НЭГҮҮН МЭДЭЭ
‘’ЭРДЭНЭТ’’ ҮЙЛДВЭРИЙН ТЕНДЕРҮҮД ТӨРИЙН МӨНГӨ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭНД УРСАХ УУ?

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын төсвийн хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулах, зориулалтын бусаар ашиглах асуудал тасрахгүй байна. У лсын төсвийн орлогын томоохон хэсгийг бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д ийм асуудал дахин гарчээ. 2025 онд тус үйлдвэр 52 сая төгрөгөөр майонез, 30.6 сая төгрөгөөр хоол амтлагч худалдан авах тендер зарлаж, уг тендерт “Анандаяа” ХХК шалгарсан байна. Үүнээс гадна өтгөрүүлсэн сүү, төрөл бүрийн цай, төрөл бүрийн үр тариа зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг авах нэрийн дор хэд хэдэн тендер зарлагдсан нь анхаарал татаж байна. Тансаг тавилгаар байр тохижуулсан захирал Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Х.Бадамсүрэн албан тушаалаа урвуулан ашиглаж, үйлдвэрийн хөрөнгөөр хувийн орон сууцаа тохижуулсан гэх мэдээлэл ил болж байсан. Г урван унтлагын өрөөгөө тус бүр 10 сая төгрөгийн иж бүрдлээр, ажлын өрөөгөө 8.6 сая төгрөгийн тавилгаар тохижуулж, “MELODIA”, “DONATELLO” брэндийн буйдан, тавилга зэрэгт нийтдээ 80 гаруй сая төгрөг зарцуулсан гэж мэдээлж байв. Мөн 24 сая төгрөгөөр засвар хийлгэсэн төдийгүй 150 гаруй сая төгрөгөөр жигнэмэг, хар чавга худалдан авсан баримт ч ил болж байсан юм. Өөрийгөө 100 сая төгрөгөөр шагнасан захирал Харин одоогийн Ерөнхий захирал Г.Ёндон 2025 онд Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан өөрийгөө 100 сая төгрөгөөр шагнаж, “Очир-Эрдэнэ” нэртэй цомоор мялаасан тухай мэдээлэл гарчээ. Түүнийг албан тушаалаа ашиглан эрх мэдлээ хэтрүүлж, үйлдвэрийн хөрөнгөөр 70 гаруй сая төгрөгийн цахилгаан бараа, хэрэгсэл худалдан авсан хэмээн шүүмжилж байна. Мөн Г.Ёндон өөрийн хамаарал бүхий этгээд болох н.Энхжинг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Дотоод хяналт шалгалтын гүйцэтгэх захирлаар томилсон гэх мэдээлэл ч олон нийтийн дунд дуулиан тарьсан. Түүнчлэн 2024 онд уурхайчид “удирдлагууд эрх ашгийг маань зөрчиж байна” хэмээн эсэргүүцэл илэрхийлж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэнд анх удаа ажил хаялт зарлаж байлаа. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд улсын хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглах, тансаг хэрэглээнд зарцуулах, ойр дотнын хүмүүсээ албан тушаалд томилох зэрэг асуудал тасралтгүй гарч, олон нийтийн шүүмжлэл дагуулсаар байна.

ХЭҮК-ООС ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙГ ХУУЛЬ БУС ТОМИЛГОО ХИЙЖ, ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЗӨРЧСӨНГ ТОГТООЛОО

