НЭГҮҮН МЭДЭЭ
ЦАХИЛГААН ХҮЧДЭЛД ЦОХИУЛСАН ИРГЭНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН БАЙНА

ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өчигдөр буюу 07 дугаар сарын 23-ны 16:55 цагт "Цахилгаан хүчдэлд цохиулсан" гэх асуумжтай 24 настай эмэгтэй НТТТ-ийн автомашинаар хүргэгдэн иржээ.Хүчдэлд цохиулах үедээ ар дагзаараа савж унасан байдалтай ирсэн тул төвийн томографи болон рентген шинжилгээнд хамруулж, салбар эмнэлгийн тасагт хэвтүүлэн эмчилж байгаа аж. Одоогоор амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд ил харагдах шарх, түлэгдэлтийг эмчилж, эмчийн хяналтад тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна.

УСАНД АВТСАН БАЙРНУУДЫН УСЫГ СОРУУЛЖ ДУУССАНЫ ДАРАА ТОГ ЦАХИЛГААНЫГ ЗАЛГАНА

Цаг уурын өнөөдрийн нөхцөлөөс шалтгаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийт 54 дэд өртөө, 14132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсны 53 дэд өртөө, 10020 хэрэглэгчийн хэрэглээг сэргээжээ. Хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, цахилгааны щит усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа залгах боломжтой 22 дэд өртөө, орон сууцны 43 байрны 4112 хэрэглэгч байна. Эдгээр хэрэглэгчдийн байршлыг нэрлэвэл СБД-ийн 1-р хороонд 3 байр, БЗД-ийн 43-р хороо, ХУД-ийн 15-р хороо Рапид харш хотхоны 4 байр, 2, 3, 10-р хороонд 5 байр, БГД-т 8 байр байна. Борооны улмаас нийт 18 фидерт гэмтэл гарч, 27056 хэрэглэгч хүчдэлгүй байсныг бүгдийг нь сэргээгээд байна. УБЦТС ТӨХК шуурхай үйлчилгээ, үзлэг, засварын бригадуудын хүчийг нэмэгдүүлж, тасралтгүй ажилласан байна. Эх сурвалж: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

ЖИГЖИДИЙН МӨНХБАТ АГСНЫ ДУРСГАЛД ЗОРИУЛСАН ХӨШӨӨ СҮНДЭРЛЭЛЭЭ

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, Даяар дуурьсагдах, далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын дурсгалд зориулан хань ижил, үр хүүхдүүд, ах дүүс, олон мянган шавь, сум орон нутгийн удирдлагуудын санаачилгаар бүтсэн гэрэлт хөшөө өдгөө 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Төв аймгийн Эрдэнэсант суманд сүндэрлэлээ.

АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИАНЫ ЭРЧМИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА

Гадаад багштай нартай Англи хэлний ярианы Эрчмийн эрчимжүүлсэн сургалтыг санал болгож байна.Олон жилийн туршлгатай гадаад багш нар өвөрмөц арга барилаар сургалтаа удирдан явуулдаг учраас та хамгийн богино хугацаанд хүссэн үр дүнд хүрэх боломжтой… ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ: Олон жилийн туршлагатай заах арга зүйн ур чадвар сайтай багш нарын баг сургалтыг удирдаж явуулна Өвөрмөц сонирхолтой үр дүнтэй залуу үеийнхний онцлогийг дэмжсэн бүтээлч, сонирхолтой арга барилаар хичээллэнэ Боловсронгуй чанартай системтэй сургалтын материалаар, гарын авлага, номоор хангана Сургалтын найрсаг, тав тухтай таатай орчин бүрдүүлсэн “Бодит үр дүн”-г амлаж байна Олон улсын их, дээд сургуулиудад бакалавр болон магистрт суралцах тэтгэлэгт хөтөлбөрт Хөтөлбөрүүдэд хамрагдсан сурагч бүр өндөр сэтгэгдэлтэй төгсдөг ЦАГИЙН ХУВААРЬ: 7н хоногт 3н өдөр өглөө оройн цагийн сонголттой. Хаяг: Циркийн баруун талд 80708058 руу залгаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай

“ТҮМНИЙ БАЙР”-ИЙН С.МӨНХБАТ ЗАХИРАЛ ТҮРҮҮ БӨХЧҮҮДЭД 5000-10000 АМ.ДОЛЛАР ӨГЧЭЭ

"Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ны захирал С.Мөнхбат энэ жилийн наадмын үзүүр, түрүүний бөхөд 5000-10000 ам.доллар өгчээ. Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 10.000 доллар, үзүүрлэсэн бөхөд 5.000 доллар тус бүр гардуулжээ. Үүнээс гадна хурдан морины уралдааны зургаан насны морьдын Айргийн таван морины унаач хүүхдүүдийг тус бүр нэг сая /1 000 000/ төгрөгөөр урамшуулсан байна. “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ны захирал С.Мөнхбат энэ баяр наадмаар амжилт үзүүлсэн бөхчүүд болон унаач хүүхдүүдийн урамшуулалд 100 орчим сая төгрөг зарцуулжээ. Түүний талаарх мэдээллийг нээлттэй мэдээллийн сангаас шүүхэд “Азуре Коал Монгол Майнинг” /Azurе coal mongolia mining/ ХХК-ны үүсгэн байгуулагч болох нь нээлттэй мэдээллийн сангаас харагдаж байв. С.Мөнхбат өмнө нь “Түмний байр” төслийг санаачлан эхлүүлж хоёр ч хүнийг орон байртай болгосон. Тэрээр Английн Wonderful power mining компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд Дорноговь аймагт нүүрсний томоохон ордын лиценз эзэмшдэг мөн Асгатын мөнгөний ордыг авчихсан гэх мэдээлэл ч бий.

ХУУЛЬ БУС ТОМИЛГОО: ЭЦА-НЫ ЭРЭН СУРВАЛЖЛАХ ХЭЛТЭСТ АЖЛААСАА ХАЛАГДАЖ БАЙСАН Б.ЧУЛУУНХҮҮ ТОМИЛОГДЖЭЭ

Манай улсад шатлан дэвших зарчим буюу мерит тогтолцоо төрийн албанд хэрэгжихээ байгаад олон жилийн нүүрийг үзжээ. Эрх барьж байгаа намын даалгавар сайн биелүүлдэг, гар хөлийнх нь үзүүрт гүйж чадсан нөхдүүд төрийн өндөр дээд албан тушаалд илбэдүүлэн суух нь олны нүдэнд ил. Энэ зарчим мөн л цагдаагийн албанд байнгын шахуу үйлчилдэг билээ. Үүний нэг тод жишээ нь ажлаасаа халагдсан хүн хүртэл том даргын суудалд заларсан нь олны гайхшралыг төрүүлээд байна. Тодруулбал, Одоогийн Эрүүгийн цагдаагийн албаны 7-р хэлтсийн 1-р тасгийн дарга буюу Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн даргаар цагдаагийн ахмад Б.Чулуунхүү ажиллаж байна. Уг албанд тэрээр 2023 оны 02 сард гэнэт томилогдсон байгаа нь анхаарал татаж байгаа юм. Б.Чулуунхүү нь өмнө нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст ажиллаж байгаад ажлын дутагдал гаргасан гэх шалтгаанаар ажлаасаа халагдаж байсан аж. Үүрэгт ажлаа хуулийн дагуу гүйцэтгээгүйн улмаас ажлаасаа халагдсан хүнийг ямар нэгэн үндэслэлгүйгээр шууд ийнхүү томилсон нь Төрийн албаны тухай хууль болон цагдаагийн албаны тухай хуулийн олон заалтуудыг тус тус зөрчжээ. Эх сурвалж: Асу.мн

Т.БАДАМЖУНАЙД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЖЭЭ

Филиппин улсаас “Шувуу” ажиллагааны хүрээнд шилжүүлэн авсан Т.Бадамжунайд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн явуулж дуусжээ. Түүнд яллах дүгнэлт үйлдлүүлэхээр баяр наадмын өмнөхөн НПГ-т хавтаст хэргийг нь хүргүүлснийг хэд хэдэн эх сурвалж батлав. Т.Бадамжунайд Эрүүгийн хуулийн 22.1-1 хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.5-1-ийн хахууль өгсөн, 18.6-1-т заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй билээ. Энэ оны дөрөвдүгээр сард түүнийг Филиппинийн хуулийн байгууллагынхантай хамтран ажилласны дүнд эх оронд нь шилжүүлэн авчирч, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Энэ сарын 5-нд цагдан хорих хугацаа нь дууссантай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дахин 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Уг хэргээс гадна олны анхаарлын төвд буй “Нүүрсний” гэх хэргийн яллагдагч Б.Ганхуягийн цагдан хорих хугацааг шүүх сунгасан юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуягт хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэмээн НПГ-аас яллагдагчаар татаад буй бөгөөд долдугаар сарын 6-нд цагдан хорих хугацааг нь сунгуулах тухай НПГ-ын хяналтын прокурорын саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэг сарын хугацаагаар хорих хугацааг нь сунгажээ.

