НЭГҮҮН МЭДЭЭ
“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.03.26) өргөн барив. Соёрхон батлах хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлт нь Транс-Азийн төмөр замын сүлжээнд төмөр замууд хооронд, төмөр замууд болон гаалийн байгууллагууд хооронд харилцан тээврийн цахим мэдээлэл солилцох ерөнхий зарчмуудыг тодорхойлсон байна. Энэ нь тус хэлэлцээрийн оролцогч талуудын улс хоорондын төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох үйл ажиллагааг харилцан уялдуулах зохицуулалт буюу ерөнхий удирдамжийг шинээр бий болгосон хэмээн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

УРАН ДЭМЖИГЧ, ГАДНЫ ТЭЖЭЭВЭР ТРОЛЛУУД ИХЭВЧЛЭН ИЙМЭРХҮҮ Л АМЬТАД БАЙДАГ.

Өнөөх аймшгийн харцтай гөлийсөн амьтан чинь угаасаа гэмт хэрэгтэн байж шүү! Цаанаасаа л сэжиг цаашаа харагдаад байсан нь учиртай байж! Уран дэмжигч, гадны тэжээвэр троллууд ихэвчлэн иймэрхүү л амьтад байдаг. Тэгшбаяр гэгч нь ч ялгаагүй, өчнөөн л олон гэмт хэргийн бүртгэлтэй, өнөөх хүүхэн нь ч бас Рио Тинто мэтийг аймар өмөөрч хамгаалж ярьдаг байсан чинь угаасаа ажилчин нь (2007-2010 онд) явсан этгээд гэх мэтээр.......... гэснээс тэр гурвын харц нь цаанаасаа айдас хүйдэс жихүүдэс төрмөөр хүүхэн хараа мэт нь нэг л сонин......... ...... За тэгээд энэ мэдээллийг уншаарай! Нэг хэсэг монголын зарим дипломатууд байсхийгээд л хууль бус наймааны хэрэгт холбогддог байв. Харин коронавирусийн халдвар гарч, ихэнх улс орнууд хилээ хааснаар энэ төрлийн асуудал нэг хэсэгтээ л нам гүмхэн байсан. Гэтэл энэ сарын 7-нд Монгол Улсын иргэн Д.Далайжаргал Украинаас Унгар руу нэвтрэх гэж байгаад Унгарын хил гаалийнханд саатуулагдсан гэх мэдээлэл цацагджээ. Тэрбээр Монгол Улсын дипломат паспортоор хил нэвтрэхийг завдсан бөгөөд Унгарын талын шалгалтаар түүний паспорт Монголын ГХЯ-наас 2020 онд хүчингүй болгосон паспортын жагсаалтад бүртгэгдсэн байжээ. Д.Далайжаргал нь Европт эрэн сурвалжлагдаж байсан, 2003-2007 онд Беларусийн Брестэд суух консулаар ажиллаж байхдаа Польш улсад тамхины хууль бус наймаа, мансууруулах бодис тээвэрлэсэн Монгол Улсын иргэн н.Цэвэгмид гэгчийг шүүхээс батлан даалтаар гаргаж аваад оргуулсан учраас Польш улсад саатуулагдаж байсан гэх мэдээлэл ч байна. Европын орнуудын хар дансанд бүртгэгдсэн гэх Д.Далайжаргал дипломат паспортоо 2018 онд авч байжээ. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын сайд хийж байсан үетэй таарч байгаа юм. Д.Далайжаргалыг УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Цогтбаатарын нарын фракц хамгаалдаг гэх чиг жуг яриа ГХЯ-нд чих дэлсэж байдаг. Учир нь түүнийг Польш, Францад тамхины наймааны хэрэг мандуулаад ирсэний дараа 2011 онд Сү.Батболд Ерөнхий сайдын суудлыг С.Баяраас авч таарчээ. Улмаар Д.Далайжаргалд хариуцлага тооцохгүй, харин ч тушаал дэвшүүлэн, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулж байсан аж. Ер нь Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед хууль бус наймаа их гарч байсныг УИХ-ын чуулган, байнгын хорооны хурал дээр ихээхэн шүүмжилж байсан. Тодруулбал, Д.Цогтбаатарын жолооч Д.Эрдэнэбаяр Турк улсаас Герман руу 70 кг мансууруулах бодис оруулах гэж байгаад баригдаж, улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд шившиг болгож байлаа. Энэ удаа ч Гадаад харилцааны яамнаас угшилтай Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын фракцын хүн гэгдэх, хар тамхины сүлжээний гол санхүүжилтийг атгадаг байж мэдэх Д.Далайжаргал баригдаж, улс орны нэр хүндийг дахин шороотой хутгалаа. эх сурвалж : ardchilal.mn

“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн Үндэсний хороо, Жендэрийн Үндэсний хорооны дэргэдэх Бодлогын зөвлөл хамтран “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр / 2025 . 03 . 25 / зохион байгууллаа. Тус х элэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Д.Энхзаяа, Б.Мөнхсоёл, С.Замира болон Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр болон төрийн захиргааны төв байгууллагууд /16 яам/, тэдгээрийн харьяа агентлаг, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 100 орчим хүн оролцов. Хэлэлцүүлгийн зорилго нь “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын ач холбогдол, үр нөлөөг таниулах, оролцогч талуудын ойлголт, зорилгыг нэгтгэх үйлдэлд уриалах, сайн туршлагыг түгээх, бодлогыг хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа чиглүүлэгчээр ажиллав. Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газраас баримталж буй бодлого”-ын хүрээнд мэдээлэл хийлээ. Тэрбээр, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин бага, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү 12 хувьтай байгааг дурдлаа. Салбарын яамнаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Асрахуйн үйлчилгээний тухай хуулийн төсөл зэрэгт шинэчлэл хийхээр төлөвлөж байна гэлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн анхаарах асуудал” сэдэвт илтгэлдээ, хүүхдийн хөдөлмөрийн өнөөгийн байдлын талаар тоон судалгааг танилцуулж, хүүхэд ажил, хөдөлмөр эрхлэхээс үүдэх сөрөг үр дагавар, хөдөлмөр эрхлэх эрсдэлтэй хүүхдүүдийн талаар онцоллоо. Мөн хөдөлмөрлөх эрхийн зөрилтэй холбоотой тоон мэдээллээс дурдахын зэрэгцээ уг зөрчилд ажлын байрны дарамт өндөр байгааг дурдав. Хэлэлцүүлэг Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаярын “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт- салбаруудын түвшинд” сэдвийн хүрээнд бодлогын зорилт, хэрэгжүүлэх чиглэл, үйл ажиллагааны талаарх илтгэлээр үргэлжилсэн. Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс “Жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёл, ажлын орчин”, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын албаны зөвлөх А.Амарбал “Аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн тухай хууль дахь жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн заалтуудыг хэрэгжүүлж буй туршлагын судалгааны тайлан”-гаасаа танилцуулав. Түүнчлэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд ерөнхийлөгч, Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Я.Алтантуяа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал, “Мобиком” корпорацийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Түвшинжаргал нар “Ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, дарамт ялгаварлан гадуурхалтаас ангид орчин бүрдүүлэх”, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, Хаан банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр нар “Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй хүргэх” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлийн хүрээнд асуулт асууж, санал солилцож, байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороонд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулахад холбогдох талууд хамтран ажиллана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол-Словенийн парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Словенийн парламентын бүлгийн дарга Б.Түвшин өнөөдөр ( 2025.03.25 ) Бүгд Найрамдах Словени Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Словени-Монголын парламентын бүлгийн дарга, хатагтай Сузана Леп Шименкотой цахим уулзалт хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин парламентын бүлгүүдийн анхны уулзалт ийнхүү цахимаар болж, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож байгааг бэлгэшээж байгаагаа илэрхийлээд, Улсын Их Хурлын бүрэлдэхүүн Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу өргөжин, 126 гишүүнтэй болж чадавхажсан тул хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Үндэсний Ассамблейн гишүүн Сузана Леп Шименко Монгол, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг 2023 онд тэмдэглэн өнгөрүүлсэн, Монгол Улсын Гадаад харилцааны сайд тус улсад айлчилсан болон Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч, хатагтай Наташа Пирц Мусар 2024 онд манай улсад төрийн айлчлал хийсэн зэргийг дурдан, хоёр орны харилцаа гүнзгийрэн хөгжиж буйг нотлон өгүүлээд, 90 гишүүнтэй Үндэсний Ассамблейн ээлжит сонгууль ирэх онд болох талаар танилцуулав. Парламентын бүлгийн дарга нар хоёр улсын эдийн засгийн болон эрх зүйн салбарын харилцааг идэвхжүүлэх, хөдөө аж ахуйн, газар тариалан, аялал жуулчлал болон ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцож, дараа дараагийн уулзалтуудаар эдгээр асуудлыг нэг бүрчлэн сэдэвчлэн ярилцаж, холбогдох Байнгын хороод, яамдын төлөөллийг оролцуулан ажил хэрэгчээр хэлэлцэхээр тогтлоо. Цахим уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Словенийн парламентын бүлгийн гишүүн Л.Соронзонболд, Г.Очирбат, Словени-Монголын парламентын бүлгийн Нарийн бичгийн дарга Само Новак нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР 800 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээнд 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн 37 байгууллага, ерөнхий боловсролын 16 сургууль, 37 цэцэрлэг, сууц өмчлөгчдийн 64 холбоо нэгдэж, орчны 50 метрээ цэвэрлэв. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 40 байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хөшөө дурсгал, хайс хашлага, хогийн сав, сандал, нийтийн тээврийн автобусны зогсоолуудыг угааж, цэвэрлэв. Хог тээврийн байгууллагууд 2.1 сая мкв талбайгаас 800 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

