НЭГҮҮН МЭДЭЭ
ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛТАЙ ХОЛБОГДУУЛАН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДОЛООН ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Анкарагийн гудамж буюу "Зоос гоёл"-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх авто замыг маргааш буюу энэ сарын 15-ны 23:00 цагаас 18-ны 06:00 цаг хүртэл хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийх юм. Тэгвэл тус хэсгээр зорчдог нийтийн тээврийн 7 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, Ч:8, Ч:9, Ч.35, Ч:55, Ч:66 чиглэл Сүхбаатарын гудамжаар, Ч:23, Ч:28 чиглэл Их сургуулийн гудамжаар тойрч үйлчилгээ үзүүлэх юм .

“АНДЫН ИЛЧ” ГЭХ ДУУЛИАНТ ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ "ЖАН ЧУАН" ЯЛААС МУЛТАРЧ, МОНГОЛ ЗАЛУУСТ ШҮҮХЭЭС ЯЛ ОНООЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэсэн хүмүүс халдсан хэрэг 2023 оны гуравдугаар сард олны анхаарлыг татсан юм. Тодруулбал, уг хэрэгт нийт 16 хүн Хятад иргэдийн захиалгаар “Андын илч” ХХК-ийн Монгол талын захирлуудыг галт зэвсэг ашиглан айлган сүрдүүлж, заналхийлэн, уурхайг шижлүүлэх гэсэн үйлдэлд холбогдсон. Мөн эд хөрөнгийг сүрдүүлэх маягаар хууль бус шилжүүлэхдээ ижил хүйстэндээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбоотой этгээдүүдийн шүүх хурлын талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ хэрэг эцэслэн шийдвэрлэж, гэмт этгээдүүдэд ял оноожээ. Тус шийдвэрт : СБД-ийн ЭХАШШ-д “Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан, эрүүгийн нөлөө бүхий этгээдүүд” болох шүүгдэгч Л.Алтанхуяг, Н.Батцэнгэл, Б.Хулансамбуу, А.Бадамсэрээжид, Н.Түвшинтөгс, Э.Бошигт, М.Амартүвшин, Б.Ууганзаяа, С.Алтансүх, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан, Л.Сумъяажаргал, Н.Батдуулга, Ц.Түмэнбаатар, Д.Батмарта нарт холбогдох /ЭХТА-н 11.1-2.4; 11.6-1; 12.1-2.2; 12.1-2.10; 17.6-2.3; 20.3-1,2; 20.16-2.1/ хэргийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан тус өдрийн 10:02-16:15 цагт явагдаж шүүхээс шүүгдэгч нарыг тус бүр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Алтанхуягт 16 жил хорих ял, шүүгдэгч Н.Батцэнгэлд 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Хулансамбууд 16 жил 8 сар хорих ял, шүүгдэгч А.Бадамсэрээжидэд 6 жил хорих ял, шүүгдэгч Н.Түвшинтөгст 6 жил хорих ял, шүүгдэгч Э.Бошигт 1 жил хорих ял, шүүгдэгч Б.Ууганзаяад 9 жил хорих ял, шүүгдэгч С.Билгүүнд 6 жил хорих ял, шүүгдэгч Н.Алтангэрэлд 6 жил хорих ял, шүүгдэгч П.Энхсайханд 4 жил 5 сар хорих ял, шүүгдэгч Л.Сумъяажаргалд 7 жил хорих ял, шүүгдэгч Н.Батдуулгад 5 жил хорих ял, шүүгдэгч Ц.Түмэнбаатарт 5 жил хорих ял, шүүгдэгч Д.Батмартад 1 жил хорих ял, шүүгдэгч М.Амартүвшинд 1 жил тэнсэн харгалзах ял, шүүгдэгч С.Алтансүхэд 1 жил 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

"SG MARATHON-2024" АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Шунхлай групп” ХХК-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "SG MARATHON-2024" амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд багийн болон ганцаарчилсан, хагас марафоны төрөлд 19 охин компанийн 470 гаруй ажилтан оролцож, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорив. Ийнхүү эв нэгдэл, нөхөрлөл бий болгосон спортлог цаг хугацааг хамтдаа өнгөрөөж, өөрийгөө ялан дийлсэн Та бүхэндээ баяр хүргэе! #Shunkhlaigroup #SG_marathon2024

УЛСАД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЭРХЭМ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХООР ЗЭХЭЖ БУЙ !!!

УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн УИХ-ын гишүүн болохын тулд өнгөрсөн оны 12 сард өөрийн хүсэлтээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлаа өгсөн. Гэтэл Г.Дөлгөөнөөс болж “Эрдэнэт үйлдвэр” 44 тэрбум төгрөгөөр хохирчихоод 5 жилийнхээ нүүрийг үзэж буй.Тодруулбал : 2019 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банк дампуурах эрсдэлтэй байсныг банк санхүүгийн байгууллагынхан мэдэж байсан ч Г.Дөлгөөн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 44 тэрбум төгрөгийг өөрийн эрх мэдлээ ашиглаж, үгсэн хуйвалдаж Үндэсний хөрөнгө оруулалтын банк руу хийж “Эрдэнэт үйлдвэр”-ийг 44 тэрбум төгрөгөөр хохироожээ. Мөн тус үйлдвэрээс гадна “Эрдэнэс таван толгой”-н 27 тэрбум төгрөгийг ч ийн гацаасан бөгөөд 2021 онд энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээлж байсан.Үүгээр ч зогсохгүй Г.Дөлгөөн нь Хөгжлийн банкны зээлийн асуудал сөхөгдөхөд “Монгол мах экспо” ХХК-д 31.9 тэрбум, “Монгол эм импекс” ХХК-д 7.3 тэрбум төгрөгийн зээл олгоход нөлөөлсөн гэдэг асуудалд нэр холбогдож байсныг хуулийн байгууллагынхан нотолсон байдаг.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН УУРХАЙЧДАД ОДДӨЛ ХХК “ЭМЭЭЛТИЙН ӨМХИЙ” МАХААР ХООЛ ХИЙЖ ӨГДӨГ ҮҮ !?

“Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчдад “Эмээлтийн өмхий” махаар хоол хийж өгдөг байж болзошгүй ба “Оддөл” ХХК өмхий махаар хоол хийж, үйлчилгээнд гаргажээ. Уурхайчдын өгч буй мэдээллээр “Тавдугаар сарын 7-нд “Оддөл” компанийн хоолны газраас өдрийн хоолондоо мантуун буузны сет сонгосон. Гэтэл энэ хоол нь идэхийн аргагүй, өмхий үнэртэй байсан ба мах нь өмхийрч, муудсан учраас идэх ямар ч арга байгаагүй. Дараагийн өдөр нь ч мөн л хоол нь өмхий махтай байна гэх яриа гарсан ба өмхий үнэр үнэртэж байсан учраас хоолоо идсэн ажилтан бараг байхгүй” гэв. Тэгвэл “Оддөл” компанийн агуулгахад хонь, ямааны 60 гулууз мах өмхийрсөн байж болзошгүй харагдах байдалтайгаар хураалгаатай байсан ба өмхийрч, муудсан махаа хаяхгүй уурхайчдын хоолонд нийлүүлэхээр болсон шийдвэрийг тус компанийн удирдлагын түвшинд хэлэлцэж, өмхийрсөн махаа хэрэглээнд нийлүүлэх үүрэг өгсөн гэх мэдээлэл ч байна. Харин өдгөө “Оддөл” компанийн удирдлагууд өмхийрсөн махаа гал тогоо болон агуулахаасаа нүүлгэн шилжүүлж, хувийн зуслан, эдлэндээ нуусан байж болзошгүй байгаа ба “Оддөл” компанийнхан өмхийрсөн байж болзошгүй махаа тавдугаар сарын эхний долоо хоногт Эрдэнэт хотын постоор оруулж ирсэн байх магадлалтай байна. “Оддөл” компанийн захирал Ш.Давааням гэгч нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаралтай, ашиг сонирхлын зөрчилтэй хүн учраас уг асуудлыг нуун дарагдуулаад өнгөрч болзошгүй. Учир нь уг асуудалтай холбоотойгоор уурхайчдыг гадагш мэдээлэл задруулахыг хориглоод байгаа аж.

