НЭГҮҮН МЭДЭЭ
ЭКО АЖ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ЗАМААР АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

НЗДТГ, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ хамтран “Арьс ширний салбарт ажлын байр нэмэгдүүлэх түлхүүр бодлого” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус уулзалт, хэлэлцүүлэг нь Монгол Улсад эко аж үйлдвэрийн парк байгуулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд талуудын хамтын ажиллагааг уялдуулах, цаашид арьс ширний салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банк, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ болон арьс ширний салбарын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож, уг салбарт хийж, хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлыг танилцуулан, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Тухайн салбарт хийж буй гол ажил нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрүүдийн нэгдэл бий болгох зорилготой шинэ аж үйлдвэрийн парк байгуулах төсөл юм. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг байгуулснаар нийт 8700 гаруй тогтвортой ажлын байр бий болно гэсэн судалгаа бий. Өнөөгийн байдлаар манай улсад арьс ширний 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас 90 хувь нь нийслэлд байгаа юм. Иймд аж үйлдвэрийг нүүлгэж, дэлхий жишигт нийцсэн хөдөө аж ахуйн эко парк байгуулснаар ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн өрсөлдөх чадвар сайжрах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах томоохон ач холбогдолтой. Түүнчлэн тухайн бүсэд хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа өргөжин, хөгжих юм.

ХУД-Т БАРИГДАЖ БАЙСАН БАРИЛГЫН КРАН УНАЖ 20-36 НАСНЫ 2 ЭРЭГТЭЙ АМИА АЛДЛАА

ХУД-ийн 18-р хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унасан гэх мэдээллийг 12.52 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулсан байна. Бидэнд ирсэн мэдээллээр Тус барилга дээр ажиллаж байсан “Х” /эр, 36 настай/, “Б” /эр, 20 настай / нар нас барсан бөгөөд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ’ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдрөөс эхлэн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдах “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ’ нэгдсэн арга хэмжээ орон даяар эхэлж нээлтээ хийлээ. Энэ оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 195 хүний амь нас хохирч, 1087 хүн гэмтэж бэртсэнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хүний амь нас хохирсон тохиолдол 68,1 хувиар, гэмтсэн хүн 58,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Манай аймгийн хувьд энэ оны эхний 5 сарын байдлаар зам тээврийн осол хэрэг 98 бүртгэгдэж, осол хэргийн улмаас 18 хүний амь нас хохирсон нь өмнөх оноос нэг дахин өссөн байна. Иймд бид “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ арга хэмжээг орон нутагтаа үр дүнтэй зохион байгуулж, зам тээврийн ослын гаралтыг бууруулах, иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах ажлыг зохион байгуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагуудад даалгаж, иргэд, жолооч нар, эцэг эх, асран хамгаалагчид нэгдэж ажиллахыг тус нээлтийн үеэр уриаллаа.

ТӨРИЙН АЛБАНД АНХ ТОМИЛОГДСОН АЛБАН ХААГЧДЫГ ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2019 оны “Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай” 299 дүгээр тогтоолын дагуу НЗДТГ Удирдлагын академитай сургалт, судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээний чиглэлээр Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ дагуу төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх сургалтыг НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төв, Удирдлагын академи хамтран зохион байгуулж буй. Тэгвэл тус 40 цагийн сургалтыг хоёр дахь удаагаа зургадугаар сарын 7-17-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн ИТХ, ЗДТГ-ын нийт 77 албан хаагч амжилттай хамрагдаж, сертификатаа гардаж авсан юм.

ГАР ЗУРАГ, ГАР УРЛАЛ, ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Нийслэлийн салбар зөвлөл болон Нийслэлийн Нийгмийн халамжийн газар хамтран зохион байгуулсан гар зураг, гар урлал, зохион бичлэгийн уралдааны шилдгүүд өнөөдөр шагналаа гардлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлагыг бий болгох зорилготой энэхүү уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаан, “Миний мөрөөдөл” зохион бичлэгийн уралдаан, “Бүтээлч-БИ” гар бүтээлийн уралдаан гэсэн гурван төрөлд нийслэлийн есөн дүүргийн 250 хүүхэд оролцжээ. Үүнээс 20 хүүхэд шилдэг гурав болон тусгай байрт шалгарч, шагналаа гардан авлаа. Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг тус уралдаанд 2019 онд 75 хүүхэд, 2021 онд 158 хүүхэд тус тус оролцож байв. НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

ЗАЛУУЧУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэг, хороодын төлөөлөл буюу нийт 51 салбар холбоодын удирдлагууд оролцсон "Эв нэгдлээр манлайлъя" нэгдсэн зөвлөгөөн өнгөрсөн бямба гарагт боллоо. Тус зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, залуучуудын төлөөлөлтэй уулзсан юм. Энэ үеэр тэрбээр “МЗХ бол орчин цагийн Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн 100 гаруй жилийн түүхтэй томоохон байгууллага. Олон мянган сор болсон залуусыг эгнээндээ нэгтгэж, цаашдаа үйл ажиллагаа нь улам өргөжиж, улсын хөгжилд жин дараасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Залуучуудын холбоо бүс нутаг, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа сурталчлан таниулсан, инновац, технологи болон бусад шийдлийг нэвтрүүлж чаддаг эрч хүчтэй залуусын байгууллага болоход Нийслэлийн Засаг даргын хувьд ямагт дэмжиж ажиллана. Улаанбаатар бол залуучуудын хот. Залуучуудаа дэмжих тал дээр Засаг даргын хувьд онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Хотын хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний дэмжлэгийг авч ажиллах ёстой гэж боддог. Залуучуудын бодол, саналыг бид ойлгож мэддэг байх ёстой. Ингэж байж нийслэл Улаанбаатар хот орчин үеийн шийдэлд нийцсэн, хөгжлийн төлөө, инновац, технологийн эрин үетэй хөл нийлүүлсэн хот байна. Цаашид ухаалаг Улаанбаатар, дижитал Улаанбаатар, иргэндээ ээлтэй Улаанбаатар, сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй, ногоон байгууламж бүхий, дэд бүтэц, инженерийн шийдэлтэй Улаанбаатар болгохын төлөө бүх хүчээ дайчлан залуучуудтайгаа хамтарч ажиллана” хэмээлээ. МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар “Зөвлөгөөнөөр холбоод алдаа, оноо, туршлагаа хэлэлцэж байна. Мөн цаашдын төлөвлөгөөгөө баталж байна. МЗХ сэргэх цаг нь болсон. Тус байгууллага залуучуудын эрх ашгийг хамгаалж, дуугарч асуудлуудыг шийддэг, төр засагтайгаа хамтран ажилладаг, алдаа, туршлагыг шүүмжилдэг. Нийслэлийн хэмжээнд залуучуудын дунд боловсрол, эрүүл мэнд, ажлын байрны асуудал тулгамдаж байна. Эдгээрийг өнөөдрийн үндсэн илтгэл дээр танилцуулж, хөтөлбөрийг баталлаа” гэв. МЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Нямаа “Үйл ажиллагаа нь доголдсон салбар холбоодын үйл ажиллагааг сэргээх, бүгд нэг бодлого, зорилготой, эвтэй цаашдын зорилгоо баталлаа. Мөн тодорхой шийдлүүд гаргасан чухал арга хэмжээ болж байна. Миний бие 2020 оны тавдугаар сарын 8-нд МЗХ-ны нийгмийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Удирдах зөвлөлд сонгогдсон ганц эмэгтэй байсан хэдий ч удирдах ажилтнуудын 30-аас дээш хувь нь эмэгтэй байх квотоо батлан, үүний дагуу ажиллаж байгаа. Залуу эмэгтэйчүүдээ улс төр, бизнесийн салбарт хэрхэн амжилт олох вэ гэдэгт илүү бодитой, судалгаатай ажиллах боломж нээгдэж байна” хэмээн ярьж байлаа. МЗХ-ны удирдах ажилтнууд тус зөвлөгөөнийг тодорхой шийдлүүд гарсан, төлөвлөгөөгөө баталсан үр дүнтэй боллоо гэдгийг онцолж байлаа.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ Н.МАНДУУЛ ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ , ХАЛАГДАХ БОЗЛОО ХАНГАЛАА !

