НЭГҮҮН МЭДЭЭ
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ “КАКАО БАНК”-НЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох “Какао банк”-ны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Даниел Юн болон тус банкны удирдлагуудын хүсэлтээр албан уулзалт хийлээ. Тус банкны төлөөлөгчид Монголын анхны дижитал банк болох МБанк-тай хөрөнгө оруулж хамтран ажиллах төлөвлөгөөгөө танилцуулж, энэ хүрээнд БНСУ-д нэвтрүүлж буй дижитал банкны шийдлийг Монголын зах зээлд нэвтрүүлэх боломжуудыг судалж буйгаа мэдээлж танилцуулав. Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Монголбанк гадаадын банк, санхүүгийн байгууллагуудын орчин үеийн дэвшилтэт үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх үйл явцыг идэвхтэй дэмжиж хэрэглэгчдэд илүү боломж олгох бодлого баримталж буйгаа илэрхийлжээ. Үүнтэй уялдуулан шаардлагатай хууль эрх зүйн орчинг сайжруулах, бусад зохицуулалт болон дэмжлэгийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг онцоллоо. Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарын дижитал шилжилт, төлбөрийн системийн хөгжил, хиймэл оюун ухаан болон санхүүгийн технологийн чиг хандлагын талаар мэдээлэл солилцсоныг Монголбанк мэдээлэв.

ТБХ: БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ НӨАТ-ЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2026.06.18/ -ийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөл нь бизнес эрхлэгчдийн мөнгөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн ачааллыг бууруулж бизнесийг нь идэвхижүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой ажээ. Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар (2026.06.17) Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулж, Улсын Их Хурлын гишүүдийн сонирхсон асуултуудад тодорхой хариулт өгөв. Хуулийн төслийн гол реформ, зохицуулалтууд: Хийсвэр буюу хоосон бичилттэй нэрийн дансны тогтолцоог халж, бодит хуримтлалд суурилсан, баталгаат тэтгэврийн тогтолцоог оруулж ирж байна. Олон жил шимтгэл төлсөн иргэн өндөр тэтгэвэр тогтоолгох шударга зарчим үйлчилнэ. Даатгуулагч тэтгэвэрт гарах насаа хойшлуулсан жил тутамд тэтгэвэр дээр нь 4.0 хувийн нэмэгдэл тооцно. Ажил олгогчдын шимтгэлийн дарамтыг бууруулж, гарааны бизнес эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлнө. Хэд хэдэн гэрээгээр давхар ажил эрхэлж буй иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлийн уян хатан нөхцөл олгоно. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутнуудыг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад нөхөн төлөх боломжийг бүрдүүлнэ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Засгийн газраас улс төрийн зоригтой шийдэл гаргаж, бодлогын, даацтай реформ төлөвлөж оруулж ирсэнд талархал илэрхийлж, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж байгааг сайшаасан юм. Мөн хуралдаанаар А.Ариунзаяа нарын найман гишүүний санаачилж, өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхээр тогтсон. Энэхүү төсөл нь Засгийн газрын төсөлтэй давхардаагүй тул цаашид төслүүдийг нэгтгэн, ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалтуудыг хамтад нь хэлэлцэн явахаар боллоо.

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан тус холбооны гишүүн таван орноос тамхи, тамхин бүтээгдэхүүн гаалийн албан татваргүй орж ирэх нөхцөл бүрдсэн. Энэ хүрээнд гаалийн албан татварыг тэглээд оронд нь онцгой албан татвар авах үүднээс уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Сангийн сайд онцолсон. Ингэснээр бусад улс орнуудаас импорлодог тамхи, тамхин бүтээгдэхүүнд ногдуулдаг татвартай адил тэгш байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж байлаа. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 117 дугаар тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан бөгөөд тус тогтоолоор тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор татвар, төсөв, нийгэм, эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож, шаардлагатай хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан байна. Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд тамхи, тамхин бүтээгдэхүүний өртөг буурч, зах зээлийн үнэ хямдрах, хэрэглээ нэмэгдэх, улмаар улсын төсвийн онцгой албан татварын орлого буурах эрсдэлтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд хуулийн төсөлд тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах, мөн үнэд суурилсан татварын хувь хэмжээг тодорхойлон зохицуулалтыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСТАЙ ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХААР ТОХИРЛОО

