НЭГҮҮН МЭДЭЭ
ҮХЦ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД “ДАВХАР ДЭЭЛ “-ТЭЙ БОЛОХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2022.08.15/ болно. Уг хурлаар "давхар дээл" буюу парламентын гишүүд Засгийн газарт сайдаар давхар ажиллаж буй асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдлын дагуу, Үндсэн хууль дахь "Дөрвөөс илүүгүй тооны УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашна" гэх агуулгатай заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм. Хэрэв ҮХЦ "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзвэл "давхар дээл"-тэй сайд нарын тоог нэмэх асуудал өрнөх юм.

ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ ЭХЛЭЛЭЭ

Сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхлэлээ Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд сайжруулсан шахмал худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс www.burtgel.ttt.mn цахим хаягаар бүртгэж эхлэлээ. Галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд 670 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах бөгөөд дүүрэг тус бүр хүн ам, өрхийн тооноос хамааран харилцан адилгүй байх юм. 2021-2022 оны галлагааны улиралд хамтран ажилласан борлуулалтын цэгүүдээс үр дүнгээ 100 хувь хангалттай дүгнүүлсэн 423 цэгтэй гэрээгээ үргэлжлүүлж, хамтран ажиллана. Үлдсэн 247 цэгийг дээрх цахим хаягаар хүсэлт илгээсэн иргэдээс сонгон шалгаруулж гэрээ байгуулна. Сонгон шалгаруулалтыг НАБТГ-ын дарга Ц.Ганболдоор ахлуулсан хамтарсан ажлын хэсэг шалгаруулах юм. Иргэдийн хүсэлтийг энэ сарын 21-ний 18 цаг хүртэл хүлээн авна.

УЛААНБААТАРААС ХӨДӨӨД ШИЛЖИЖ БУЙ БОЛОВСОН ХҮЧНИЙ ДЭМЖЛЭГИЙГ 2023 ОНЫ ТӨСӨВТ ТУСГАЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хэрэгжүүлж буй талбарт ажилласан юм. Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгааны талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараах шинэлэг бодлогыг онцлон мэдээлснийг эш татан хүргэж байна. Тэрбээр хэлэхдээ: -Монгол Улсын Засгаас газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” өдрөөс өдөрт эрчимжиж байна. Энэхүү бодлогыг үндсэндээ шийдэж чадаагүй асуудлуудаа зоригтой шийдэх хөтөлбөр гэж ойлгож болно. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын нэгээхэн хэсэг нь “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого” бөгөөд энэ хүрээнд хийх ажил их байна. Жил бүр Улаанбаатар хотын хүн ам 60-70 орчим мянган иргэнээр нэмэгдэж байгаагийн тал хувь нь хөдөөнөөс Улаанбаатар хотод шилжин суурьшиж буй иргэд байна. Тиймээс Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу очиж ажиллаж буй боловсон хүчнийг дэмжихээр тусгасан нь 2023 оны төсвийн онцлог юм. Нийслэлээс шилжиж, хөдөөд ажиллаж буй иргэдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж байгаа шинэ үеийн илгээлтийн эзэд гэж үзэж ипотекийн зээлийн багц дэмжлэгийг өгнө. Улаанбаатараас хөдөө рүү шилжиж байгаа төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн очиход нь нэг удаагийн тэтгэлэг олгоно. Харин нийслэл Улаанбаатар хотод ирж буй хүмүүс татвар төлдөг болно. Ингэж л зохицуулалтыг зоригтой хийхгүй бол цаг хугацаа явах тусам Улаанбаатар хотын асуудал улам хүнд болно. Хүн ам, машин тэрэг өснө, ажлын байрууд нэмэгдэнэ, алс хязгаар нутаг эзгүйднэ. Ингэсээр байгаад газар нутгийнхаа гуравны нэг дээр нийт хүн ам төвлөрч, хот улс болох аюул ойрхон байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Түүнчлэн Улаанбаатар хотын амьдралын чанар, нэгдсэн стандартын тухай хууль баталж гаргана. Үүнд НИТХ-ын төлөөлөгчид, хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, хотынхоо иргэдийг татан оролцуулж, Улаанбаатар хотын нэгдсэн стандарт ямар байх вэ гэдгийг боловсруулах хэрэгтэй. Улаанбаатар хотод албан ёсны хаяг бүртгэлгүй иргэд, бүртгэлгүй автомашинууд маш олон байна. Орон сууцны хорооллууд барихдаа ямар компани сургууль цэцэрлэгийг орхигдуулж байна вэ. Энэ бүгдийг хуульчлах болно. Хуулийн хэлэлцүүлгийг Улаанбаатар даяар өрнүүлэх хэрэгтэй. Зарим хүндхэн шийдвэрийг гаргахдаа шууд ардчиллын арга хэрэглэн нийслэлчүүд санал өгч шийдэж болно. Тухайлбал, буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хязгаарлах гэх мэт асуудлуудыг нийтийн санал асуулгаар шийдэх боломжтой хэмээн өгүүлсэн юм.

