НЭГҮҮН МЭДЭЭ
ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзавЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр (2025.06.16) Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Р.Батболд, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Л.Соронзонболд, А.Ундраа, ОУВС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Тигран Погосяан, Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Ким Сонвуг болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсгийн төлөөлөгчидтэй биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улсын талаарх бодлогын зөвлөмжтэй танилцахдаа таатай байх болно гэлээ. ОУВС-гийн Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу тус сангаас ажлын хэсэг гарган гишүүн орнууддаа жил бүр тогтмол ажиллуулсаар ирсэн болохыг ноён Тахсин Саади дурдаад, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, түүнийг дэмжих чиглэлээр Засгийн газар, Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх боломжтой бодлогын арга хэмжээний талаар товч мэдээлэл өгсөн юм. Тус ажлын хэсэг долоон сарын өмнө Монгол Улсад ажиллахаар төлөвлөсөн ч энэ хооронд нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн гэдгийг тодотгоод, ажлын хэсэг ойрын хугацаанд товч тайлангаа Монгол Улсын Засгийн газар, Сангийн яаманд танилцуулна гэлээ. Харин үндсэн тайлангаа ирэх намар бэлэн болгох товтой гэдгээ дуулгав. Уулзалтаар талууд Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн нөхцөл байдал болон ойрын болон урт хугацааны төлөв, холбогдох дүгнэлт, зөвлөмжийн талаар ярилцаж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

Иргэн зээлдэгчийн хувиар өөрийн зээлийн түүхээ хянан удирдах, санхүүгийн сахилга хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлэх хуулийг Улсын Их Хурал 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлснээр батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар дараах тодруулгыг хийлээ. -Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай зээлийн харилцаанд ороогүй насанд хүрсэн иргэн цөөн байгаа болов уу. Таны санаачлан, батлуулсан дээрх хуулийн өөрчлөлт иргэдийн энэ төрлийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ? -Хамгийн эхэнд Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д нэг бүртгэгдчихвэл зургаан жил данслагддаг байдлыг халж байгааг тодотгож хэлмээр байна. Хүний амьдрал баялаг, зээл, зарим төрлийн төлбөрийг барагдуулахын зуур цаг хугацаа алдах гэх мэт бэрхшээлээс үүдэн доголдох тохиолдол гардаг даа. Тэгээд аль болох шуурхай шийдээд, зохицуулаад төлсөн ч “хар жагсаалт”-ад бичигдчихаж байгаа юм. Тэр мэдээлэл зургаан жил хадгалагдаж, Та хариуцлагагүй зээлдэгч болчихдог, энэ мэдээлэл зургаан жил Таны санхүүгийн харилцаанд нөлөөлнө. Үүнийг би хувьдаа “санхүүгийн ял” гэж тодорхойлоод байгаа. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжээд эхлэхээр дээрх шиг нөхцөл буюу нэг удаагийн доголдлоос нь үүдсэн зургаан жилийн санхүүгийн ял оноодог байдлыг халж, эсрэгээрээ онооны системд шилжих юм. Иргэн зээлийн харилцаандаа хариуцлагатай хандаад, тухай бүр нь төлбөрөө зохих ёсоор нь төлдөг бол оноо нь нэмэгдээд яваад байна. Оноо нь өндөр байхын хэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, банк барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах, зээлийн хүү бага байх гэх зэргээр иргэнд илүү таатай нөхцөл, үйлчилгээ өгнө. Оноо нь тухайн иргэний биет бус санхүүгийн хөрөнгө болно. Жишээлбэл, зээл авахад хамгийн түрүүн барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгвэл энэ эрх зүйн өөрчлөлтөөр оноо нь барьцаа хөрөнгө болж болохоор нөхцөл бүрдэж байна. Аливаа банк, санхүүгийн байгууллага хариуцлагатай харилцагч буюу өндөр оноотой иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөлөө хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх боломжтой болно. Нэгэнт хариуцлагатай төлбөрөө төлөөд явдаг харилцагч учраас аль болох асуудлыг шуурхай шийдээд явах сонирхол байна шүү дээ. Тэгэхээр иргэн оноогоо өндөр болгох эсэхээ бас тооцож болж байна. Хариуцлагатай иргэнээ нэг ёсондоо урамшуулж