НЭГҮҮН МЭДЭЭ
БАГА СУРГУУЛИЙН ДЭРГЭД ДЭН БУУДАЛ АЖИЛЛУУЛАХАА ЗОГСООЖ АСУУДЛЫГ ХҮНДРҮҮЛЭЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭ ӨӨРЧИЛӨӨЧ ГЭЖ ЭЗДЭД НЬ УРИАЛЖ БАЙНА!!!

1-р хорооллын арын дэн буудлуудын асуудлаар Өнөр бүсээс сонгогдсон төлөөлөгчдийн саналаар СХД-ийн ИТХ-аас ажлын хэсэг байгуулсан билээ. Тус ажлын хэсгийг миний бие ахалж бүрэлдэхүүнд нь бүсээс сонгогдсон төлөөлөгчид, мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд, иргэд, эцэг эхчүүдийн төлөөлөл ороод байна. Ажлын хэсгийн анхны хурлыг зохион байгуулж ажлын төлөвлөгөөгөө гаргалаа. Дэн буудлуудын эзэд хувь иргэд бөгөөд ААН байхгүй, түрээслэж үйл ажиллагаа явуулдаг, архины зөвшөөрөлгүй худалдаа эрхэлдэг, "олон буудал" нэртэй тус газарт гэмт хэргийн дуудлага тасардаггүй талаар албаныхан мэдээлэл өгч байв. Дараагийн хурлаас эхлэн дэлгэрэнгүй баримт, хяна лт шалгалтын тайланг сонсож нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа дэн буудлын эзэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сургуулийн орчин дахь олон жил бугшсан энэ асуудалд шийдэл олох болно. Иргэд, эцэг эхчүүд, сургуулийн хүүхдүүд та бүхэн гомдол, саналаа нээлттэй илэрхийлэхийг хүсье.

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН БОЛОН БАРЬЖ БАЙГАА 55 БАРИЛГА БАЙНА

Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байна. Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ. Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн гурван барилга байна. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Барилгыг албадан буулгах санал, шийдвэр боловсруулах Ажлын хэсэг байгуулж, холбогдох шийдвэрийг гаргуулж ажиллахыг даалгалаа. Мөн газар эзэмших, ашиглах эрхийг цуцлуулах саналыг хүргүүлж, барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж олгохгүй байх, олгогдсон техникийн нөхцөлүүдийг цуцлах, цаашид ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байх зэргийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.

“КАПИТАЛ” БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААС 5.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГУУЛЖ ХОХИРОЛД ТООЦУУЛАХААР БОЛОВ

Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж байсан “Капитал” банкны удирдах албан тушаалтнуудын гэм буруутай, эсэхийг дэнслэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 7, 9-нд боллоо.. Тус банканд 2019 онд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилж, удирдах албан тушаалтнуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тодруулбал, “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, гүйцэтгэх захирлын орлогч Б.Янжин, дэд бөгөөд Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг нарыг Төвбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас “Капитал” банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан төлбөрийн чадваргүй болж, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгасан байдаг. НПГ-аас дээрх гурван захиралд Эрүүгийн хуулийн 18.13-2-ын “Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадварыг алдагдуулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. “Капитал” банкийг 2019 оны дөрөвдүгээр сард татан буулгахад Монголбанкнаас хийсэн шалгалтын тайланд дурдсанаар бусдад 624.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоосон байдаг. Үүнээс Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн нийт 240.3 тэрбум төгрөгийн өр төлбөр байна гэж дүгнэсэн юм. Эл банкны албан тушаалтнуудад холбогдох хэргийн улмаас иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагад нийт 104 тэрбум 651 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 94 тэрбум 889 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн хэмээн прокурорын байгууллагаас мэдээлж байв. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх гурван хүнд холбогдох хэргийг хоёр өдөр хэлэлцээд А.Ариунболдыг банкны төлбөрийн чадварыг алдагдуулсан гэм буруутайд тооцсон юм. Улмаар нийт 104.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулснаас 99.3 тэрбумыг нь төлж барагдуулсан, үлдсэн 5.3 тэрбумыг А.Ариунболд гурван сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлт гаргасныг шүүх харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Тодруулбал, шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгэжээ. Харин Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарын үйлдлийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