ИХ ДЭЭД СУРГУУЛИУД ТӨЛБӨРӨӨ 20-30 ХУВИАР НЭМЖЭЭ

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 20 гаруй хоног үлджээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан COVID-19 халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан их, дээд сургуулиудын хичээлийг үе шаттайгаар эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ оюутнууд сургуулийнхаа дотоод журмаас хамаарч наймдугаар сарын 20-31-ний хооронд төлбөрөө төлж, хичээл сонголтоо баталгаажуулах ёстой байдаг. Харин энэ жил эдийн засгийн байдал хүндэрч сургалтын төлбөр битгий хэл, сурагчийн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд ч хүнд байгааг эцэг эхчүүд хэлж буй. Салбарын сайд нь “Төрийн өмчийн сургуулиуд төлбөрөө нэмэхгүй” гэж мэдээлж байсан ч бодит байдал дээр зарим нь 20-30 хувиар нэмжээ. ШУТИС-ИЙН ТӨЛБӨР 20-30 ХУВЬ НЭМЭГДСЭН Сургуулиуд энэ сарын 26-наас танхимаар хичээллэж эхэлнэ. Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 140 мянга орчим оюутан суралцана гэж БШУЯ-наас мэдээлэв. Харин шинээр 18 мянга гаруй оюутан элссэн гэв. Салбарын сайд нь мэдэгдсээр байтал төрийн өмчийн зарим сургууль төлбөрөө нэмсэн байх тул асуудлыг тодруулахаар ШУТИС-ийн Сургалтын албатай холбогдлоо. Тус албанаас “Бүртгэл энэ сарын 15-наас эхэлнэ. Жилд 4000 гаруй оюутан элсэж, дунджаар 10-15 мянган оюутан суралцдаг. Энэ жилийн хувьд дамжаа харгалзахгүй нэг кредит хичээлийн үнэ 138 мянган төгрөг болсон” гэв. Шалтгааныг тодруулахад, жил бүрийн инфляцын өсөлт, эдийн засгийн байдлаас шалтгаалдаг гэхээс өөр тайлбар өгсөнгүй. Тус сургуулийн Эрчим хүчний сургуулийн оюутан Б.Баттогтохтой цахимаар холбогдсон юм. Тэрбээр “өнгөрсөн жил I дамжаанд ороход нэг кредит хичээл 90800 төгрөг байсан. Гэтэл энэ жил 138 мянга болтлоо өссөн байна. Жилд 30 кредит үзнэ гэж тооцвол 4.1 сая төгрөгийн төлбөр төлнө. Хэрэглээний зардал, сургалтын төлбөрөө олохын тулд цагийн ажил хийдэг. Харин төлбөр ингэж огцом нэмэгдсэн тул хагас жилийн төлбөрөө төлөхөд ч хүнд байдал үүсээд байна” гэв. Төлбөрөө нэмсэн дараагийн сургууль бол ХААИС. Тус сургуулийн нэг кредитийн төлбөр өнгөрсөн жил ихдээ л 128 мянган байсан бол энэ жил багадаа 128 мянга, дээд тал нь 156 мянгад хүрчээ. Энэ талаар захирал Т.Хэрүүга “Их, дээд сургуулиуд төсвөө XII сард батлуулдаг тул тухайн үед төлбөр нэмэх эсэхээ шийддэг. Манайх нэмсэн төсвөөрөө энэ оныг дуусгаж, цааш нэмэх эсэхээ XII сард шийднэ” гэв. МУИС, МУБИС ТӨЛБӨРӨӨ НЭМЭЭГҮЙ БАЙНА Дээрх хоёр сургууль дээр очиход бүртгэлийн ажил эхэлсэн байв. МУБИС-ийн нэг кредит 78-96 мянган төгрөг байна. Энэ нь өмнө жилийнхээс нэмэгдээгүй дүн аж. Харин МУИС-ийн нэг кредит хичээлийн үнэ 98600 төгрөг байна. Энэ талаар тус сургуулийн элсэлт хариуцсан мэргэжилтэн Б.Наранцогт “Тухайн хичээлийн жилд хэдэн кредит үзэхээ оюутан өөрөө шийднэ. Одоогоор төлбөр нэмэх асуудал сургуулийн хэмжээнд яригдаагүй байгаа” гэлээ. Ийнхүү төрийн өмчийн дөрвөн их сургуулиар ороход хоёр нь төлбөрөө нэмсэн байв. Төрийн албан хаагчийн дундаж цалин 700-800 мянган төгрөг. Цалингаа хагас жил гаруй хугацаанд огт хэрэглэхгүйгээр цуглуулж байж, нэг оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг төлнө. Зарим оюутнууд эцэг, эхийнхээ ачааг хөнгөлж зуны амралт болон хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг. Гэвч хагас жилийн сургалтын төлбөрөө ч олж чадахгүй байдалд орсноо бидэнд ярьсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ХҮРЭЛБААТАР: ФОТОШОПООР ЗУРАГ ЭВЛҮҮЛЖ КАЗИНОЧИН БОЛГОЧИХ ГЭЭД ЯДЖЭЭ