Шүүхийн Ерөнхий зөвлө лийн чиг үүрэг нь тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүйгээр шүүхийн санхүү, хүний нөөцийг хариуцаж, шүүгч болох хүнийг сонгон шалгаруулах юм. Гэтэл өнгөрсөн хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл ажлаа хангалттай хийж чадаагүй хэмээн нийт шүүгчдийн зүгээс үзэж байгаа юм. Үүнийг батлах баталгааг Хүний эрхийн үндэсний комиссоос Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн шаардлага баталж байна. Тухайн шаардлагад: “… Ерөнхий зөвлөлийн ажлын албаны албан хаагчдын болон нэгж хоорондын ачаалал тэнцвэргүй, Зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, газар, төвийн дарга нар болон албан хаагчдын албаны харилцааны чиглэл, өдөр тутмын үүрэг, даалгавар өгөх, ажлыг хариуцах, тайлагнах дараалал тодорхойгүй, албан хаагчдын ажлын ур чадварыг сайжруулах, мэргэшүүлэх үр дүнтэй арга хэмжээ орхигдсон байгааг Комисст авагдсан баримт илтгэж байна. Албан ажлыг хэвийн, тэнцвэртэй явуулах суурь нөхцөл бүрдээгүй нь албан хаагчдад бухимдал, үр дүнгүй ачаалал үүсэх, ажлын албаны газар, нэгжүүд хамтран ажиллахад бэрхшээл учрах, удирдах, удирдуулах зарчим алдагдаж, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөх нөхцөлийг үүсгэж байна. Хөдөлмөрийн хэвийн нөхцөл бүрдээгүй нь хүний болон тогтолцооны хүчин зүйлсээс хамаарахын зэрэгцээ 2021 онд баталсан Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг үеийн шаардлагатай холбоотой байна. 2021-2025 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Зөвлөл Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлээр тогтоосон чиг үүргийн зэрэгцээ уг хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журмыг боловсруулах мөрдүүлэх, шүүгчийн сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох, шүүхийн захиргааны зохион байгуулалт, үйл ажиллагааны системүүдийг бий болгох, санхүү, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, шүүхийн барилга, дэд бүтцийг байгуулах зэрэг шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх шилжилтийн үеийн үүрэг, ачааллыг хүлээсэн байна. Ерөнхий зөвлөлийн ажлын албаны хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг албан хаагчтай хийсэн ярилцлага, санал асуулгын дүн илтгэж байна. “Байгууллагынхаа ажил хэргийн ерөнхий уур амьсгалыг хэрхэн дүгнэх вэ?” гэх ганцаарчилсан ярилцлагын асуултад 21 албан хаагч (32,3 хувь) хэвийн бус, 44 албан хаагч (67,7 хувь) хэвийн гэж хариулсан нь Комиссоос хөдөлмөрлөх эрхийн асуудлаар хийсэн хяналт, шалгалтуудын дунджаас дээгүүр сөрөг үзүүлэлт байна. Ганцаарчилсан ярилцлагаар “Байгууллага дотроо санал бодлоо илэрхийлж, чөлөөтэй харилцаж чаддаггүй, байгууллагын уур амьсгал эрүүл биш, соёл ойлгомжгүй”, “Удирдах албан тушаалтнууд албан хаагчдын үзэл бодлыг сонсдоггүй, шууд загнадаг”, “Хов, сул яриа ихтэй, удирдах албан тушаалтан түүнд автдаг”, “Өмнө ажиллаж байсан байгууллагаас хүйтэн хөндий, хэцүү байсан ч одоо дасаж байгаа”, 2 “Төрийн алба ийм байдаг гэж ойлгох болсон”, “Арван гишүүнээс өөр үүрэг даалгавар ирдэг нь ажил явуулахад ойлгомжгүй байдал үүсгэдэг”, “Гишүүдийн хүмүүс” нэгжийн дарга нарт захирагддаггүй”, “Газрын дарга нар дээд удирдлагад уурласан бухимдлаа ажилтнуудад гаргадаг, удирдах арга барил муутай”, “Үйлчилгээний ажилтнуудаа хамгаалж чаддаггүй, сахилгын хариуцлага ялгаатай ногдуулдаг”, “Шинээр ажилд орсон хүнийг, ялангуяа эмэгтэй албан хаагчдыг ялгаварладаг” зэрэг асуудлууд яригджээ. Ярилцлагад оролцсон албан хаагчид хэл аманд орох, сүүлд асуудал үүсэхээс эмээж байгаагаа илэрхийлж, ярианы нууцлалыг хадгалахыг хүсэж байсныг мөн тэмдэглэх нь зүйтэй. Ажлын байрны уур амьсгал хэвийн бус, албан хаагчдын ажлын ачаалал тэнцвэргүй, хариуцлага, сахилга бат сул, ажлын ур чадвар хангалтгүй, Зөвлөлийн гишүүдийг үл тоох, үүрэг даалгаврыг үл биелүүлэх тохиолдол гардаг болохыг Зөвлөлийн гишүүд мөн тайлбарласан.” хэмээжээ . Өнгөрөгч оны байдлаар 21 албан хаагч чөлөөлөгдөж,42 албан хаагчийг шинээр болон шилжүүлэн томилсон байна. Ажлаас гарсан 20 албан хаагч өөрийн хүсэлтээр, 1 албан хаагч ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн гэх. Харин энэ онд 29 албан хаагчийг шинээр болон шилжүүлэн томилж, 14 албан хаагч ажлаас чөлөөлөгджээ. Ажлаас гарсан 13 албан хаагч өөрийн 3 хүсэлтээр, 1 албан хаагч ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгд сөн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл ч мөн байгаа юм.

