120 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН А.ТӨВШИН ЯАГААД ХОРИГДСОНГҮЙ ВЭ!!!

АТГ-аас ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг тус газрын мэргэжилтэн н.Номинсувд, н.Ундрам нарын хамтаар энэ сарын 16-нд саатуулсан. Уг нь тэдэнтэй хамт саатуулагдах ёстой хамгийн гол сэжигтэн болох тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин цагдан хоригдолгүй гадуур байцаагдаж буй нь хачирхалтай. Учир нь сэжигтэн А.Төвшин бусдаас 120 сая төгрөгийн авлига авсан этгээд. Гэтэл АТГ-ынхан ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг А.Төвшингийн өгсөн мэдүүлгээр цагдан хорьчихоод байгаа нь эрхгүй анхаарал татна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар А.Төвшин АТГ-т мэдүүлэг өгөхдөө “Бямбасүрэн даргын машины арын суудал дээр хахуулийн 50 сая төгрөгийг орхиж буусан” гэсэн аж. Эндээс харахад бусдаас 120 сая төгрөгийн авлига авсан хүн нь А.Төвшин атал яагаад Л.Бямбасүрэнг хоёр мэргэжилтнийх нь хамтаар хорих болов гэдэг асуулт гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, бусдаас хахууль авсан этгээд наранд эрх чөлөөтэй алхаж байхад хийгээгүй хэргийнхээ төлөө бусдын өгсөн мэдүүлэгээр АТГ-ын мөрдөгчид бусдыг үтэр түргэн хорьчихдог болчихож хэмээн харагдаж байна. Үүгээр ч зогсохгүй Л.Бямбасүрэнг хоригддог өдөр буюу 2024.09.16-ны өдөр бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Л.Бямбасүрэн, А.Төвшин нарыг хамтдаа хоригдсон гэх мэдээллийг яг адилхан агуулгатайгаар цацсан нь энэ нь цаанаа улстөрийн зохион байгуулалттай акц байв уу гэж хардмаар. Бидэнд олдсон мэдээллээр Л.Бямбасүрэнг цагдан хорьсны цаад шалтгаан нь түүний албан тушаалыг авах гэж гэмт хэрэгт гүтгэсэн гэх хардлага бий. Учир нь УИХ-ын сонгуулийн дараа ялагдал хүлээсэн хэсэг бүлэг нөхөд дээгүүр, доогуур гүйж агентлагийн даргаар ирэх гэж буй яриа хэвлэлээр гарч байсан. Тэдний нэг нь ЭМ-ийн сайд асан С.Энхболд. Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлж буйгаар бусдаас 120 сая төгрөгийн хахууль авсан хэрнээ өдгөө наранд жаргаж яваа А.Төвшин нь сайд асан С.Энхболдтой хамаарал бүхий нэгэн болох магадлалтай аж. Тодруулбал, А.Төвшин ЭМДЕГ-т ажилд орохоосоо өмнө буюу ковидын үед эм ханган нийлүүлэх “Мөнхийн тун”-гийн захирлаар ажиллаж байсан нэгэн. Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн дөрөвүгээр сард болсон эмийн сонсголоор “Мөнхийн тун” ХХК-ийг ЭМ-ийн сайд асан С.Энхболдын хамаарал бүхий компани гэдгийг шинжээчид онцлож байсан. Эндээс харахад Л.Бямбасүрэнгийн албан тушаалд шүлэнгэтэж байсан сайд асан С.Энхболд, А.Төвшин нарын хоршил Л.Бямбасүрэнг золигт гаргачихав уу гэж уншигдахаар үйл явдал өрнөж байна. Бид энэ талаарх мэдээллийг дараагийн удаа дэлгэрэнгүй мэдээлэх учраас энэ удаа хардах эрхийн хүрээнд ингээд орхиё. Эцэст нь хэн нэгний албан тушаалыг булааж авахын тулд зориудаар гэмт хэрэгт гүтгэж, цаашлаад хамгийн гол хэрэгтэн болох хахууль авсан А.Төвшин гэмгүй нэгэн болж наранд тарвалзаж дураараа, эрх чөлөөтэй явж буй нь яалт ч үгүй маш “том” улстөр явж байгааг батлаад байгаа юм биш үү.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.