Ч.Хүрэлбаатарын казино тоглож байгаа зурагцахим орчинд тархаад буй.Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаараа тайлбар хийжээ. Тэрбээр "Гүтгэлэгт хариу өгье. Фотошопоор зураг эвлүүлээд казиночин болгочих гээд яджээ. Уруулаа норгож байгаа энэ зургийг намайг гүтгэсэн, доромжилсон ихэнх эвлүүлэгт оруулах юм. Хэсэг женкочид намайг Америкийн хоньчин, казак, хужаа болгох гээд аргаа барсан, одоо казиночин болгочихвол муухай харагдана гэж бодсон уу, больж үз. Заримдаа арай өөр зураг ашигла, үнэмшилтэй харагдана. Дээлтэй, бүрх малгайтай зураг сүртэй ш дээ, ялгараад л" гэжээ.

ДУНДАЖ БОЛОН ДООГУУР ОРЛОГОТОЙ ИРГЭДЭД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

АЙЛЧЛАЛААР ЭХЭЛСЭН ДОЛОО ХОНОГ Өнгөрсөн долоо хоногийн эхээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилсан. Энэ үеэр Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, зарим чухал шийдвэрийг гаргасан. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: -Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ үед найрсаг хөршийн хувиар хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж байгаад баяртай байна. Хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, бүхий л салбарт гүнзгийрүүлнэ. -Хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой урт хугацаанд явуулах нөхцөл бүрдэж байна. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэлгэрэнгүй санал солилцлоо. -Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлснээ тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн. -Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын тавьсан асуудлыг анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагуудтай холбоо тогтоохоор тохиролцлоо. БНХАУ-ын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлыг ярилцсан” хэмээн онцолсон юм. Айлчлалаас гарсан шийдвэрийн талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Тэрбээр “Бид 10 жилийн турш урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах саналыг тавьж байсан. Өндөр түвшний хэлэлцээг хийж чадахгүй явсаар өдийг хүрсэн. Харин энэ удаагийн айлчлалаар энэ хэлэлцээрийг хийж, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод терминалаар нүүрс гаргаж эхэлсэн. Дээрээс нь Гашуунсухайтын терминал дээр “AGV” автомат зөөвөрлөлтөөр нүүрс гаргаж байна. Монголын нүүрс задгай тээврээс гадна чингэлэг тээвэр, терминалаар дамжиж гардаг боллоо. Терминал дотроо “AGV” автомат зөөвөрлөлттэй болсон. Энэ тээвэр эрчимжээд ирвэл олон сувгаар нүүрс гардаг болно. Терминал бол урт хугацаандаа бидэнд их хэрэгтэй. Нүүрс, зэсээ бид төлөвлөгөөний дагуу гүйцэтгэчихвэл төсвийн орлогын төлөвлөгөөндөө хүрнэ гэсэн хүлээлт байна. Орлого бүрдүүлэлтийг хойш татаж буй зүйл нь төмрийн хүдэр, түүхий газрын тос зэргийн гүйцэтгэл хангалтгүй байгаа. Гэхдээ орлого бүрдүүлэлтэд үзүүлэх нөлөө нь нүүрс, зэсийн баяжмалтай харьцуулахад хамаагүй бага. Сүүлийн хоёр сард нүүрсний гаралт огцом нэмэгдэж, 700-900 машин гараад эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт 900 орчим машинаар нүүрс гарлаа. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. Гадаад худалдааны тэнцлийг авч үзвэл нүүрс, зэс хоёр дангаараа 70-80 хувийг эзэлдэг. Нүүрсний гаралт сайжирна гэдэг гадаад худалдааны тэнцэлд эергээр нөлөөлнө” гэлээ. ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТАЛААР МОНГОЛБАНКНААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ Энэ оны эхний долоон сард 355 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4500 орчим өрхөд Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр олгоод байгаа аж. Харин энэ сард 71.7 тэрбум төгрөгийн зээл олгохоор ажиллаж байна гэж Төвбанк мэдээллээ. Мөн “Цар тахлын хууль”-ийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас энэ оныг дуустал таван удаа хойшлуулсан. Сүүлийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцлөөр хойшлуулжээ. Дээрх зээлдэгчид энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс он дуустал нийт 195.12 тэрбум төгрөгийн төлбөрийг хойшлуулсан байна. Хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна. Энэ талаар Монголбанкны Гадаад харилцаа, ёслолын албаны дарга Г.