НЭГҮҮН МЭДЭЭ
ХЗДХЯ: ШШГЕГ-ЫН ДАРГА Д.ЗАГДЖАВЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ МАРГААШ ГАРНА

Өнгөрсөн долоо хоногт ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэвлэл, олон нийтэд мэдээлэл өгөхдөө "Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хууль дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан. Мөн ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой бүх үйлдлүүд болон бичиг баримтуудыг шалгаж байна. Энэ талаар нэмэлт мэдээ, мэдээлэл өгөх бол Ажлын хэсэгт хандах боломжтой. Тус төлөвлөгөөт бус шалгалтын дүн энэ сарын 25-нд гармагц Д.Загджавыг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шуурхай хэлэлцэнэ ” гэж байсан. Тэгвэл маргааш буюу аравдугаар сарын 25-ны өдөр ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг зарлах аж. ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал Д.Загджавын хувьд : - Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 423 дугаар ангид ял эдэлж байсан хүн ил харагдах гэмтэл шархгүйгээр нас барсан. - Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд саатуулагдаж байсан хүн учир битүүлгээр нас барсан. - Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь ШШГХ-ийн Цагдан хорих байранд 64 настай Б ил харагдах гэмтэл шархгүй нас барсан. - Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар ангиас хоригдол оргосон. - ШШГЕГ-ын харьяа хорих 441 дүгээр ангийн нягтлан бодогч албан тушаалаа урвуулж, хоригдлуудын “Тавантолгой түлш”-д ажиллаж нүүрс ууталсны хөлс болох төлбөрийн дансны хуулгыг зассан хэрэгт холбогдсон. -Хамгийн сүүлд Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар согтуудаа цагдаагийн офицерын биед халдсан байна. Цагдаагийн офицер хуулиар хүлээсэн нийтийн хэв журам сахиулах албан үүргээ гүйцэтгэж байх үед нь хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар зодсноос болж, толгойдоо гэмтэл авчээ. Хамгийн ноцтой нь тэрбээр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлээгүй орд газар, аж ахуйн нэгжийнхээ лицензийг гадаадынханд худалдахаар явж буй талаар бид өмнө дэлгэрэнгүй баримтуудыг мэдээллэсэн билээ. Дээрх бүх ажлын хариуцлага алдсан үйлдлүүдэд хэрхэн хариуцлага тооцохыг маргааш харах л үлдлээ!

