ГУРИЛЫН КОМПАНИУД ҮНЭЭ ШАЛТГААНГҮЙГЭЭР НЭМСЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОГТООГДСОН ТУЛ ШӨХТГ-ИЙН ДАРГА Б.БИЛГҮҮН МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

"Гурилын үнэ өсөж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийж ажиллалаа. Энэ хүрээнд гол үйлдвэрлэгч найман аж ахуй нэгжид үнийн судалгаа хийсэн. Ингэхэд гурилын үнийг 4-12 удаа нэмсэн ийм нөхцөл байдал тогтоогдлоо. 


Тодруулбал:

Дээд гурил дунджаар 62,8 хувиар

Нэгдүгээр гурил 53,1 хувиар

Хоёрдугаар гурил 40,9 хувиар гурилын үнэ өссөн байна.

Харин гол үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийг судалж үзэхэд:

  1. Улаанбаатар дээд гурил 47 хувиар
  2. Улаанбаатар нэгдүгээр гурил 41 хувиар
  3. Од групп дээд гурил 95,5 хувиар
  4. Од групп нэгдүгээр гурил дээр 70 хувиар
  5. Алтан тариа дээд гурил дээр 64 хувиар
  6. Алтан тариа нэгдүгээр гурил дээр 55,6 хувиар тус тус үнээ өсгөсөн судалгаа гарсан,

Улаанбуудай гурилын 87,5 хувийг эзэлдэг. Улаанбуудайн үнэ хэвэндээ байхад гурилын үнэ огцом өссөн нь үндэслэлгүй гэдэг дүгнэлтийг гаргасан. Ийм учраас хэрэг үүсгээд асуудал шүүхийн шатандаа явж байгаа. Гурил үйлдвэрлэгч нар холбоотой. Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо гэдэг холбоонд гурил үйлдвэрлэгчид гишүүнээр байдаг. Энэ дээрээ ярилцаад гурилын үнээ зэрэг нэмээд явдаг байдал ажиглагдсан.

Шүүх дээр хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй байгаа ч өнөөдрийн байдлаар үнийн судалгаа хийхэд гурилын үнэ тогтмол өссөөр байна. 2023 оны нэгдүгээр сараас хойш дээдийн дээд гурилын үнийг таван удаа нэмсэн байна. Нийт өсөлтийн хувь нь нэг кг дээр 19 хувь буюу 635 төгрөг. Харин дээд гурилын үнийг есөн удаа нэмсэн байна. Нийт 16 хувиар нэмсэн ба кг тутамд 405 төгрөг нэмжээ Тэгвэл нэгдүгээр гурилын үнийг нийт есөн удаа нэмсэн бол хоёрдугаар гурилын үнийг 154 төгрөгөөр нэмсэн байна. Тиймээс үгсэн хуйвалдаж үнээ нэмсээр байгаа тэдний энэ асуудалд арга хэмжээ авч ажиллана" гэлээ.

Мөн гурил үйлдвэрлэгчдэд шударга өрсөлдөөний хууль тогтоомжоо биелүүлж, хэрэглэгчийн эрх ашгаа хүндлэн дээдлэхийг уриаллаа.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.