НЭГҮҮН МЭДЭЭ
СЭЛЭНГИЙН ИРГЭДЭЭС Ч.УНДРАМ ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛСЭН

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүн Б.Баттөмөр “Ч.Ундрам гишүүний асуудлаар Сэлэнгэ аймгийн иргэдээс өргөдөл ирсэн. Нэгт, Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нарыг эгүүлэн татахыг шаардсан. Гэхдээ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх парламентад байхгүй.Хоёрт, УИХ-ын гишүүний Ч.Ундрам ёс зүйн алдаа гаргасан, эгүүлэн тат гэсэн. Хууль, хяналтын байгууллага шалгаж байхад ёс зүйн асуудлыг давхар шалгахгүй гэж заасан байдаг. Өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүх дээр гэр бүлийнх нь асуудал орж байгаа, эцсийн шатандаа яваа гэх мэдээлэл авсан. Хүүхэд хүчирхийлсэн гэх асуудлыг нь цагдаа шалгаж байгаа юм билээ. Энэ бүх асуудал нэгтгэж ирсний дараа холбогдох байнгын хороо асуудлыг хэлэлцэнэ” хэмээв .

ЗАМЫН-ҮҮДЭЭС МАРГААШ 30 ШИНЭ АВТОБУС НИЙСЛЭЛД АВЧИРНА

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд БНХАУ-аас 224 автобус авахаар болсон. Энэ сард 100 автобус орж ирнэ. Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч өчигдрийн байдлаар 18 автобусыг Замын-Үүдэд оруулж ирсэн, өнөөдөр үдээс хойш дахин 30-ыг оруулж ирэхээр ажиллаж байна хэмээв. Мөн “Маргааш өглөө эхний 30 автобусыг Замын-Үүдээс Улаанбаатар руу татан авна” гэлээ.Эдгээр автобус энэ сарын 2-нд Эрээний хил дээр ирсэн. Хэрэв хил гааль дээр асуудал үүсэхгүй бол нэгдүгээр сарын 10-нд Монголд авчирч, 15-наас үйлчилгээнд явуулахаар төлөвлөж буйгаа нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

“ГАР УТСААРАА ЯРИУЛСАН БИШ ДАНС ДАХЬ МӨНГӨӨ АЛДЧИХЛАА”

Саяхны нэг өдөр яг ийм тохиолдол гарчээ. Хүнсний дэлгүүр ажиллуулдаг эгчээс нэг залуу утсаараа яриулахыг гуйж, аваад нэлээд удаж байгаад өгч. Утсаар нь ярихгүй, үзээд зогсоод байсныг нь хальт анзаарсан гэнэ. Утсыг нь өгчхөөд явсны дараахан харин мөнөөх эгчийн банкны данс хоосорсон байсныг мэдээд хууль хяналтын байгууллагад ханджээ. Дэлгүүр, худалдаа үйлчилгээний газар, эмнэлэг, сургууль ер нь хаа нэгтээ явж байхад тань хэн нэгэн тусламж хүсэн утсаараа яриулаач гэх тохиолдол гардаг шүү дээ. Тэгвэл хэнд ч өгч болохгүй бүх хувийн нууцлалтай мэдээллийг тань агуулсан гар утсаа хэн нэгэн танихгүй этгээдэд түр хэрэглүүлэхээр өгнө гэдэг чононд хонь хадгалуулсантай ялгаагүй юм. Хүнд туслах гэсэн биш, өөрөө хохирогч болоод үлдэнэ гэдэг эмгэнэлтэй хэдий ч үүнээс урьдчилан сэргийлж боломжтой. Тэгвэл цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн тоо дэлхийд төдийгүй Монголд ч хурдацтайгаар өсөж буй тул дараах аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. Гар утас, таблет болон компьютер гэх мэт хувийн төхөөрөмждөө нууц үгээр нэвтрэх тохиргоо хийх ; Олон нийтийн болон үйлчилгээний газ рын баталгаагүй / үнэгүй Wi - Fi сүлжээнд холбогдохгүй байх; /Энэ нь Wi - Fi сүлжээгээр дамж уулан хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс таныг хамгаална ./ Хувийн мэдээлэл агуулсан төхөөрөмж болон гар утсаа бусдад өгөхгүй, дамжуулан ашиглуулахгүй байх ; Сошиал орчинд сонжоо бөглөх, сэжигтэй линк дээр дарж орон хувийн мэдээлэл, цахим банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх ; Олон нийтэд зориулсан төхөөрөмжөөс цахим банк руугаа хандахгүй байх . Х эрэв хандсан бол заавал Log out/Sign out үйлдлийг хийн гарах; Өөрийн төхөөрөмжид нууцлал аюулгүй байдлыг хангасан тохиргоонуудыг хийсэн байх; Жишээ нь: Нууц үгийн хамгаалалт, антивирус програм м хангамж гэх мэт . Хувийн мэдээлэл агуулсан аппликэйшндээ нэвтрэх нэр, нууц үгээ сануулахгүй байх Дансны дугаар, нууц үг, регистрийн дугаар зэрэг нууцлалтай мэдээллээ гар утсан дээрээ болон и-мэйл дотроо хадгалахгүй байх Хялбар аргаар мөнгө олох аргуудад итгэн хувийн мэдээллээ бусдад бүү дамжуулаарай. Дансаараа гүйлгээ хийж өгөөд урамшуулал аваарай, койн өсгөх арга зааж өгье гэх мэт зарууд их байдаг шүү дээ.