АН-ЫН НӨМӨРТ ШУРГАСАН О.МАГНАЙГИЙН ГАДААДЫН ИРГЭНИЙГ ТОНОН ДЭЭРЭМДСЭН ХЭРГИЙГ Ч СӨХӨЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭЭСЭЙ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж “Транспэрэнси интернэйшнл” олон улсын байгууллагын ерөнхийлөгчтэй уулзахдаа авлигын гэмт хэргийг бууруулахад анхаарч, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан. Үүний дараахан буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ “Гадаадын хөрөнгө оруулагчдыг иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмдсэн асуудал яригдаж байгаа. Улсын ерөнхий прокурор болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагын удирдлагууд аравдугаар сарын 28-нд ажлын хэсгийн санал дүгнэлтийг гардуулж өгнө. 2012-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт хэн хэн холбогдсон, хэргийг хэрхэн хаасныг олон нийтэд ил болгоно. Төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийн холбогдсон хэргүүдийн жагсаалтыг аравдугаар сарын 28-нд дэлгэрэнгүй мэдээлнэ” хэмээн мэдэгдсэн билээ. Үүнээс үзэхэд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар авлигатай хийх тэмцлээ улам чамбайруулж, авлигын төсөөллийн индексийг хоёр жилийн дотор хоёр оронтой тоонд багтаах том зорилтдоо хүрэхээр эрчимтэй ажиллаж байх шиг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг элдэв хэрэгт холбогдуулан өмч хөрөнгийг нь дээрэмддэг явдал манайд байсан уу гэвэл тийм. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн хамаарал бүхий хүмүүс, Улсын ерөнхий прокурорын төрсөн дүүгийн хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийнхэн нийлж, Японы иргэн, “Суруга Монгол” компанийн хөрөнгө оруулагчийг дээрэмдсэн гэх асуудлыг дэвэргэн бичиж буй. Харин ШӨХТГ-ын дарга асан, АН-ын нарийн бичгийн дарга хэмээх албан тушаалд томилогдож үзсэн Отгонжаргалын Магнай тэргүүтний холбогдсон, гадаадын иргэний хөрөнгийг дээрэмдсэн гэх хэргийг яагаад сөхөхгүй байна вэ. Эрүүгийн хэрэгт холбогдоод ивээл хүсэн АН-ын нөмөрт шургалсан О.Магнайд холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлээд буй билээ. Тэрбээр Ливан улс дахь Монголын Өргөмжит консулаар ажиллаж байсан Мохамад Зухуэр Итаны хөрөнгийг ээжийнхээ нэр дээрх аж ахуйн нэгжид хууль шүүхийнхэн болон газрын албаныхантай хуйвалдан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхны оролцоотойгоор авч өгсөн хэрэгт холбогдоод буй. Тодруулбал, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнайгийн хамаарал бүхий этгээдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгож албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон гэх хэргийг АТГ-ынхан шалгаж дуусан шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн яг сарын өмнө НПГ-т хүргүүлчихээд буй. Тэгвэл өдгөө О.Магнайгийн өдүүлсэн хууль бус үйлдлийн гар хөл болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хэргийг ч бас хууль сахиулах байгууллагынхан нэмж шалгаж дуусаад прокуророос яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад хүргүүлээд байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, өдгөө ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Д.Загджавын багт багтан ШШГЕГ-ынхаа Хорих ял эдлүүлэх албаны Тусгай бүлгийн даргаар томилогдсон хурандаа Б.Цогжаргал нарын дөрвөн албан тушаалтан О.Магнайгийн хамаарал бүхий хүнд давуу байдал бий болгосон хэрэгт холбогдоод буй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд О.Магнай Ливан улсын иргэнийг луйвардсан хэмээн бичиж байсан ч тэгсхийгээд мартагдсан. Энэ хэргийн талаар тодруулан хүргэе. Баянгол дүүргийн нутагт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны хөрөнгөө оруулж барьсан 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх барилгыг зарсан газрынхаа төлбөрт хэмээн дээр дурдсан НШШГГ-ын эрх бүхий албан тушаалтнуудтай нийлэн 724 сая төгрөгөөр үнэлүүлэн авсан байдаг. Үүнийгээ О.Магнай надад хамаагүй, ээжийн эзэмшлийн компанийнх хэмээн тайлбарласан нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Дээрх гадаадын иргэнд О.Магнай 2014 онд 300 мянган ам.доллароор зарсан газар дээрээ барилга бариулчихаад ийнхүү үнэлүүлж шилжүүлэн авахад дээрх хүмүүс албан тушаалаа ашиглан оролцсон хэрэгт буруутгагдсан юм. Шийдвэр гүйцэтгэгч нар 2018 оны тавдугаар сарын 16-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх Ливаны иргэний эзэмшлийн “Седарс” ХХК-ийн мэдэлд байсан Баянгол дүүргийн нутаг дахь 11 давхар объектыг хураан авч 724 сая төгрөгөөр үнэлж, хоёр хоногийн дараа О.Магнайгийн ээжийн эзэмшлийн “Дархан цамхаг” ХХК-д шилжүүлсэн нь бусдын эд хөрөнгийг хууль зөрчин авсан гэж үзэх үндэслэлтэй байсан учраас ийнхүү хурандаа Б.Цогжаргал нарын дөрвөн хүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэмээн яллагдагчаар татсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нарт холбогдох хэргийг өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байсан юм. О.Магнайгийн ээж С.Отгонжаргал шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Седарс” ХХК-иас 723.8 сая төгрөг гаргуулахаар болсон байдаг. Ингээд төлбөр авагч иргэн С.Отгонжаргалд хурандаа Б.Цогжаргал давуу байдал бий болгохын тулд тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруул, Б.Батцэрэн, 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун нарт “Илүү хурдан шуурхай ажиллаж, үр дүн гарга” гэх зэргээр үүрэг даалгавар өгч, дээрх компанийн хөрөнгийг шилжүүлсэн байдаг. Ингэхдээ Баянгол дүүргийн нутагт байрлах 332 ам метр талбай бүхий газрыг нь 25 хувийн гүйцэтгэлтэй байсан дутуу барьсан барилгын хамт С.Отгонжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Магнай, Ж.Очирхуяг нартай уулзсаны дараа шилжүүлэн гадаадын хөрөнгө оруулалттай компанийг 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр нь хохироосон хэрэгт холбогдоод буй. Түүгээр ч зогсохгүй “Седарс” компанийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгон, “Төлбөр авагч С.Отгонжаргалын нэр дээр шилжүүлэн шинээр гэрчилгээ олгож хариу ирүүлнэ” гэсэн албан бичиг Б.Цогжаргал бичиж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн тасагт хүргүүлсэн нь ч тодорхой болсон. Уг нь С.Отгонжаргалын нэхэмжлэлтэй хэргийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Ю.Оюунаа албан үүргээ гүйцэтгэсээр байхад нь “Хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь байхгүй учир энэ материалд ажиллагаа хий” хэмээн доод албан тушаалтнууддаа үүрэг өгч О.Магнайд давуу байдал олгосныг хууль сахиулагчид тогтоосон билээ. Түүгээр ч зогсохгүй “Седарс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаад төлөөлөх эрх нь дууссан Ц.Цэцэнбилэг гэх хүнийг “Эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгэнэ, цагдан хорино” гэж дарамталж байгаад “С.Отгонжаргалд өгөх 723.8 сая төгрөгийн төлбөрт “Седарс” ХХК-ийн эзэмшлийн газар болон дутуу баригдсан барилгыг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” хэмээн бичүүлж авсан гэдгийг ч хууль сахиулах байгууллагынхан тогтоосон байдаг юм.

