“ЭКО СТАНДАРТ ПЕТРОЛИУМ” ХХК НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ УДАА ДАРАА ХОРДУУЛЖЭЭ ?!

Улаанбаатар даяар угаарын хийтэй төстэй үнэр тарааж , тухайн үнэрээс шалтгаалан иргэдийн дотор муухайрах, толгой өвдөх шинж тэмдгүүд илэрсээр буй.

Улмаар НЦГ, НОБГ болон Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын хамтарсан баг тухайн үнэр хаанаас ялгараад байгааг тогтоох шалгалтын ажиллагаа явуулж , шалгалтын дүнд буруутан нь Налайх дүүргийн V хороо, Городокт автомашины мотор, кропны хаягдал тос дахин боловсруулж, дизель түлш гаргаж авах үйлдвэрлэл явуулдаг “Эко стандарт петролиум” ХХК болох нь тогтоогдсон. 

 “Эко стандарт петролиум” ХХК-ийн жолооч нь Налайх дүүргийн V хороо, Городокт байрлах үйлдвэрээсээ 10 тонн дахин боловсруулсан хаягдал масло ачиж, Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах бохирын худагт авчирч асгасан. Тухайн 10 тонн дахин боловсруулсан хаягдал масло нь Улаанбаатар даяар угаарын хийтэй төстэй үнэр ялгаруулсан бололтой. 

“Эко стандарт петролиум” ХХК-ийг Эрүүгийн хуулийн 20.11-д заасан “Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодис хаях” зүйл ангиар шалгаж эхлээд буй.

“Эко стандарт петролиум” ХХК өмнө нь хоёр удаа “Хурц үнэр ялгаруулсан” гэж шалгагдаж, бүр үйлдвэрээ лацдуулж байсан давтан үйлдэлтэй компани аж. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 28-нд, 2023 оны нэгдүгээр сарын 16-нд тус тус Налайх дүүргийн V хорооны иргэдээс цагдаа, онцгой байдлын албанд “Газ, угаарын хийтэй төстэй хурц, эхүүн үнэр гараад байна” гэх дуудлага өгч байжээ. 

Тухайн дуудлагын дагуу Налайх дүүргийн холбогдох байгууллагуудаас шалгалт явуулж “Эко стандарт петролиум” ХХК-аас ялгарсан болохыг тогтоож, үйлдвэрийг нь лацдаж, тогийг нь хүртэл тасаж байжээ.Тэгвэл саяхан ахин хурц үнэр дэгдсэн нь тус компанийн нийслэлчүүдийг хордуулж буй гурав дахь тохиолдол нь болжээ. 

“Эко стандарт петролиум” ХХК нь үйлдвэртээ мотор, кропны хаягдал тосыг өндөр температурт нэрж, дизель түлш гаргаж авдаг. Дизель түлш гаргаж авсны дараах буюу үйлдвэрээс хаягдаж буй тос нь угаарын хийтэй төстэй үнэр ялгаруулдаг байна. Тухайн ялгарч буй үнэр нь химийн ямар төрлийн бодис агуулдаг, хүний эрүүл мэндэд ямар хор нөлөөтэйг эцэслэн тогтоох судалгаа ч дөнгөж одоо хийгдэж эхэлжээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.