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа интеграцийн тэргүүн дэд сайд Бижанова Айжан Адиловна тэргүүтэй төлөөлөгчдийг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Энэхүү уулзалтад Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд А.С.Сейтакинов болон Kazzinc, ERG, Тау Кен Алтын зэрэг том компаниудын төлөөлөгч оролцлоо. Талууд газрын тос, цөмийн энерги болон геологийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Уулзалтын үеэр Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд газрын тосны салбарт хамтарч ажиллах санамж бичгийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцсон юм. Энэхүү санамж бичигт тус улсаас Монгол Улсад түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх судалгааг эхлүүлэхээр тусгасан бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг зохицуулах Хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар харилцан тохиролцов. Мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын зүгээс Монгол Улсын уул уурхайн салбарт сонирхол татахуйц хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар мэдээлэл авахыг хүслээ. Үүний дагуу Монгол Улсаас холбогдох төслүүдийг танилцуулахаар болов. Уулзалтын төгсгөлд сайд Г.Дамдинням 2026 оны есдүгээр сарын 16-18-нд зохион байгуулагдах "Mining Week-2026" уул уурхайн арга хэмжээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын компаниудын төлөөлөгчдийг хүрэлцэн ирэхийг урилаа.

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН СОНСГОЛ ШОУ ТӨДИЙ ӨНГӨРӨВ

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, мега төслүүдийн хэрэгжилтийг шалгана хэмээн сүр дуулиантай зарласан УИХ-ын Ерөнхий хяналтын сонсгол эцэстээ хариуцлага нэхэх талбар бус, эзэнгүй танилцуулгын индэр болон хувирлаа. Олон нийт Х.Нямбаатарын үед хэрэгжсэн их наядын төслүүдийг нэг бүрчлэн задлах, хариуцлага нэхэх, асуудалтай шийдвэрүүдийг ил гаргах бодит хүлээлттэй байсан. Гэвч сонсголын гол дүр болох хотын дарга асан Х.Нямбаатар өөрөө ирсэнгүй. Хамгийн их асуулт дагуулсан хүнийг оролцуулж чадаагүй сонсгол анхнаасаа эзэнгүй, амьгүй байдалд орсон юм. Сонсголыг санаачлагчид хүртэл өмнөх хотын даргыг албадан ирүүлэх эрх зүйн боломжоо урьдчилан тооцоогүй нь бэлтгэлгүй, тооцоогүй ажилласныг илтгэв. "Ёс зүйн хувьд ирэх ёстой байсан" гэх тайлбараар асуудлыг хаацайлах гэсэн нь улам бүр шүүмжлэл дагууллаа. Засгийн газрын оролцоо ч хангалтгүй байв. Нийслэлийн төсвийн алдагдал хэдэн их наядаар хэмжигдэж, улсын төсөвт дарамт учруулж байгааг Сангийн яам өөрөө танилцуулсан атлаа сайд нар нь сонсголоос бараг зугтаж, агентлаг, газрын дарга нараа явуулчхаад сураг тасрав. Нийслэлийн удирдлагууд ч ялгаагүй. Хариуцлага үүрэх ёстой хүмүүсийн оронд төлөөлөгчид ирж, хэдэн слайд үзүүлээд танхимаас гарсан нь сонсголын ач холбогдлыг үгүй хийв. Хамгийн эмгэнэлтэй нь, сонсголыг өөрсдөө санаачилсан УИХ-ын гишүүд хүртэл танхимдаа суусангүй. Өглөөний 09:00 цагт эхлэх ёстой хурал хоёр цагийн дараа ирцээ арай гэж бүрдүүлж эхэлсэн нь хэн энэ асуудлыг үнэхээр сонирхож байгааг харууллаа. Иргэд, аж ахуйн нэгжүүд ирсэн байсан ч гишүүд нь өөрсдөө ирээгүй. Иргэдийн бухимдал ч үүн дээр төвлөрөв. "Та нар сонсгол нэрээр гол гаргадаг" гэсэн шүүмжлэл танхимд хэдэнтээ цуурайтсан ч бодит хариулт, тодорхой тайлбар бараг сонсогдсонгүй. Туулын хурдны зам, Сэлбэ дэд төв зэрэг олон нийтийн анхаарал татсан төслүүдийн тухайд ч "хууль хяналтын байгууллага шалгаж байгаа" гэх ганц өгүүлбэрээр халхавчилж, тоймтой хариултаас зайлсхийв. Эцэст нь, хоёр өдөр үргэлжилсэн энэ сонсгол хариуцлага тогтоосонгүй, буруутан нэрлэсэнгүй, эргэлзээ тайлсангүй. Харин ч "сонсгол" гэх сүржин нэрийн цаана улс төрийн шоу, эзэнгүй танилцуулга, ирцгүй гишүүд, хариуцлагаас зугтсан албан тушаалтнуудын дүр зураг л үлдэв.