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

1932 онд анх Монгол гэрт ажлаа эхлүүлж байсан аймгийн Прокурорын байгууллага нь эдүгээ 90 жилийнхээ түүхэн ойг тэмдэглэж байна. Түүхт ойн баярын хуралд аймгийн Засаг дарга Р.Сэддорж оролцож баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн Прокурорын газрын ахмад ажилтнууд, албан хаагчид, зочид төлөөлөгчид оролцлоо. Орон нутгийн зүгээс Прокурорын газрын үндсэн чиг үүргээ гүйцэтгэхэд үргэлж дэмжиж ирсэн төдийгүй аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “НУТГИЙН ХИШИГ” хөтөлбөрийн хүрээнд оффисын барилгыг засварлах, тоног төхөөрөмж, автомашинаар хангах, албан хаагчдыг орон сууцаар хангах зэргээр хөрөнгө оруулалт хийх, ажилчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид ч Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд бүхий л талаар дэмжин ажиллахаа аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ онцоллоо. Баярын хурлын үеэр Төрийн дээд шагнал болон ардын хувьсгалын 100 жил, аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн медаль аймгийн Засаг даргын жуух бичиг зэргээр ажил хөдөлмөрөөрөө манлайлсан шилдэг ажилтнууд шагнагдлаа.

УУЛ УУРХАЙ ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон албаны бусад хүмүүс Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдын нутагт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн бүтээн байгуулалт ажлын явц, хил боомтын асуудалтай газар дээр нь танилцлаа. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон холбогдох албаны хүмүүс Уул уурхайн сайдыг орон нутагт томилолтоор ирэх үеэр цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулан хамтран ажиллаж байна. Гашуун сухайтын хилийн боомтын үйл ажиллагаа, чингэлэгт терминалын бүтээн байгуулалт, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлын явц, мөн Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн авто зам, параллель замын бүтээн байгуулалт, Таван толгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудын үйл ажиллагаа, Оюу толгойн ил уурхай, баяжуулах үйлдвэр, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай тус тус танилцаж байна.

ОСОЛД ӨРТСӨН 12 НАСТАЙ ОХИНЫ ХУВЬ ЗАЯА ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР ДЭНЖГЭНЭЖ БАЙНА

Энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан. Ослын бичлэг нүд халтирам байхад хохирогч зүгээр "Хөл нь зулгарсан" гэх зүйл ярьж байгаа нь үнэнд яаав ч нийцэхгүй.Олон нийтийн дунд эргэлзээ хардлага одоог хүртэл байсаар.Албан бус мэдээллээр охины аарцагны яс бяцарсан бөгөөд хөлийг нь тайрахгүйн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа болов ч биеийн байдал нь маш хүнд сэхээн амьдруулахаас одоогоор гарсан хэмээв.