Намуун “Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр 2016 онд Монголбанкнаас баталсан журмын дагуу олгогдож байгаа. Шалгуурууд нь иргэн, банк, орон сууц дээр тавигддаг. Зээлийн эх үүсвэр багассан. Тус хөтөлбөр нь ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр санхүүждэг. 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Засгийн газар болон Монголбанкнаас “Цар тахлын хууль”-ийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр таван удаа хойшлуулсан нь бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Мөн банкуудад маш их хүсэлтүүд бөөгнөрсөн байна. Энэ дунд шаардлага хангахгүй, хүүхдүүддээ 2-3 удаа ипотекийн зээл аваад өгчихсөн хүмүүс удаа дараа хүсэлт өгч байна. Гэтэл хөтөлбөрийн үндсэн зорилго нь дундаж болон түүнээс доогуур орлоготой иргэдэд зориулсан. Тиймээс материал өгсөн бүх хүн хамрагдах боломжгүй. Яг зорилтот бүлгийн хүмүүстээ олгохыг зорьж байна” гэсэн юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ГЭР ХОРООЛЛЫН СТАНДАРТЫГ САЙЖРУУЛАХ ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ СИНГАПУР УЛСТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр танилцлаа. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт зургаан байршлын 24 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс дөрвөн байршлын 19 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байна. Одоогоор Баянзүрх дүүргийн XII хорооны хэсэгчилсэн А талбайд 225, хэсэгчилсэн В талбайд 384 айлын орон сууц ашиглалтад оржээ. Төсөл үргэлжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн А талбайд 330, хэсэгчилсэн Б талбайд 320 айлын орон сууц нэмж ашиглалтад орох юм. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй “Оргил” төслийн явцтай танилцлаа. Тус дүүрэгт долоон байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх юм. Үүнээс дүүргийн долоон хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн дөрвөн талбайд зургаан төсөл хэрэгжүүлэгч дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 15 блок 846 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар баталсан. Уг хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ барилга” компани шалгарч, 3,654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байна. Тус компани 24 га талбайд "Оргил" төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 1 блок 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Төсөл үргэлжилж, 378 айлын орон сууц нэмж ашиглалтад орно. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас анх удаа нийслэлд 420 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалт хэрхэн зарцуулагдаж байгаатай танилцлаа. Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ирэх сард тус зөвлөлөөс холбогдох мэргэжилтнүүд ирнэ. Үүнээс өмнө нийслэлийн удирдлагууд, холбогдох яамд хамтарч гэр хорооллыг хөгжүүлэх концепцийг дахин төлөвлөх үүрэг даалгавар өгч байна. Гэр хороолол хаус хороолол болж хөгжих бүрэн боломжтой. Энэ тохиолдолд хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэх шаардлага үүснэ. Тиймээс Сингапурын мэргэжилтнүүдээр хэсэгчилсэн дэд бүтцийн үнэлгээ хийлгэнэ. Мөн бусад дэд бүтэц, гэр хорооллын стандартыг сайжруулах дэд хөтөлбөрийг Сингапур Улстай хамтран хэрэгжүүлнэ” гэв. Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулахаар НИТХ-аас баталсан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20,536 өрх төсөлд хамрагдаад байна. Хэсэгчилсэн талбайд үе шаттайгаар төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулснаар ерөнхий төлөвлөлтийн дагуу нийгмийн дэд бүтэц болон ногоон байгууламж бүхий цогцолбор хороолол барьж, эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж бүрдүүлж байна. Гэр хорооллын газрыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 56 хэсэгчилсэн талбайд 43 компани төсөл хэрэгжүүлж, 2519 нэгж талбар газар чөлөөлж, 11,755 айлын орон сууцыг ашиглалтад оруулан 5,000 гаруй янданг буулгаад байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж ашиглалтад оруулж байгаа юм. Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

