НЭГҮҮН МЭДЭЭ
СҮҮЛИЙН ДӨРВӨН САРЫН ХУГАЦААНД ИЛЭРСЭН ХАМГИЙН ОЛОН БУЮУ 3,088 КОВИД19 ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн PCR шинжилгээгээр 3,088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ. Ингэснээр сүүлийн дөрвөн сарын хугацаанд хоногт шинээр илэрсэн хамгийн олон тохиолдол боллоо. Хамгийн сүүлд коронавирусийн дельта хувилбарын давлагааны оргил үед өдөрт дээд тал нь 3,000 гаруй тохиолдол батлагдаж байсан юм. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 415,765 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,708 нь Улаанбаатар хотод, 1,380 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,016 хүн эндээд буй. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,882 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 41,854 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл: Хөнгөн - 2,862 Хүндэвтэр – 5,092 Хүнд - 875 Маш хүнд - 53 хүн байна.

ШӨХТГ-ЫН ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд өнөөдөр болов. Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн. Түүх судлал, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистрын зэрэгтэй. 2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал 2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газарт зөвлөх 2012-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга 2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга 2019-2020 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн 2020 оны наймдугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байв. Тэрбээр улсад 18 жил ажилласан туршлагатай.

ГАДААДААС ИРСЭН ИЛ ЗАХИДАЛААС “ ОМИКРОН’’ ХАЛДВАР АВЧЭЭ

Хятад улсад нэгэн эмэгтэй гадаадаас хүлээж авсан шуудангаа задалсны дараа "Омикрон"-ны халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд иргэдийг гадаадаас бараа бүтээгдэхүүн захиалахгүй байхыг уриалж байна. Захидлын гадаргуу болон дотор талаас вирус илэрсэн аж. Ижил төрлийн захидлуудыг шинжилж үзэхэд таваас нь коронавирус илэрчээ. Иймээс тус эмэгтэй нь өөр улсаас ирсэн шуудангаар дамжуулан халдвар авсан байхыг үгүйсгэх аргагүй гэж Бээжингийн Өвчний хяналтын төвөөс мэдэгдсэн юм .

“ҮНДСЭН ХУУЛЬ’ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ДААМНЫ ТЭМЦЭЭН

Монгол Улсад ардчилсан шинэ “ҮНДСЭН ХУУЛЬ’ батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан сумын ИТХ-аас зохион байгуулсан даам сонирхогчдын “СУМЫН АВАРГА’ шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд спортын дэд мастер-1, нэгдүгээр зэрэгтэй-6, хоёрдугаар зэрэгтэй-3, гуравдугаар зэрэгтэй-1, эрэгтэй-19, эмэгтэй 10 тамирчин тус тус оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүд тодорлоо. Эрэгтэй: I байр: Б.Наранбаяр II байр: Ч.Базаргарьд III байр: Ч.Төгстөгөлдөр Эмэгтэй: I байр: Б.Отгонхүү II байр:М.Мажигсүрэн III байр: Л.Баяртогтох нар тус тус шалгарлаа.

САР БҮР ХҮСЭЛТ ГАРГАЖ ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВАХ НЬ ИРГЭДЭД ИХЭЭХЭН ХҮНДРЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ТУЛ УГ ЖУРМЫГ ШИНЭЧИЛНЭ

Хүүхдийн мөнгө олгох журмыг дахин шинэчлэхээр боллоо. Шинэ журмын төсөлд Эцэг эхчүүд сар бүр и-баримт аппликэйшн болон и-монголиа системээр дамжуулан хүүхдийн мөнгө авах хүсэлт илгээх ёстой. Ухаалаг гар утасгүй, интернетгүй бол харьяа Хөдөлмөр халамжийн хэлтэс болон банканд хандана хэмээх ХНХЯ-наас боловсруулсан журам нь иргэдийг ихээхэн бухимдуулсан шийдвэр болсон. Иймд Засгийн газрын хуралдаанаар иргэдийн саналыг харгалзан энэ сарын 20-ноос өмнө журмыг шинэчлэхийг ХНХ-ын сайд А.Ариунзаяад үүрэгдлээ . Иргэд тухайн сарын 20-ноос өмнө хүсэлтээ илгээгээгүй бол мөнгийг хүүхдийн хуримтлалын нэрийн данс руу шилжүүлэх талаар ч тусгажээ. Одоо ашиглаж буй арилжааны банкны дансандаа хүлээн авахгүй юм .

