НЭГҮҮН МЭДЭЭ
НИЙСЛЭЛД ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫН 500 ЦЭГ АЖИЛЛАНА

Нийслэлийн Засаг даргын 2026 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А/1116 дугаар захирамжаар 2026-2027 оны галлагааны улиралд нийслэлийн долоон дүүрэгт гэрээт борлуулалтын 500 цэг ажиллуулахаар баталлаа. Үүнээс 54 цэгийг шаардлагатай тохиолдолд дүүргүүдэд нэмэлтээр хуваарилах нөөцөд байлгахаар төлөвлөжээ. Дүүргүүдэд ажиллах борлуулалтын цэгийн тоог дараах байдлаар тогтоосон байна. Үүнд: Баянгол дүүрэг – 17 Сонгинохайрхан дүүрэг – 165 Хан-Уул дүүрэг – 42 Чингэлтэй дүүрэг – 58 Баянзүрх дүүрэг – 110 Налайх дүүрэг – 22 Сүхбаатар дүүрэг – 32 Эдгээр цэгээр иргэдэд хагас коксон болон шахмал түлш худалдан борлуулна. Борлуулалтын цэг ажиллуулах хүсэлт гаргасан иргэдийн хүсэлт, өмнөх галлагааны улиралд хариуцлагатай ажилласан гэрээт цэгүүдийн ажиллаж байсан цэгийн байршил болон тухайн дүүргийн хүн амын нягтаршил зэргийг харгалзан үзэж, хамтран ажиллах гэрээг 2026 оны есдүгээр сарын 1-ний дотор байгуулна. Ингэснээр 2026-2027 оны галлагааны улирал ирэх сарын 15-аас албан ёсоор эхэлж, түлш худалдаанд гарна.

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭД СУРРОН БОЛОН БУСАД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООГ ШИЛЖҮҮЛБЭЛ ТОРГОНО

Эцэг, эх, асран хамгаалагчдыг насанд хүрээгүй хүүхдэд суррон болон бусад тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас (ТЦА) анхааруулж байна. Хэрэв шилжүүлбэл 100 мянган төгрөгөөр торгоно. Зөрчлийн тухай хуулийн 14.7.2 Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн мопед, түүний төрөлд хамаарах скүүтерийг жолоодож явган хүний гарцаар гарсан тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгоно.

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭХ, ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан боллоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гаригт үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтов. Өнөөгийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна. Хуралдаанаар төрийн өмчит компаниудын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг хэлэлцжээ. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө яригдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1, 28.5-д заасны дагуу “Жагсаалт батлах тухай”, “Хүн амд үзүүлэх наад захын үйлчилгээний хэмжээ” батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулжээ. Мөн “Жендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулав.

Д.ЭРДЭНЭБИЛЭГ МОНГОЛЫН ХУУЛЬД ИТГЭЭД ИРЭВ ҮҮ, ЭСВЭЛ ХУУЛИЙН ӨМНӨ ОЧИХ ЗАМЫГ НЬ УРЬДЧИЛАН ЗАСЧИХСАН УЧРААС ИРЭВ ҮҮ?