БНЧУ-ын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловад бараалхлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2025.10.13/ Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловад бараалхлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг дэд дарга Йитка Сейтлова тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсандаа баяртай ба йгаагаа илэрхийлж , хоёр орны ард түмэн олон арван жилийн түүхэн найрсаг харилцаа Иж бүрэн түншлэлд хүрснийг онцлон тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийсэн түүхэн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн агуулгаар баяжуулж, олон салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлсон үр дүнтэй айлчлал болсныг тэмдэглэв. Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтлова хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай буйгаа илэрхийлж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлэг, Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирснийг дурдав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд монгол орны ойн сангийн судалгаа, бүрхэвчийн зураглал, усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, тахь сэргээн нутагшуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар махны экспортыг нэмэгдүүлэх, сүүний эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх зэрэг олон арван ажлыг амжилттай хамтран хэрэгжүүлж байгаад талархаж байна гэлээ. Уулзалтын хүрээнд талууд байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр болон мазаалай баавгай, хавтгай зэрэг нэн ховор ан амьтдыг судлах, хамгаалах, эргэн нутагшуулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

АН ШИЙДВЭРЭЭ НЭГТГЭЖ ЧАДАХГҮЙН УЛМААС ТӨРИЙН АЖИЛ ГАЦААНД ОРЖ, ХОЙШ УХАРСААР

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал АН-ынхнаас болж гацаанд орлоо. УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурснаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч АН-ынхан орж ирээгүйгээс ирц хүрсэнгүй, хурлыг хаалаа. Уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн цагаас АН-ынхан нэгдсэн байр суурьт хүрээгүй, гишүүд нь өөр өөр байр суурь илэрхийлсээр ирсэн бол өнөөдөр ийнхүү УИХ-ын үйл ажиллагааг гацаах алхмыг бодитоор хийлээ. Учир нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг даваа гарагийн 11:00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэдгийг гурав хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагт тов тогтоон нийтэд зарласан. Гэвч АН-ынхан бүлгийн хуралдаанаа энэ цагтай давхцуулсан нь санаандгүй тохиолдол биш байв. Улмаар байнгын хороо, чуулганд АН-гүйгээр ирц хүрэхгүй учраас тэд ийнхүү шийдвэр гаргахгүйгээр барахгүй, хувь хувийн эрх ашигтаа баригдан, хоёр үзүүртэй зүү шиг байсаар өдийг хүрч буй нь харамсалтай. Ийнхүү сөрөг хүчний үүргээ ч гүйцэтгэж чадахгүй нөхцөлд хүрсэн нь АН-ын дарга О.Цогтгэрэлийн байр суурьтай шууд холбоотойг эх сурвалж хэлж байна. Учир нь “Тэсо”-гийн О.Цогтгэрэл Г.Занданшатарын талд буй. Тиймээс байнгын хороо, чуулганд нэгдсэн байр суурьгүй буюу өөр өөрсдийнхөөрөө санал өгөх боломжийг олгож, задгай орох нь зүйтэй гэж үзсэн байна. Гэтэл хэрвээ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахгүй гэдэг шийдвэр гарчихвал “Тэсо” нам дотроо адлагдах буюу АН-ын нэр хүндийг шороотой хутгаж, сөрөг хүчний үүргээ биелүүлээгүй гэх ялд унах нь гарцаагүй. Ийнхүү хувийн эрх ашигтаа баригдсан даргатай АН-ынхан нэг шийдвэрт хүрэхгүй байсаар төрийн ажлыг гацаанд оруулаад байна. АН-ынхан ингэж эрх мэдэл, албан тушаалын төлөө өдрийн хэд урваж шарваж байна. Тэд ард түмний дуу хоолой бол гэж олгосон кнопоо ийнхүү наймааны хэрэгсэл болгож, МАН-ын засгийг авч үлдэх хуйвалдаан хийгээд ордноор гүйлдэж байгаа нь харамсалтай.

