Хотын дарга асан Д.Сумъяабазар ‘’Ногоон автобус”-ны хэргээр хуулийн хариуцлага хүлээхгүй мултрах уу ?

Тендерийн хууль ба "Ногоон автобус"!

Нэг хүн суудлаасаа буулаа гээд тухайн асуудлын хор уршиг нь арилахгүй. 

"Ногоон автобус"-ны хэрэг бол яг үнэндээ Тендерийн хууль буюу ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ хуулийн тогтвортой байдал, хэрэгжилтийн асуудал гэдгийг бид ойлгох хэрэгтэй. 

Хуулийн зорилтыг харцгаая! 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Тэгвэл энэ хууль зорилгын дагуу хэрэгжиж байна уу? Хуулиас гадуурх зохицуулалтыг хэн хийж байна вэ? Энэ хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны 6-р сарын 16-ны өдөр батлагдсан гэдгийг мэдэх үү? 

Энэ хууль муу хууль биш. Харин хууль тогтоочид энэ хуульд дураараа гар хүрдэгээс болж хэрэгжихгүй байгаа юм. Хэрэгжихгүй байгаа гэдэг нь Иргэдэд хатуу шаардлагууд нь үйлчлээд шийдвэр гаргагчдад үйлчлэхгүй байх зохицуулалтыг тэд хийгээд байна. 

Тус хуулийг хөндөхдөө өөр хуулийг өөрчлөх замаар тендерийн хуулийг өөрчилдөг жишиг тогтчихсон байсныг бид анзаараагүй байж! 

Үүнийг "Хуулийн үйлчлэлээс гаргах, гэрээ шууд байгуулах" нөхцөл болгон оруулж ирдэг байна. Хөгжлийн банкны олон хулгай Тендерийн хуулийн процессоор явах ёстой худалдан авах ажиллагааг хуулийн үйлчлэлээс гаргаж, ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ заалт оруулан өөрчилсөнтэй холбоотой. Доорх зураг зарим жишээг харна уу. 

Энэ удаад ил болж хууль зөрчсөн түүнийгээ төрийн нууц, үндэсний аюулгүй байдлын асуудлын хүрээнд оруулах гэж муйхарлан зүтгэсэн нь энэ болохоос "Хуулийн үйлчлэлээс гаргаж, гэрээ шууд байгуулах" нөхцлийг бүрдүүлж энэ хуулийн хэрэгжилтийг ХОГ болгож, өөрсдөдөө ашигтайгаар эргүүлдэг Хууль тогтоогчид, тэдний эргэн тойронд бүчиж байдаг шийдвэр гаргагчид, хамтрагч ачаар хичнээн их МӨНГӨ - бидний төлсөн татвар урсан алга болсныг бид мэдэхгүй байгаа нь харамсалтай. 

Цаг үргэлж л УИХ-ын нэгдсэн чуулган үзэж, бүх хуулийг хянаж, хамгаалж байх ёстой юм уу? Хуулиар хулгай хийх нөхцлийг нь бүрдүүлэхгүйн тулд иргэд - сэтгүүлчид - хуульчид цаг үргэлж ХОТОЧ НОХОЙ шиг хуулийн манаанд гарахаас аргагүй болжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.