Гадагш ниссэн шувууд нэг нэгээрээ эргэн ирж, араас нь “Би буруугүй, шалгаад юу ч илрээгүй” гэх үгс дагалдах нь. Энэ бол зүгээр нэг давхцал уу, эсвэл хөшигний цаадах тохирооны эхлэл үү? Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж наадмын өмнөхөн Монголд ирлээ. Өнгөн дээрээ Төрийн далбааны өдрийн хүндэтгэлийн ёслол, Эрдэнэтийн 50 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. Гэвч түүний Монголд ирсэн цаг хугацаа, араас нь хил даван орж ирсэн хүмүүсийн дараалал анхаарал татахгүй өнгөрөхөөргүй байна. Сингапурт 4.2 жил суусан “Сахал” Д.Эрдэнэбилэг ч Монголын хилээр орж ирэв. Энэ зориг хаанаас гарав? Есөн жилийн өмнөөс шалгагдаж, гурван жилийн өмнө шүүхэд шилжсэн “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь”-ын гэх хэргийн гол дүрүүдийн нэг бол Д.Эрдэнэбилэг. Түүнийг тойрсон маргаан найман жил үргэлжилж, гурван үйлдвэртэй холбоотой асуудал, мөнгөний урсгал, хөрөнгө шилжилтийн талаарх хардлага, мөрдөн шалгах ажиллагаа удаан хугацаанд үргэлжилсэн. Тэрбээр өмнө нь хоёр удаа сүр дуулиантайгаар цагдан хоригдож, улмаар суллагдсан. Гадаадад эмчилгээ хийлгэх шалтгаанаар явсан ч Монголд эргэн ирэлгүй удсан. Барьцаанд тавьсан гурван тэрбум төгрөг нь хүртэл улсын орлого болсон. Цаг хугацааны хувьд нэг зүйл илт харагдана. Ц.Элбэгдорж Монголд ирсний дараа хилийн чанадад олон жил байсан Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг нарын хөдөлгөөн эрчимжив. Энэ бол зүгээр нэг давхцал гэж тайлбарлахад хэтэрхий сонирхолтой дараалал. Хөшигний цаана юу яригдав? Ц.Элбэгдоржийн улс төрийн дэмжлэг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэр, Д.Эрдэнэбилэгийн “Эрдэнэт”-тэй холбоотой хэлцэл нэг цаг хугацаанд огтлолцож байсан. Тиймээс өнөөдөр асуух ёстой асуулт нь ганцхан: Д.Эрдэнэбилэг яагаад яг одоо Монголд ирэв? Хэрэв хууль шүүхийн байгууллагад итгэлтэй байсан юм бол яагаад 4.2 жил гадаадад суув? Хэрэв буруугүй гэдгээ нотлохыг хүссэн юм бол яагаад өнөөг хүртэл хүлээв? Хэрэв одоо ирэхэд ямар нэгэн саад байхгүй болсон юм бол тэр саадыг хэн арилгав? Шүүхийн хаалга одоо нээлттэй Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны дөрөвдүгээр сарын 10-нд “Монгол Улсад байхгүй, эрэн сурвалжилж байгаа яллагдагчийг байлцуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэж үзэн, бусад яллагдагчидтай холбоотой хэргийг тусгаарлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, түүний эзгүй байдал хэрэг шийдэгдэхэд бодит саад болж байсан. Харин одоо тэр Монголд байна. Тэгэхээр шүүх хурал ч хүлээж байна. Хууль ч хүлээж байна. Олон нийт ч хүлээж байна. Одоо ганцхан зүйл тодорхой болох ёстой. Тэр үнэхээр хуульд итгээд ирэв үү, эсвэл хуулийн өмнө очих замыг нь урьдчилан засчихсан учраас ирэв үү? Хэрэв бүх зүйл хуулийн дагуу явах гэж байгаа бол үүнийг нуух шаардлага байхгүй. Харин хөшигний ард тохироо хийж, ард түмний өмчтэй холбоотой асар их маргааныг хэдхэн хүний ширээний ард шийдэх гэж байгаа бол Монголын иргэд дахин дуугүй суух ёсгүй. Гадагш ниссэн шувууд буцаж ирж болно. Харин хуулийн хариуцлагаас нисэж гарах эрх хэнд ч байхгүй. “Би буруугүй” гэдгийг мэдэгдлээр бус, шүүхийн өмнө нотлох ёстой. Харин төрийн өмчийг тойрсон тохироог төрийн хаалганы цаана биш, ард түмний өмнө ил тод хийх ёстой.