ХОЁР ОРНЫ ХАМТАРСАН “ТАЛЫН ТҮНШ-2024” ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ. Хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагдсан “Энхийн элч”, “Талын манлайлагч”, “Анчин бүргэд” сургуулиудын үргэлжлэл болгож “Талын түнш-2024” хамтарсан хээрийн сургуулийг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулж эхэллээ. Уламжлалт сургуулийн нээлтийн ёслолд Монгол Улсын талаас Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга бригадын генерал Т.Галбадрах, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе хурандаа М.Ганбат, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, БНХАУ-ын талаас хошууч генерал Ван Зы Цян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе ахлах хурандаа Бао Юихай нарын албаныхан оролцов. Нээлтийг сургуулийн Монгол талын удирдагч Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэрийн илтгэлээр эхлүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, сургуулийн Б удирдагч хошууч генерал Ван Зы Цян нар сургуульд оролцогч цэргийн алба хаагчидтай мэндчилсэн ба үргэлжлүүлэн хоёр орны төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлсэн юм. Арга хэмжээг нээж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ “Талын түнш-2024” хээрийн сургууль нь хоёр орны найрамдал харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, суралцах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хоёр орны хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд оршиж байгааг тодотголоо. Мөн тэрээр “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэгчлэн хатуу ширүүн цаг үеүдэд харилцан нэгэндээ тусалж, тохиолдсон бэрхшээл саадыг хамтын хүчээр туулсныг илтгэлдээ дурдаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа энэ цаг үеийг хамтарсан хээрийн сургуулиар батжин бэхжүүлж байгааг цохон тэмдэглэв. Илтгэлийнхээ төгсгөлд сургуулийг зохион байгуулахад бүх талын тусламж үзүүлсэн хоёр орны Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлага, говь хээрийн нөхцөлд хамтарсан сургалтыг явуулахад дэмжлэг үзүүлж байгаа Дорноговь аймгийн удирдлагад талархал дэвшүүллээ. Хошууч генерал Ван Зы Цян элгэмсэг дотноор угтан авсан Монголын дайчин нөхдөдөө талархаж байна гээд хоёр орны хамтарсан уламжлалт сургууль БНХАУ, Монгол Улс, хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ойн хүрээнд явагдах гэж байгааг онцоллоо. Мөнхийн хөрш хоёр орны нөхөрлөлийн гэрч болох “Талын түнш-2024” хээрийн сургууль нь олон талын ач холбогдолтойг дурдахын зэрэгцээ цэргийн харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн шинэ хуудас нээгдэж байгааг илэрхийлээд сургуульд оролцогч цэргийн алба хаагчдад амжилт хүслээ. Нээлтийн арга хэмжээтэй залгуулан хоёр орны цэргийн алба хаагчид байгаль орчны төлөөх үйлсэд нэгдэж, Монголын их говьд 400 гаруй нарс модыг тарьж, “Найрамдлын төгөл” гэж нэрлэхээр тогтов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын талаас хүсэлт тавьсны дагуу говь хээрийн нөхцөлд ургадаг нарс модыг БНХАУ-ын цэргийн алба хаагчдаас бэлэглэж, өнөөдөр сургуулийн газар районд төгөл болгон байгууллаа гэж "Талын түнш-2024" хээрийн сургуулийн хэвлэл мэдээллийн бүлгээс мэдээлэл ирүүллээ. ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ ДӨРВӨН ЖИЛЭЭР ХАССАН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комисс хуралдаж шийдвэрээ танилцууллаа. Хурал даргалагч шийдвэрээ танилцуулахдаа "Өргөдөл гаргагч М.Бадарч нь допингийн төрлийн бодис санаандгүй байдлаар өөрийнх нь биед яаж орсныг нотолж чадаагүй учир барилдах эрхийг нь дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж байна" гэлээ. Мөн өнөөдрийн Давж заалдах комиссын хуралд оролцсон гэрч гэх этгээдийн өгсөн мэдээлэл нь нотлогдох боломжгүй мэдээлэл гэж үзжээ. Тухайн гэрч нь "Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл өөрийн биеийн онцлогийг харгалзан Турк улсаас авч ирсэн биеийн эрч хүч сэргээх эм өдрийн хоёроор дөрвөн таблетийг ууж хэрэглэсэн. Хэрэглэж байх хугацаандаа бэлтгэлийн явцад тухайн эмээ зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж болзошгүй байна. Тиймээс эргэлзээтэй энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуралд гэрчээр оролцох хүсэлтэй байна" хэмээн хүсэлт гаргасан юм. Харин Давж заалдах комиссын гишүүд зөвлөлдөөд хурлыг нээлттэй явуулж, гэрчийг оролцуулсан. Гэрч нь малгай өмсөж, маск, хар нүдний шил зүүж дүр төрхөө нуусан байдлаар хуралд оролцож мэдээлэл өгсөн ч түүний өгсөн мэдээлэл Давж заалдах комиссын шийдвэрт нөлөөлсөнгүй.

БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮХЭД УГААРТАЖ НАС БАРЖЭЭ

Өчигдөр буюу тавдугаар сарын 9-нд БЗД-т бага насны хоёр хүүхэд угаартаж, нас баржээ. “Газарчин" дээд сургуулийн ойролцоо дөрөв болон нэг настай хоёр хүүхэд угаартаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр өдөр 12 цагийн орчимд гарчээ. Гэрт нь том хүн байгаагүй бөгөөд тус хэргийг өдгөө цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

ХУУРАМЧ ORBIT БОХЬ ХУДАЛДААЛЖ ОЛСОН 5.7 САЯ ТӨГРӨГИЙГ ХУРААЖ, ТОРГОЛОО

Хуурамч Orbit бохь худалдаалж байжээ. Энэхүү зөрчлийг илрүүлж, улмаар худалдан борлуулсан иргэн болох Т, Б нарыг тус бүр 300 мянган төгрөгөөр торгожээ. Мөн хууль бусаар олсон орлогод тооцогдох 5.7 сая төгрөгийг нь хураасан байна. Orbit барааны тэмдгийг Wm. Wrigley JR Company компани эзэмшдэг. Хрин эзэмшигчийн зөвшөөрөлгүй, тус барааны тэмдгийг ашиглаж байгаа тухай гомдол Оюуны өмчийн газарт иржээ. Улмаар зөрчлийн хэрэг нээн шалгасны дагуу, дээрх арга хэмжээг авчээ.

ХОНОГТ 1000 ТОНН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

Тавантолгой түлш ХХК Зүүн үйлдвэрийнхээ гуравдугаар цехэд өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж, албан ёсоор нээлээ. Тавантолгой түлш ХХК-ийн хувьд өнгөрсөн хугацаанд гурван үйлдвэрийн 20 шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байсан бол 2022 оноос эхлэн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлжээ. Тодруулбал, Төвийн үйлдвэрийн хүчин чадлыг 2,5 дахин нэмэгдүүлж, Зүүн үйлдвэрийнхээ 1, 2-р цехээ техникийн хүчин чадалд хүргэх ажлыг хийсэн бол өнгөрсөн өвлөөс эхлэн гуравдугаар цехийн өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн байна. Өөрсдийн инженер техникийн ажилчдын ур ухаанаар шинэчлэлийн ажлыг хийсэн бөгөөд хоногт 800-1000 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгосон байна. Энэ үйлдвэр лашиглалтад орсоноор Зүүн үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг дангаараа хийх боломж бүрдсэн байна. Цаашид үндсэн 1, 2-р цехийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийх аж.

1 ... 55 56 57 58 59 60 61 62 63 ... 317