С.БАЯР Ж.ЗОЛЖАРГАЛЫГ ШҮҮМЖЛЭВ: "ОВОО ЭР ЮМ ГЭЖ БОДСОН ЧИНЬ ПОП-ДАНЗАНГИЙН ХАМААТАН БОЛОХ ЗАМДАА ГАРЧ"

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Оюу толгойн гэрээний нөхцөл, зээлийн хүү болон ногдол ашгийн асуудлыг хөндөж, "Гадны тал Монголын талд хүндэтгэлтэй хандах ёстой. Өөрийн авсан зээл дээрээ хүү нэмж Монголын талд дамжуулан зээлдүүлж байгаа асуудлыг ярьж байна. Зээлээ төлж дууссаны дараа л ногдол ашиг авах нөхцөл үүссэн. Тэр хооронд дэлхий ертөнцөд юу ч болж мэднэ" хэмээн байр сууриа илэрхийлсэн. Харин Ерөнхий сайд асан С.Баяр үүнд хариу өгч, "Бид яагаад зээл авах болов, яагаад зээлийн хүүгийн дарамтад орчихов гэдгийг шууд хэл. Энэ бүхэн 34 хувийн асуудлаас үүдэлтэй гэдгийг нуугаад яах вэ. Овоо эр юм гэж бодсон чинь поп-Данзангийн хамаатан болох замдаа гарч. Харамсалтай" хэмээн шүүмжилжээ. Оюу толгойн гэрээ тойрсон маргаан ийнхүү улс төрийн ширүүн мэтгэлцээний шинэ шатанд шилжиж байна.

ЗАЙСАНД ТАНСАГЛАДАГ П.ХАНГАЛ БЗС-ГИЙН ЗЭЭЛЭЭ ЯАГААД МАРТЧИХАВ?

Төрийн өндөр албан тушаалыг хашиж явсан хүмүүсийн ар гэр, үр хүүхдүүд эрх мэдэл, нөлөөллийн сүүдэрт давуу байдал эдэлдэг гэх хардлага Монголд шинэ зүйл биш. Энэ хардлагыг дахиад л Л.Пүрэвдоржийн гэр бүлийн нэр тойрсон асуудлууд сэргээж байна. Зайсан толгой, Богд уулын тусгай хамгаалалттай бүсэд аялал жуулчлалын зориулалтаар эзэмшсэн гэх газрууд дээр өндөр зэрэглэлийн орон сууц, барилга сүндэрлэсэн талаар олон жил яригдсан. Хотын удирдлагууд, төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл “отоглох цэг” нэрийн дор олгогдсон газруудын цаана ашиг сонирхол, авлигын асуудал байж болзошгүй талаар удаа дараа мэдэгдэж байсан. Ийм шүүмжлэлийн төвд Л.Пүрэвдоржийн хүү, “Seven Star”-ын эзэн П.Хангалын нэр ч багтдаг. Өмнөх мэдээлэлд бухимдаж, шүүх цагдаагаар сүрдүүлэхээсээ өмнө өөрийнх нь нэртэй холбоотой асуултуудад хариу өгөх нь илүү зохистой биш гэж үү. Учир нь П.Хангал 2003 онд Нидерландын Маастрихтын их сургуульд магистрын хөтөлбөрт суралцахаар Боловсролын зээлийн сангаас 6000 ам.долларын зээл авч байсан ч өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй гэх мэдээлэл бий. 20 гаруй жилийн өмнө авсан энэ мөнгө өнөөдрийн ханшаар хэдэн арван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний дүн. Харин нөгөө талд нь Зайсанд тансаг зэрэглэлийн орон сууц барьж, нэг ам метрийг нь хэдэн сая төгрөгөөр худалдаалдаг бизнесийн эзэнд ийм хэмжээний мөнгө төлж барагдуулах боломжгүй гэхэд итгэхэд бэрх. Асуудлын гол нь мөнгөний хэмжээнд бус, хандлагад оршиж байна. Жирийн иргэд банкны хэдэн төгрөгийн өрөнд шахагдаж, хүү торгуульд дарагддаг байхад эрх мэдэлтэй хүмүүсийн хүрээллийнхэн татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжсэн зээлийг олон арван жил мартсан мэт явж болдог тогтолцоо хэвийн үзэгдэл болж хувирсан уу гэсэн асуулт үлдэж байна. Хэрэв үнэхээр төлөх ёстой өр байгаа бол П.Хангал сүрдүүлэг, тайлбар бус, өрөө барагдуулсан баримтаар хариу өгөх нь олон нийтийн өмнө хамгийн үнэмшилтэй тайлбар байх биз.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР УУ, ЭСВЭЛ ТЭРБУМТНУУДЫН “ҮҮР” ҮҮ?