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР С.ДАВААСҮРЭНГ ТОМИЛЛОО

“Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан С.Даваасүрэнг томиллоо. С.Даваасүрэнгийн хувьд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, АББҮХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай. Гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн Ц.Эрдэнэбаярын хувьд мидлинг суурьтай шахмал түлшээс хагас кокс руу шилжих түлшний гуравдахь үеийн шилжилтий г амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд түүхий эд ийн судалгаа , үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын системийг шинэч лэн нэвтрүүлсэн. Тодруулбал, э рдэм шинжилгээ , судалгааны хүрээлэнгүүтэй хамтран хагас коксон түлшний суурь судалгааг хийлгэж, хатуу түлшний стандартыг шинэчлэн батлуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн. Нийслэлийн 170 мянга гаруй өрхийг сайн чанарын хагас коксон түлшээр хангах зорилгоор БНХАУ-аас 367 мянган тонн хагас коксон түлш импортолж, у лсын болон хувийн хэвшлийн төмөр замын байгууллагууд тай хамтран өвлийн ачааллыг амжилттай давсан юм. Б орлуулалтын цэгийг 650-аас 450 болгон байршлыг оновчилж , түлшний нөөц, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтыг цахимжуулан “Хотула” аппликэйшнийг нэвтрүүлсэн. Мөн гэр хорооллын айл өрхийг хийн түлшид шилжих ажлыг ч эхлүүлсэн юм. 2025–2026 оны өвөл агаар бохирдуулагч бодисын агууламж буур ч, нийслэлийн агаарын бохирдол 23 хувиар буурсныг АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон олон улсын хөндлөнгийн байгууллагууд баталгаажуулсан. Түүнчлэн компанийн бүтэц орон тоог бууруулах, урсгал зардлыг хэмнэх зэрэг менежментийн өөрчлөлтийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж үр бүтээлтэй ажилласныг Төлөөлөн удирдах зөвлөл дүгнэсэн юм.

ГССҮТ, БНСУ-ЫН ЭМЧ НАР ХАМТРАН ТҮЛЭГДЭЛТИЙН ДАРААХ СОРВИТОЙ ИРГЭДЭД ҮЗЛЭГ ХИЙНЭ

2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-ын түлэнхий болон пластик мэс заслын эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн салбар эмнэлгийн Түлэгдэлтийн төвийн эмч нартай хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдийг хамруулсан үзлэг зохион байгуулна. Огноо: 2026 оны 8 дугаар сарын 15 (Бямба гараг) Үзлэгийн цаг: 11:00–18:00 Цайны завсарлага: 14:00–15:00 Байршил: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, New Olympic Stadium. Урьдчилан бүртгүүлэх утас: 9914-1435 Түлэгдэлтийн дараах сорвитой иргэд тус үзлэгт хамрагдах бүрэн боломжтой бөгөөд үйл ажиллагаа үнэ төлбөргүй явагдана.