байгаа гэж харж болох юм. Баримт сөхөөд харвал малчны зээл, ипотекийн зээл, тэтгэврийн зээл нь хамгийн эрсдэлгүй, чанартай зээлүүд байдаг. Зээлдэгчид нь маш хариуцлагатай гэсэн үг. Хариуцлага алдахад нь “ял оноож” байгаа юм чинь, хариуцлагатай байсных нь төлөө хөнгөвчилсөн нөхцөлтэй, бага хүүтэй зээлийг шуурхай олгох зэргээр урамшуулж болно биз дээ. Үүний нөлөөгөөр зээлийн хүү ч буурах боломжтой, онооны системд шилжсэнээр суурь нөхцөл бүрдэж байгаа гэж харж байна. Тухайлбал, төслийг боловсруулах үед 28 улсын жишээг судалсан, зээлийн хүү нь 2-4 нэгж хувиар буурсан байдаг юм билээ. Америк 1989 онд, Солонгос, Энэтхэг 2000 оны эхээр, Вьетнам саяхан онооны системд шилжсэн. Ийнхүү шилжснээс хойш 2-3 жилийн дараа зээлийн хүү буурсан байна билээ. Энгийнээр ойлгоход банк, санхүүгийн байгууллага харилцагчаа хялбархан тодорхойлдог учраас хариуцлагатай, найдвартай харилцагчдаа хугацаа урт, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зохих ёсны зээл олгох гэх зэрэг сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай үзүүлдэг болно. Латин Америкийн улс орнууд онооны системд шилжихээс өмнө ажлын 10 хоног буюу хагас сар зээл шийдвэрлэдэг байснаа онооны систем рүү шилжсэнээр ердөө ажлын 8 цагт зээл шийддэг болсон байгаа юм. Цаашилбал, сайн харилцагчид бүтээгдэхүүн, үйчилгээгээ хүргэхийн тулд банк, санхүүгийн байгууллага дунд өрсөлдөөн бий болдог. Одоо бол банк, санхүүгийн байгууллага тус бүр харилцагчийн мэдээллээ хадгалж, тус бүрдээ сан бүрдүүлдэг, үүнийгээ хуваалцдаггүй. Та банкаа, санхүүгийн харилцагчаа солихоор бол нөгөө талдаа шинэ хэрэглэгч болно, хүлээж авч байгаа тал Таны санхүүгийн түүхийг мэдэхгүй учраас “эрсдэлтэй” гэж үздэг. Шинэ систем үйлчлээд эхлэхээр иргэний оноо бүх нөхцөлийг илэрхийлэх учраас ямар ч банк, санхүүгийн байгууллагад очсон зөвхөн өөрт тохирхох бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг болно. Банк, санхүүгийн байгууллагууд өрсөлдөөд эхлэхээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сайжрах нь ойлгомжтой. Хөгжсөн улс орнуудын боловсронгуй болсон, туршигдсан сайн туршлагыг Монголд нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно. -Хууль хэзээнээс хэрэгжих эхлэх вэ? -Улсын Их Хурал 5 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Ердийн журмаар гэхээр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээд ажлын 10 хоногийн дараа хэрэгжиж эхлэхээр тооцож үзвэл энэ оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжих юм байна. -Тэгвэл зээлийн " муу түүх" иргэний санхүүгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү? -Хүний зээлийн мэдээллийг таван жил хадгалдаг олон улсын жишгийг хуульд тусгасан. Иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг “Зээлийн мэдээллийн сан” зөвхөн зээлийн "муу түүх"-буюу сөрөг мэдээллийг хадгалдаг байсныг өөрчилж байгаа хэрэг. Тус санд зээлдэгчийн сайн, муу бүх мэдээллийг таван жил хадгална. Юу сайжрах вэ гэхээр өмнө нь хугацаа алдаад ч болохнээ зээлээ төлсөн байхад л “хар жагсаалт”-ад ороод, тэр нь санхүүгийн харилцаанд нь зургаан жил сөрөг нөлөө үзүүлдэг байсныг халж байгаа юм. Одоо бол иргэн, зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол оноо буурна, харин нөхөөд төлчихвөл оноо нь өснө. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нь амьд, хөдөлгөөнтэй, бодит болно. Дээрх хуультай хамт тухайн иргэн буюу зээлдэгчээс шалтгаалахгүйгээр орлогод нь доголдол үүсвэл уян хатан хандах агуулга бүхий Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Үер усны аюул учирч болно, цар тахлыг бид даваад гарлаа, тухайн иргэн аргагүй болоод эмнэлэгт хэвтээд, бизнес нь явахгүй зогсож ч болно. Амьдрал баян юм чинь янз бүрийн нөхцөл үүсэж, учирч, тохиох болохоор аль болох уян хатан байж, санхүүгийн харилцаа үүсгэгч талууд зохицож байх нь зүйтэй гэж хууль санаачлагчийн хувиар үзсэн. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлдэг Хөгжлийн банк ч юм уу, Засгийн газрын тусгай сангаас авсан зээлийн харилцаанд энэ уян хатан нөхцөл үйлчлэхгүй байх ёстойг бас тогтоолд тусгасан. Татвар төлөгчдийн мөнгийг зээлж байгаа бол илүү хариуцлагатай, тооцоотой хандах ёстой гэсэн агуулгаар дээрх нөхцөлийг тодотгосон. -Зээлийн харилцаанд иргэн янз бүрээр оролцдог. Шууд зээлэхээс гадна батлан даагчаар орсон байхад үндсэн зээлдэгч хариуцлага алдсан нь батлан даагчийн оноонд нөлөөлөх үү? -Зээлийн батлан даалттай холбоотой харилцааг өөр хуулиар зохицуулна. Товчхондоо, Зээдийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүн санхүүгийн орчинд үнэ цэнээ өөрөө тогтоодог болж байгаа хэрэг. Хариуцлагатай байвал оноо өндөр байна. Оноо нь тухайн хүний талаар олон зүйлийг илэрхийлэх учраас биет бус санхүүгийн хөрөнгө болчихно. Өндөр оноотой бол банк, санхүүгийн салбарт Таны үнэ цэн өсөж, илүү таатай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүнийг тохирсон өртгөөр авах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс оноогоо өндөр байлгах эсэхээ иргэн, зээлдэгч өөрөө удирдана. Ийм учраас зээл, төлбөрөө цаг хугацаандаа төлөөд байхад эрмэлзэл тухайн хүнд төрдөг байх нь л дээ. -Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэх зорилт тавьсан. Тэгвэл Таны санаачлан, батлуулсан хуулийн дагуу Монголбанк журам батлах үүрэг хүлээж байна? -Одоогийн байдлаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байна. Эдгээр компани олон улсын жишиг платформ буюу онооны зам оруулаад ирчихсэн. Суурь нь байна, эрх зүйн орчин бүрдлээ. Одоо дүрмээ тохирох ёстой. Иймд Монголбанк холбогдох журам гаргах үүрэг хүлээж байгаа. Гэхдээ бүх талыг оролцуулж, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр талуудын эрх ашгийг хангасан, манай нөхцөлд хамгийн оновчтой зохицуулалт гаргах ёстой гэдэг байр суурьтай байна. Монголбанк ч энэ шаардлагыг хангах бүрэн чадамжтай гэж харж байна. Бид шинэ зүйл зохиогоогүй, бусад улс орон удаан хугацаанд туршиж, сайжруулж ирсэн сайн жишгийг л Монголдоо нэвтрүүлэх ажил шүү дээ. Иргэн санхүүгийн сахилга баттай болно, системийн хэмжээнд чанаргүй зээл буурна гээд үр дүнг нь бүгд хүртэх ач холбогдолтой.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ОУВС-ийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлааТөсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ОУВС-ийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлааТөсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ОУВС-ийн ажлын хэсгийг хүлээн авч уулзл

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлах Тахсин Саади Сэдик тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.06.13/ хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Олон улсын валютын сантай олон жилийн турш үр дүнтэй, амжилттай хамтран ажиллаж ирснийг онцлоод Монгол Улсын төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тэрбээр, сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн төсвийн хэт тэлэлтийг шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент зогсоож, 2025 оны төсвийг 2024 оны түвшинд хүргэж батлахыг зорьсон гэв. Гэвч экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох коксжсон нүүрсний үнийн уналтаас шалтгаалж төсвийн орлого тасалдах эрсдэл үүссэн тул шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд төсвийн тодотгол хийж, хэмнэлт рүү чиглүүлэх бодлого барьж буйг дуулгаад үүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн Улсын Их Хурал, Төсвийн байнгын хорооноос сүүлийн жилүүдэд хурдацтай тэлсэн төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар ажлын хэсэг гарган судлуулж байна гэлээ. Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлах Тахсин Саади Сэдик Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд ажил ихтэй байгаа ч цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд ОУВС-гаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаарх урьдчилсан дүгнэлтийг гаргаж дууссан тул удахгүй зөвлөмжөө хүргүүлнэ гэдгийг онцлон тэмдэглээд цаашид Олон улсын валютын сан бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ

Эрхэм хүндэт Гомбожавын Занданшатар танд Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, улс орны хувь заяаг тодорхойлох хариуцлагатай албанд тань өндөр амжилт хүсье. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийг сэргээх бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсаныг 2020 онд хасах 4.6 хувийн уналттай байсан эдийн засгийг 2024 онд 4.9 хувь хүртэл өсгөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6,898 ам.долларт хүрч Монгол Улс Дэлхийн банкны орлогын ангиллаар “дундаас дээгүүр орлоготой улс”-ын ангилалд шилжсэнээс харж болно. Зөв бодлогын үр дүнд түүхий эдийн экспортын өсөлт 2023 онд төсөв, төлбөрийн тэнцлийг ашигтай гарахад нөлөөлж, гадаад валютын албан нөөцийг 5.5 тэрбум ам.долларт хүргэж чадсан. Засгийн газрын өрийг сүүлийн таван жилийн хугацаанд 75.5 хувиас 41.8 хувь руу бууруулж, улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа анх удаа нэг шатаар дээшлүүлж, “B+ тогтвортой” түвшинд хүргэж сайжруулсан. Харин өнөөдөр бол гадаад улс төрийн орчин, эдийн засгийн тодорхойгүй байдлаар нөхцөлдүүлсэн шинэ нөхцөл байдалд, шинэ сорилт, шийдэл хүлээсэн бодлогын түвшний асуудлууд таны өмнө тулгарч байна. Иймд шинэ Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа Та дараах асуудлуудад онцгойлон анхаарч, бодит үр дүнтэй шийдлүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 1.Макро эдийн засгийн нөхцөл байдал Гадаад орчны тодорхой бус байдал намдахгүй харин ч улам ээдрээтэй болж байгаа өнөө үед эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах асуудал өнөөдөр тэргүүн зэргийн ач холбогдолтой байна. 2025 оны эхний 4 сарын байдлаар түүхий эдийн үнийн уналтаас нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеэс 1,2 тэрбум ам.доллараар буурсан нь төсөвт дарамт учруулаад зогсохгүй урсгал дансны алдагдалыг тэлэхээр дүр зураг харагдаж байна. Төлбөрийн тэнцэл 5 сарын урьдчилсан тооцоогоор 400 гаруй сая ам.долларын алдагдалтай, урсгал тэнцэл 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 36 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх онтой харьцуулахад эхний 4 сард 14.4 хувь буюу 1.4 их наяд төгрөгөөр буурсан. Төсвийн тэнцэл 58 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Өнгөрсөн оны мөн үед төсвийн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн ашигтай гарч байсан. Иймд, Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын эрэмбэ, дэс дарааллыг эргэж харах, мега төслүүдийг эдийн засагт дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх гарц гаргалгаа гаргаж, гадаад, дотоод эдийн засгийн орчин, нөхцөл байдалд нийцсэн төсвийн бодлогыг тодорхойлж Улсын Их Хуралд хэлэлцүүлэх шаардлагатай байна. 2.Үнийн өсөлт, зээлийн хүүг эрүүл зохистой түвшинд хүргэх хүрээнд: Иргэд, аж ахуйн нэгжүүдээ ажлын байраар хангаж, орлоготой байлгах бодлогыг Засгийн газар тууштай баримтлах ёстой. Иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ бодит орлогыг бууруулахгүй байхын тулд, амьдралынх нь чанарт хамгийн ихээр нөлөөлж байгаа үнийн өсөлтийг хазаарлаж, нам дор түвшинд тогтворжуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Инфляц оны эхний 4 сарын байдлаар 8.6 хувьтай гарсан. Ажлын байр бий болгож, нэмэгдүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих ажлыг тогтвортой хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Хүнд хэцүү цагт хямд эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж байж ажлын байраа хадгалж, иргэд аж ахуйн нэгжүүд нь хохирол багатай гарсан түүх олон байдаг. Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шинэ хоршоо" зэрэг нь ажлын байрыг хадгалахын сацуу шинээр ажлын байр бий болгож, нэмэгдүүлж байгаа хөтөлбөрүүд бөгөөд салбар дундын уялдааг маш сайн хангаж, бодит үр дүн гаргах нь чухал байна. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн хүүгийн дарамт бодит ачаа болсоор байна. Зээлийн хүүг бууруулах чиглэлд дорвитой бодлого хэрэгжүүлж, иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг бууруулж, зээлийн хүүг эрүүл, зохистой түвшинд авчрах нь эдийн засгийн идэвхжлийг сэргээхэд тус дэм болоход чухал нөлөө үзүүлнэ. Үүний зэрэгцээ шударга өрсөлдөөнийг дэмжсэн, монополь зах зээлийн бүтэцтэй салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож байж иргэд, аж ахуй нэгжүүдэд ирэх аливаа үнийн, хүүгийн дарамтыг бууруулах орчин бүрдэх юм. 3. Гадаад худалдаа ба ханшийн асуудлын хүрээнд: Гадаад эдийн засгийн тодорхой бус байдлаас үүдэлтэй түүхий эдийн үнийн бууралт нь урсгал дансны алдагдалыг тэлэхээр дүр зураг харагдаж байна. Урсгал данс, төлбөрийн тэнцлийн алдагдлыг шат дараатай бууруулж төгрөгийн ханшийг тогтворжуулах нь тулгамдсан асуудал болоод байна. 2025 оны эхний 4 сарын байдлаар экспортын орлого 695.0 сая ам.доллараар буурч, импорт 132.9 сая ам.доллараар нэмэгдсэн нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна. Иймд гадаад худалдааны бодлогыг Засгийн газрын түвшинд онцгой анхаарч, экспортын бүтцийг төрөлжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Төрийн албаны реформын хүрээнд: Монгол Улсын төрийн албыг цомхон, бүтээмж өндөртэй болгох шаардлага улам бүр тодорхой болж байна. Төсвийн урсгал зардлыг бууруулах, төрийн бүтцийг цомхон, чадварлаг болгож байж үр дүнд хүрнэ гэж тооцож байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 120 гаруй төрийн өмчит, 270 орчим орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой компаниуд 58 мянга гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагын бүтээмж, үр ашиг хангалтгүй байгаа тул хувьчлах, менежментийн шинэчлэл хийх, төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бий. Татварын реформын хүрээнд: Монгол Улсад 108 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний зүгээс татварын дарамттай холбоотой санал, хүсэлтүүд ихээр ирж байна. Эрүүл өрсөлдөөнтэй эдийн засгийн орчныг бий болгохын тулд иргэд, аж ахуй нэгжүүдэд ээлтэй татварын цогц реформ ус, агаар шиг хэрэгтэй болоод байна. Иймд Засгийн газрын зүгээс татварын реформыг оновчтой хэрэгжүүлэх, прогрессив татварын тогтолцоог бий болгох, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дарамтгүй, таатай нөхцөлд ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн идэвхжлийг дэмжих чухал алхам болно. Дотоодын бизнесийг дэмжих бодлого Дотоодын аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэх боломжтой ажлуудыг гадаадын компаниудад шилжүүлдэг алдаатай жишгийг зогсоох цаг болсон. Үндэсний үйлдвэрлэгчдээ бодитоор дэмжих, тэдэнд өрсөлдөх, хөгжих орон зайг бий болгох нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс суурь юм. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа, завхралыг давтахгүй байхын тулд дотоодын бизнесийн орчныг илүү таатай, шударга болгоход онцгой анхаарах шаардлагатай. Үүний тулд хуулиас давсан журмуудыг цэгцэлж, хууль журмын харьцааг зохистой түвшинд хүргэснээр хүнд суртал, авлигыг үлэмж бууруулах үндэс болох учир УИХ-ын зүгээс бүрэн дэмжиж ажиллах болно. Эрчим хүчний найдвартай байдлыг хангах хүрээнд: Монгол Улсын эрчим хүчний салбар нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжлийн тулгуур салбар юм. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний чадлын дутагдал байнга үүсэж, хэрэглэгчдийн найдвартай хэрэглээнд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, 1965 онд байгуулагдсан Дулааны III цахилгаан станцын хүчин чадал хуучирч, саяхан болсон осол нь шинэчлэл, засварын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатайг харуулж байна. Ирэх намар дулааны улирлаас өмнө тус станцын шинэчлэлийг шуурхай хийж, хэрэглэгчдийн найдвартай хэрэглээг хангах нь нэн тэргүүний зорилт байх ёстой. Хөдөө аж ахуйн салбарын хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд: Сүүлийн 3–4 жил дараалан зудын байдалтай, өвөлжилт, хаваржилт хүндэрч, олон малчин өрхийн амьжиргаанд хүнд ачаа үүрүүлж байна. Улсын хэмжээнд 2023 онд 8.1 сая, 2024 онд 5.2 сая мал хорогдсон нь мал аж ахуйн салбарт томоохон хохирол учруулсан. Иймд Засгийн газрын зүгээс өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, зудын эрсдэлээс сэргийлэх цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр УИХ-ын гишүүдээс олон чухал асуудлуудыг хөндөж, ажил хэрэгч саналууд гаргалаа. Эдгээр саналуудыг шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагаандаа тусгаж ажиллаарай. Эрхэм Ерөнхий сайд аа, Таны манлайлал дор Монгол төрийн бодлого ард түмний амьдралд эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, төрийн хэмнэлттэй, үр ашигтай бүтэц, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодлогууд нь шинэ Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл байх ёстойг төгсгөлийн үгэндээ хэлье. Төр түвшин, Түмэн олон амгалан байх болтугай.