Д.СУМЪЯАБАЗАР: ХУУЛЬ ЗӨРЧСӨН 22 БАРИЛГЫГ НУРААНА

Богдхан уулын Дугуй цагаан орчимд хийж буй тохижилтын ажилд тус уулын аманд газар эзэмшдэг компани саад учруулж байгаа талаар албаны хүмүүс мэдээлэх үеэр Хотын дарга Д.Сумъяабазар хууль зөрчсөн 22 байршлын барилгыг нураана хэмээн мэдэгдлээ. "Тохижилтын ажилд саад учруулж буй тухайн компани өөрсдөө ойрхон их гоё байшин барьчихсан. Тэгсэн мөртлөө нийтийн эрх ашгийн төлөө нийслэл жоохон юм хийх гэхээр оруулахгүй байгаа нь буруу. Буруугаар ч барахгүй ийм зүйл байх ёсгүй. Гэтэл Байгаль орчны сайд нь хамгаалаад, хувийн өмчид халдлаа гээд байдаг. Хуулийг уландаа гишгэсэн, иргэдийн хүсэл сонирхлын дээрээс дэвссэн байдалтай нийслэл эвлэрэхгүй. Нийслэл аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Гэхдээ ийм аж ахуйн нэгжийг дэмжих бололцоо алга" хэмээн хэлээд "Энигма" компанитай холбоотой дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг албаныханд өглөө. Үргэлжлүүлэн "Нийслэлд хууль зөрчиж барилга барьсан 116 байршлаас 22-т нь бид даруй арга хэмжээ авна. Одоо яахыг хараарай. Дээрх 22 байршлын барилгыг нураагаад эхэлбэл хувийн хэвшилд халдлаа гэх байх. Гэхдээ нураана. Үндэсний номын сангийн урд байгаа барилга байгууламжаас эхлээд дүгнэлтийг нь гаргуулж байгаад бүгдийг нь нураана" хэмээв.

ХНХ-ЫН САЙДААР Т.АЮУРСАЙХАНЫГ ТОМИЛЛОО

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томиллоо. Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төмөрбаатарын Аюурсайхан нь: -1975 онд Улаанбаатар хотод төрсөн Боловсрол: -1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1999 онд Бүгд Найрамдах Турк Улсын Докуз Ейлүл их сургууль, 2006 онд Японы олон улсын их сургууль, Сөүлийн Үндэсний их сургууль, 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, боловсролын докторын зэрэгтэй Ажилласан байдал: 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-ийн ерөнхий захирал 2006-2009 онд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах референт, 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2013-2015 онд Монгол ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга, 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2020 оноос Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажиллаж байна. Улсад 22 жил ажилласан туршлагатай нэгэн аж.

ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫН МЭС ЗАСАЛ, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС ХАРИУЦНА

ЭМДҮЗ-ийн 2022 оны 1-р тогтоолын хүрээнд элэг ба элгэн дэх цөсний сувгийн болон элэгний гаднах цөсний суваг, нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээ түүний дараах хими, байн эмчилгээнд шаардагдах багаж хэрэгсэл, бусад хэрэглэгдэхүүний төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлж, иргэн төлбөр төлөхгүй байхаар зохицуулсан. Ингэхдээ нэг иргэнд хийгдсэн мэс заслын тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэл зэргийг тооцож үзээд 3.7-8.3 сая төгрөгийн өртөгтэй байхаар баталсан. Харин эмийн эмчилгээг 657-943 мянган төгрөгөөр санхүүжүүлж байна. Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрөгч найман сарын байдлаар элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээнд ЭМД-ын сангаас нийт 4.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж, 857 иргэний амь насыг аварч, амьдралын чанарыг дээшлүүлжээ. Өнөөдрийн байдлаар ЭДЕГ-тай хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлэхээр улсын болон хувийн хэвшлийн 42 эрүүл мэндийн байгууллага гэрээ байгуулсан байна. Үүний 23 нь Улаанбаатар хотод, 19 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.Т а гэрээт байгууллагатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авах боломжтой. Мөн ЭМДЕГ-тай гэрээт байгууллагаас хорт хавдрын тусламж, үйлчилгээ авахад иргэнээс нэмэлт төлбөр авсан тохиолдолд 1800-1363 дугаарын утсанд хандаарай.

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙДАД М.ГАНХҮЛЭГИЙГ ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг томилохыг дэмжсэн байна. Энэхүү томилгоог Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлах юм. М.Ганхүлэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөхөөр ажиллаж байжээ. М.Ганхүлэг нь 1990 онд төржээ.

ХНХ-ЫН САЙДААР Т.АЮУРСАЙХАНЫГ 100 ХУВИЙН САНАЛААР ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж ХНХ-ын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы нэрийг намын дарга нэр дэвшүүлсэн бөгөөд зөвлөлийн гишүүд бүрэн дэмжсэн байна. Мөн ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж оронд нь Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүлсэн хэмээн МАН-аас мэдэгдлээ.

1 ... 143 144 145 146 147 148 149 150 151 ... 317