ХЗБХ: Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсож, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.03.24/ хуралдаан 16 цаг 16 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нар хэлэлцэх асуудлын дараалал өөрчлөхтэй холбоотой горимын санал гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Ингээд хуралдаанаар Сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа асуудлын талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг нээлттэйгээр сонслоо. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулсан. Тэрбээр прокурорын байгууллагаас 2025 оны 03 дугаар сарын 19, 20, 24-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу цагдаагийн байгууллагад шалгаж буй гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлтийн дугаар хэрэгт олгосон нийтэд мэдээлэл өгөх зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл өгч буйг онцолсон. Мөн Монгол Улсын нэр бүхий иргэд нь цахим орчинд ашиг олох зорилгоор покер платформ, мэдээллийн технологи, бусдын арилжааны банкны дансыг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан мөрийтэй тоглоом тоглохыг иргэдэд сурталчлан зохион байгуулж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч улмаар бизнесийн үйл ажиллагаа явуулах, мөнгө угаасан гэмт хэрэгт 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар “Ноорог.мн” сайтад ажилладаг нэг иргэний арилжааны банкны дансуудаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж 85544 удаагийн үйлдлээр нийт 9.2 тэрбум төгрөг, 9430 ам.долларын нийт 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн тус тус нөхцөл байдал урьдчилан тогтоогдсон байна. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн нотлох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа. Түүнчлэн цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр…дугаарын утаснаас тэдэн настай эмэгтэй гэртээ боомилсон байдалтай нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсээс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хамтран амьдрагчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэв. Салбарын сайд мэдээлэлдээ, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Танайх ажлаа хийдэг юм уу, “Ноорог” гэх фэйсбүүк пэйж хуудаснаас худал мэдээлэл их оруулах юм. Худал мэдээллээс болж хүмүүс амиа хорлох оролдлого хийсэн” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл ирүүлснийг цахимаар хүлээн авч, цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн бүртгэлд оруулан шуурхай шалгах шаардлага үүсгэж, хойшлуулшгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт харилцаа холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэж, тус дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ноорог Креатив Студио” компанийн оффист хойшлуулшгүй тохиолдолд хэргийн газрын үзлэг хийсэн. Хураан авсан эд зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 3,5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар үзлэг хийхэд, хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг баримт мэдээлэл илэрч, тухайн мэдээллүүд нь гэмт хэргийн шинжтэй болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул сэжигтэн нэр бүхий иргэдийг хойшлуулшгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол үйлдэн, нийслэлийн прокурорын газарт танилцуулахад тус тогтоолыг хүлээн авахаас татгалзсан. Дээрх гомдол, мэдээлэл хэрэгт явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд “Ноорог Креатив Студио” компанитай холбоотой хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хөндөөгүй, контент бичлэг түүний агуулгатай холбоогүй болно. Одоо “Ноорог Креатив Студио” компанийн нэр бүхий ажилчидтай холбоотой нэг гомдол мэдээлэл, 2 хэрэг бүртгэлтийн хэргийг хуулийн хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоох чиглэлээр прокурорын хяналтад холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэсэн прокурорын зөвшөөрлийн хүрээн дэх цагдаагийн газрын албан ёсны мэдээллээс онцлон тэмдэглэв. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат, С.Эрдэнэболд, Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал, Г.Дамдинням, Н.