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.12) Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Ж.Баясгалан, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Д.Батбаяр, Б.Батбаатар, Г.Ганбаатар нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс парламентын ардчилал нь нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээн, үзэл бодлын өрсөлдөөнөөр тодорхойлогдох бол парламентат ёс нь парламентаас Ерөнхий сайдыг томилж, хянаж, хариуцлага тооцоход чиглэдгийг тодотгов. Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд хуралдаан даргалагчийн түвшинд тусгайлсан суудалтай байх нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна гэж үзжээ. Тиймээс парламентын ардчиллыг баталгаажуулахын тулд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан Улсын Их Хурал дахь олонх ба цөөнхийн тэгш мэтгэлцээнээр явагддаг, чуулганд гишүүд нь сонгогч иргэдээ төлөөлөн байр сууриа нээлттэй илэрхийлж, үгээ чөлөөтэй хэлдэг байхын сацуу хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын бүрэн эрх халдашгүй хэрэгжих үүднээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн хэмээн танилцууллаа. Парламентын нийтийн танхим дахь суудлын байршил нь олонхын эрх мэдэл ба цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл болдог учраас улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэдгийг хууль санаачлагчид онцолж, уг хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төсөлд УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Эх дэлхийн хүн ардыг энэрэн нигүүлсэх, эв нэгдэл, харилцан ойлголцол, зөв ёс суртахууны үзэл санааг үндэслэгч Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндийг иргэд Та бүхэндээ өргөн дэвшүүлье. Энэхүү өдрийг НҮБ-аас 1999 онд дэлхий дахинаа тэмдэглэх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ жилийг “Амар амгаланг хамтдаа бүтээе” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн “Төр нь шашнаа хүндэтгэнэ” гэсэн үзэл санааны дагуу 2019 оноос жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан нь ач холбогдолтой билээ. Энэ өдөр бүх нийтээрээ түүх уламжлал, ёс заншил, хүмүүний боловсрол, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэн өөр хоорондоо эвтэй найрсаг, элгэмсэг дотно хүндлэлийг илэрхийлж, саарыг тэвчин, сайныг үйлдэн, зон олноороо, гэр хотлоороо амар амгалан, баяр баяслаар дүүрэн тэмдэглэхийг Та бүхэндээ хүсэн ерөөе. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

ЕРӨНХИЙ САЙД СЭНТИЙДЭЭ ЗАЛАРЧ АМЖААГҮЙ БАЙТАЛ ГАДААД ХЭРГИЙН САЙДААР Х.БУЛГАНТУЯА ГИШҮҮН ТОМИЛОГДОХООР ТОХИРОО ХИЙСЭН ГЭХ

Х.Булгантуяа Гадаад харилцааны сайд болох гээд хамаг тохироогоо хийгээд гүйж яваа сурагтай. Э дийн засагч, тооны хүн Гадаад харилцааны салбарыг одоогийн Б.Батцэцэг шиг авч явж чадах уу ? энэ хүнээр гадаад харилцаагаа удирдуулчихаад юу бодож суух вэ ? Мөнгө байхад ур чадвараар ч яах билээ дээ.Монгол төрийн эмгэнэл юм даа.

НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИНУУДААС ХУРААМЖ ХУРААДАГ "ГАШУУНСУХАЙТ АВТОЗАМ" ХХК-ИЙН НЭГ ӨДРИЙН ОРЛОГО 700 САЯ ТӨГРӨГ

Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар нийт 290 компанийн 20 мянган автомашин нүүрс зөөгддөг . Үүнээс зөвхөн өдөрт л 1400 автомашин энэ замаар нүүрс зөөдөг бол нүүрс ачсан нэг автомашин 500 мянган төгрөгийн хураамжийг “ Гашуунсухайт автозам ” ХХК - д төлдөг Өдөрт 1400 автомашин тус бүр 500 мянган төгрөг буюу 700 гаруй сая төгрөгийн хураамж “ Гашуунсухайт автозам ” ХХК - ийн дансанд шилжүүлдэг ба “ Гашуунсухайт автозам ” ХХК сард 18 тэрбум , жилд 200 орчим тэрбум төгрөгийн орлоготой ажилладаг ч зарцуулалт тодорхойгүй байдаг аж.

