээр нийт 1.5 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдаж Капитал банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөр 64.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулахаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд Чингис хаан банкны өр төлбөрийг барагдуулах, хөрөнгө илрүүлэхээр Улсын ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, мэргэжлийн хууль эрх зүй, өмгөөллийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 75 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, Чингис хаан банкны өр төлбөрийн үлдэгдлийг барагдуулах чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: НДЕГ

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.