С.ЧИНЗОРИГ: НОХОЙД ХАЗУУЛСАН 9 ИРГЭНД СҮРЬЕЭГИЙН ВАКЦИНЫГ 10-30 ДАХИН ИХ ТУНГААР ХИЙЖ, ЭРҮҮЛ МЭНДЭД НЬ НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.Тэрбээр, Миний бие Ерөнхий сайдын саналаар Эрүүл мэндийн сайдыг ажлыг аваад өчигдөр орой 20.00 цагийн үед яаманд ирсэн. Эрүүл мэндийн сайдаар томилогдоод анхны мэдээллээрээ таагүй мэдээ хүргэж буйдаа хүлцэл өчье. Сүхбаатар аймагт нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн вакцин хийж байна гээд андуурсан уу, ажилдаа хайнга хандсан уу сүрьеэгийн вакцин хийж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсанд ард түмнээсээ уучлал хүсэж байна. Энэ хүмүүсийн хоёр нь 8, 14 настай хүүхэд, бусад нь 56 хүртэлх насны иргэд байна. Нэг иргэний уушгинд нэвчилт, сүүдэр үүссэн тул эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна гэсэн мэдээлэл ирсэн. Одоогоор бие нь хүндэрсэн хүн байхгүй. Энэ явдал 2022 оны 12-р сарын 5-наас эхтэй гэсэн мэдээлэл ЭМЯ-нд 2023 оны 1-р сарын 5-ны 13.00 цагийн үед ирсэн. 12-р сарын 5-наас 26-ны хооронд нэр бүхий есөн иргэн нохойд хазуулсан юм байна. Нохой хазуулсан иргэнд галзуугийн вакцин хийдэг заавартай. Гэтэл сүрьеэгийн вакцин хийсэн мэргэжлийн ноцтой алдаа гаргасан. Нохойд хазуулсан есөн иргэний гуравт нь сүрьеэгийн вакцин гурван удаагийн тунг хийсэн ба сүрьеэгийн вакциныг 30 дахин нэмэгдүүлсэн тунгаар хийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Дөрвөн хүнд хоёр удаа сүрьеэгийн вакцин хийсэн нь зохих хэмжээнээс 20 дахин их тунгаар хийсэн байна. Хоёр хүнд нэг удаа сүрьеэгийн вакцин хийсэн. Эдгээр иргэд нэг удаа нэг нохойд хазуулаагүй. Өөр өөр цаг хугацаанд долоон нохойд хазуулсан. Тэгэхээр вакциныг андуурч хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Энэ мэдээллийг аваад сайд хувьд дараах шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, ЭМ-ийн сайдын тушаалаар мэргэжлийн багийг Сүхбаатар аймаг руу гаргалаа. Энэ баг хоёр чиглэлээр ажиллана. Сүрьеэгийн вакцин хийлгэсэн есөн иргэнд вакцины үр нөлөөг тандан судалж тогтоох. Хоёрдугаарт, Уг вакцины Эрүүл мэндийн газраас хүлээн авахдаа ямар зориулалтаар хэрэглэх тухай заавар чиглэл өгсөн тэмдэглэгээ хийсэн эсэхийг шалган тогтооно. Ажлын хариуцлага алдсан эсэхийг шалган тогтооно. Алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцно. Аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн дарга нарыг ажлын хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөх чиглэл өгсөн бичгийг өнөөдөр аймгийн Засаг даргад хүргүүллээ. Буруу вакцин хийлгэсэн есөн иргэнд шаардлагатай бол эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлнэ. Вакцин бол амьд бактер. Амьд бактерийг зохих хэмжээнээс 10-30 их тунгаар хийснээр эдгээр иргэд сүрьегээр өвчлөх магадлал маш өндөр болно. Тиймээс газар дээр нь оношилгоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай. Шаардлагатай бол эдгээр иргэдийг Улаанбаатарт авчирч нарийн мэргэжлийн тусламж үзүүлнэ. ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр вакцин андуурч хийсэн анхны тохиолдол болсон байна. Эдгээр иргэдийг Монголд эмчлэх боломжгүй бол Засгийн газрын нөөц сангаас санхүүжилт гаргаж, гадаадад эмчлүүлэх шаардлага үүснэ гэдгийг өнөөдөр Ерөнхий сайдад танилцуулсан. Нөгөө талаар нохойд хазуулсан иргэдэд галзуугийн эсрэг вакцин хийгээгүй учир энэ төрлийн өвчлөл гарах вий гэсэн болгоомжлол бий. 2- 2.5 сарын дараа галзуу өвчний шинж тэмдэг илэрч болзошгүй гэлээ. эх сурвалж:gogo.mn