ГЭРИЙНХНЭЭ БРЕНДЭЭР ХУВЦАСЛАХЫН ТУЛД АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН УДИРДЛАГУУДЫГ ДАРАМТЛАЖ , "ДЭЭРЭМДДЭГ" ДАРГА АСАН ТОРГУУЛИЙН ЯЛ АВАВ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хоёр хоног хэлэлцэж торгуулийн ял шийтгэжээ. Ж.Ганзоригийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг дарамтлан гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг авсан хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн. Брэндийн пүүз, өмд, цамц, футболка, костюм, пиджак, цув зэрэг дөрвөн сая гаруй төгрөгийн эд зүйлсийг тэрбээр хахууль болгон авчээ. Үүнээс гадна Ж.Ганзориг нь : Эхнэрийнхээ нэр дээр Баянзүрх дүүрэгт 100 ам метр үйлчилгээний талбайг эмнэлгийн зориулалтаарх оффис болгон авахдаа эрх мэдлээ ашигласан, Төрсөн дүүгийнхээ үүсгэн байгуулсан “Шилийн их баян” ХХК-д БОАЖЯ-наас 2011 онд таван жилийн хугацаатайгаар Богдхан уулын тусгай хамгаалалттай нутгийн Арцатын аманд олгосон 0.9 га талбайг иргэн Д.Энхтуулд 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахыг шаардсан. "Эф эл финанс лайн” ХХК-ийн өмчлөлд байсан орон сууцыг худалдан авахын тулд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлалтай, аялал жуулчлалын зориулалттай, “Блюворлд” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар болон компанийн эрхийг шилжүүлэхээр болсон Эхнэрийнхээ “Нейро хелд” ХХК-д давуу байдал бий болгосон гэх мэт хэргүүдэд яллагдагчаар татагдсан. Тэгвэл шүүхээс Ж.Ганзоригийг нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасч найман сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ба цагдан хоригдсон хоногийг тооцож, 7.6 сая төгрөгөөр торгохоор болжээ.

ТБХ:Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.06.10/ 10 цаг 28 минутад, гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлсэн. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Энэ өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт болон Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал, “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл гэсэн гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдаан Байнгын хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор байгуулсан Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Энхтөрийн Батбаяр “Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах” асуудлаар гаргасан өргөдлийг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн тул Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Байнгын хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа нар ажиллалаа. Ажлын хэсэг 2025 оны 04 дүгээр сарын 14, 06 дугаар сарын 04-нд өдрүүдэд хуралдаж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай болон Захиргааны ерөнхий хууль зэрэг нийслэл Улаанбаатар хотын автотээврийн татвартай холбогдох хууль тогтоомж болон холбогдох шийдвэрт дүн шинжилгээ хийж, эрх бүхий албан тушаалтны мэдээллийг сонсож, бусад баримт бичигтэй танилцсаныг дурдав. Хууль, эрх зүйн зохицуулалтын тухайд, Монгол Улсын Yндсэн хууль ёсоор хууль, түүний дотор автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварыг хуульд заасан хэмжээ, хязгаарт багтаан зохион байгуулж хангах үүргийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгосон байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл нь хараат бус, бие даасан статустай байх, бие даасан төсөвтэй байх, хууль тогтоомжид заасан хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хуульчилсан байх бөгөөд энэ нь иргэн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллах, амьдрах бололцоог хангах, төвлөрлийг сааруулах, иргэний эдлэх эрх, үүрэг, хариуцлага хүлээх чадварыг бүрдүүлэх зорилго бүхий зохицуулалт юм гэдгийг онцлов. Мөн тэрбээр иргэн Энхтөрийн Батбаярын гаргасан өргөдлийн тухайд Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.” гэж заасны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2010 оноос хойш суудлын автомашины албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байна. Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын автотээврийн албан татварын хувь хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан 4 төрлийн автотээврийн хэрэгслийн жилд төлөх татварын хэмжээг 2010 оныхоос гурав дахин нэмэгдүүлсэн гэдгийг дурдсан. Түүнчлэн Ажлын хэсгээс нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас татвар нэмэгдүүлэх, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа дутуу, олон нийтийн санал асуулга авах асуудалд процессийн алдаа гаргасан байх магадлалтай тул нутгийн өөрөө удирдах байгууллага гаргасан шийдвэрээ эргэн харж, засаж сайжруулах, цаашид гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа иргэд, олон нийт, бүх талуудын оролцоог хангасан хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулж, гарсан үр дүнд тулгуурлан шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, Ж.