Алтанхуяг, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ц.Сандаг-Очир, О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хууль бус мөрийтэй тоглоомын асуудалд Засгийн газар бодлогоо боловсруулаад Улсын Их Хурлаар хэрхэн хэлэлцүүлэх гэж буйг тодруулахын зэрэгцээ энэ асуудалд Хууль зүй, дотоод хэргийн яам онцгойлон анхаарах шаардлагатайг, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шүүхээр гэм бурууг нь нотлоогүй байхад албан журмаар авсан мэдээллийг олон нийтэд дамжуулсан шалтгаан, Үндсэн хуульд заасан хүний эрхтэй холбоотой зүйл, заалтын хэрэгжилт ухарсан нөхцөл байдлыг тодрууллаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд энэ хэрэгтэй холбогдуулан өнөөдрийн байдлаар хуулийн хэчнээн зүйл, заалтаар буруутгасан мэдээлэл гарсан, салбарын сайд хүний эрхийг хангахад хэрхэн анхаарч ажилласан талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, 03 дугаар сарын 17-ны өдөр ямар гомдлын дагуу хойшлуулшгүй ажиллагааг явуулсан, шөнийн цагаар байцаалт явуулах шаардлага байсан эсэх, уг асуудалтай холбоотойгоор хүний эрх зөрчигдсөн эсэхийг лавлаж байлаа. Мөн гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, П.Сайнзориг, Д.Ганбат, С.Эрдэнэболд, Г.Дамдинням, Ч.Лодойсамбуу, Д.Цогтбаатар нар үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, асуудалд нийгмийн талцлыг өдөөлгүй хариуцлагатай хандахыг онцлоод процессын хувьд ойлгомжгүй, тодорхойгүй зүйл байгаад салбарын сайд цагдаагийн байгууллагын алба хаагчдынхаа ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах, мөн Улсын Их Хурлын гишүүд ард түмний элч төлөөлөгчийн хувьд нэг асуудлыг дагаад сошиал дээр худал мэдээлэл цацдаг энэ байдалд анхаарч, хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай байна гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, бид нэг хэрэг ярилцаад сууж байгаа юм биш, Улсын Их Хурал хүний эрхийн тухай хуулийнхаа хэрэгжилтийг нэхээд энэ мэдээллийг сонсож байна гэв. Цаашид шалгагдаж буй гэмт хэргийн мэдээлэл задардаг байдлыг таслан зогсоох, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа бол холбогдох хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлбэл бид хэлэлцэн дэмжихэд бэлэн гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар үг хэлсэн. Тэрбээр, өнөөдрийн мэдээлэл “Ноорог.mn” сайттай холбоотой хэргийн талаар бус Үндсэн хуульд заасан хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө гэсэн том агуулгыг хөндөж, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулж, дэмжлэг аван хэлэлцүүлж байгааг тодотгоод Улсын Их Хурал хүний эрхийн асуудалд хяналтаа тавьсаар байх болно гэдгийг онцолсон. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссыг мөрдөн байцаах ажиллагаанд оруулдаг болох хуулийн төслийг санаачилж байгаагаа дурдаад цагдаагийн байгууллага тус газраас хураан авсан компьютер, эд зүйлийг шалгаад буцаахдаа тэндээс нэг ч баримт гээхгүй байхыг онцгойлон анхааруулсан. Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн байна. Дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Б.Болдбаатар, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн О.Номинчимэг оролцжээ. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Б.Энхбаяр, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяаг нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, хууль тогтоогчоор сонгогдсон гишүүн хийсэн ажлаа тайлагнах үүргийг нь хориглохоор тэр хүн яах ёстой вэ гэдэг энэ агуулгаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг сонгогчдод тайлан тавина гэдгийн цаана нэг удаагийн хэвлэмэл материал тараахыг хориглосон гэсэн агуулгаар ойлгож, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг дэмжиж байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ингээд холбогдох журмын дагуу санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэв. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцуулахаар боллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн байна. Дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа /илтгэгч/, Р.Батрагчаа, Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцов. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... хууль дээдлэх ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... нас ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс ... нийгэм, хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Мөн энэхүү дүгнэлтийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах ... эрхтэй. ...”, мөн зүйлийн 5 дахь заалтад “өндөр наслах … тохиолдолд ... тусламж авах эрхтэй;” гэснийг зөрчөөгүй байна гэж үзсэн байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, шүүгчийн тэтгэвэрт гарах асуудалд ялгаатай байдлыг бий болгож байгаа тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг туршлагатай шүүгчээ шүүхийн байгууллагаас шууд явуулах бус шүүхийн дэргэдэх судалгааны академи, арбитраар ажиллуулах боломжийг нь харгалзан тал талын төлөөлийг саналыг сонсож хуульд тусгаж байсан тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзэж байна хэмээн байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтэд ул суурьтай хандаж, нухацтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай тул дараагийн долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсныг мэдэгдсэнээр хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ТББХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.03.24/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт ийг хэлэлцлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир даргалан явуулсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн О.Номинчимэг танилцуулав. Үндсэн хуулийн цэц 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох зохицуулалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ. Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны үеэр өрнөсөн мэтгэлцээний талаар тодотгон мэдээлээд, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотой хуулийн зохицуулалт бүрхэг, тодорхой биш байгаа учир дээрх дүгнэлтийг УИХ хүлээн авбал Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиа тодорхой болгох тухай асуудал яригдана хэмээсэн. УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль дахь бүрхэг зохицуулалтыг нарийвчлан хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Эцэст нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84.2.2-т заасны дагуу Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргахдаа холбогдох хууль тогтоолын Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг заалт бүрээр, хэрэв Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулна гэж заасны дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжээгүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулган нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Кэмбрижийн их сургууль дахь Монгол ба Өвөр Ази судлалын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Кембрижийн их сургуульд ажиллах үеэрээ Монгол ба Өвөр Ази судлалын төвийн үйл ажиллагаатай танилцаж, судлаачидтай уулзлаа. Монгол Улс, Кэмбрижийн их сургуультай хамтарсан “Чингис хаан, Монголын эзэнт гүрэн судлалын судалгааны тэтгэлэг”-ийг 2024 онд зарласан ба Кембрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын тэнхимтэй хамтран “Монгол-Кэмбриж” форумыг хоёр удаа амжилттай зохион байгуулсан юм. Тус тэнхим нь 1986 онд байгуулагдсан ба Нийгмийн антропологийн тэнхимд харьяалагдаж, төгсөгчид нь дэлхийн өнцөг булан бүрд Монгол орны талаарх мэдлэг, туршлагаа хуваалцаж, өөрсдийн шавь нараа бэлтгэн гаргасаар байна. Тэнхимийн судлаачид одоогоор дөрвөн судалгаан дээр ажиллаж буйгаа танилцууллаа. Тухайлбал, Хималайн холбоо хамаарал: Хайлж буй мөсөн голууд, дархан цаазат газар нутаг ба уур амьсгалын өөрчлөлтөд зохицох хөдөлгөөнт технологи, Монголын махны худалдаа, үндэсний нэгдэл нь нөлөөлөх нь, Хил дамнан урсдаг Азийн гол мөрний усны менежмент зэрэг судалгаанууд дээр төвлөрч ажиллаж байна. Судлаачдын зүгээс монгол судлалыг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хүний нөөцийг бэлтгэх нь чухал гэдгийг дурдлаа. Кэмбриж хот нь эрдэм шинжилгээ, судалгааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд 120 гаруй Нобелийн шагналтан, улс төр, шинжлэх ухаан, утга зохиолын нэр хүндтэй зүтгэлтнүүдийг төрүүлсэн. Түүнчлэн, Кэмбриж нь шинжлэх ухаан, технологийн салбарт инновацын төв болсон бөгөөд хиймэл оюун ухаан, биотехнологи, сансрын технологи зэрэг салбарын тэргүүлэгч судалгааны байгууллагууд, өндөр технологийн компаниуд, гарааны бизнесүүд төвлөрсөн бүс юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Кэмбрижийн их сургуулийн Ухаалаг дэд бүтэц, барилгын төв, “Кавендиш” лабораторитой танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Кэмбриж хотод ажиллав. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Кэмбрижийн их сургуулийн Ухаалаг дэд бүтэц, барилгын төвийн захирал, профессор Брайн Шейлтэй уулзлаа. Профессор Брайн Шейлийн судалгаа газрын доорх барилгын үр ашиг, аюулгүй байдал, шинэ технологийг хөгжүүлэхэд чиглэдэг байна. Уулзалтын үеэр боловсролын салбарын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар санал солилцлоо.' Үргэлжлүүлэн, Монгол Улсын Их Хурлын дарга “Кавендиш” лабораторид ажиллав. Уг лабораторид монгол иргэн Т.Ганбаатар байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр докторын дараах судлаачаар ажиллаж байна. Тэрбээр бага тунд ажиллаж чадах хор хөнөөлгүй рентген болон гамма туяаны бүртгэгч төхөөрөмж хөгжүүлэх судалгааны ажлыг Кэмбрижийн их сургуульд хийж буй юм байна. Түүний тогтвортой байдлын судалгааны үр дүн нь дэлхийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож, тус сургуульд урилгаар ажиллаж эхэлжээ. Аливаа улс орон шинжлэх ухаанчаар хөгжих, эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийг дэмжих, судалгааг нь бодлого шийдвэртээ ашиглахын чухлыг уулзалтын үеэр онцоллоо. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Кембрижийн их сургуулийн Судалгааны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Астонтой уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс уул уурхай, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээр томоохон бодлого баримтлан ажиллаж буйг тодотгоод, эдгээр чиглэлүүдээр Кембрижийн их сургуультай олон судалгааг хийж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Кембрижийн их сургуулийн Судалгааны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Астон хоёр талын олон жилийн хамтын ажиллагааг өргөжүүлж, байгалийн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэв. Тэрбээр Кембрижийн их сургууль шилдэг технологийг хөгжүүлэн, ололт амжилттай ажиллаж буйг онцлоод шинэ чиглэлээр хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд баяртай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейгтэй уулзлаа

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейгтэй уулзлаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан боловсрол, судалгааны салбарт дэлхийд тэргүүлдэг, 45 коллеж, эрдэм шинжилгээний тэнхим, судалгааны төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг Оксфордын их сургуулиар зочилж, эрхэм ерөнхиийлөгчтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Монгол Улсын боловсролын салбарт тавьж буй зорилтууд, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг танилцуулж, цаашид хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцов. Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейг Монгол Улсын Их Хурлын даргатай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д монголын судлаачид оролцож, сонирхолтой илтгэл хэлэлцүүлснийг дурдсан . Мөн монгол судлаачдын хийж буй судалгаа, шинжилгээ нь хэл шинжлэл, у тга зохиолын салбараар хязгаарлагдах бус газар зүй, уур амьсгалын өөрчлөлт, дэвшилтэт технологи гээд маш олон чиглэлд хөгжиж байгааг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн . Түүнчлэн тэрбээр удахгүй Оксфорд хотноо зохион байгуулах “Монгол орны хөгжилд” чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейг 1989-2015 онд тус улсын Парламентын гишүүнээр сонгогдон ажиллахаас гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал хариуцсан сайд, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайдын албыг хашиж байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сараас Оксфордын их сургуулийн 160 дахь Ерөнхийлөгчөөр ажиллах болсон байна. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад 2005 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн “Монгол орны хөгжилд” чуулган хоёр жил завсарласны дараа 18 дахь удаагаа ирэх 05 дугаар сарын 17-ны өдөр Оксфорд хотноо “Монголын ирээдүйн өнгө төрх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж буй юм . Энэ удаагийн чуулганы зорилго нь тус улсад мэргэжлээрээ ажиллаж байгаа болон бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй монгол, монгол угсаа гаралтай залуусын мэдлэг, туршлагыг сонсох, хоорондын харилцааг бий болгох, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах боломжийг нь нээхэд оршиж буй юм. Чуулганаар Хүний оюун сэтгэлгээ, Хиймэл оюун, Соёлын ухаалаг ялгарал гэсэн гурван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд энэ удаагийн чуулган УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах болсноороо онцлог юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ .

1 ... 51 52 53 54 55 56 57 58 59 ... 370