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИД ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ГАРГАХ ШААРДЛАГАГҮЙ

Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан. Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1367.0 тэрбум төгрөг баталсан. Засгийн газраас төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрд цугларсан их өгөгдлийг төрийн бодлого шийдвэрт ашиглах, төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдсэн учраас төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлох юм. Иймд иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй. Иргэд 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ нийгмийн халамжийн нэгдсэн систем /ehalamj/, төрийн үйлчилгээний нэгдсэн систем /Е-Моngolia/-ийг ашиглан шалгах, мөн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс олгоно.

13А МАЯГТЫГ ЭНЭ ОНЫ ХОЁРДУГААР УЛИРАЛД БАГТААН ЦАХИМААР ХҮЛЭЭН АВДАГ БОЛГОНО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Дэлхийн банкны санхүүжилтээр манай улсад цахим эрүүл мэнд төсөл хэрэгжсэн. Уг төслийн хүрээнд манай эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагуудыг олон улсын аудитын байгууллага чанаргүй байна гэж дүгнэсэн. Сайд, дарга нарын халаа сэлгээний асуудлаас болж энэхүү дүгнэлт гарсан гэж бодож байна. Эрүүл мэндийн яаманд маш чадварлаг IT инженер авъя гэхээр цалин хөлс, нөхцөл бололцоо нь болдоггүй. Тиймээс манай яамны зүгээс энэ оны хоёрдугаар улиралд багтаан 13А маягтыг цахимаар хүлээн авдаг болоход ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэн хэрэглээнд нэвтрүүлнэ’ хэмээв.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД О.ЦЭНДСҮРЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Охиндоогийн Цэндсүрэнг томилсон. О.Цэндсүрэн нь 1965 онд төрсөн. 1983 онд Эрдэнэт хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1984 онд ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургууль, 1989 онд тус улсын Свердловск хотын Уул уурхайн дээд сургууль, 1999 онд Улаанбаатар хууль зүйн дээд сургууль, мөн онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг тус тус төгссөн. Уул уурхайн инженер, эрх зүйч мэргэжилтэй, Техникийн ухааны магистр, дэд докторын зэрэгтэй. Тэрбээр 1999-2003 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 2003-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Эрдэс баялгийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга, 2009-2015 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шинжээч, референт, ахлах референт, 2015-2016 онд Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2016 оноос “Гурван сор” ХХК-д зөвлөх, 2018 оноос “Шарын гол” ХК-д ТУЗ-ийн хараат бус гишүүнээр тус тус ажиллаж ирсэн, улсад 22 жил ажилласан туршлагатай.