Баясгалан нар үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир онцлон тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмыг үндэслэн Төсвийн байнгын хорооны “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг боловсруулсныг дурдлаа. Тогтоолын төсөлд хуулийн хэрэгжилт, биелэлтийг хангах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, нийтийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн аливаа асуудалд өргөн хүрээний хэлэлцүүлгийг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, зөрчил, практикт гарч байгаа асуудлын шалтгаан, нөхцөлийг эрт илрүүлж, эдгээртэй уялдуулан шийдвэр гаргах зэрэг асуудлыг тусгасан байлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, Ж.Баясгалан, Д.Пүрэвдаваа, Н.Алтанхуяг, Г.Ганбаатар, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн, Б.Түвшин нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, 2012 оноос хойш авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой татварыг шинэчилж чадаагүй. Гэтэл жил болгон зам тавих шаардлага үүсдэг. Холбогдох татварыг шинэчилэхгүй байхаар автобусаар зорчдог, дугуй унадаг иргэдээс бүрдүүлдэг бусад албан татвараас авто замыг барих нөхцөл байдал үүсээд байгаа юм. Гэтэл энэ нь хэрэглээнд суурилсан татваруудын нэг. Автотээврийг хэрэглэж байгаа бүх хүмүүсээс татвар аваад замыг нь засдаг, тавьдаг энэ талруугаа явахаас өөр аргагүй. Бид аль болох хэрэглээнд суурилсан татварыг нэмэгдүүлж байж, тэрийгээ зориулалтаар нь ашигладаг байх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг уг саналтай санал нэг байгаагаа илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ шийдвэрийг гаргахдаа иргэдээс санал хүсэлт, иргэдийн оролцоо, хэлэлцүүлгийг дутуу хийсэн, ажлын хэсгээс үүнийг гүйцээх чиглэл өгсөн гэж ойлгох нь зөв эсэх, эл татварт нийт хэдэн иргэн, хэчнээн тээврийн хэрэгсэл хамрагдаж, хэр хэмжээний хөрөнгө цугласан, зарцуулалт, үр ашиг нь хэр байгааг тодруулав. Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, ажлын хэсгийн зүгээс тавьж буй асуудал нь иргэдээс санал авах үйл явц зөв явсан, эсэхийг хөндсөн болохоос татвар нэмэх нь зөв, буруу гэсэн асуудал яриагүй хэмээн хариулав. Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Бид хоёр үе шаттайгаар иргэдээс санал асуулгыг явуулсан. Нэгдүгээрт, зөвхөн автозамын татвартай холбогдолтой санал асуулгыг журамд заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 18-нд Ulaanbaatar.mn цахим хуудаст зарлалыг байрлуулж, иргэдийн саналыг авсан. Хоёр санал ирсэн. Дараа нь 2024 оны 4 сарын 15-наас 6 дугаар сарын 15-ны хооронд хоёр сарын хугацаанд иргэдээс татвар нэмэгдэж буй талаар болон 2025 оны төсөвтэй холбогдуулан санал асуулга авахад, нийт 147342 хүн санал өгсөн. Мөн 2025 оны 11 дүгээр сард 400 гаруй иргэдтэй уулзалтыг зохион байгуулж, 2025 оны нийслэлийн төсвийг хэлэлцсэн хэмээн хариулав. Мөн тэрбээр энэ жил нийслэлийн авто замын санд ойролцоогоор 220 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байгаа. Үүнээс нийт 97 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. 104 авто замын байрлалыг шинэчилж, 53 шинэ байрлал дээр 30 км, 44 байрлал дээр 74км автозамыг засварлахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 134 тэрбум төгрөг төвлөрөөд байна гэсэн тайлбарыг өгөв. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, бид бүх автозамуудыг хамруулсан судалгаа хийж байгаа. 2022 онд лазер хэмжигч багажаар Зам тээврийн хөгжлийн төвөөс түрээслээд автозамуудад судалгаа хийсэн. Судалгаа хийхэд, нийт автозамын 82.2 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа гээд 10 жилийн дараа гэхэд манай нийт автозамын бараг 95 хувь нь чанарын шаардлага хангахгүй болно гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Улсын Их Хурлаас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр буруу, татвараа багасга гэвэл Үндсэн хуулийн зөрчил рүү орно, эсвэл энэ шийдвэрт явцын алдаа байна гэж үзвэл иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандах, эсвэл Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах гаргалгаа байна гэсэн санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа Монгол Улсын хүн амын 50 хувь нь нийслэл хотод амьдардаг бөгөөд, тэдний саналыг авах нь маш чухал байдаг. Гэтэл татвар нэмэх талаар санал авсан эсэх дээр нийслэлийн асуудал хариуцсан албан тушаалтнуудаас бүрэн дүүрэн хариулт авч чадсангүй гэдгийг анхааруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Ulaanbaatar.mn цахим хуудаст зарлалыг байрлуулж, иргэдийн саналыг авсан. Хоёр санал ирсэн байна. Харин иргэдээс татвар нэмэгдүүлэх эсэх талаар тухайлсан хэлэлцүүлэг явуулаагүй байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, нийслэлийн автозамын дүрэм зөрчиж буй жолооч нарын хариуцлагыг чангаруулах, ур чадвар сул жолооч бэлтгэж буй жолооны сургалтын төвүүдийг цэгцлэх зэргээр инженерийн шийдэл хайлгүй, ард түмний амьдрал хүнд байхад татвар нэмэх асуудлыг шууд оруулж ирэх нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ингээд ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд Улсын Их Хурлын Тамгын газраас эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэлээ. Хуралдаан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

1 ... 32 33 34 35 36 37 38 39 40 ... 370