3 ЖИЛИЙН ХУГАЦААНД ААН-ҮҮДЭД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОГСООЛОО

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван жилийн хугацаанд бизнесийн байгууллага, ААН-үүдэд тавих төрийн хяналт шалгалтыг зогсоохоор болсноо мэдэгдлээ. 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл түр зогсоож байгаа аж. Ингэхдээ нийгмийн даатгал СЗХ Монголбанк, СЗХ, гааль татвар, эрүүл мэнд хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалт зогсохгүй. Үүнээс бусад ААН, байгууллагын үйл ажиллагаа, бизнес эрхлэлттэй холбоотой бүхий л хяналт шалгалтыг зогсоолоо. Хүний эрүүл мэнд, амь нас, хоол хүнстэй холбоотой хяналт шалгалтыг иргэдээс мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсэн гомдлын дагуу хийнэ .

ШҮЛХИЙ ДЭГДСЭН БОЛ МАЛАА БОРЛУУЛЖ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ БОЛОХГҮЙ

Өмнөговь аймгийн хэмжээнд Мандал-овоо сумын Мандал, Өтгөн баг, Сэврэй сумын Хоолт багийн нутагт 9 өрхийн мал малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилж 2 сумын 4 голомтын 9 өрхийн 785 толгой мал өвчилснөөс 5 өрхийн хонь-342, ямаа-295 бүгд нийт 637 толгой малын шүлхий өвчний шинж тэмдэг арилж, 2 сумын 4 өрхийн 148 толгой мал шүлхий өвчний шинж тэмдэг арилаагүй өвчлөлтэй байна. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 50 өрхийн 25452 толгой малыг шүлхийгээс сэргийлэх дархлаажуулалтад хамруулаад байна. Мандал-Овоо суманд байнгын хяналтын 2 пост 4 хүний /Хэсгийн төлөөлөгч цагдаа 1, сургуулийн жолооч 1, цэцэрлэгийн аж ахуй нярав 1, ахмад ажилтан 1/ бүрэлдэхүүнтэй,Хөдөлгөөнт эргүүл 2 Булган суманд байнгын хяналтын 2 пост тус бүр 4 хүний /сумын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч 1, багийн засаг дарга 4, цагдаа 1, ЗДТГ-ын ажилтан 5, бусад ажилтан 5 / бүрэлдэхүүнтэй, Сэврэй суманд байнгын хяналтын 1 пост Булган, Сэврэй сумын зааг хэсэг дээр 3 хүний /Мал эмнэлгийн тасгийн тархар зүйч 1, ЗДТГ-ын ажилтан 2/ бүрэлдэхүүнтэй нийт 3 суманд байнгын 5 пост, 2 хөдөлгөөнт эргүүлд 25 хүн, 7 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

ХУДАРГАГҮЙ ЗАН ГАРГАЖ МОННИС МОТОРС ТӨРӨӨС 6.9 ТЭРБУМИЙГ ХУМСАЛСАН УУ?

НЗДТГ “Сурагчдын автобус“ хэмээх үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд 200 автобусыг нэлээдгүй өндөр үнээр “Моннис Моторс” ХХК-тай үзэглэн эхлүүлээд буй. Өндөр нууцлал бүхий уг гэрээнд 2020-2022 онд шат дараалалтайгаар автобуснуудыг нийлүүлнэ нэг бүрийн үнийг 370 сая байхаар тооцсон аж.Ингээд тооцоолоод үзэхээр 24 тэрбум 50 сая төгрөг болж байгаа юм. Гэрээг өнгөрөгч оны долдугаар сард байгуулсан байдаг. Гэвч 2020 онд 23 автобусны санхүүжилтийн мөнгийг авсан хэдий ч ердөө тавханыг нийлүүлсэн. Сурагчдын автобус худалдан авах нь яагаад Үндэсний аюулгүй байдал Нууцын зэрэглэлд хамаарах гэрээ болж хувирав.Хүүхдийн гэх нэрийдлээр хөлжихөө бодож мөнгө завших мөнхийн бодолдоо автан хөөрхий биднийгээ хөнгөхөн дөнгөсөөр л. Хааж боолгосоор хариуцлага ч нэхэхээ байж .

