“ГУРИЛЫНХАН” ҮНЭЭ НЭМЭХ ГЭЖ ЯАРЧ ЭХЭЛЖЭЭ

УИХ-аар импортын гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор гурилын салбарынхан үнээ нэмэх гэж яарч эхэлжээ. Өнөөдөр гурилын салбарыг 9 компани эзэгнэж байна. 3 компани нийлээд зах зээлийнхээ 70 гаруй хувийг эзлэн суугаа энэ олигопол салбарт ҮГҮЙ гэж хэлэх хүн олдохоо байжээ. Тэд өнгөрсөн хугацаанд монголчууд гурил идэхгүй хаа холдохов гэсэн байдлаар гурилынхаа үнийг дуртайгаараа нэмсэн. Нийт зах зээлийнхээ 41 хувийг эзэлдэг “Улаанбаатар гурил”, “Од групп” ХХК-ууд  гэхэд л 2022 оноос хойш 4-10 удаагийн үйлдлээр гурилынхаа үнийг 58,2 хувиар нэмэгдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гурилын зах зээлийг эзэгнэсэн компаниуд гол түүхий эд улаанбуудайн үнэ нэмэгдээгүй байхад үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нь энэ. Бүр тодруулбал, тус 2 компанийг ШӨХТГ-аас шалгахад хувьцаа эзэмшигчид нь хамаарал бүхий гэдгийг тогтоосон байдаг. Хамаарал бүхий этгээдүүд 2 тусдаа компани байгуулж, гурилын зах зээлийн 40 гаруй хувийг эзэлж, нэг өдөр нэгэн зэрэг үнээ нэмснийг ШӨХТГ тогтоож, торгууль ногдуулах шийдвэр гаргасан байна. Харин уг шийдвэр албажих үеэр хувьцаануудаа шилжүүлж, холбоо хамаарлаа арилгажээ. Энэ мэт гурилын салбарт олигопол зах зээл үүсгэж, шалтгаангүй үнээ нэмсэн ил баримтууд бий. Гэтэл иргэд өдрөөс өдөрт үнийн өсөлтөд дарлуулж байна. Тийм ч учраас импортын гурил оруулж ирэх замаар иргэдэд хямд гурил очих боломжийг өнгөрсөн хавар нээж өгч байлаа. Харамсалтай нь ХХААХҮЯ-наас импортын гуриланд татвар ногдуулах хуулийн төсөл мэдүүлээд байна. Тэд гурил бол стратегийн бүтээгдэхүүн учраас дотоодын үйлдвэрлэлээ заавал дэмжих хэрэгтэй гэж тайлбарлаж байгаа ч нөгөө талд ард иргэд үнийн өсөлтөд сөхөрсөөр байгааг үл хайхарлаа. Өөрөөр хэлбэл иргэдэд дотоодын үйлдвэрлэлээ дэмжинээ гээд үнэтэй, чанаргүй гурил заавал хэрэглэх сонголтыг тулгаж байна. Чанаргүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд шинжилгээгээр дотоодын гурилын 80 хувь нь чанарын шаардлага хангахгүй байна гэдэг дүгнэлт гарсан байдаг. Энэ бол гурил үйлдвэрлэгчид үнэтэй мөртлөө чанаргүй гурилыг иргэдэд тулгаж буй хэлбэр юм. Одоо гурил, тэжээлийн импортын татварыг тэглэсэн шийдвэрийг УИХ хүчингүй болговол “гурилынхан” хэмээх олигопол салбарынхан үнээ нэмэх гэж отож байна. Тэд 1 жилийн хугацаанд импортын гурилын “гайгаар” хүссэн үедээ дуртай үнээ нэмж чадаагүй юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.