СУДАНААС ИРСЭН ГЭРЭЭТ ЦЭРЭГ ХУМХАА ӨВЧНИЙ УЛМААС НАС БАРЖ, НЭГ ОФИЦЕРЫН БИЕ МАШ ХҮНД БАЙНА

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн манай улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны сүүлчийн алба хаагчид өнгөрсөн сарын 21-нд эх орондоо ирсэн билээ. Гэвч тэдний дунд Африкийн хумхаа буюу маляр өвчний халдвар авсан нэг бус энхийг сахиулагч байсан аж. Тэдний нэг нь гэрээт цэргийн алба хаагч байсан бөгөөд БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Харин дээрх ээлжийн нэг офицер, хошууч цолтой залуугийн бие маш муу, амь нас нь дээсэн дөрөөн дээр дээрх эмнэлэгт эмчлүүлж буйг эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжууд мэдээллээ. Уг ээлжийг хүлээлцэхээр явсан Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатарын багтсан ажлын хэсгийн гишүүдийн дунд ч хумхаагийн халдвар авсан хүн байж болзошгүй талаар эх сурвалжууд хэлсэн юм. Цэргийн алба хаагчид хумхаагийн эсрэг эмээ тогтмол хугацаанд уух ёстой ч үүнийгээ зөрчсөнөөс халдвар авсан уу гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй байгаа гэнэ. Одоогоос 10 жилийн өмнө 2013 онд Суданд үүрэг гүйцэтгэж байсан манай цэргийн алба хаагчид хумхаагийн халдвар авч, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энхийг сахиулагчдаа эргэхээр очихоос өмнө эх оронд нь авчирч, Цэргийн төв эмнэлэгт эмчилж байсан билээ. Тэгвэл түүнээс хойш 10-аад жилийн хугацаа өнгөрөөд байхад Цэрийн төв эмнэлгийнхэн халдвар авсан цэргийн алба хаагчдыг эмчилж чадахгүй, нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь харамсалтай. Магадгүй энэ нь БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлгийн удирдлагын ажлын арга барилтай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй.

УБТЗ-ЫН ОРЛОГЧ ДАРГА С.БАТДӨЛИЙГ СААТУУЛАН, 7.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУРААЖЭЭ

ЭЦА-ныхан өчигдөр орой УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг их хэмжээний бэлэн мөнгөтэй байхад нь саатуулжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ "Төмөр замын албан тушаалтнуудыг шалгах ёстой" гэсэн санаа дэвшүүлсэн. Үүнтэй холбоотой шалгалт эхэлсэн нь уг албан тушаалтныг саатуулснаар батлагдаж байна. Тэрээр өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа хоёр тэрбум гаруй төгрөг хадгалж байхад нь ЭЦА-наас гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. 2021 онд дээрх албан тушаалд томилогдсон ч богино хугацаанд хөрөнгөжсөн нэгэн. Өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн оочер дарааллыг зохицуулж өгөн хахууль авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож буй аж. Мөн өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр цөөнгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газар аваад зогсохгүй, валют, бэлэн мөнгө ихээр хуримтлуулсан байжээ. Түүний болон гэр бүлийнхнийх нь хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байрлах 5-6 объектод нэгжлэг хийхэд 7.6 тэрбум төгрөг, 1.6 сая ам.доллар гээд нийт 10 гаруй тэрбум төгрөг хураан аваад зогсохгүй тансаг зэрэглэлийн орон сууцууд, өөр бусад үл хөдлөх хөрөнгүүд худалдан авах гэрээнүүд хийсэн байсныг эд мөрийн баримт болгон хураан авч мөрдөн шалгах ажиллагааг хууль сахиулагчид үргэлжлүүлж байна. БНХАУ-руу нүүрс экспортолж байгаа компаниудын удирдлага төмөр замын албан тушаалтнуудад нэг цуваа буюу 50 вагон нүүрс явуулахад 400-450 сая төгрөгийн хахууль өгдөг гэдэг нь үүгээр батлагдаж байх шиг.