“ТӨСӨВ ХАМГААЛАХ” НЭРИЙН ДОР “ЗАСГАА ХАМГААЛСАН” ЗАХИРАМЖ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гарагт /2025.10.10/ гишүүдийг “гадаад улсад явахыг түр хориглох” захирамж гаргажээ. Уг шийдвэр аравдугаар сарын 13-наас 17-ны хооронд хүчинтэй байх бөгөөд парламентын түүхэнд бараг анхны тохиолдол гэж хэлж болохоор алхам. Албан тайлбарт нь “2026 оны төсөв болон дагалдах хуулиудыг хэлэлцэж буйтай холбогдуулан” гэх шалтгаан дурдсан ч, улс төрийн хүрээнд энэ захирамжийг “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал”-тай холбон хардаж эхэлжээ. Учир нь өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцээд, даваа гариг хүртэл хойшлуулсан. Тэгэхэд “зарим залуу гишүүдийг дарамталж, хуралд суулгахгүй байх”, “заримд нь гадаад томилолтын билет өгч саармагжуулах оролдлого яваа” гэх мэдээлэл хөвөрсөн нь анхаарал татав. Ийнхүү байдал хурцдаж байх мөчид УИХ-ын дарга гишүүдийн гадаад явах эрхийг хязгаарласан нь “төсөв хамгаалах уу, Засгийн газраа хамгаалах уу?” гэсэн асуултыг төрүүлж байна. Хууль зүйн талаасаа харвал, Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд “дарга гишүүдийн гадаад томилолтыг олгох, түүний журмыг батлах” эрхтэй гэж заасан. Гэвч энэ удаагийн хязгаарлалт “зайлшгүй шаардлагатай тохиолдолд” гэх хүрээнд орж байна уу гэдэг эргэлзээтэй. Учир нь өнөөдөр /2025.10.13/ ТББХ-оор Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ. Харин пүрэв гарагт /2025.10.16/ нэгдсэн чуулганаар 2026 оны төсвийн багц хуулиуд орж ирэх юм. Товчхондоо, Д.Амарбаясгалангийн гарын үсэгтэй захирамж нь “улс орны төсөв хамгаалах” нэрийн дор “Занданшатарыг хамгаалах” улс төрийн халхавч болж хувирч байна гэх хардлагыг улам бүр лавшрууллаа.

ХҮН ДАЙРЧ АМИНД НЬ ХҮРСЭН Д.ЭРДЭНЭБААТАР ДАРГА АЖЛАА ХИЙСЭЭР БАЙНА

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Д.Эрдэнэбаатар албаны машинтайгаа зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн ч өнөөдрийг хүртэл ажлаа хээв нэг хийсээр байна. Эх сурвалжийн мэдээллээр 2025 оны наймдугаар сарын 7-ны өдөр Даргын хэрэглэдэг “Прадо 150” маркын албаны автомашин 68 настай эмэгтэй иргэн “Ө”-ийг мөргөж, газар дээр нь амь насыг нь хохироосон байна. Гэвч хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч уг хэрэгт холбогдуулан Д.Эрдэнэбаатарыг нэг ч удаа байцаагаагүй, шалгалтын ажиллагаа ч эхлээгүй байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Албаны машин, төрийн шатахуунаар сэлгүүцэж яваад иргэн ийг дайрч амь насыг нь хохироосон хэргийг хэн, ямар шалтгаанаар дарагдуулж, “дарга” хэвээр үлдээв? Энэ хэрэгт хууль хяналтын байгууллагууд яагаад дуугүй байна вэ? Хэнтий аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагууд энэ асуудалд тодорхой хариулт өгөх үүрэгтэй. Манай сайт уг хэргийг цаашид нарийвчлан сурвалжилж, иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэх болно.