Засгийн газар хэмнэлтийн хууль санаачилж, УИХ хэлэлцэн батласан. Энэ дагуу УИХ-ын харьяа байгууллагууд төрийн байгууллага, төрийн өмчит газруудын дэд дарга, захирлуудыг цомхотгосон. Цомхотгохдоо өөр нэр өгч цалин хангамжийг хэвээр авч үлдэж болохгүй гэдгийг анхааруулсан. Учир нь цомхотгохоор өөр нэрээр аваад үлдчихдэг байв. Тухайлбал нийслэл УБ хот гэхэд орлогчуудаа төслийн удирдагч нэрээр орлогч даргатай ижил эрх мэдэл статустай байлгаж ирсэн. Тиймээс “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.4-т : Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэж маш тодорхой зааж өгчээ. Гэсэн хэдий ч төрийн хууль, засгийн шийдвэрийг үл тоож буй том толгойтой дарга нарын нэгээр Хөгжлийн банкны захирал Н.Мандуул нэрлэгдэж буй. Хөгжлийн банк дэд захирлуудаа бөөнд нь нэг шат буулгаж, газрын дарга болгожээ. Газрын дарга нь хэлтсийн дарга, хэлтсийн дарга нь албаны дарга болж буусан ийм нүд хуурсан залиланг хэрэглэсэн газар ганц эднийх биш. Хөгжлийн банк мөн адил, газрын дарга нэртэй болсон хуучин дэд захирлуудын цалин хангамж, байр суурийг нь хэвээр хадгалан үлдээж хэмнэлтийн тухай хуулийг зөрчжээ. Төрийн банк болон Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат. Энэ хүний чиглэл удирдамжаар Хөгжлийн банкны захирал Н.Мандуул, Төрийн банкны захирал Ө.Гантөр нар ийм хууль зөрчсөн үйлдэл хийж сууна уу эсвэл өөрсдөө толгой мэдэн төрийн хэмнэлтийн хуулийг биелүүлэхээс татгалзав уу? Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21.1-д “Төсвийн захирагч, энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно” гэж заасан. Иймд хөгжлийн банкны захирал Н.Мандуул Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж, халагдах болзлоо мөн хангаад байна.

ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ Ө.ГАНТӨР ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ , ХАЛАГДАХ БОЛЗЛОО ХАНГАЛАА !

Засгийн газар хэмнэлтийн хууль санаачилж, УИХ хэлэлцэн батласан. Энэ дагуу УИХ-ын харьяа байгууллагууд төрийн байгууллага, төрийн өмчит газруудын дэд дарга, захирлуудыг цомхотгосон. Цомхотгохдоо өөр нэр өгч цалин хангамжийг хэвээр авч үлдэж болохгүй гэдгийг анхааруулсан. Учир нь цомхотгохоор өөр нэрээр аваад үлдчихдэг байв. Тухайлбал нийслэл УБ хот гэхэд орлогчуудаа төслийн удирдагч нэрээр орлогч даргатай ижил эрх мэдэл статустай байлгаж ирсэн. Тиймээс “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.4-т : Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэж маш тодорхой зааж өгчээ. Гэсэн хэдий ч төрийн хууль, засгийн шийдвэрийг үл тоож буй том толгойтой дарга нарын нэгээр Төрийн банкны захирал Ө.Гантөр нэрлэгдэж буй. Учир нь Төрийн банк цомхотгож халах ёстой дэд захирлуудаа газрын дарга, төслийн менежер гэхчилэн өөр нэр оноон тохоон томилоод цалин хангамжийг нь хэвээр үлдээжээ. Авдаг цалин, унадаг унаа, үүднийх нь туслах хүртэл хэвээр байхад хэмнэлт хийсэн гэж үзэх боломжгүй. ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирлуудын энэ мэт сандал суудалдаа зууралдан үлдсэн башир үйлдлийг засгийн тэргүүн МУ-ын ерөнхий сайд мэдэхгүй байгаа юу, эсвэл мэдсэн ч мэдээгүй царайлж байгаа юу ? Төрийн банкны тухайд : Тус банк 5 дэд захирал, 1 ерөнхий эдийн засагчтай байсан бол : Санхүү хариуцсан дэд захирал Д.Баттулга эдүгээ Түр ажлын хэсгийн ахлагч , захирал, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал О.Баасансүрэн, Эрсдэл хариуцсан дэд захирал А.Ганбаатар, Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, Ерөнхий эдийн засагч Ганзориг нар “Менежер” , Мэдээлэл технологи хариуцсан дэд захирал Г.Энхтамир “ Газрын дарга” болж албан тушаал нь өөрчлөгдөн томилогдоод байна. Гэсэн хэдий ч цалин хангамж нь хэвээр, албаны автомашин хөлөглөдөг боловч албаны өрөөндөө ч үзэгддэггүй хэвээр буй аж. Иймд Төрийн банкны захирал Ө.Гантөр ийнхүү хууль зөрчиж төрийн хэмнэлтийн хуулийг биелүүлэхээс татгалзаад байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21.1-д “Төсвийн захирагч, энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно” гэж заасан. Иймд тэрээр Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж, халагдах болзлоо хангалаа.