АРИЛЖААНЫ 9 БАНКИНД ТОРГОХ ШИЙТГЭЛ НОГДУУЛЛАА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Аригбанк” ХХК, “Чингисхаан банк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-уудад холбогдох 2202000183 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хийж дуусгалаа. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн. Энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзлээ. Иймд “Аригбанк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-иудын хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа. Мөн нэр бүхий 9 банкинд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар хүргүүлж ажиллалаа.

ЦАГААН ДАВАА, НАРАНГИЙН ЭНГЭРИЙН ХОГИЙН ЦЭГТ 30 ГА ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭЖЭЭ

Нийслэлд Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн гурван том хогийн цэг байдаг. Тэдгээрт өдөрт дунджаар 3000 тонн хог хаягдал төвлөрүүлдэг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-аас Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших Нарангийн энгэр, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт орших Цагаан давааны хогийн цэгийг үе шаттайгаар хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг 2020 оноос эхлүүлсэн. Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2007-2009 онд байгуулсан бөгөөд тус хогийн цэгийг Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд хог дарж булах талбайн хөрсөнд бохирдол нэвчдэггүй давхарга үеийг хийж өгснөөрөө онцлог. Японы стандарт жишгийн дагуу хог хаягдлын ялзрал, шүүрлээс үүдэн бий болдог бохир шингэн зайлуулах хэвтээ хоолойнуудыг суулгасан байдаг. Харин Цагаан давааны хогийн цэгийг 2011 онд бий болгосон бөгөөд хотын зүүн болоод төвийн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг төвлөрүүлдэг томоохон хогийн цэг юм. Тус хогийн цэгт 2011-2020 онд 16 га талбайд 20 метр өндөр, 3.5 сая куб метр буюу 2.8 сая тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ .

ТОВЧООГООР ТАРВАГА, ХАР ҮНЭГ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалын дагуу Авто тээврийн шалган нэвтрүүлэх 6 товчоо болон хяналтын цэгт 24 цагаар байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 2022.07.01-2022.08.10-ны хооронд: 1. Түүхий нүүрс тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрээгүй. 2. 16 удаагийн зөрчлөөр 32 ширхэг тарвага тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн тарвагыг ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч тарваган тахлын шинжилгээнд хамруулан, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж хохирол нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсэн. 3. Холбогдох зөвшөөрөлгүй 4 ширхэг загас, 2 ширхэг хар үнэг, 41м3 мод тээвэрлэн Улаанбаатар хотод нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллав. Эх сурвалж: МХЕГ

1 ... 177 178 179 180 181 182 183 184 185 ... 314