ТОВЧООД БОЛОН ОНОШИЛГООНЫ ТӨВҮҮДЭД RFID УНШИГЧ 455 ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛЖЭЭ

Зам тээврийн нэгдсэн системийн талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлэл өгөв. Гуравдугаар сарын 1-нээс төрийн өмчийн байгууллагын автомашин болон нийтийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг/чип/ суулгаж эхлээд байгаа. Түүний мэдээлснээр тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологийн хүрээнд нийслэлийн авто замын гэрлэн дохиотой 138 уулзварт 343 шон, 11 байршилд шон суурилуулжээ. Нийслэлийн харьяа шалган бүртгэх найман товчоо, оношилгооны таван төвд радио давтамж тодорхойлох RFID уншигч 455 төхөөрөмжийг суурилуулсан байна. Ингэснээр RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэх дэд бүтцийн ажил бүрэн хангагджээ. Шалган бүртгэх товчоодоор орж ирэх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч 1,000-10,000 төгрөгийн хооронд төлбөрийн нэхэмжлэх системд үүсэж, төлбөрийн мэдээллийг тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн систем рүү илгээснээр иргэд товчоодоор орж, гарахад урт дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр дараа төлбөрт байдлаар төлөх боломжтой болжээ. Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ буюу Таван шарын уулзвараас Офицерын уулзвар хүртэл нийт 44 цэгт 45 камер Баянгол дүүргийн Модны 2-ын уулзвар Төмөр замын сургуулийн урд уулзварын гурван цэгт дугаар илрүүлэх, хурд хэмжих, улаан гэрлийн зөрчил, эгнээ байрын зөрчил, давхар эргэлтийн зөрчил илрүүлэх 37 камер байрлуулжээ. Энэ нь үр дүнгээ өгч, зөрчил илрүүлэлт хоёр дахин нэмэгдсэн байна.

ГУРВАН НАСТАЙ ХҮҮГ ЗОДСОНООС ХОЁР ХОНОГИЙН ДАРАА ЭМНЭЛЭГТ ХҮРГЭЖЭЭ

ГССҮТ-өөс энэ сарын 8-нд 2023.03.08/ “Манай эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. Шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Улмаар Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна. Уг этгээд 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хохирогч хүүгийн биеийн байдал маш хүнд, одоогоор ухаангүй эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байна гэж бидэнд өчигдөр мэдээлсэн юм. Гэмтлийн шалтгаан тодорхойгүй гурван настай хүүхдийн биеийн байдал одоогоор маш хүнд, амьсгалын аппараттай байна. Тухайн хүүхэд хүзүү, нуруу, гарны хугаралтай, тархины битүү цус хуралттай буюу хавсарсан хүнд гэмтлийн оноштойгоор Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр: -Хохирогчийг энэ сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн аравдугаар хорооны хотхонд хүүг зодсон ч 8-ны өдөр 09.40-д эмнэлэгт хүргэжээ. Иймд хүүгийн ээжийг гэмт үйлдлийг нуун далдалсан хэргээр шалгаж байна. Хэргийг үйлдээд зугтсан Э өмнө нь хэрэг үйлдэж, хоригдож байжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн дагуу шалгаж эхэлжээ. Л-ийн хамтран амьдрагч Э-г олж тогтоон, хойшлуулшгүйгээр баривчилсан байна. Цагдан хорих, таслан сэргийлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тэрээр Л-тэй энэ оны нэгдүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн. Хүүгийн шулуун гэдэсний хэсэгт хавагнаж цус хурсан шинэ гэмтэлтэй. мөчдөөрөө 1-3, 4-5 хоносон цус хуралттай, гавал тархинд цусан хараа үүссэн, хүзүүний III нугалам хугаралтай хэмээн шинжээч эмч дүгнэсэн байна. Хүүгийн 6 настай ах эмээ өвөөгийн хамт байна. Гэр бүл, хүүхэд хөгжлийн байгууллагаас түүнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж эхэлжээ гэв.

НӨӨЦИЙН МАХЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШААС 2000-3000 ТӨГРӨГӨӨР ХЯМД ХУДАЛДАНА

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7858.9 тонн махны нөөцөлжээ. Энэ сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдаж эхэлнэ. Нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангажээ. Үнийн хувьд үхрийн ястай мах 10700 төгрөг хонины ястай мах 8600 төгрөг ямааны ястай мах 6400 төгрөг Нөөцийн махыг 457 цэгээр борлуулна.