ЖООМ, БЯСАА ХӨЛХСӨН “СҮНДЭ ГҮГ БАБ”

Циркийн урд байрлах олон жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй “Сүндэ Гүг Баб” нэртэй корей ресторан жоом, бясаа хөлхсөн орчинд хоол үйлчилгээ явуулж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархжээ. Иргэдийн хэлж буйгаар, тус ресторанаас жоом ил гарч ирсэн бичлэг ил болсон бөгөөд үйлчлүүлэгч бүр бараг л “жоом, бяфсаа”-тай хамт хооллодог гэх гомдол нэг бус удаа гарсан байна. Харин уг асуудлыг хорооны засаг дарга анхааруулж, шаардлага хүргүүлэхэд “хуучин байрны нэг давхар шүү дээ, яахав дээ” хэмээн үл тоон ханддаг тухай мэдээлэл ч гарчээ. 40 жилийн настай байшингийн нэг давхарт жоом, бясаа тэжээх шахам орчинд үйлчилгээ үзүүлж буй ийм байгууллагад Мэргэжлийн хяналтын газар үнэхээр ажилладаг уу гэдэг асуулт олон нийтэд төрж байна. Бүр цаашлаад, асуудал ил болохын хэрээр “Сүндэ Гүг Баб”-ын зүгээс бичлэгийг устгах, мэдээллийг ил болгосон иргэнтэй ирж уулз, яагаад тараасан юм хэмээн сүрдүүлэх маягийн үйлдэл гаргаж байгаа гэх эх сурвалжууд байна. Төрийн хяналтын байгууллага, орон нутгийн удирдлагууд ийм эрүүл ахуйн ноцтой зөрчилд нүд аньж, чих дүлий байсаар байх уу? “Жоом, бясаа”-ны хамт хооллодог нийтийн хоолны газар ажиллаж болох уу гэдгийг одоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Сонгинохайрхан дүүргийн холбогдох байгууллагууд тодорхой хариулах цаг иржээ.

“СЭЛЭНГЭ МИНЕРАЛС”-ИЙН ЛИЦЕНЗГҮЙ УУРХАЙД 50 ГАРУЙ ХЯТАД ИРГЭД АРХИДАН СОГТУУРЧ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бор толгойн “Нарт” гэх газарт “Сэлэнгэ минералс” ХХК алт олборлолт явуулж байгаа ч ямар ч төрлийн ашиглалтын зөвшөөрөл, лицензгүй болох нь нутгийн иргэдийн мэдээллээр тодорхой болов. Гэвч үүгээр зогсохгүй тус компанийн талбай дээр 50 гаруй БНХАУ-ын иргэд байнга оршин сууж, олборлолтын ажил эрхэлж байгаа нь ил болсон байна. Эдгээр иргэд зөвшөөрөлгүй ажиллахаас гадна орон нутгийн иргэдийн мэдээлснээр архидан согтуурч, эмх замбараагүй байдал үүсгэж байгаа нь ноцтой нөхцөл байдалд хүргэжээ. “Шөнө дөлөөр чанга хөгжим тавьж архидаж, нутгийнхны амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Хууль бус олборлолт яваад байхад хяналт тавих хүн алга” хэмээн Баянгол сумын оршин суугч хэллээ. “Сэлэнгэ минералс” ХХК-ийн уг үйл ажиллагаа нь уул уурхайн хууль зөрчсөнөөс гадна гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн журам, хилийн дэглэмийг ноцтой зөрчиж буй хэрэг гэж үзэх үндэстэй байна. Хууль, хяналтын байгууллагууд энэ асуудалд яаралтай шалгалт оруулж, лицензгүй олборлолт болон гадаадын иргэдийн хууль бус байрлалыг илрүүлэх шаардлагатай байна.