ШАРГА МОРЬТ ОРЧМЫН СЭЛБЭ ГОЛЫН ҮЕРТ АВТСАН БҮСЭД ДАВТАН АРИУТГАЛ ХИЙЛЭЭ

Нийслэлд долдугаар сарын эхээр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Сэлбэ гол дагуух газрууд үерт автсан. Эдгээр бүсэд шат дараатайгаар ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа. Тухайлбал өчигдөр Шарга морьт орчмын Сэлбэ голын үерийн талбарт давтан ариутгал хийжээ. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын мэдээлснээр халдваргүйжүүлэлтийн ажил эхэлснээс хойш буюу долдугаар сарын 7-16-ны хооронд мананцар үүсгэгч автомашинаар нийт 4,259,619 ам метр талбайг халдваргүйжүүлжээ.

АНХААР: ТУУЛ, СЭЛБЭ, УЛИАСТАЙ, ДУНД ГОЛООС ГЭДЭСНИЙ САВХАНЦАР ИЛЭРЧЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллалаа. Ажлын хэсгийн хүрээнд долдугаар сарын 07-09-ний өдрүүдэд Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж голын уснаас 18, үерт автсан газруудын халиа, тогтоол уснаас 21, Төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын хэсгээс хоёр нийт 41 сорьцыг “Усны хяналтын төв лаборатори”-д хүргүүлэн усны физик, химийн шинжилгээг найм, бичил амь судлалын шинжилгээг зургаан үзүүлэлтээр хийв. Шинжилгээний дүнгээр эдгээр уст цэгүүдийн ус бохирдлын индексээр үнэлбэл Туул голын ус IV зэрэг буюу “Бохирдолттой” ангилалд багтаж байсан бол Сэлбэ, Улиастай, Дунд голууд нь V зэрэг буюу “Бохир” ангилалд багтаж байна. Түүнчлэн бичил амь судлалын үзүүлэлтээр шинжилгээнд хамрагдсан голуудын 22.2 хувьд гэдэсний бүлгийн савханцар, 16.6 хувьд халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар, 38.8 хувьд E coli, 16.6 хувьд эмгэг төрөгч бичил биетэн, 6.25 хувьд Сульфат задлагч агааргүйтэн тус тус илэрсэн. Тогтоол усны тухайд шинжилгээнд хамрагдсан бараг бүхий л цэгүүдэд нянгийн бохирдол илэрсэн бөгөөд хувиар илэрхийлбэл 66.6 хувьд Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 42.8 хувьд халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 66.6 хувьд E coli, 47.6 хувьд Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 7.7 хувь Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) илэрсэн байна. Харин Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдсэн бохир ус Туул голд нийлж байгаа хэсгээс буюу ТЦБ-ын гаралтын усны сорьцыг стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж үзэхэд жинлэгдэх бодисын агууламжаар стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.9 дахин, нийт азотын агууламжаар 1.7 дахин, эрдэс фосфорын агууламжаар 1.4 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламжаар 9.9 дахин тус тус хэтэрсэн агууламжтай байгаа бол ТЦБ-ын цэвэрлэгээний түвшин тухайн сорьц авсан цаг үед 65-68 хувьтай цэвэрлэж байна. Шим бохирдлыг тодорхойлогч азотот нэгдлүүд, жинлэгдэх бодисын агууламж зарим цэгүүдэд өссөн нь айлуудын хог хаягдал, бохирын цооног, нүхэн жорлон болон хөрсний бохирдол үерийн усаар угаагдан голруу орсонтой холбоотой байж болно гэж дүгнэсэн байна. БАЙГАЛЬ ОРЧИН, ХЭМЖИЛ ЗҮЙН ТӨВ ЛАБОРАТОРИ

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООР 5 ТӨРЛИЙН ТАТВАРЫГ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

НӨАТ-ын буцаан олголтоор автотээврийн хэрэгслийн албан татвараа төлөх боломжтойг татварын байгууллагаас мэдээлж байна. Төлөх боломжтой татварын төрөлд: Автотээврийн хэрэгслийн албан татвар, Галт зэвсгийн албан татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, Газрын төлбөр /газар эзэмшигч/, Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/, Малын тоо толгойн албан татвар, Авто замын байгууламж ашигласны төлбөр орж байна. НӨАТ-ын энэ оны II улирлын буцаалтыг долоодугаар 24-нөөс эхлэн олгох юм.

1 ... 90 91 92 93 94 95 96 97 98 ... 317