ТЭТГЭВРИЙН МӨНГӨН ХУРИМТЛАЛЫН АШИГЛАГДААГҮЙ ҮЛДЭГДЛИЙГ ӨВЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны зургадугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүнээс 2025 оны тавдугаар сарын 09-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын найман гишүүнээс 2026 оны зургадугаар сарын 04-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй нэгтгэн хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы 2026 оны долдугаар сарын 02-ны нэгдсэн хуралдаанаар баталлаа. Ийнхүү зөвхөн шимтгэл хураах, тэтгэвэр тэтгэмж олгох нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, даатгуулагчийн хуримтлал, төрийн дэмжлэг, ажил олгогчийн ачааллыг бууруулах бодлого, суурь тэтгэврийн баталгаа, даатгалын сангийн урт хугацааны тогтвортой байдлыг нэгэн зэрэг хангах эрх зүйн цогц шинэчлэлийг хийлээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Хууль батлагдсаны үр дүнд Монгол Улс тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих, тэтгэвэр авагчийн орлогыг нэмэгдүүлэх, тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд сонголтод тулгуурлан үе шаттай шилжих, даатгуулагч, ажил олгогчид дэмжлэг үзүүлж нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, нийгмийн даатгалын сангийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн шинэ орчин бүрдэж буй юм. Тэтгэврийн мөнгөн хуримтлалын зохицуулалт шинээр бүрдлээ Даатгуулагч өөрөө хүсвэл төлж буй тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1.0 хувьтай тэнцэх хөрөнгийг тусгайлан хуримтлуулж болно. Энэ хуримтлал улсын төсвөөс олгох урамшуулал болон хөрөнгө оруулалтын өгөөжөөр нэмэгдэх боломжтой. Тус зохицуулалтаар иргэн тэтгэвэрт гарахаас өмнө өөрийн нэр дээр хуримтлал үүсгэж, өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох үедээ нэг удаа, эсхүл хугацаат хэлбэрээр авах, мөн ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжийг бий болголоо. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог хуульчлав Тэтгэврийн тогтолцоо нь суурь тэтгэвэр, тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн гурван давхаргатай байхаар хуульчиллаа. Суурь тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлж, шимтгэл төлсөн хугацаа болон авч байгаа тэтгэврийн хэмжээнээс хамааруулан тооцохоор тусгасан нь бага тэтгэвэр авч байгаа болон олон жил шимтгэл төлсөн иргэдийн орлогын баталгааг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Жижиг бизнес эрхлэгчид, ажил олгогчдыг дэмжинэ Сүүлийн таван жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, таваас ихгүй ажилтантай ажил олгогчийн тодорхой тооны ажилтны ажил олгогчоос төлөх шимтгэлийг 36 сар хүртэл, хөгжлийн бэрхшээлтэй ажилтныхыг 60 сар хүртэл чөлөөлөхөөр боллоо. Хэрэв ажил олгогч таван ажилтантай бол гурван ажилтны, дөрвөн ажилтантай бол хоёрынх нь, хоёр ба гурван ажилтантай бол нэгийнх нь ажил олгогчийн төлөх шимтгэлээс чөлөөлнө. Энэ чөлөөлөлтөд даатгуулагч зөвхөн нэг удаа хамрагдах бөгөөд ажил олгогч хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргана. Мөн ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсний сангийн дээд хэмжээнд үе шаттай хязгаар тогтоож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн нөхцөлөөс хамааруулан бууруулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бизнесийн санхүүгийн ачааллыг багасгана. Нийгмийн даатгалд анх удаа даатгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлнө. Уян хатан зохицуулалтаар нийгмийн даатгалд хамрагдалтыг өргөжүүлнэ Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон түүнтэй адилтгах хэд хэдэн гэрээгээр давхар ажиллаж байгаа иргэн өөрт таатай нөхцөлтэй нэг гэрээнээс нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах боломжтой. Харин хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажил эрхэлж буй даатгуулагч давхар ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан бол тухайн гэрээний орлогоос давхар нийгмийн даатгал төлөхгүй байж болно. Мөн 15-24 насны суралцагч тодорхой нөхцөлөөр нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөн хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ 26 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх боломжтой. Шимтгэл нөхөн төлөх хугацаа, хэмжээг нийгмийн даатгалын байгууллагатай гэрээгээр тохирно. Тэтгэвэр тогтоох аргачлал, дундаж цалин тооцох хугацаа, тэтгэвэр авах насыг зохицуулав Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацааг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2033 он ба түүнээс хойш 10 жилийн орлогын нийлбэрт үндэслэхээр хуульчлав. Мөн тэтгэврийн наснаасаа хойш тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд хэмжээг нэмэгдүүлэх, харин наснаасаа өмнө тэтгэвэр тогтоолговол хэмжээг бууруулан тооцох зохицуулалт тусгагдлаа. Энэ нь тэтгэвэр тогтоох харилцааг илүү урт хугацааны шимтгэл төлөлттэй уялдуулах, тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэвэр тогтоолгох насыг 2029 оноос жил бүр гурван сараар үе шаттай нэмэгдүүлнэ. Энэ нь тэтгэвэр тогтоох харилцааг илүү урт хугацааны шимтгэл төлөлттэй уялдуулах, тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын зохицуулалтыг шинэчлэв Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмжийг тооцох нэг өдрийн дундаж цалин хөлсийг сарын дундаж орлогыг 21-д хувааж тодорхойлохоор боллоо. Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаас хамааруулан ялгаатай тогтоож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний чиглэлээр эрүүл мэнд, хөдөлмөрийн сэргээн засах үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийн судалгаа, эмнэлгийн хэрэглэгдэхүүний төлбөрийг илүү өргөн хүрээнд зохицуулахаар тусгав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙГ ДӨРВӨН УЛИРАЛТАЙ БАЙХААР БАТАЛЛАА