БАЯНХОШУУ, ШАРХАД ДЭД ТӨВД НИЙТ 220 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай 5000 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг Баянхошуу, Шархадны хоёр байршилд хэрэгжүүлж байна. Тодруулбал, төслийн эхний үе шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 10 блок орон сууц, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний барилгыг барьж буй. Энэ хүрээнд өнгөрсөн сард Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын 4 блок буюу нийт 220 айлын 8 блок орон сууцны барилга угсралтын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн бусад талбаруудын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тухайлбал, Баянхошуу дэд төвийн үлдсэн 150 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байгаа юм. Мөн 76 айлын хоёр блок орон сууцны барилга угсралтын ажлын явц 52 хувьтай үргэлжилж байна. Харин сүүлийн 126 айлын гурван блок орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж буй. Түүнчлэн Шархад дэд төвийн үлдсэн 152 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 70 орчим хувь, 76 айлын хоёр блок орон сууцны бүтээн байгуулалтын ажил 49 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт хийгдээд зогсохгүй, дулаан хангамж, усан хангамж, эрчим хүчний хэрэглээний ухаалаг шийдлүүд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болно. Цаашлаад EDGE ногоон барилгын үнэлгээний системийн шаардлагын дагуу 20 хувийн усны хэмнэлттэй технологи ашиглах боломж бүрдэж буй.

ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо ны хуралдаан өнөөдөр 14.46 цагт 59.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах санал ыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Монгол Улсын Их Хурлын гишүүд бид Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу дараах үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг гаргаж байна хэмээгээд үндэслэлүүдээ танилцуулав. Тэрбээр үндэслэлдээ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шинээр томилох асуудлыг танилцуулаагүй байхдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдыг “томиллоо” гэж олон нийтэд албан ёсоор зарласан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулахад Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид урьдчилж танилцуулах нь төрийн эрх мэдлийн салаа мөчир болох институц хоорондын харилцаа төдийгүй, төрийн эрх мэдлийн хуваарилалт, төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт тэнцэлтэй байх зарчмыг хангаж байгаа явдал юм. Үүнийг үл ойшоон Ерөнхий сайдын “онцгой бүрэн эрхийнхээ” хүрээнд “Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн “…Монголын Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэснийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна гэлээ . УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэснийг, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэснийг тус тус зөрчин бусдын гэм бурууг тогтоосон агуулгатай мэдэгдэл хийснээрээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй, Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байна. Тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн агуулгатай түүний мэдэгдэл нь Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалын бүрэн эрхийг хэтрүүлсэн, шударга ёсны зарчмыг өөртөө ашигтай байдлаар сонгож ашигласан /selective justice/, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын бүрэн эрхэд хамаарахгүй ажил үүргийг хариуцуулах шинжтэй байна. Ерөнхий сайдын энэхүү үйлдэл нь парламентын засаглалтай Үндсэн хуульт ёсыг гажуудуулах, “хүн” биш “хууль” засагладаг байх нийгмийн хүсэл зоригийн эсрэг жишиг болж үлдэх эрсдэлийг бий болголоо. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна.” гэж заасантай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэхгүй байна гэж танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь тухайн сардаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөхдөө бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулжээ. Ингэснээрээ тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болсон байна. Мөн энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, холбогдох бусад эрх зүйн акттай тус тус зөрчилдөж байна. Үүнээс гадна улсын төсөвт мөн төрлийн бүтээгдэхүүний АМНАТ-аас төвлөрүүлэх орлогыг бууруулах нөхцөлийг бүрдүүлж, улс орны эдийн засагт хохиролтой шийдвэр болсон төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ” гэснийг зөрчиж Засгийн газар тогтоолоо баталсан байна. “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Үндсэн хуульт ёсыг хамгаалж, төлөөллийн, хууль тогтоох дээд байгууллага болох парламентын дархлааг бэхжүүлэх нь Монгол Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг юм. Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүд бид Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох зохицуулалт болон Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг заасныг зөрчсөн гэж үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналтай холбогдуулан УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нараас асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ингээд ажлын цаг дууссан тул Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг түр завсарлуулж, ирэх долоо хоногийн Даваа гарагт үргэлжлүүлэхээр болсныг мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 ... 12 13 14 15 16 17 18 19 20 ... 370