ХОЙД ЭЦЭГТЭЭ ЗОДУУЛЖ УХААНГҮЙ ИРСЭН ГЭХ 3 НАСТАЙ ХҮҮГИЙН БИЕИЙН БАЙДЛЫН ТАЛААР ГССҮТ-ӨӨС ТОДРУУЛЖ БАЙНА…

ГССҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.ГАНТУЯА: - Манай төвд 2023 оны 3 дугаар сарын 08-ны 09 цагт шалтгаан тодорхойгүй, биеийн байдал маш хүнд хүүхэд хүргэгдэж ирсэн. Яаралтай тусламжийн эмч нар үзлэг шинжилгээ хийгээд хүүхдийн биеийн байдал маш хүнд, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын их биеийн хугаралтай, баруун шууны хугаралтай, тархины хүнд гэмтэлтэй хүүхэд байсныг эрчим эмчилгээнд оруулж, өнөөдөр 2 дахь өдрөө эмчилж байна. - Өнөөдөр Эх нялхсын эмнэлэгтэй хамтарч дахин нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог хийлээ. Бүдүүн гэдэс орчим зөөлөн эдийн няцралтай гэдэг нь нэмэлтээр тогтоогдсон. Амьсгалын аппаратад байна. Биеийн байдал маш хүнд, эмнэлгээс шаардагдах бүх тусламжийг нь үзүүлсээр байна. Цаашдын тавиланг нь тодорхойлж хэлэхгүй боломжгүй байна - Сүүлийн үед бага насны хүүхдүүд бусдад зодуулж, бэртэж гэмтэх, өндрөөс унах тохиолдол нэмэгдсээр байна. Тиймээс эцэг эхчүүд анхааралтай, сонор сэрэмжтэй байж, хөршийн холбоогоо сайжруулахыг анхааруулж байна.

ЦЭНЭГЛЭЖ БАЙСАН ГАР УТСАА ОРОЛДОЖ БАЙГААД ЦАХИЛГААНД ЦОХИУЛЖ НАС БАРЖЭЭ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 10 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт “Цахилгаанд цохиулсан хүүхэд ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух хаягтай, 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд уртасгагч залгуурт цэнэглэж байсан гар утсаа оролдож байгаад цахилгаанд цохиулж нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

“BRAVO CIRCUS-2” ОЛОН УЛСЫН ЦИРКИЙН ТОГЛОЛТ ЭНЭ САРЫН 24-НӨӨС ЭХЛЭН ТОГЛОГДОНО

"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт өнгөрсөн оны аравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд тоглогдсон. Тэгвэл сурагчдын амралтад зориулж, "Bravo Circus-2" тоглогдохоор бэлтгэл ажил хэдийн хангагджээ. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 12 улсын 88 жүжигчид болон сургуультай амьтдын үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм. Энэ талаар “Шинэ цирк” төвийн захирал, найруулагч Д.Зоригт "Энэ удаад өмнө нь Монголд тоглогдож байгаагүй, цоо шинэ үзүүлбэрүүдийг бэлдсэн. Онцолбол, олон жилийн өмнө Монголоос аялан тоглолтоор очиж тоглож байсан циркийн хаан үзүүлбэр буюу агаарын нислэгийн номерыг шинээр эргэн толилуулах гэж байна. Ямар нэгэн хамгаалалтгүйгээр 15-20 метрийн өндөрт агаарт чөлөөтэй дүүлэн нисдэг агаарын үзүүлбэр бий. Циркийг алиалагчидгүйгээр, амьтадгүйгээр, акробатын номеруудгүйгээр, агаарын үзүүлбэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Эд бол циркийн цохилох зүрх гэж хэлж болно. Тиймээс дэлхийд алдартай Гиннесийн номд бичигдэж байсан Францын ах дүү акробатчид, Казакийн дамнуурган дээр үсрэгчид хэмээх шилдэг үзүүлбэр мөн Киргизийн нэрд гарч яваа залуу алиалагч, жонглёрчин ирнэ. ОХУ, Казахстан, Киргиз, Португал, Франц, Хятад зэрэг 10-аад орны мэргэжлийн жүжигчид хуран чуулна" хэмээсэн байдаг. Гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг байдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэхээс гадна хүүхдийн ертөнцийг ч танин мэдэхэд асар өндөр хувь нэмэр оруулдаг аж. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд циркийн урлагийн тоглолт зохион байгуулагдах нь тун ховордсон тул эцэг эхчүүд та бүхнийг үр хүүхдүүдтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, нэгэн өдрийг аз жаргалтай өнгөрөөхийг урьж байна. ТАСАЛБАР ХУДАЛДАН АВАХ ЛИНК Хайртай гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх мартагдашгүй үдшийн хамгийн тухтай суудлыг та эртлэн захиалаад аваарай. Тоглолтод Дэлхийн циркийн урлагийн шилдгийн шилдэг 12 улсын 88-н жүжигчид болон сургуультай амьтад оролцоно. Та яг одоо: линкээр дарж ороод суудлаа сонгоорой. Лавлах утас: 8877-0003, 8986-2966

ГУРВАН НАСТАЙ ХҮҮГ ХОЙД ЭЦЭГ НЬ ЗОДОЖ, УХААНГҮЙ БАЙДАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭЭД ЗУГТЖЭЭ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ГССҮТ-өөс “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагааг явуулж ажиллаж байна. Шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдаргч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь эмнэлэгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна. Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж холбогдогч Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байна.

1 ... 121 122 123 124 125 126 127 128 129 ... 329