Боловсролын яамнаас 2026–2027 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа. Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улирлын тогтолцоогоор хичээллэх бөгөөд улирлын амралт, бие даалтын долоо хоногийн хуваарьт өөрчлөлт оржээ. Хуулийн дагуу хичээлийн жилийн эхлэх, дуусах хугацаа хэвээр үлдэх бөгөөд 2026 оны есдүгээр сарын 1-нээс 2027 оны зургаадугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ. Гол өөрчлөлтүүд: - Өмнөх хичээлийн жилд мөрдөгдөж байсан гурван улирлын тогтолцоог халж, шинэ хичээлийн жилд дөрвөн улиралтай болно. - Сурагчид 7-9 долоо хоног хичээллэсний дараа улирлын амралт эхэлнэ. - Цагаан сарын баяртай давхцах долоо хоногийг бие даалтын (цахим сургалтын) долоо хоног байхаар төлөвлөсөн байна. Бие даалтын долоо хоногийг хэрхэн зохион байгуулах вэ? Нийслэлийн сургуулиуд: - Хоёрдугаар улирлын төгсгөлд зохион байгуулна. - Ингэснээр агаарын бохирдол, томуу, томуу төст өвчний эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ. Орон нутгийн сургуулиуд: - Гуравдугаар улирлын эхэнд зохион байгуулна. - Мал төллөх үетэй уялдуулан амралтын долоо хоногтой нийлүүлж 14 хоногийн хугацаатай байхаар төлөвлөсөн байна. Ахлах анги: - Цахим сургалтын долоо хоног нь гуравдугаар улирлын эхэнд хэрэгжинэ. Танхимын сургалтын үргэлжлэх хугацаа: Бага анги - 32 долоо хоног Дунд анги - 33 долоо хоног Ахлах анги - 34 долоо хоног Улирлын хуваарь: I улирал: 2026 оны 9 дүгээр сарын 1-с аравдугаар сарын 30 II улирал: 2026 оны 11 дүгээр сарын 9-с 12 дугаар сарын 25 III улирал: - Бага, дунд анги: 2027 оны нэгдүгээр сарын 18-с гуравдугаар сарын 19 - Ахлах анги: 2027 оны нэгдүгээр сарын 11-с гуравдугаар сарын 19 IV улирал: - Бага анги: 2027 оны гуравдугаар сарын 29-с тавдугаар сарын 28 - Дунд, ахлах анги: 2027 оны гуравдугаар сарын 29-с зургаадугаар сарын 4 Ингэснээр шинэ хичээлийн жил илүү богино хугацааны улирлуудтай болж, сурагчдын амралт, бие даалтын хугацааг нийслэл болон орон нутгийн онцлогт нийцүүлэн зохион байгуулахаар болсон байна.

БАЯНХОНГОР-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН 65-84 КИЛОМЕТР ХООРОНД АВТО ЗАМЫН ХӨВӨӨ ЭВДЭРЧЭЭ

A0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто зам 65-84 км хооронд өчигдөр орсон борооны улмаас 16 хэсэг газраар үерлэж зам даван хөвөө далангаа эвдэж нарийссан талаар Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Иймд жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН 10 ХОНОГ ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД

Өнөөдрөөс буюу энэ сарын 27-ноос эхлэн дараах байршилд арав хоног халуун ус хязгаарлана. Үүнд: Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7-р хороолол, Хангай хотхоны орчмын хэрэглэгчид, 100 айл, Хөгжим бүжгийн коллеж, 11-р хороолол орчим, КТМС, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын хэрэглэгчид, Тэнгис кино театр, Дипломат 95, Тахь Ко ХХК, Төрийн өмчийн V, XI-р байр, УДДТ-60, 62-с хангагддаг хэрэглэгчид. Женекс зочид буудал, Ой мод ХХК, УДДТ-59-с хангагддаг хэрэглэгчид. Хийх ажил: ДХ-623 цэгт таслах 1Ф700мм хаалт, ДХ-675 цэгт таслах 1Ф400мм хаалт, 1Ф250мм хаалт, ДХ-308-10 цэгт таслах 1Ф300мм голчтой хаалтуудыг тус тус шинэчлэн солино. Урсгал засварын ажил хийнэ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 393