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/771 дүгээр захирамжийн дагуу цэргийн албыг биеэр дүйцүүлэх албаны бэлтгэл сургалтыг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж байна. Сургалтаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдэд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслах, улс, орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох юм. Мөн батлан хамгаалах эрх зүй, цэрэг, эх оронч хүмүүжил, цэргийн нийтлэг дүрэм, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах, цэргийн инженер, биеийн тамирын бэлтгэл, амьд гарах ухаан зэрэг хичээл орно.

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

НЗДТГ-ын санаачилгаар Нийслэлийн Боловсролын газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/-ийн Үйлдвэрлэл технологийн сургуультай хамтран “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүнсний аюулгүй байдал” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус сургалт, хэлэлцүүлэг нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нарт хүнс хүлээн авах, хадгалах, боловсруулах, түгээх үеийн хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх, санал солилцох зорилготой юм. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Гүррагчаа “Нийслэлийн хэмжээнд 680 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Сургуулийн өмнөх боловсролын насны хүүхэд ихэнх цагийг цэцэрлэг дээрээ өнгөрүүлдэг учраас идэж буй хоол хүнсний эрүүл, аюулгүй байдал нэн чухал. Тиймээс хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд анхаарах үүднээс сургалт зохион байгуулж байна” хэмээв. Өнөөдрийн сургалт, хэлэлцүүлэгт нийслэл дэх төрийн өмчийн 286 цэцэрлэгийн эрхлэгч болон хүнс хангамжийн дөрвөн аж ахуйн нэгж, ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн харьяа Шим тэжээл судлалын төвийн төлөөлөл оролцлоо. Сургалтын үеэр Хоол, шим тэжээл ба хүүхдийн эрүүл мэнд, хоол зүйчийн оролцоо, Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын үеийн аюулгүй байдал гэсэн сэдвүүдээр мэдээлэл өгсөн юм. Шим тэжээл судлалын төвөөс хоол, шим тэжээлийн тухай хэрэгцээт мэдээлэл бүхий цахим системийг нэвтрүүлж, мөн хүүхдийн хоолны стандарт, жор технологийг сайжруулах тухай ном гарган цэцэрлэгүүдэд тараажээ. Ингэснээр цэцэрлэгийн эрхлэгч, багш, тогооч зэрэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бүх албан хаагч хоол, шим тэжээлийн тухай мэдээ мэдээллийг авч, хоолны менежментээ сайжруулах боломжтой болж буй юм. Шим тэжээл судлалын төвийн захирал С.Баянжаргал “Хүнсний бүтээгдэхүүнийг хүлээн авах, үйлдвэрлэх, хүүхдэд хүргэхдээ маш сайн хяналт тавьж ажилласнаар хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангаж чадна. Хоолны цэс дээр сайтар анхаарч, боловсруулбал хүүхэд дутагдаж буй хэрэгцээтэй шим тэжээлээ авна” хэмээн онцлов. Сургалт, хэлэлцүүлэгт оролцсон эрхлэгч нарын зүгээс бага насны хүүхдийн эрүүл, зөв хооллолтод чухалчлан анхаарах, хүнсний хангамжийн аж ахуйн нэгжүүд хүнсээ аюулгүй хүргэх тухай мэдээлэл өгч буй нь маш үр өгөөжтэй болохыг хэлж байлаа.

1 ... 212 213 214 215 216 217 218 219 220 ... 327