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨНӨӨДРИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРҮҮД

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу нэгдүгээр сарын 4-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 2022 ОНЫ ЭЦЭСТ 3.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг оны эцсийн байдлаар дүгнэн 2023 оны нэгдүгээр сарын 4-ний Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тогтоол гарснаас хойш гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд болон Оюу толгой ХХК нь нийт 1.1 тэрбум гаруй ам.долларыг Төв банканд арилжаалсан нь тогтоолоор хүлээсэн валютын орлогыг төвлөрүүлэх үүргийг амжилттай биелүүллээ. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 588.8 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулжээ. Мөн экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох ажлуудыг амжилттай гүйцэтгэж, хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэнээр гадаад валютын улсын нөөц 2022 оны эцэст 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь наймдугаар сард 2.6 тэрбум байсантай харьцуулахад 31 хувиар нэмэгдлээ. Гадаад валютын нөөц нэмэгдэхийн хэрээр валютын зах зээл тогтворжиж байгаа бөгөөд улмаар инфляц буурах, макро эдийн засаг тогтворжих суурь бүрдэж эхэлж байна. Цаашид, төмөр замын ачаа тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах талаар тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа. УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ЗАРИМ ЭТГЭЭДИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭД ТӨРД УДИРДАХ АЛБА ХАШИХГҮЙ, ЗЭЭЛД ХАМРАГДАХГҮЙ, ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХГҮЙ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувьд зарим үйл ажиллагааг хориглох зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж буй. Тухайлбал, тус хуулийн төсөлд улс төрд нөлөө бүхий зарим этгээд буюу УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, тэдгээрийн хүүхэд төрийн албаны удирдах, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалд ажиллахыг хязгаарлах зохицуулалтыг тусгажээ. Мөн төрөөс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөнгөлөлт, баталгаа, тусламж, гадаад болон дотоод зээлд хамрагдахгүй, бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй, концесс эзэмшихгүй байх юм. Энэхүү хязгаарлалт нь нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд мөн хамаарахаас тусгажээ. МОНГОЛ УЛСАД ЖУУЛЧЛАХ ГАДААДЫН 34 УЛСЫН ИРГЭДИЙГ ВИЗНЭЭС ЧӨЛӨӨЛЛӨӨ Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөллөө. Эдгээр улсад дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс болон Австрали, Шинэ Зеланд Улс хамаарч буй бөгөөд манай улсад ирдэг иргэдийн тоогоороо тэргүүлдэг, мөн 2021 оны аравдугаар сард нэвтрүүлсэн www.evisa.mn системээр Монгол Улсын визийг цахимаар авч буй улсууд юм. Визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. АИ-92 АВТОБЕНЗИНИЙН ҮНИЙН ӨСӨЛТӨӨС СЭРГИЙЛНЭ Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Цар тахал болон олон улсын хямралт нөхцөл байдал, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд өөрчлөгдөж байгаа энэ цаг үед ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтэгдэхүүн АИ-92 автобензинийн үнийг тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах зохицуулалт хийх шаардлага тулгараад байна. Иймд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулсан байна. Товч мэдээ Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг шинэчлэн баталлаа. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

1 ... 118 119 120 121 122 123 124 125 126 ... 317