ТЭРБУМТНИЙ ТЭНЭГ ҮЙЛДЭЛ ИЛРЭХ ШИВ

Улсдаа хамгийн залуу тэрбумтан гэгддэг Гантогтохын Ирээдүй буюу сошиалд IZ нэрээрээ танигдсан тэрээр IT чиглэлээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Өнгөрөгч оны 11 сард өөрийн нэрээр койн гаргаж буйгаа мэдэгдэн хувь дансаараа 20 гаруй тэрбум төгрөгийг цуглуулаад амжсан.”Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо тэрээр “Иргэдийн койны мөнгө 25 тэрбум хүрвэл компанийн данс руу хийнэ” хэмээн ярьж байсан нь саяхан. Гэвч тэр тэгээгүй бөгөөд энэ сарын 6-нд цагдаагийн байгуулагад өргөдөл гарган өнгөрөгч оны 11 сарын 8-аас IZCOIN крипто токен бий болгон нийт 20 418 000 000 төгрөгийг өөрийн дансандаа төвлөрүүлсэн. Иргэдийн мөнгийг буцаан шилжүүлэхдээ 125 хүнд давхардуулж олгосон бөгөөд миний сүлжээ халдлагад өртсөн хэмээх утга бүхий өргөдөл өгсөн байдаг. Ийнхүү түүнд итгэж хөрөнгө оруулсан иргэд хохироод үлдэж байна. Түүний уянгалсан жүжиг үргэлжилсээр цахим хуудсаараа “Буцаан олголтоо аваагүй хүмүүс аваарай ‘’ гэж бүрэн хэмжээний тоглолтоо тавьсаар. Бодит байдал дээр итгэж найдаж хийсэн мөнгөө одоог хүртэл авч чадаагүй иргэд байсаар л. Иймд иргэд санхүүгийн мэдлэгээ зузаатгаж аливаа гоё сайхан PR-т итгэлгүй хашир хэрсүү байж өөрөөсөө ч харамлан хумтлуулсан хөлс тэвчээр хатуужил шингэсэн хэдэн төгрөгөө энэ мэт хүмүүст өргөн барихгүй байхыг анхааруулж байна.

ЗАМЫН ҮҮДЭД ТЭЭВЭР ЭРХЛЭГЧИД ТӨР ЗАСАГТ ҮГЭЭ ДАЙЖ БАЙНА

Замын үүдэд улс хоорондын зорчигч ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж амьжиргаагаа залгуулдаг 7000 орчим жолооч бий бөгөөд ачаа тээврийн үйл ажиллагааг төрөөс хясан боогдуулж бусдаар гүйцэтгүүлж эхэлж байгааг жолооч нар эсэргүүцэн дуу хоолойгоо хүргэж эхэллээ. Тэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэж ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө ийнхүү үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх болов. Ковидын нөлөөгөөр жолооч нар эрүүл мэндийн байгууллага онцгой байдлаас хүргүүлсэн дэглэм зааврыг чанд мөрдөж байсан ч төр засгийн шийдвэр тогтоол тусгаарлалт эрээнд ажиллах дундын жолооч зэрэг арга хэмжээнүүд нь танил талдаа илтэд давуу байдал бий болгосон үйлдлүүд олон гарсан тул энэ мэт шударга бус үйлдлүүдийг таслан зогсоохыг уриалав.

1 ... 285 286 287 288 289 290 291 292 293 ... 327