Монголын уул уурхайн салбарын хувь заяаг атгаж ирсэн Ашигт малтмал, газрын тосны газрын үе үеийн дарга нарын намтрыг сөхвөл улс төр, бизнесийн том сүлжээ, авлигын дуулиан, шүүхийн ял, асар их хөрөнгийн асуудал ээлж дараалан хөвөрдөг. Энэ байгууллага ашигт малтмалын лиценз олгодог учраас эрх мэдэл, мөнгө, нөлөөлөл төвлөрдөг нь нууц биш. Тус газрын анхны дарга Дугарын Жаргалсайхан долоон жил гаруй ажиллахдаа Монголын нийт нутаг дэвсгэрийн 40 орчим хувийг хамарсан 6000 гаруй хайгуулын лиценз олгосон гэх тоо бий. Өөрөөр хэлбэл, 1997-2023 онд олгогдсон нийт 14 мянган лицензийн бараг тал нь ганцхан түүний үед хуваарилагдсан гэсэн үг. Хамгийн ноцтой нь, төрийн эрх мэдлийг атгаж байсан тэр үедээ өөрийн компаниудаар дамжуулан стратегийн ордуудтай холбоотой бизнесийн сүлжээгээ тэлсэн гэх баримтууд анхаарал татдаг. Сүхбаатар аймаг дахь Стратегийн 16 ордын нэг Төмөртийн овооны цайрын ордыг эзэмшдэг “Цайрт минерал”-ын ард “Металл импэкс” компани, харин түүний эзэмшигч нь Д.Жаргалсайхан гэх мэдээлэл бий. Тэрбээр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсоноос ердөө хоёрхон сарын дараа тус ордын лицензийг авч байсан нь ашиг сонирхлын зөрчил байсан уу гэсэн асуултыг өнөөдөр ч дагуулсаар байна. Мөн Тавантолгойн ордын лицензийн анхны эзэмшигчдийн нэг болж, хожим Монголын хамгийн нөлөө бүхий уул уурхайн компаниудын нэг болсон “Энержи ресурс”-ийг байгуулах суурийг тавьсан хүн нь мөн л Д.Жаргалсайхан байжээ. Төрийн лиценз хуваарилдаг өндөр албан тушаалаас стратегийн ордуудын хувь хүртэгч болсон энэ түүх зүгээр нэг тохиолдол уу, эсвэл Монголын баялгийн хуваарилалтын хамгийн маргаантай хуудсуудын нэг үү гэдэг асуулт хариулт нэхсээр байна. Өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газрын үе үеийн удирдлагуудын намтрыг сөхөхөд улс төрийн өндөр албан тушаал, томоохон бизнес, авлигын хэрэг, шүүхийн ял ээлжилж харагддаг нь санамсаргүй давхцал уу, эсвэл Монголын газрын баялаг цөөн хүний гар дамжин төвлөрч ирсний бодит дүр зураг уу?

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО Зам, тээврийн яамнаас салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх зорилгоор Монгол Улсын ерөнхий сайдын санаачилсан “ЧӨЛӨӨЛЬЕ" аяны хүрээнд гурван өдрийн турш Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК иргэд, олон нийтэд өөрсдийн үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж оролцсон юм. Компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны мэдээллийг болон “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг танилцууллаа. Иргэдийн хамгийн ихээр сонирхон асуудаг асуултуудад хариулт өгөх, үзүүлэн материалууд ашиглан үйл ажиллагаагаа сурталчлан таниулахын сацуу өнөөдөр буюу 2026.06.17-ны өдөр компанийн танилцуулгыг төв тайзнаа хийсэн юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 393